Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2021/01990

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн ...................., өөрийн байранд байрлах “Т”ХХК /РД:....../-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Хан-Уул дүүргийн .............. тоотод байрлах “О ”ХХК /РД:2773996/,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн ................ тоотод оршин суух С.Т.О /РД:........./,

            Хариуцагч: Баянгол дүүргийн ........... тоотод оршин суух Т.Б.М /РД:............/,

            Хариуцагч: Сүхбаатар дүүргийн ..................... байрлах  З.Б /РД:........../ нарт холбогдох

           зээлийн гэрээний үүрэгт хариуцагч “О ”ХХК, Т.О , Б.М нараас 434.340.624 төгрөг, батлан даалтын гэрээний үүрэгт Зээлийн батлан .даалтын сангаас 155.517.414 төгрөг, нийт 589.858.039 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Х, хариуцагч нарын төлөөлөгч Т.Ог, хариуцагчийн өмгөөлөгч Д.Га /ШТЭҮД:0,00, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т”ХХК-ийн шүүхэд анх гаргасан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч О  ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр арьс ширний төслийн  зээлийн гэрээ байгуулан 800.000.000 төгрөгийг сарын 0.583 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн. Дээрх зээлийн 700.000.000 төгрөгийг үйлдвэрлэлийн барилга баригдах үед, үлдсэн 100.000.000 төгрөгийг үйлдвэрийн барилга баригдаж дууссаны дараа тус тус олгох нөхцөлтэйгээр байгуулсан.  Зээлдэгч компани зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 100.000.000 төгрөгөө авах байсан боловч барилгын ажлаа дуусгаагүй,  банкнаас тавьсан шаардлагыг биелүүлээгүйгээс 100.000.000 төгрөгийн санхүүжилтийг гэрээнд үаасан хугацаанд авч чадаагүй. Харин зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн гэрээгээр нэмэлт 100.000.000 төгрөгийг О  ХХК-д олгосныг хугацаанаас нь өмнө буюу 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр  төлж хаасан байна. 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн барьцааны гэрээгээр Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн ............................................ давхрын 230.48 м.кв үйлчилгээний зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн ..................................................... тоот 314.53 м.кв үйлчилгээний зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн ..........................байрлах 1310 м.кв газар зэргийг тус тус зээлийн барьцаанд барьцаалсан. Үүний дараа барилгын гүйцэтгэл 100 хувь болж, барилга баригдаж дууссаны дараа зээлийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 15/227-07 дугаартай гэрээгээр Хан-Уул дүүргийн ....................................давхар 230.48 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүргийн ...............давхар тоот 314.53 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүргийн ...............байрлах 1310 м.кв газар зэргийг тус тус зээлийн барьцаанд барьцаалсан. Батлан даагч иргэн Т.О  нь Ттай 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 0000 дугаартай батлан даалтын гэрээ байгуулж, О  ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд түүний өмнөөс төлбөрийн үүргийг бүрэн хэмжээгээр барагдуулах үүргийг хүлээсэн байна. Мөн З.Б нь Т-тай 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр БДГ-15/227 тоот батлан даалтын гэрээ байгуулан үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 31.25 хувиар зээлдүүлэгчийн өмнө хариуцлага хүлээсэн. Дээрх гэрээнд зааснаар зээлдэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 10-ны байдлаар  үлдэгдэлтэй байгаа үндсэн зээл 497.655.726.55 төгрөгийн 31.25 хувь буюу 155.517.414.55 төгрөгийг Танд төлөх үүрэгтэй байна. Зээлдэгч О  ХХК нь зээл авснаас хойш үндсэн зээлээс 202.344.273.45 төгрөг, үндсэн хүүнээс 153.134.440.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 3.126.741.65 төгрөг, нийт 361.605.455.70 төгрөг төлсөн байна. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар О  ХХК, батлан даагч Т.О , хамтран зээлдэгч Б.М нар нь үндсэн зээл 342.138.312 төгрөг, үндсэн хүү 83.685.745.6 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8.516.567.03 төгрөг, нийт 434.340.624 төгрөгийн  зээл, зээлийн хүүний үлдэгдэлтэй байна. Харин З.