Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/00021

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/00021

 

 

     “Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй

   иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2021/01990 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Л” ХХК-ийн хариуцагч “М” ХХК, Зээлийн батлан даалтын сан, Т.Ж, Б.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 589 853 039 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хулан, хариуцагч “М” ХХК, Т.Жийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одонтунгалаг, өмгөөлөгч Д.Гантөмөр, хариуцагч зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Л” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Зээлдэгч “М” ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр арьс ширний төслийн зээлийн гэрээ байгуулан 800,000,000 төгрөгийг сарын 0.583 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн. Дээрх зээлийн 700,000,000 төгрөгийг үйлдвэрлэгчийн барилга баригдах үед, үлдсэн 100,000,000 төгрөгийг үйлдвэрийн барилга баригдаж дууссаны дараа тус тус олгох нөхцөлтэйгөөр байгуулсан. Зээлдэгч компани зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 100,000,000 төгрөгөө авах байсан боловч барилгын ажлаа дуусгаагүй, банкнаас тавьсан шаардлагыг биелүүлээгүйгээс 100,000,000 төгрөгийн санхүүжилтийг гэрээнд заасан хугацаанд авч чадаагүй. Харин зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн гэрээгээр нэмэлт 100,000,000 төгрөгийг “М” ХХК-д олгосныг хугацаанаас нь өмнө буюу 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төлж хаасан байна. 2017 оны 12 дугаас сарын 07-ны өдрийн барьцааны гэрээгээр Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17061/, Үйлдвэр гудамж-72/1 дугаартай барилгын 1 дүгээр давхрын 230.48 м.кв үйлчилгээний зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17061/ Үйлдвэр гудамж-72/1 дугаартай барилгын зоорийн болон 2 дугаар давхар тоот 314.53 м.кв үйлчилгээний зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах 1310 м.кв газрыг барьцаалсан. Үүний дараа барилгын гүйцэтгэл 100 хувь болж, барилга баригдаж дууссаны дараа зээлийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 15/227-07 дугаартай гэрээгээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17061/, Үйлдвэр гудамж-72/1 дугаартай барилгын 1 дүгээр давхар 230.48 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17061/, Үйлдвэр гудамж-72/1 дугаартай барилгын зоорийн болон 2 дугаар давхар тоот 314.53 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах 1310 м.кв газар зэргийг барьцаалсан. Батлан даагч иргэн Т.Ж нь Лтай 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 15/227 дугаартай батлан даалтын гэрээ байгуулж, “М” ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд түүний өмнөөс төлбөрийн үүргийг бүрэн хэмжээгээр барагдуулах үүргийг хүлээсэн. Мөн Зээлийн батлан даалтын сан нь “Л” ХХК-тай 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр БДГ-15/227 тоот батлан даалтын гэрээ байгуулан үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 31.25 хувиар зээлдүүлэгчийн өмнө хариуцлага хүлээсэн. Дээрх гэрээнд зааснаар зээлдэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 10-ны байдлаар үлдэгдэлтэй байгаа үндсэн зээл 497 655 726 төгрөгийн 31.25 хувь буюу 155,517,414 төгрөгийг “Л” ХХК-нд төлөх үүрэгтэй байна. Зээлдэгч “М” ХХК нь зээл авснаас хойш үндсэн зээлээс 202,344,273 төгрөг, үндсэн хүүнээс 153,134,440 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 3,126,741 төгрөг, нийт 361 605 455 төгрөг төлсөн байна. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар “М” ХХК, батлан даагч Т.Ж, хамтран зээлдэгч Б.Б нар нь үндсэн зээл 342,138,312 төгрөг, үндсэн хүү 83,685,745 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,516,567 төгрөг, нийт 434,340,624 төгрөгийн зээл, зээлийн хүүний үлдэгдэлтэй байна. Харин зээлийн батлан даалтын сан нь батлан даалтын гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн үлдэгдлийн 31.25 хувь буюу 155,517,414 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Зээлдэгч банкнаас мөнгө зээлсэн бол cap бүр хүү төлөх үүрэгтэй. Энэ үүргийн дагуу 700,000,000 төгрөгийн 7 хувийн хүүгээ cap бүр төлж байсан. Харин 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт ороогүй. Учир нь тохирсон хугацаанд 100,000,000 төгрөгийн зээл олгогдоогүй тул 700,000,000 төгрөгийн 7 хувийн хүүг л зээлдэгч эхний 12 сарын хугацаанд төлсөн. Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 15/227-4 тоот гэрээнд “М” ХХК нь 641,666,668 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болсон шалтгаан нь зээлдэгч эхний зээлийн гэрээний дагуу үндсэн зээлээс 14,583,333 төгрөг төлөх байсан боловч хугацаандаа төлөөгүй тул эхний 10 cap үндсэн зээлээс 1,000,000 төгрөг, мөн хүү төлөхөөр тохиролцсон. Дээрх хуваарийн дагуу төлж байгаад дахин 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 15/227-5 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулан 100,000,000 төгрөгийн нэмэлт санхүүжилт олгох үед 700,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 611,666,668 төгрөг байсан. Нэмэлтээр олгогдсон 100,000,000 төгрөгийн төлбөрийн хуваарь болон 700,000,000 төгрөгийн төлбөрийн хуваарь тус тусдаа хийгдсэн бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 15/227-05 тоот зээлийн гэрээний хавсралт 1-ээр дээрх хуваариудыг нэгтгэн 701,666,668 төгрөг болгон зээлийн эргэн төлөлтийн хуваарь баталсан. Нэмэлтээр олгогдсон 100,000,000 төгрөгийн жилийн хүү 17.55 хувь болсон. Учир нь “М” ХХК-ийн зээл нь Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн үйлдвэр, ХАА-н яамны зөвлөлөөс дэмжигдсэн дэд зээл юм. Хөгжлийн банк, Лны хооронд байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн дамжуулан зээлдүүлэх гэрээний дагуу зээлдэгчид 700,000,000 төгрөгийн зээл олгосон бөгөөд 100,000,000 төгрөгийн зээл олгох үед уг дамжуулан зээлдүүлэх гэрээний хүүгийн нөхцөлд өөрчлөлт орж, 17.55 хувь болсон байдаг. Зээлдэгч “М” ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 175 тоот албан бичгээр 100 000 000 төгрөгийг 18.55 хувийн хүүтэй олгож өгөөч гэсэн хүсэлтийг гаргаж байсан бөгөөд удаа дараа уг санхүүжилтийг авах хүсэлтийг гаргасан учир олгосон. Хөгжлийн банк, Л хооронд байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн дамжуулан зээлдүүлэх гэрээний 4.6-д зааснаар зээлийн хүүг 360 хоногоор тооцоолсон. Мөн гэрээний 2.2.5- т зааснаар 700,000,000 төгрөгийн зээл эхний 1 жил үндсэн зээлээс төлөгдөөгүй болно. Зээл, хүүгийн тооцооллын хүснэгтээс харахад 700,000,000 төгрөгийн зээлээс 2018 оны 10 дугаар сарын 15-наас хойш огт төлөлт хийгээгүй, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш үндсэн хүүнээс мөн төлөлт хийгээгүй. Иймд “М” ХХК, батлан даагч Т.Ж, хамтран зээлдэгч Б.Б нараас зээл, зээлийн хүүгийн төлбөрт 434,340,624 төгрөгийг, Зээлийн батлан даалтын сангаас 155,517,414 төгрөгийг гаргуулж “Л” ХХК-д олгож өгнө үү. Зээлдэгч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “М” ХХК-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Зээлдэгч “М” ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр арьс ширний салбарыг сэргээн хөгжүүлэх төслийн зээлийн гэрээ байгуулан нийт 800,000,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сараас хэсэгчлэн зээлсэн. Улмаар зарим зээлийг хаасан боловч цар тахлаас шалтгаалан үлдэх төлбөрийг төлж чадахгүйд хүрээд байна. Бид 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр үндсэн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн барьцаа хөрөнгөд өөрчлөлт оруулсан. Ингэхдээ зоорийн болон 2 дугаар давхрын 314 м.кв үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө байгаа газрыг барьцаалсан. Хариуцагч “М” ХХК нь 700,000,000 төгрөг болон 100,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байх хугацаа буюу 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд өндөр дүнтэй зээлд 89,165,45 төгрөг, бага дүнтэй зээлд 23,633,802 төгрөг, нийт 112,799,218 төгрөгийг зээл, хүүгийнтөлбөрт төлсөн байна. Үүнээс бага хүүтэй 100,000,000 төгрөгийн зээл, хүүгийн төлбөрт 105,530,636 төгрөг төлж бүрэн хаасан, үлдэгдэл 7,268,582 төгрөгийг бага хүүтэй 700,000,000 төгрөгийн зээлийн үндсэн төлбөрт төлснөөр шилжүүлэн тооцсон болно. Ингэж тооцсоноор зээлдэгч 100,000,000 төгрөгийг хүүгийн хамт 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр бус 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зээлийг бүрэн төлж барагдуулсан. Иймд 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш төлөгдсөн 162,714,558 төгрөгийн төлбөрийг бага хүүтэй 700,000,000 төгрөгийн зээлийн үндсэн зээлийн төлбөрт шилжүүлэн төлсөн. Ингэснээр зээлдэгч 800,000,000 төгрөгийн зээлээс үндсэн зээлийн төлбөрт 69,909,696 төгрөг, хүүний төлбөрт 112,282,458 төгрөг, нийт 482,192,151 төгрөг төлсөн. Дээрх үндэслэл бүхий нөхцөл байдлыг харгалзан зээлдэгч үндсэн зээлийн төлбөр болон хүүгийн тооцооллыг хийхэд банкны нэхэмжлэлээс зээлдэгчийн зээлийн өрийн үлдэгдэл 295,687,085 төгрөгийг, үндсэн хүүгийн дүнд 94,308,549 төгрөгийг нийт 389,995,634 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгийг зөвшөөрөхгүй байна. Мөн түүнчлэн 2017 онд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа “М” ХХК-тай л гэрээ байгуулсан атал Т.