Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 20

 

Т.Отгонбаатарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                           Хэргийн индекс 132/2016/0062/Э

 

     Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Ц.Туяа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

                                                                                                 

 

           Шүүх хуралдаанд:

           Прокурор                                                  Ц.Гэрэлбаатар

           Шүүгдэгч                                                   Т.Отгонбаатар

           Шүүгдэгчийн өмгөөлөгч                           М.Найдан

           Нарийн бичгийн дарга                             Н.Батзаяа нарыг оролцуулан

 

     Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 69 дугаар шийтгэх тогтоолтой, Т.Отгонбаатарт холбогдох 201706000075 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Т.Отгонбаатарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол Улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Сайхан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эгч, дүү нарын хамт Архангай аймгийн Хайрхан сумын Могой багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, АК81092515 регистрийн дугаартай, Дунд хамар овогт Тавинтайн Отгонбаатар.

         

          Шүүгдэгч Т.Отгонбаатар нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймгийн Сайхан сумын 2 дугаар баг Хулж гэх газраас хохирогч С.Батжаргалын 23 тооны адууг хулгайлж 10.950.000 төгрөг, иргэний нэхэмжлэгчид 450.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

        Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 69 дугаар шийтгэх тогтоолоор:

      Шүүгдэгч Дунд хамар овогт Тавинтайн Отгонбаатарыг бусдын олон тооны мал  хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

        Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Т.Отгонбаатарыг эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж,

        Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Т.Отгонбаатараас 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч В.Мөнх-Эрдэнэд олгох,

     Шүүгдэгч Т.Отгонбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйл, санал гомдолгүй гэсэн  болохыг тус тус дурьдаж,

        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Отгонбаатарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

     Шүүгдэгч Т.Отгонбаатар давж заалдах гомдолдoo: “… би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчтой эвлэрч төлбөрийг барагдуулсан. Харин иргэний нэхэмжлэл 450.000 төгрөг В.Мөнх-Эрдэнэ гэдэг хүнд төлөхөөр шийдвэрлэсэн үүнээс 150.000 төгрөг В.Мөнх-Эрдэнэд би өгсөн. Миний найз Ганбаатар 300.000 төгрөг өгөхөөр бид гурав тохирсон боловч баримт авдаг гэж би мэдээгүй. Би Архангай аймгийн Хайрхан сумын 4-р баг могой гэдэг газар бие муутай дүү /харвасан/ хэлгүй эгч, нарын хамт цөөн тооны мал маллаж амьдардаг. Иймд миний амьдралын нөхцөл байдал анх удаа хэрэгт холбогдож байгаа зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан 6 сар баривчлах ялыг өөрөөр шийдэж өгнө үү…” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Гэрэлбаатар дүгнэлтдээ:

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол  үндэслэлтэй тул  хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзвэл:

шүүгдэгч Т.Отгонбаатар нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг “Хулж” гэх газраас иргэн С.Батжаргалын 23 тооны адууг бэлчээрээс нь хулгайлж 10.950.000 төгрөгийн хохирол учруулсан, дээрх адуунаас 1 тооны гүүг иргэн В.Мөнх-Эрдэнэд худалдаж 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч С.Батжаргал, иргэний нэхэмжлэгч В.Мөнх-Эрдэнэ, гэрч Б.Пүрэвдагва, Ч.Ганбаатар нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

       Анхан шатны шүүх тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг үндэслэн Т.Отгонбаатарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байна.

      Харин 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны  шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан бөгөөд

мөн хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөлд “баривчлах ял” тусгагдаагүй тул уг хуульд нийцүүлэн шүүгдэгч Т.Отгонбаатарын давж заалдах гомдлыг хүлээн авч түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан баривчлах ялаас чөлөөлөх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

        Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх тухай Хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 69 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “…2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Отгонбаатарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сар баривчлах ялаас чөлөөлсүгэй” гэсэн заалт нэмж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.  Шүүгдэгч Т.Отгонбаатарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Шүүгдэгч Т.Отгонбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4.  Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ё.БЯМБАЦЭРЭН

 

                  ШҮҮГЧИД                                                            Ц.ТУЯА       

     

                                                                                               С.УРАНЧИМЭГ