Б нь батлан даалтын гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн үлдэгдлийн 31.25 хувь буюу 155.517.414.55 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Зээлдэгч банкнаас мөнгө зээлсэн бол сар бүр хүү төлөх үүрэгтэй. Энэ үүргийн дагуу  700.000.000 төгрөгийн 7 хувийн хүүгээ сар бүр төлж байсан. Харин 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний  зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт ороогүй. Учир нь тохирсон хугацаанд 100.000.000 төгрөгийн зээл олгогдоогүй тул 700.000.000 төгрөгийн 7 хувийн хүүг л зээлдэгч эхний 12 сарын хугацаанд төлсөн байна. Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 15/227-04 тоот гэрээнд О   ХХК нь 641.666.668 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болсон шалтгаан нь зээлдэгч эхний зээлийн гэрээний дагуу  үндсэн зээлээс 14.583.333 төгрөг төлөх байсан боловч хугацаандаа төлж чадаагүйгээс  зээл, хүүний зөрчил үүсэж болзошгүй болсон тул эхний 10 сар үндсэн зээлээс  1.000.000 төгрөг, мөн хүү төлөхөөр тохиролцсон байдаг. Дээрх хуваарийн дагуу төлж байгаад дахин 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр  15/227-05 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулан 100.000.000 төгрөгийн нэмэлт санхүүжилт олгосон байна. 100.000.000 төгрөгийг олгох үед 700.000.000 төгрөгийн үлдэгдэл 611.666.668 төгрөг байсан. Нэмэлтээр олгогдсон  100.000.000 төгрөгийн төлбөрийн хуваарь болон 700.000.000 төгрөгийн  төлбөрийн хуваарь  тус тусдаа хийгдсэн бөгөөд  2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр  байгуулсан 15/227-05 тоот зээлийн гэрээний хавсралт 1-ээр дээрх хуваариуудыг  нэгтгэн  701.666.668 төгрөг болгон зээлийн эргэн төлөлтийн хуваарт баталсан.  Уг хуваарийг батлах үед  зээлээс 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 10.000.000 төгрөг төлөгдсөн тул 601.666.668 төгрөг +100.000.000=701.666.668 төгрөг гэсэн хуваариар зээлийн эргэн төлөлтийн хуваарь хийгдсэн. Нэмэлтээр олгогдсон 100.000.000 төгрөгийн жилийн хүү 17.55 хувь болсон. Учир нь  О  ХХК-ийн зээл нь Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн үйлдвэр, ХАА-н яамны зөвлөлөөс дэмжигдсэн дэд зээл юм. Хөгжлийн банк,  Тны хооронд байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 3-АШ-2014-90 дугаартай дамжуулан зээлдүүлэх гэрээний дагуу зээлдэгчийн 700 сая төгрөгийн  зээл олгдсон бөгөөд 100 сая төгрөгийн  зээл олгох үед уг дамжуулан зээлдүүлэх гэрээний хүүгийн нөхцөлд  өөрчлөлт орж, 17.55 хувь болсон байдаг. Зээлдэгч О  ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 19-нийөдрийн 175 тоот албан бичгээр 100.000.000 төгрөгийг 18.55 хувийн хүүтэй олгож өгөөч гэсэн хүсэлтийг гаргаж байсан бөгөөд удаа дараа уг санхүүжилтийг авах хүсэлтийг гаргасан учир олгосон. Хөгжлийн банк, Т хооронд байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 3-АШ-2014-90 дугаартай дамжуулан зээлдүүлэх гэрээний 4.6-д зээлийг олгосон өдрөөс эхлэн хүү тооцох бөгөөд хүүг ашигласан бодит хоногоор, жилийн суурийг 360 хоног байхаар тооцно гэж заасны дагуу зээлийн хүүг 360 хоногоор тооцоолсон.  Мөн гэрээний 2.2.5-т зааснаар “...зээл олгосноос хойш эхний нэг жилийн хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлнө” гэж заасны дагуу 700 сая төгрөгийн зээл эхний 1 жил үндсэн зээлээс төлөгдөөгүй болно. Зээлдэгч  зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан нь түүнд өгч  байсан мэдэгдэлүүдээр тодорхойлогдож байна. Мөн зээл, хүүний тооцооллын хүснэгтээс харахад 700 сая төгрөгийн зээлээс 2018 оны 10 дугаар сарын 15-наас хойш огт төлөлт хийгээгүй,  2020 оны 01 дүгээр сарын 15-наас хойш үндсэн хүүнээс мөн төлөлт хийгээгүй байна. Иймд О  ХХК, батлан даагч Т.О , хамтран зээлдэгч Б.М нараас зээл, зээлийн хүүний төлбөрт 434.340.624 төгрөгийг, З.Бгаас талуудын хооронд байгуулсан батлан даалтын гэрээний дагуу төлөх 155.517.414.55 төгрөгийг тус тус гаргуулж Танд олгож өгнө үү. Зээлдэгч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 15/227-07 тоот барьцааны гэрээнд тусгагдсан Хан-............... давхар 230.48 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүргийн ...............давхар тоот 314.53 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүргийн ...............байрлах 1310 м.кв газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү.