Ж, Б.Б нарыг хамтран зээлдэгчээр татсан нь үндэслэлгүй. Талууд хэтэрсэн хугацааны хүү хэд байх талаар гэрээгээр тохиролцоогүй учир хэтэрсэн хугацааны хүү нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн зээлийн хүүг тооцохдоо 360 хоногоор тооцсон байдаг. Давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн учир 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс хойш хүү төлөхийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч З шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-аас 554,906,702 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Л” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 34,951,337 төгрөгийн болон хариуцагч Т.Ж, Б.Б, З нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох “Орчинд” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, улсын бүртгэлийн Ү-2206053572 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17061/, Үйлдвэр гудамж-72/1 дугаартай барилгын 1 дүгээр давхар тоот хаягт байршилтай, 230.48 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Т.Жийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206053574 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17061/, Үйлдвэр гудамж-72/1 дугаартай барилгын зоорийн болон 2 дугаар давхар тоот 314.53 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө “М” ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 1780019/0056, 18640309155343 дугаар бүхий 1310 м.кв газар зэргийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Л” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,335,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2,709,533 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Л” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,335,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2,709,533 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Л” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт зээлийн хүүг 360 биш 355 хоног байхаар тооцоолсон нь үндэслэлгүй байна. Учир нь хэргийн 10, 11 дүгээр талд зээл, хүүгийн тооцооны хуудасны 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх зээлийн хүүг 360 хоногоор бодсон. Харин 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн шүүхэд хүүг нэмэгдүүлсэн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэл зээлийн хүүг 365 хоногоор тооцоолсон болох нь зээл хүүгийн тооцооны хуудсаас харагддаг. Тухайлбал, зээл хүүгийн тооцооны хуудасны 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хүүг харвал 621 666 665.70*7 хувь /365 хоног*хүү бодох хоног 1=119 223.74 байна. Харин 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл зээлийн хүүг 360 хоногоор бодсон болохыг тайлбарласан бөгөөд нийт 791 хоногийн хүү 102,869,710 төгрөгийг 360 хоногоор тооцолсон байна. Хэрэв 365 хоногоор тооцоолсон бол 101,841,829.38 төгрөг болох бөгөөд үүнийг зөрүүг нэхэмжлэлийн шаардлагаас хасуулж тооцох боломжтой. /102,869,710-101,841,829=1,027,880 төгрөг/ Иймд шүүхийн шийдвэрийн тооцоолол нь бүхэлдээ үндэслэлгүй бөгөөд нийт хүүг 360 хоногоор бодоогүй байгааг шүүгч анзааралгүй, буруу тооцоолсон байна. 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа 25,081,848 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Шүүхээс уг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаас үндсэн хүүний үлдэгдэл 20,901,540 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хүүгийн хэмжээний талаар зээлийн гэрээнд тусгайлан зааж өгөөгүй байна. Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 7 дугаар сард дууссан бөгөөд зээлдэгч “М” ХХК нь зээл, зээлийн хүүний үлдэгдэлтэй байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан ба үүргээ хугацаандаа биелүүлээгүй, зээлийн хүүгээс чөлөөлөгдөх үндэслэлгүй байхад шүүхээс үндсэн хүүг хэрэгсэхгүй болгож, нэмэгдүүлсэн хүүг олгохоор шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасны дагуу банкнаас өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй байтал хамтран зээлдэгчийг хууль зүйн үндэслэлгүй хариуцлагаас чөлөөлсөн байна. Зээлийн батлан даалтын санг хариуцлагаас чөлөөлөхдөө батлан даалтын гэрээнд заасан нөхцөлүүд бүрдээгүй болохыг дурдсан байна. Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-т зааснаар гагцхүү үндсэн зээлийн 31,25 хувийг батлан даахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан.

Талуудын хооронд байгуулсан батлан даалтын гэрээний 1 дүгээр зүйлд батлан даалтын үүргийг хэрхэн гүйцэтгэх талаар зохицуулснаас харахад Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт заасныг талууд тохирсон гэж үзэж байна. Зээлийн батлан даалтын сан болон “М” ХХК, Б.Б нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх бөгөөд тэдгээрийн хүлээх үүрэг нь 242.11 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч батлан даалтын сан нь зээлийн үлдэгдэл 497,655,726 төгрөгийн 31,25 хувь буюу 155,517,415 төгрөг төлөх үүрэгтэй. Зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн. Сap бүр зээлийн гэрээгээр тохирсон 7 хувийн хүүгээ төлж байсан байна. Тооцоолол: 700,000,000* 7% /12 cap = 4 083 333 төгрөг. Шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн зээл, хүүгийн тооцооны хуудаснаас харахад үндсэн зээлээс 11,884,685 төгрөг төлсөн байна. Харин хүүгийн төлбөр үндсэн хүү төлсөн хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 2,437,661 төгрөгийн хүү төлөөд түүнээс хойш огт төлөлт хийгээгүй буюу 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл зээл, хүү огт төлөөгүй. Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 7 дугаар сард дууссан, зээл, зээлийн хүүгийн үлдэгдлийн талаар 2021 оны 01 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргаж, шаардах эрхээ хэрэгжүүлж эхэлсэн. 3ээлийн барьцаа хөрөнгө, бусад батлан даагчаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 554,832,292 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан боловч зээлдэгчийн зээлийн хэмжээнд барьцаа хөрөнгө хангалтгүй байсан учраас Зээлийн батлан даалтын сангаар батлан даалт гаргуулсан гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт “2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр авсан 100 000 000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар төлж хаасан байх ба талууд энэ тал дээр маргаагүй болно” гэдгийг зөвшөөрөхгүй байна. Тодруулбал, талуудын хооронд хийсэн 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 15/227 тоот зээлийн гэрээнд зээлдэгч 800,000,000 төгрөгийг 700,000,000 төгрөг болон 100,000,000 төгрөгөөр хэсэгчлэн олгож зээлийн жилийн хүүг 7.0 хувь байхаар тохиролцсон. Мөн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 15/227-05 тоот нэмэлт гэрээгээр үлдсэн 100,000,000 төгрөгийг олгохдоо банк жилийн 17.55 хувийн хүүтэйгээр олгосон байна. Энэхүү гэрээний зээлийн эргэн төлөлтийн хуваарийг харвал, банк хоёр өөр нөхцөлтэй зээлийн эргэн төлөлтийн хуваарийг нэгтгэж нэг хуваарьт оруулсан байгаа нь зээлдэгчид ойлгомжгүй байдал үүсгэсэн. Өөрөөр