Хариуцагч “О ”ХХК-ийн шүүхэд урьд гаргасан хариу тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч О  ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Арьс ширний салбарыг сэргээн хөгжүүлэх төслийн зээлийн гэрээ байгуулан нийт 800.000.000 төгрөгийг  2017 оны 12 дугаар сараас хэсэгчлэн зээлсэн. Улмаар зарим зээлийг хаасан боловч дэлхий нийтийг хамарсан цар тахлаас шалтгаалан үлдэх төлбөрийг төлж чадахгүйд хүрээд байна. Бид 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр үндсэн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн барьцаа хөрөнгөд өөрчлөлт оруулсан. Ингэхдээ Хан-............... давхрын 230 м.кв талбай, зоорийн болон 2 дугаар давхрын 314 м.кв үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө байгаа газрыг барьцаалсан. Хариуцагч О  ХХК нь  700.000.000 төгрөг болон 100.000.000 төгрөгийн  зээлийн үлдэгдэлтэй байх хугацаа буюу 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд   өндөр дүнтэй зээлд 89.165.45.68 төгрөг, бага дүнтэй зээлд 23.633.802.87 төгрөг, нийт 112.799.218.55 төгрөгийг зээл, хүүгийн төлбөрт төлсөн байна. Үүнээс бага хүүтэй 100.000.000 төгрөгийн зээл, хүүгийн төлбөрт 105.530.636 төгрөг төлж бүрэн хаасан, үлдэгдэл 7.268.582 төгрөгийг бага хүүтэй 700.000.000 төгрөгийн зээлийн үндсэн  төлбөрт төлснөөр  шилжүүлэн тооцсон болно. Ингэж тооцсоноор зээлдэгч 100.000.000 төгрөгийг хүүгийн хамт 2019 оны 05 дугаар сарын 03-нд бус 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зээлийг бүрэн төлж барагдуулсан болно. Иймд 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш төлөгдсөн 162.714.558.56 төгрөгийн төлбөрийг  бага хүүтэй 700.000.000 төгрөгийн зээлийн   үндсэн зээлийн төлбөрт  шилжүүлэн төлсөн болно.  Ингэснээр  зээлдэгч 800.000.000 төгрөгийн зээлээс үндсэн зээлийн төлбөрт 69.909.696.91 төгрөг, хүүний төлбөрт 112.282.458.02 төгрөг, нийт 482.192.151.93 төгрөг төлсөн болох нь  харилцах данс болон  зээлийн дансны хуулгаар нотлогдож байна. Дээрх үндэслэл бүхий  нөхцөл байдлыг харгалзан зээлдэгч  үндсэн зээлийн төлбөр болон хүүний тооцооллыг хийхэд банкны нэхэмжлэлээс  зээлдэгчийн  зээлийн өрийн  үлдэгдэл 295.687.085.43 төгрөгийг, үндсэн хүүгийн дүнд 94.308.549.25 төгрөгийг нийт 389.995.634.69 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгийг зөвшөөрөхгүй байна. Мөн түүнчлэн 2017 онд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа О  ХХК-тай л гэрээ байгуулсан атал Т.О , Б.М нарыг хамтран зээлдэгч гээд иргэний нь хувьд хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна. Талууд хэтэрсэн хугацааны хүү хэд байх талаар гэрээгээр тохиролцоогүй учир  хэтэрсэн хугацааны хүү нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2-т хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэсний дагуу хэтэрсэн хугацааны хүү хэд байх талаар талууд зээлийн гэрээнд тусгаагүй байдаг. Мөн зээлийн хүүг тооцохдоо 360 хоногоор тооцоод явчихсан байдаг. Журмаараа бол 365 хоногоор тооцох ёстой. 4 сая төгрөгийн зээлийг олгоогүй, шимтгэл гээд суутгаж авсан байна. Зээлдэгч Улсын их дэлгүүрийн 6 дугаар давхарт үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл гал гараад эд зүйлс нь шатаж, үйл ажиллагаа явуулж орлого олох боломжгүй болсон. Давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн учир 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс хойш хүү төлөхийг зөвшөөрөхгүй байна гэв.

       Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх хуралдааны товыг хариуцагчийн өмгөөлөгч А.З болон хариуцагч З.Б-гийн төлөөлөгч М.Д нарт мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд зохигчоос гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч А.З болон хариуцагч З.Б-гийн төлөөлөгч М.Д нарын  эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

         Нэхэмжлэгч “Т”ХХК нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч “О ”ХХК, Т.О , Б.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 409.258.776 төгрөг, хариуцагч З.Бд холбогдуулан  батлан даалтын гэрээний үүрэгт 155.517.414 төгрөг тус тус гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэн хариуцагч “О ”ХХК, Т.О , Б.М нараас  зээлийн гэрээний үүрэгт 434.340.625 төгрөг, хариуцагч З.Бгаас батлан даалтын гэрээний үүрэгт 155.517.414 төгрөг тус тус гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.            

            Зохигчид 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 15-227 дугаартай зээлийн гэрээ байгуулж, хариуцагч “О ”ХХК нь нэхэмжлэгч  “Т” ХХК-аас 800.000.000 төгрөгийг хэсэгчлэн буюу  эхний ээлжинд 700.000.000 төгрөгийг, үлдэх 100.000.000 төгрөгийг үйлдвэрлэлийн барилга баригдаж, Тны  зээлийн барьцаанд бүртгэгдсний дараа сарын 0.583 хувь, жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлдэн авахаар харилцан тохиролцжээ. 

            Зохигчид 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 15/224-04 дугаартай гэрээгээр 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 15/227 дугаартай зээлийн гэрээний хавсралт 1 буюу  зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан,

            2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 15/227-05 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр зээлдэгчид 100.000.000 төгрөгийг жилийн 17.55 хувь, сарын 1.46 хувиар  олгож, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн болох нь зээлийн болон зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээнүүдээр тус тус тогтоогдож байна.

            Дээрх барьцаат зээлийн болон зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээнүүд нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, хэн аль нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан, нотариатаар гэрчлэгдсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

            Зохигчид зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд Хан-............... давхрын 230.48 м.кв үйлчилгээний зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүргийн ...............давхар тоот 314.53 м.кв үйлчилгээний зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүргийн ...............байрлах 1310 м.кв газар зэргийг бариулсан барьцааны гэрээг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулжээ.