хэлбэл, 700,000,000 төгрөгийн үлдэгдэл зээлийн дүнгийн жилийн хүүгийн хувь 7.0%, харин нэмэлтээр олгосон 100,000,000 төгрөгийн зээлийн хүү жилийн 17.55% байгаа бөгөөд хоёр тусдаа зээлийн нөхцөлтэй, тусдаа хуулгатай байхад нэг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт оруулж гэрээний хавсралтаар хийсэн нь зээлдэгчийг төөрөгдүүлсэн, зээлдэгчийн төлсөн төлбөр аль зээлийн төлбөрт төлөгдөж байгаа нь ойлгомжгүй болсон байх тул зээлдэгч уг зээлийн төлбөрийн хуваарийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.2, 216.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу зээлдэгч өндөр хүүтэй зээлээ түрүүлж төлж барагдуулсан. Зээлдэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 112,799,218 төгрөг төлсөнөөс банк бага хүүтэй 7%-тай зээлд дийлэнх төлбөр буюу 89,165,415 төгрөгийг, өндөр хүүтэй 17.55%-тай зээлд 23,633,802 төгрөгийг төлсөн гэж тус тус суутгасан нь зээлдэгчид хохиролтой байна. Хэрэв зээлдэгч энэ хугацаанд төлсөн 112,799,218 төгрөгийг өндөр хүүтэй зээлээ төлсөн байсан бол 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 100,000,000 төгрөгийн зээл хаагдаж, мөн өдрийн зээлийн дансны хуулганд харагдаж буй 84,346,231 төгрөгийн үлдэгдэлтэй биш 0.00 төгрөгийн үлдэгдэлтэй байх ёстой байсан. Ингэж тооцсоноор зээлдэгч 100,000,000 төгрөгийг хүүгийн хамт 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зээлийг бүрэн төлж барагдуулсан. Иймд 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш өндөр хүүтэй зээлд төлөгдсөн 96,952,893 төгрөгийг бага хүүтэй 700,000,000 төгрөгийн зээлийн үндсэн зээл болон хүүгийн төлбөрт шилжүүлэн тооцсон. Дээрх үндэслэл бүхий нөхцөл байдлыг харгалзан зээлдэгч үндсэн зээлийн төлбөр болон хүүний тооцооллыг хийхэд зээлдэгч 800,000,000 төгрөгөөс нийт 482,192,151 төгрөгийг төлсөн тул банкны нэхэмжлэлээс зээлдэгчийн зээлийн өрийн үлдэгдэлд 524,398,855 төгрөгийг зөвшөөрч байна. Шүүх нийт үүргийн гүйцэтгэлийг 942,992,750 төгрөг гэж тооцсон нь үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл үүсвэл хэрхэн зохицуулах талаар тохиролцоогүй. Хариуцагчаас зээлдэгч үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ Улсын Их Дэлгүүрийн 3 дугаар давхарт байрлах 33.2 м.кв талбай бүхий лангуугаар худалдан борлуулдаг байсан бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гал гарч 6 дугаар давхрын тасаг бүрэн шатаж бараа бүтээгдэхүүнгүй болсон тухай тайлбар баримтыг гаргаж өгсөн боловч шүүх энэ нөхцөл байдлын талаар үнэлсэнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт гомдлыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

            Нэхэмжлэгч “Л” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт хариуцагч “М” ХХК, Т.Ж, Б.Б нараас 434,340,625 төгрөг, хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас 155,517,414 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

            Хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэгч “Л” ХХК-тай 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 15-227 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 800,000,000 төгрөгийг сарын 0.58 хувь, жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдэн авахаар, нэхэмжлэгч нь 800,000,000 төгрөгөөс хэсэгчлэн буюу эхний ээлжинд 700,000,000 төгрөгийг, үлдэх 100,000,000 төгрөгийг үйлдвэрлэлийн барилга баригдаж, “Л” ХХК-ийн зээлийн барьцаанд бүртгэгдсэний дараа олгохоор тохиролцсон байна. /хх 12-14/ Нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 15/227-05 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр үлдэх 100,000,000 төгрөгийг сарын 1.46%, жилийн 17.55%-аар олгохоор тохиролцжээ. /хх 16/

            Хариуцагч “М” ХХК нь дээрх зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг дахь 1310 м.кв/га газар, Т.Жийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 72/1 дугаартай барилгын 1 давхар, 230.48 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах барилгын зоорийн болон 2 давхар, 314.53 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалж, барьцааны гэрээг бичгээр байгуулжээ. /хх 17-19/ Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв.

Хариуцагч Т.Ж, Зээлийн батлан даалтын сан нь зээлдэгч “М” ХХК-ийг дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлж чадна гэдгийг зээлдүүлэгчийн өмнө  баталж, батлан даалтын гэрээ байгуулжээ.   

            Хариуцагч “М” ХХК нь 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 120,586,696 төгрөгөөр төлж барагдуулсан, 700,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 361,605,455 төгрөг төлсөн болох нь зээл, хүүгийн тооцооллын хуудсаар тогтоогдож байна. /хх 10-11, 121/

            Нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 497,655,726 төгрөг, зээлийн хүүд 62,784,205 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4,336,258 төгрөг, нийт 564,776,190 төгрөг гаргуулах шаардлагаа 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны хүүд 20 901 540 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4,180,308 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, нийт 589,858,039 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

            Талуудын хооронд байгуулагдсан 700,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр дууссан байхад нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа хэтэрснээс хойшхи хугацааны хүүд 20 901 540 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Талуудын байгуулсан гэрээний 2.2.4-т “гэрээнд заасан зээлийн хугацаа дууссан нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй” гэж ерөнхий байдлаар заасан нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн/  25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана” гэж заасантай нийцэхгүй байна. Талуудын гэрээнд хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээ хэд байхыг заасан заалт байхгүй байна. Иймд нэхэмжлэгчид хэтэрсэн хугацааны хүү шаардах эрх үүсэхгүй.

            Иймд нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн 589 858 039 төгрөгөөс хэтэрсэн хугацааны хүү 20 901 540 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагаас 568 956 499 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

            Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэх захирал нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй эрх бүхий албан тушаалтан байна. Хариуцагч Б.Б нь гүйцэтгэх захирлын хувиар “М” ХХК-ийг төлөөлж зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байх тул түүнд зээлийн гэрээний үүрэг иргэний хувьд үүсээгүй байх тул зээлийн үүргийг давхар хариуцуулах хууль зүйн үндэслэлгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

            Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д зааснаар Зээлийн батлан даалтын сан нь зээлдэгчийн зээлийн барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байгаа тохиолдолд зээлдүүлэгчийн өмнө батлан даалт гаргах үндсэн үйл ажиллагаа явуулдаг, талууд гэрээг энэ зорилгоор байгуулсан талаараа тайлбартаа дурьдсан.

            Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй.” гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээнд хариуцагч Зээлийн батлан даалтын сан нь зээлийн үүргийг хамтран хариуцах талаар тохиролцоогүй тул нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаар шаардах эрхгүй байна.

            Иймд анхан шатны шүүх хариуцагч Зээлийн батлан даалтын санг зээлийн гэрээний үүргийг хамтран хүлээгээгүй гэж дүгнэж түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Зээлдэгч үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон, барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь батлан даалтын гэрээний дагуу шаардлага гаргах эрхийг энэ шийдвэр хөндөхгүй болно.

Хариуцагч “М” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заасантай нийцсэн байна.

            Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт буруу дугаарласныг залруулна.

            Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16ы өдрийн 183/ШШ2021/01990 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “554,906,702 /таван зуун тавин дөрвөн сая есөн зуун зургаан мянга долоон зуун хоёр/” гэснийг “568,956,499” гэж, “34,951,337” гэснийг “20,901,540” гэж, 4,5,6 дахь заалтыг 3,4,5 гэж дугаарлаж, 3 дахь заалтын “2,709,533” гэснийг “3,002,732” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 310,490 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчийн төлсөн 1,268,245 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНХАНД

             

                                                       ШҮҮГЧ                                  Д.ЦОГТСАЙХАН

             

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