            Дээрх барьцааны гэрээний дагуу Хан-Уул дүүргийн ...............байрлах 1310 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг “Т”ХХК-д барьцаалан, барьцаалсан тухай тэмдэглэлийг Нийслэлийн  Газрын албанд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр бүртгүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт нийцсэн байна.

            Харин Хан-............... давхрын 230.48 м.кв үйлчилгээний зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүргийн ...............давхар тоот 314.53 м.кв үйлчилгээний зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх боловч хариуцагч “О ”ХХК нь Хан-............... давхрын 230.48 м.кв үйлчилгээний зориулалттай барилга, Хан-Уул дүүргийн ...............давхар тоот 314.53 м.кв үйлчилгээний зориулалттай,  барилгыг тус тус гүйцээн барьж, Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авсны үндсэн дээр нэхэмжлэгч Т ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

            Дээрх барьцааны болон барьцаа гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээнүүдийг байгуулсан нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тусгасан, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

            Мөн хамтран хариуцагч Т.О , З.Б нар нь 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 15/227 дугаартай  зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч нь бүрэн биелүүлж чадна гэдгийг банкны өмнө баталж, зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд түүний  өмнөөс үүрэг гүйцэтгэхээр 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр, 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр тус тус “Т”ХХК-тай батлан даалтын гэрээнүүдийг байгуулжээ.

            Дээрх батлан даалтын гэрээнүүд нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 459 дүгээр зүйлийн 459.1-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

         Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр дууссан боловч талууд гэрээний хугацааг үргэлжлүүлэн сунгаагүй байна.

            Хариуцагч “О ”ХХК нь зээлийн болон зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл, хүүгийн төлөлтийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлөлгүй зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1, 3.2.4-т заасан үүргээ  зөрчиж, зээлийн гэрээний хугацаанд 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээгээр авсан 700.000.000 төгрөгийн зээлд 361.605.455 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр авсан 100.000.000 төгрөгийн зээлд 120.586.696 төгрөг, нийт  482.192.151 төгрөгийг  төлсөн болох нь зохигчдын тайлбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь,  зээлийн дансны хуулга, зээлийн тооцоолол зэргээр нотлогдож байна.

2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр авсан 100.000.000 төгрөгийг сарын 1.46 хувь, жилийн 17.55 хувиар зээлдэн авсан тул  уг зээлийг түрүүлж буюу 2019 оны 05 дугаар сарын 03-ны  өдрийн байдлаар нийт 120.586.696 төгрөгийг төлж хаасан байх ба талууд энэ талаар маргаагүй болно.

            Харин нэхэмжлэгч “Т”ХХК-аас 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлдүүлсэн 700.000.000 төгрөгийн   үндсэн төлбөр  497.655.726 төгрөгөөс 155.517.414 төгрөгийг батлан даалтын гэрээний дагуу З.Бгаас, хариуцагч “О ”ХХК-аас зээлийн үндсэн төлбөрт 342.138.312 төгрөг,  зээлийн хүүгийн төлбөрт 83.685.746 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 8.516.567 төгрөг, нийт 434.340.625 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

            Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч “О ”ХХК зөрчиж, гэрээний хугацаанд зээлийн үндсэн төлбөр 202.344.273 төгрөг, зээлийн хүү 156.134.440 төгрөг,  нэмэгдүүлсэн хүү 3.126.741 төгрөг, нийт 361.605.455 төгрөг төлсөнөөс өөр төлөлт хийгээгүй нь хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, зээлийн тооцооллын  хуудсаар нотлогдож байх тул нэхэмжлэгч “Т”ХХК-иас үндсэн зээлийн төлбөр болон зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан заалтуудтай нийцэж байгаа боловч нэхэмжлэгч байгууллага нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг буруу тооцон нэхэмжилсэн байх тул шүүх нэхэмжлэгчээс өөрөөр тооцон тогтоолоо.

Зохигчдыг зээлийн гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсон/ 21 дүгээр зүйлийн 4-т зааснаар зээлдэгчийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцдог.

Гэтэл зээлдүүлэгч “Т”ХХК-иас зээлдэгч “О ”ХХК-д  2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 700.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 100.000.000 төгрөгийг олгосон байх тул зээлийн хүүг зээлийн мөнгөн хөрөнгийг олгосон  хугацаагаар нь тооцох нь зүйтэй.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.1.4-т зээлийн хүүг  жилийн 365 хоногоор тооцно гэсэн атлаа нэхэмжлэгч нь Монгол Улсын Хөгжлийн банктай байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээний дагуу зээлийн хүүг жилийн 360 хоногоор тооцсон гэж тайлбарлаж байгаа нь хууль болон гэрээнд нийцээгүй тул шүүх зээлийн хүүг жилийн 365 хоногоор тооцлоо.

            Хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг тооцоолбол, үндсэн зээл 700.000.000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх  хугацааны зээлийн хүү 242.992.750 төгрөг /700.000.000:7%=49.000.000 :365=134.246 төгрөг х 4 жил 350  хоног=242.992.750/, нийт 942.992.750 төгрөг төлөхөөр байна.

            Мөн талуудын хооронд байгуулагдсан  зээлийн гэрээний 2.1.5-т үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцох талаар тохиролцсон байх тул нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээнэ.

            Нэхэмжлэгч “Т”ХХК-аас нэхэмжлэл гаргахдаа  2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртлэх хугацаанд зээл, хүүгийн төлбөрийг хугацаандаа гүйцэтгээгүй учир  нийт 7.463.000 төгрөгийн нэмэгдүүлсэн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр тооцсон нь  хууль болон гэрээнд нийцсэн байх тул нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7.463.000 төгрөг төлөх үүрэгтэй.

            Дээрхээс үзэхэд зээлдэгч нь үндсэн төлбөр 700.000.000 төгрөг, зээлийн хүү 242.992.750 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7.463.000 төгрөг, нийт 950.445.750 төгрөг төлөх үүрэгтэй байснаас  зээлдэгчийн  гэрээний хугацаанд төлсөн 361.605.435  төгрөгийг  хасахад 588.850.295 төгрөг болсон нь нэхэмжлэгчийн шаардсан  хэмжээнээс илүү гарч байх тул нэхэмжлэгчийн шаардсан хэмжээ буюу 564.776.190 төгрөгийн хэмжээнд үүргийг тооцох нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч нь 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэн зээлийн хүү 20.901.540 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.180.308 төгрөг, нийт 25.081.848 төгрөг нэхэмжилснээс нэмэгдүүлсэн хүү 4.180.308 төгрөгийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.

            Учир нь зээлдэгч Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаанд болон  зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойших хугацаанд  нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй учир 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны нэмэгдүүлсэн хүү 4.180.308 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

            Харин Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны  хүү төлөх үүрэгтэй боловч энэхүү хэтэрсэн хугацааны хүү ямар  хэмжээтэй байх талаар зохигчид тохиролцоогүй, энэ талаар зээлийн гэрээнд тусгаагүй байх тул хэтэрсэн хугацааны хүү 20.901.540 төгрөгийг  шаардах эрхгүй байна.

Учир нь Банк, эрх бүхий  хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн / 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсон/  25 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэсэн шаардлагыг зөрчиж, хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээний талаар зээлийн гэрээнд тусгайлан зааж өгөөгүй байна.

Мөн нэхэмжлэгч “Т”ХХК-аас зээлийн мөнгөн хөрөнгө болох 700.000.000 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр зээлдэгч “О ”ХХК-д олгосны дараа  зээлийн гэрээний 2.1.7-д заасан шимтгэл болох  3.000.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр  100.000.000 төгрөгийн зээлийг олгосны дараа  зээлийн шимтгэл болох 1.000.0000 төгрөг, нийт 4.000.000 төгрөгийг суутган авсныг буруутгах боломжгүй бөгөөд 4.000.000 төгрөгийн зээл олгогдоогүй гэх үзэхгүй.

Иймд хариуцагч “О ”ХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд  зээлийн төлбөрийн үлдэгдэл 497.655.726 төгрөг,  зээлийн хүү 62.784.205 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8.516.566 төгрөг, нийт 568.956.497 төгрөгөөс  зээлийн гэрээний хугацаа дууссан 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс хойш 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл нэхэмжилсэн хэтэрсэн хугацааны хүү 14.049.796 төгрөгийг хасаж, нийт 554.906.702 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т”ХХК-д олгож,  үлдэх 34.951.337 төгрөгийн болон хариуцагч Т.О , Б.М, З.Б нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

            Хамтран хариуцагч Т.О  хариуцагч “О ”ХХК-ийг зээлийн гэрээгээр хүлээсэн өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж,  гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцахаар 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр

батлан даалтын гэрээ байгуулсан нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байх боловч тэрээр Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар батлан даалтын гэрээгээр үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ.

            Хариуцагч “О ”ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгэх чадваргүй болсон, зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй  нөхцөл байдал тогтоогдоогүй байхад батлан даагч Т.О ээр үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг хүлээлгэх боломжгүй юм.

            Түүнчлэн хамтран хариуцагч Б.М нь “О ”ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувиар зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байх тул “О ”ХХК-ийн зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах үндэслэлгүй.

            Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон батлан даалтын гэрээнд үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран  хариуцахаар тохиролцоогүй байх тул үүрэг гүйцэтгүүлэгчээс үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхгүй байна.

            Мөн хамтран хариуцагч З.Б нь хариуцагч “О ”ХХК-ийг зээлийн гэрээгээр хүлээсэн өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж,  гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцахаар 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулсан нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байх боловч  энэхүү гэрээнд талууд 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нэмэлт  өөрчлөлт оруулж,  зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан байх,  зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн барьцаалсан хөрөнгө, бусад батлан даагчаар үүргийн гүйцэтгэлийг хангуулсан тохиолдолд  батлан даалтын гэрээгээр хүлээсэн  зээлийн үлдэгдэл дүнгийн 31.25 хувийг  зээлдэгчийн өмнөөс төлөхөөр  тохиролцсон энэхүү нөхцөл  үүсээгүй тул зээлийн  төлбөрийг бүхэлд нь зээлдэгч “О ”ХХК-аас  гаргуулах нь зүйтэй.

            Иймд хамтран хариуцагч Т.О , Б.М, З.Б нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээгээр  барьцаалсан “О ”ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, улсын бүртгэлийн Ү-2206053572 дугаарт бүртгэлтэй, Хан-............... давхар тоот хаягт байршилтай, 230.48 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Т.О ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206053574 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ...............давхар тоот 314.53 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, “О ”ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн ...............байрлах, нэгж талбарын 1780019/0056, 18640309155343 дугаар бүхий 1310 м.кв газар зэргээр үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх даалгах нь зүйтэй байна.

             Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.335.390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 2.079.533 төгрөгийг хариуцагч “О ”ХХК-аас аас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.           

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                   

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “О ”ХХК-аас 554.906.702 /таван зуун тавин дөрвөн сая есөн зуун зургаан мянга долоон зуун хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т”ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 34.951.337 төгрөгийн болон хариуцагч Т.О , Б.М, З.Б нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч  нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох “О ”ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, улсын бүртгэлийн Ү-2206053572 дугаарт бүртгэлтэй, Хан-............... давхар тоот хаягт байршилтай, 230.48 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Т.О ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206053574 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ...............давхар тоот 314.53 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, “О ”ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн ...............байрлах, нэгж талбарын 1780019/0056, 18640309155343 дугаар бүхий 1310 м.кв газар зэргийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Т”ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.335.390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч “О ”ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2.709.533 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т”ХХК-д олгосугай.

      5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

        6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР