Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2022/01365

 

 

 

 

 

 

 

 

 

2022 06 08

181/ШШ2022/01365

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч Н.О 

Хариуцагч: Т даатгал ХХК 

 

Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөрт 34,987,258.66 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.З,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М, Б.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч Т даатгал ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 34,987,258.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

Нэхэмжлэгч Н.О, өөрийн нөхөр Ч.П-ийн хамт 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хас банк ХХК-тай ипотекийн зээлийн гэрээ байгуулж, 98,798,000 төгрөгийн зээл авсан. Мөн өдөр №13 тоот барьцааны гэрээг байгуулж, Сүхбаатар дүүргийн  дугаар хороо,  дүгээр хороолол,  гудамж байр, тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.

2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Н.О, хамтран зээлдэгч болох өөрийн нөхөр Ч.П-ийн хамт Т даатгал ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Ипотекийн цогц даатгалын гэрээг байгуулсан ба тус гэрээгээр Барьцаа хөрөнгийн болон зээлийн төлбөр тасалдал-ыг даатгуулсан ба даатгалын хураамжийг тухай бүр төлж, даатгалын гэрээг сунгаж ирсэн.

Улмаар 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгапын гэрээг Т даатгал ХХК-тай байгуулж, зээлдэгч Н.О, хамтран зээлдэгч Ч.П нар өөрсдийн амь нас, эрүүл мэндийг даатгуулсан ба даатгалын хураамжийг гэрээнд заасан хугацаанд тухай бүр төлж, гэрээ тухай бүр сунгагдаж ирсэн.

Нэхэмжлэгч Н.О-ы нөхөр, хамтран зээлдэгч Ч.П нь дэлхий нийтэд тархсан Корона вируст цар тахлын улмаас буюу Ковид-19 өвчний хүнд хэлбэрийн улмаас 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нас барж хүнд гарз, хохирол тохиосон бөгөөд зээлийн төлбөр тасалдах эрсдэл буюу Т даатгал ХХК-тай байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдолд бий болсон.

Нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Т даатгал ХХК-д хандаж, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээнд заасны дагуу даатгалын нөхөн төлбөр хүссэн хүсэлтийг холбогдох баримтуудын хамт гаргасан боловч Т даатгал ХХК-ийн зүгээс 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн №21/608 тоот албан бичгээр даатгалын нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан хариуг ирүүлсэн.

Улмаар Н.О нь Т даатгал ХХК-иас ирүүлсэн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн №21/608 тоот хариуг эс зөвшөөрч Даатгалын тухай хуулийн 82.1-д Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд ... гэж заасны дагуу 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Санхүүгийн Зохицуулах хороонд хүсэлт гаргасан. Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс Н.О-д даатгалын нөхөн төлбөр олгохыг Т даатгал ХХК-д үүрэг болгосон хариуг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн № тоот албан бичгээр гаргасан боловч Т даатгал ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг биелүүлэлгүй өдийг хүрээд байна.

Иймд Т даатгал ХХК даатгалын нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан учраас шүүхэд хандахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн.

Т даатгал ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн № тоот мэдэгдлийг биелүүлээгүй, Даатгалын тухай хуулийн 8.5.3-т заасныг үндэслэн даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж буй нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь:

1.Т даатгал ХХК-тай байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ-ээр Хас банк ХХК-тай байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн  тоот Ипотекийн зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч болон хамтран зээлдэгч нарын амь нас, эрүүл мэндийг даатгуулсан ба даатгалын гэрээний хугацаанд зээлдэгч нас барах буюу хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдсан тохиолдолд зээлийн төлбөр тасалдах эрсдлийг даатгуулсан. Өөрөөр хэлбэл, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээг байгуулах болсон үндэслэл нь Хас банк ХХК-тай байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн № тоот Ипотекийн зээлийн гэрээ бөгөөд тус зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч Н.О, эсхүл хамтран зээлдэгч амь нас алдах, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдсан тохиолдолд Хас банк ХХК-тай байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Ипотекийн зээлийн гэрээний зээлийн төлбөр тасалдах эрсдлийг даатгуулж, уг эрсдлээс хамгаалах зорилгоор Т даатгал ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээг байгуулсан юм.

Гэтэл Т даатгал ХХК-ийн зүгээс энэ даатгалын гэрээг амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ биш гэнэтийн ослын буюу жишээлбэл гадаа явж байгаад хальтирч унаж бэртэх, эрүүл мэндийн хохирол учирсан тохиолдолд үйлчлэх гэрээ гэх агуулгаар тайлбарлаж хариу өгч байгаа нь үндэслэлгүй. Үнэхээр гэнэтийн ослын даатгалын гэрээ гэж байгуулж байгаа бол заавал ипотекийн зээлтэй уялдуулаад, мөн амь нас, эрүүл мэндийн даатгал гэж нэрлэх хэрэгцээ шаардлага байхгүй.

 

2. Т даатгал ХХК-тай байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ-ний 1.3.8-д Гэнэтийн осол гэдгийг тодорхойлохдоо даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд гэм хор, хохирол учруулсан урьдчилан мэдэх боломжгүй буюу гэнэтийн шинжтэй хүчин зүйлийг ойлгоно гэж, мөн гэрээний 1.3.8.1-т Ахуйн осол /гэр ахуйн болон гудамж талбайд явганаар зорчих, гэх мэт үед тохиолдсон осол/-ыг, 1.3.8.4-т Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн осол-ыг тус тус гэнэтийн осолд хамааруулан заасан. Мөн тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдсаны улмаас зээлийн төлбөр тасалдах эрсдэлээс даатгах-аар, мөн гэрээний 2.2.4-т Энэхүү гэрээний 2.1.1-д заасан эрсдлийн улмаас хохирол учирсан бол нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо даатгуулагчийн орлогын Банкнаас тогтоосон өрхийн нийт орлогод эзэлж буй хувьд харьцуулан тогтооно гэж тус тус заасан байдаг.

Хариуцагч талаас зөвхөн талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан зохицуулалтын хүрээнд даатгалын тохиолдол үүсээгүй байна гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж ирүүлж байсан. Талийгаач Ч.Пнь дэлхий нийтэд тархсан Корона вируст цар тахлын улмаас буюу Ковид-19 өвчний хүнд хэлбэрийн улмаас нас барсан барсан болох нь талийгаачийн нас барсны гэрчилгээ болоод эмнэлгийн нас барсны гэрчилгээ буюу хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Ковид-19 цар тахлын хүндрэлийн улмаас нас барсан нь гэрээний 1.3.8.1 болон 1.3.8.4 дэх хэсэгт хамаарна гэж нэхэмжлэгч талаас үзэж байна. Өөрөөр хэлбэл, ковид-19 цар тахлын өвчин үүсгэгч вирус хүний биед орсноороо өвчлөл үүсгэж байгаа. Энэ өвчлөл үүсгэсэн үйл баримт нь хүндрэхээр үхлийн шалтгаан болж байгаа. Мөн талийгаач Ч.П нь ямар нэгэн байдлаар эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгийн үйлчилгээ авч байгаагүй, ямар нэгэн хууч өвчин байгаагүй болох нь хэрэгт авагдсан дээрх материалуудаар тогтоогдож байна.

Ковид-19 цар тахал нь Монгол Улс болоод дэлхийн хэмжээнд тархсан. Энэ нь цар тахал гэдэг нь нийтэд илэрхий үйл баримт. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу нийтэд илэрхий үйл баримтын талаар дахин нотлох шаардлага хууль зүйн хувьд байхгүй.

Т даатгал ХХК-тай байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний гол зүйл нь даатгалын зүйл, даатгалын эрсдэлийн төрөл бөгөөд дээрх тохиолдолд даатгалын зүйл нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд байх ба даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирвал даатгалын эрсдэл үүссэн гэж үзэж, даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэй юм.

Мөн Т даатгал ХХК-тай байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний 3.1-д Даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүд-ийг нэрлэн заасан бөгөөд Ковид-19 тахлын улмаас нас барсан нь гэрээний дээрх заалтад хамааралгүй. Өөрөөр хэлбэл, зээлдэгчийн нас барсан өвчний шалтгаан нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөлд хамааралгүй бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн №210 дугаар тогтоолоор баталсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-д заасны дагуу даатгалын нөхөн төлбөр төлөх үүрэгтэй боловч дээрх журмыг удаа дараа зөрчиж, нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариу ирүүлсэн.

Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн №210 дугаар тогтоолоор баталсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 4.2 дахь хэсэгт даатгагч даатгалын гэрээгээр нөхөн төлбөр олгох, олгохоос татгалзах нөхцлийг тодорхой, хоёрдмол утгагүй, бусдад шууд ойлгогдохоор үг хэллэгтэй байхаар тусгах бөгөөд нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцлөөс бусад тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж үл болно гэсэн заасан. Өөрөөр хэлбэл, Санхүүгийн зохицуулах хорооноос гарсан журмын дагуу талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр даатгалын нөхөн төлбөр олгохгүй буюу үл хамаарах нөхцөл байдалд хамаараагүй бол бусад тохиолдолд даатгалын компани нөхөн төлбөр олгох үүрэгтэй. Энэ журмын хүрээнд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1 дэх хэсэгт дараах тохиолдолд шууд ба шууд бус үр дагаврын улмаас учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй гэж гэрээгээр тохиролцоод, 3.1.1-3.1.17 дахь хэсэгт энэ нөхцлүүдийг заасан байгаа. Энэ нөхцөл дээр ямар нэгэн байдлаар ковид-19 цар тахлын улмаас, эсхүл энэ өвчний хүндрэлийн улмаас нас барсан тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгохгүй байхаар талууд тохиролцоогүй, эдгээр үндэслэлд хамаарахгүй байгаа учраас, нөгөө талаар Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 4.2 дахь хэсэгт заасны дагуу нөхөн төлбөр олгох үүрэгтэй байсан. Гэвч Т даатгал ХХК нь энэ үүргээ биелүүлээгүй, даатгалын нөхөн төлбөр олгохоос хууль зүйн үндэслэлгүйгээр татгалзсан хариуг ирүүлсэн бөгөөд мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн № тоот шийдвэрийг биелүүлээгүй.

Хариуцагчийн зүгээс гэрээ байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр болоод зээлийн үлдэгдэл, сунгалт, хураамжийн талаар маргаагүй.

Даатгалын тохиолдол үүссэн өдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 69,974,517.32 төгрөг байсан тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд тэнцүү хэмжээгээр хариуцах учиртай. Тодруулбал, хамтран зээлдэгч Ч.П нас барснаар Т даатгал ХХК-ийн хариуцах зээлийн тасалдлын эрсдэл нь 69,974,517.32 төгрөгийн 50 хувь буюу 34,987,258.66 төгрөг байна. Иймд 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний нөхөн төлбөрт 34,987,258.66 төгрөгийг Т даатгал ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Т даатгал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Даатгуулагч Н.О-аас ирүүлсэн нөхөн төлбөрийн хүсэлт болон бусад эрх бүхий байгууллагын нотлох баримт, мэдээллийг судлан үзээд даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэсэн.

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолоор Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ыг баталж, даатгагч Ипотекийн даатгалын үйл ажиллагааг эрхлэхдээ уг журмыг баримталж, уг журамд заасан Даатгалын эрсдэлүүдээс даатгуулагчийг хамгаална гэсэн байдаг. Уг журмын 2.2-т Даатгагч нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалаар дараах үндсэн эрсдэлийг даатгана гээд 2.1.1-т Ердийн даатгагчийн хувьд үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол (цаашид гэнэтийн осол гэх)-ын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт гэж заасан байна.

Манай байгууллагын хувьд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 15 ердийн даатгагчдын нэг. Ердийн даатгагч нь өвчнийг даатгадаггүй. Амьдралын буюу урт хугацааны даатгагчид аливаа эрсдэлээс амь насаа алдсан тохиолдолд нөхөн төлбөр олгох үүрэг нь байдаг.

Анх даатгуулагч Н.О-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулсан хүчин төгөлдөр гэрээ байгаа. 2019 оноос хойш гэрээ нь жил болгон шинэчлэгдээд явах ёстой байсан боловч даатгуулагч Н.О нь 2019 оноос хойш даатгалын хураамж төлөхөөс бусдаар гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан зүйл байхгүй. Иймд 2019 онд байгуулсан гэрээний дагуу хураамж аваад, эрсдэлийг даатгаад явж байсан. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Т даатгал ХХК болон даатгуулагч H.О нарын хооронд байгуулагдсан  тоот Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний 1.3 дахь хэсэгт даатгалын тохиолдол гэж энэхүү гэрээнд заасан даатгуулсан зүйл, учирсан хохирол, даатгалын гэрээний эрх зүйн нөхцөл бүрдэх буюу гэрээнд заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд даатгалын нөхөн олговор олгох үүрэгтэй.

2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Т даатгал ХХК болон даатгуулагч H.О нарын хооронд байгуулагдсан  тоот гэрээнд дурдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-д заасан шаардлагын дагуу даатгуулагчийг гэнэтийн ослын улмаас нас барах эрсдэл-ээс даатгахдаа тус гэрээний Даатгалын хамгаалалт хүснэгтэд болон 1.3.8 дахь хэсэгт гэнэтийн осол гэж даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд гэм хор, хохирол учруулсан урьдчилан мэдэх боломжгүй буюу гэнэтийн шинжтэй дараах хүчин зүйлийг ойлгоно гээд дараах эрсдэлүүдийг хамруулсан байдаг. Үүнд:

- Ахуйн осол (гэр ахуйн болон гудамж талбайд явганаар зорчих гэх мэт тохиолдсон осол);

- Зам тээврийн болон бусад тээврийн хэрэгслийн осол;

- Даатгуулагчийн ажлын байранд үүргээ гүйцэтгэх үед учирсан осол, гэмтэл;

- Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн осол;

- Гуравдагч этгээдийн буруутай үйлдэл.

Өөрөөр хэлбэл, Зохицуулах байгууллагаас баталсан хүчин төгөлдөр журмын дагуу даатгуулагч гагцхүү гэнэтийн ослын улмаас амь насаа алдах, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эрсдэлийг даатгаж, даатгалын нөхөн төлбөр олгохоор талууд гэрээ байгуулсан бөгөөд Ковид 19 өвчний улмаас нас барах эрсдэлийг даатгуулаагүй.

Даатгуулагчийн хамтран зээлдэгч Ч.П нь Ковид-19 өвчний хүнд хэлбэрийн улмаас нас барсан болохыг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ-нд нас баралтын шалтгааныг U07.1 гэж тэмдэглэсэн ба энэ нь олон улсын кодоор U07.1 COVID-19, virus identified буюу корона вирусээр халдварласан байсан тухай дурдсан ба мөн Нас барсан тухай Улсын бүртгэлийн гэрчилгээнд Өвчнөөр нар барсан гэж тодорхойлсон. Ковид-19 буюу коронавирусын халдварт өвчин нь дэлхий нийтэд өвчин гээд код авчихсан байгаа. Корона вируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд Ковид-19 нь цар тахал, халдварт өвчин, халдвараар өвчилсөн гэсэн нэр томъёоны заалттай байгаа.

Мөн өмнөх шүүх хуралдааны үед нэхэмжлэгч талаас энэ нь өвчин гэж тайлбар гаргаж байсан. Иргэний хуульд гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан. Монгол хэлний тайлбар тольд гэнэтийн гэдгийг санамсаргүй буюу хоромхон зуур болж буй үйл явдал, хоромхон зуур гэдэг нь цагийн хэмжигдэхүүний хамгийн бага нэгж, осол гэдэг нь анхаарал болгоомжгүйгээс гарсан алдаа, эндэгдлийг хэлнэ гэсэн байдаг. Үүнээс үзэхэд гэнэтийн осол гэдэг маань хоромхон зуурт болоод өнгөрч буй урьдаас таамаглах боломжгүй, үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно. Гэтэл талийгаачийн нас барсны гэрчилгээ болон нас барах үеийн тодорхойлолт дээр өвчний улмаас нас барсан, 21 хоногийн турш эмчилгээ хийлгэсэн гэсэн байдаг. Иймд гэнэтийн осолд хамаарахгүй.

Даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохгүй нөхцлийн 3.1.15 дахь хэсэгт архаг болон хууч өвчнөөс үүдэлтэй нас баралт, зүрхний шигдээс гэж заасан. Даатгуулагчийн нас барсны гэрчилгээг харахаар ковид-19 цар тахлын хүнд хэлбэр, уушигны хатгалгаа, амьсгалын халдварын хам шинж, нас баралтын шалтгааныг өвчин байна гэж үзэж байгаа. Иймд нөхөн төлбөр олгохгүй нөхцөл буюу хууч өвчин үүссэн байна гэж үзэж байна.

Хоёрдугаарт, даатгагчийн зүгээс олон улсад үнэнч шударга байх, даатгалын нөхөн төлбөрийн эрсдэлийг үнэн зөв тодорхойлох үүргийг хүлээдэг. Даатгалын тухай хуульд заасны дагуу Т даатгал ХХК нь нийт даатгуулагчдын хураамжаар эрсдэлийн санг бүрдүүлдэг. Гэрээгээр тохиролцсон даатгалын тохиолдол үүсээгүй байхад нөхөн төлбөр олгочихвол бусад даатгуулагчдын эрх ашгийг хөндөж, зөрчиж нөхөн төлбөр олгосон болох учраас бид үүнд нарийн судалгаа хийж, үүний үндсэн дээр даатгалын нөхөн төлбөр олгох үндэслэл биш, даатгалын гэрээгээр харилцан тохиролцсон эрсдэл биш байна гэж тодорхойлсон.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд даатгуулагчийн нас барсан шалтгаан нь гэрээнд заасан эрсдэлийн улмаас үүсээгүй, өвчний улмаас үүссэн, даатгалын гэрээгээр хамгаалагдаагүй эрсдэл болох нь нотлогдож байх тул Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйпийн 8.5.3-т Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан тохиолдолд нөхөн төлбөр олгохоос татгалзаж болно гэж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 -т Даатгагч нь энэ хуулийн 8.5-д заасан үндэслэлийн дагуу даатгалын нөхөн төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн олгохоос татгалзах эрхтэй гэж тус тус заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд нэхэмжлэгч Н.О-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 332,890 төгрөг төлсөн баримт, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Ч.П-ийн нас барсны гэрчилгээний хуулбар, Ипотекийн даатгалын баталгаа, Ипотекийн цогц даатгалын гэрээ, Ипотекийн барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ, Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ, Н.О-ы зээлийн дансны хуулга, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Т даатгал ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 21/608 дугаар Нөхөн төлбөрийн шийдвэр хүргүүлэх тухай албан бичиг, Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан хүсэлт, Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн  дугаар Даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичиг, Хас банк ХХК-ийн тодорхойлолт, А.З-т олгосон итгэмжлэл, Зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Барьцааны гэрээ,  дугаартай зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн  дугаар албан бичиг зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.

 

Хариуцагчаас шүүхэд Т даатгал ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ, Н.О-ы өргөдөл, Эд хөрөнгийн даатгалын нөхөн төлбөрийн маягт, Т даатгал ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн  дугаар Нөхөн төлбөрийн шийдвэр хүргүүлэх тухай албан бичиг, Б.Х-д олгосон итгэмжлэл, Ипотекийн даатгалын баталгаа, Ипотекийн цогц даатгалын гэрээ, Б.Х, Б.М нарт олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Ч.П-ийн нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээг шүүхийн журмаар гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.О-ы нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч Н.О нь нөхөр Ч.П-ийн хамт хариуцагч Т даатгал ХХК-тай Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ байгуулсан. Даатгуулагч Ч.П 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нас барснаар даатгалын тохиолдол үүсч, нөхөн төлбөр авах эрх үүссэн гэж шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Т даатгал ХХК нь ердийн даатгагчийн хувьд Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журамд зааснаар гэнэтийн ослын улмаас нас барах эрсдэлийг даатгадаг учраас талийгаач Ч.П-ийн ковид 19 өвчний улмаас нас барсан нь даатгалын гэрээгээр хамгаалагдаагүй эрсдэл гэж үзэх тул Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т зааснаар даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэхэмжлэгч Н.О нь хамтран зээлдэгч Ч.П-ийн хамт 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хас банктай № Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 98,798,000 төгрөгийг 180 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй, Сүхбаатар дүүрэг,  дугаар хороо,  хороолол, гудамж,  байрны  тоот хаягт байрлах 70.57 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц худалдан авах зориулалтаар зээлж, зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд үл хөдлөх эд хөрөнгө болон амь насны даатгал хийлгэх, зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу сар бүр даатгалын хураамж төлөх үүрэг хүлээжээ. /хх66-68/

 

4.2. Нэхэмжлэгч Н.О нь Хас банктай байгуулсан  дугаартай Зээлийн гэрээ-ний үндсэн дээр Т даатгал ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Ипотекийн цогц даатгалын гэрээ байгуулж, уг гэрээгээр даатгагч Т даатгал ХХК нь барьцаа хөрөнгө болон зээлийн төлбөр тасалдлыг даатгах, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх65-66/

 

4.3. Улмаар нэхэмжлэгч нь даатгалын хураамжийг сар бүр төлж, гэрээг сунгаж явсаар 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Т даатгал ХХК-тай  тоот Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулж, уг гэрээний 2.1.1 дэх хэсэгт зааснаар даатгуулагч гэнэтийн ослын улмаас амь насаа алдах, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдсаны улмаас зээлийн төлбөр тасалдах эрсдлийг даатгуулсан байна./хх22/

 

4.4. Талийгаач Ч.П нь 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ковид 19 халдварт өвчний хүнд хэлбэр, уушигны хатгаа өвчний улмаас нас барсан болох нь дугаартай Нас барсны гэрчилгээний хуулбар, Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээний хуулбар, зохигчдын маргаагүй тайлбараар тогтоогдож байна./хх7, 209/

 

4.5. Нэхэмжлэгч Н.О нь Ч.П-тэй 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ батлуулсан, албан ёсны гэр бүл болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын  дугаар Гэрлэсний бүртгэлийн лавлагаа-гаар тогтоогдож байх тул түүнийг Ч.П-ийн өв залгамжлагч бөгөөд хууль ёсны төлөөлөгч гэж үзнэ. /хх6/

 

4.6. Нэхэмжлэгч Н.О 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр даатгалын нөхөн төлбөр хүссэн хүсэлтийг холбогдох материалын хамт Т даатгал ХХК-д гаргахад даатгагч нь № тоот Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ-гээр хамгаалагдаагүй эрсдэл, шалтгааны улмаас хохирол учирсан гэж үзэж Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3 дахь хэсэгт даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзжээ. /хх29/

 

4.7. Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу Санхүүгийн зохицуулах хороонд 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр гомдол гаргасан байх ба тус хорооны 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 9/3407 тоот албан бичгээр даатгалын нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж шийдвэрлэжээ. /хх30-31/

 

Т даатгал ХХК нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно. гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаагүй буюу давж заалдаагүй байна.

 

4.8. Талийгаач Ч.П-ийн нас барсан үеийн буюу 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар болон нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Хасбанкны тоот зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл нь 69,974,517.32 төгрөг болох нь хэрэгт авагдсан Хас банк ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн тодорхойлолт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэргээр тогтоогдож байна. /хх27, 34/

 

5. Зохигчид даатгалын гэрээ байгуулагдсан эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх, хураамж төлөгдсөн эсэх, нэхэмжлэгч Н.О нь даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрхтэй эсэхэд маргаагүй.

 

Харин даатгалын тохиолдол үүссэн эсэх, талийгаач Ч.П-ийн нас барсан шалтгаан талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээнд заасан эрсдэлд хамаарах эсэх, даатгалын нөхөн төлбөрт 34,987,258.66 төгрөг гаргуулах үндэслэлтэй эсэхэд маргаж байна.

 

6. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон даатгуулагч хураамжийг сар бүр төлж байсан талаар зохигчид маргаагүй.

 

Даатгалын гэрээний хугацаанд буюу 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр даатгуулагч Н.О-ы нөхөр, хамтран зээлдэгч Ч.П ковид 19 халдварт өвчний хүнд хэлбэр, уушигны хатгаа өвчний улмаас нас барсан болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын маргаагүй тайлбараар тогтоогдсон.

 

Нэхэмжлэгч Н.О нь Ч.П-ийн эхнэр бөгөөд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт заасан хууль ёсны өвлөгч тул Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т Даатгуулагч нас барсны дараа даатгалын тохиолдол үүссэн бол даатгалын нөхөн төлбөрийг түүний хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид олгоно гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.9-т даатгуулагч нас барсан тохиолдолд түүний эрх, үүргийг хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид нь шилжүүлэх гэж заасны дагуу хариуцагч Т даатгал ХХК-аас даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

 

Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолоор батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 2.2-т Даатгагч нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалаар дараах үндсэн эрсдлийг даатгана., 2.1.1-т ...ердийн даатгагчийн хувьд үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн ослын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 хувь түүнээс дээш хувиар алдалт гэж заасан байх бөгөөд Т даатгал ХХК нь ердийн даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг болох нь хэрэгт авагдсан Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх45/

 

Монгол банкны ипотекийн зээлийн үйл ажиллагааны журамд зааснаар зээл олгох шийдвэр гарсны дараа зээлдэгч болон барьцаа хөрөнгийг зээлийн үүргийн гүйцэтгэл дуусах хүртэлх хугацаанд хөрөнгийн даатгал, зээлийн даатгал буюу амь насны даатгалд заавал даатгуулахаар заасан бөгөөд Н.О, Ч.П нар нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээнд заасан гэрээний үүргийг бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд амь насны даатгалд даатгуулах үүргийн дагуу Т даатгал ХХК-тай Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулж, уг гэрээгээр даатгуулагч гэнэтийн ослын улмаас амь насаа алдах, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдсаны улмаас зээлийн төлбөр тасалдах эрсдлийг даатгуулсан.

 

Талуудын хооронд байгуулагдсан  тоот Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ-ний 1.3.8-д Гэнэтийн осол гэж даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд гэм хор, хохирол учруулсан урьдчилан мэдэх боломжгүй буюу гэнэтийн шинжтэй хүчин зүйл буюу ахуйн осол /гэр ахуйн болон гудамж талбайд явганаар зорчих г.м үед тохиолдсон осол/, зам тээврийн болон бусад тээврийн хэрэгслийн осол, даатгуулагчийн ажлын байранд үүргээ гүйцэтгэх үед учирсан осол, гэмтэл, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн буруутай үйлдлээс учирсан ослыг ойлгоно гэж заасан бөгөөд хариуцагч татгалзын үндэслэлээ гэнэтийн ослын улмаас амь насаа алдах, хөдөлмөрийн чадвараа 70 хувиас дээш алдсан үеийн төлбөр тасалдлын эрсдлийг даатгасан тул Ч.П-ийн ковид 19 халдварт өвчний улмаас нас барсан нь даатгалын гэрээгээр хамгаалагдсан эрсдэл биш тул нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэж тайлбарладаг.

 

Талийгаач Ч.П-ийн нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээнд нас барсан шалтгааныг артерийн даралт ихсэх өвчин, бөөрний цочмог дутагдал, гуурсан хоолойн багтраа, амьсгалын дутагдал давамгайлсан ковид 19 халдварт өвчний хүнд хэлбэр, уушигны хатгаа, амьсгалын дутагдлын хам шинж гэж тэмдэглэсэн байх боловч түүний нас баралтын үндсэн шалтгаан нь коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй буюу уг халдварын улмаас дээрх хүндрэлүүд үүсч, нас барах эрсдэл бий болсноор даатгалын тохиолдол бий болсон гэж үзэх үндэслэлтэй.

 

Хариуцагч Т даатгал ХХК нь даатгалын мэргэжлийн оролцогчийн хувьд даатгалын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмыг мөрдөж ажиллах үүрэгтэй бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ нь тухайн үеийн ипотекийн зээлтэй холбоотой даатгалд хамруулах талаар эрх бүхий байгууллагаас гаргасан журам буюу Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолоор батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-д нийцсэн байх шаардлагатай бөгөөд даатгалын гэрээнд зөвхөн гэнэтийн ослоор хязгаарлаж, аливаа өвчлөлд хамаарахгүй гэж нэг талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлсэн нь үйлчлүүлэгч буюу даатгуулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлсөн боловч хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзах эрхгүй байна.

 

Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолоор батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 4.2-т Даатгагч даатгалын гэрээнд нөхөн төлбөр олгох, нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцлийг тодорхой, хоёрдмол утга санаагүй, бусдад шууд ойлгогдохоор үг хэллэгтэй байхаар тусгах бөгөөд нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцлөөс бусад тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж үл болно гэж, 4.4.1-т Зээлдэгчид даатгалын эрсдэл, даатгагчаа сонгох эрхийг олгох гэж, 4.5-д Даатгагч, даатгалын зуучлагч нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан Мэдүүлгийн маягтын загвар-ын дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулсан байна. гэж тус тус заажээ.

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Т даатгал ХХК нь гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлагыг даатгуулагчид танилцуулах, мэдүүлгийн маягт баталгаажуулан үйлдэх, даатгагчийг Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 3 дугаар хавсралтын 3-т заасан амь нас, эрүүл мэндийн даатгалын үндсэн эрсдэлээс сонголтоо хийх эрхийг нь эдлүүлэх, даатгуулагчид гэрээний заалт түүний агуулгыг тайлбарлан ойлгуулах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон бөгөөд даатгагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн буруутай тул даатгуулагчийн даатгалын зүйл болох амь насаа өвчний улмаас алдсан эрсдлийг даатгалын тохиолдол биш гэж үгүйсгэх үндэслэл болохгүй тул даатгуулагчийн хохирлыг даатгагч хариуцан төлөх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Н.О, талийгаач Ч.П нар нь Хасбанктай байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн № дугаартай Зээлийн гэрээ-ний хамтран үүрэг гүйцэтгэгч тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргээс төлөгдөөгүй үнийн дүн 69,974,517.32 төгрөгийн 50 хувь буюу 34,987,258.66 төгрөгийг талийгаач Ч.П ногдох хувь гэж үзэж, хариуцагч Т даатгал ХХК-иас 34,987,258.66 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.О-д олгохоор шийдвэрлэв.

 

7. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Н.О-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,890 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т даатгал ХХК-иас 332,890 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.О-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т даатгал ХХК-иас 34,987,258.66 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.О-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Н.О-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,890 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т даатгал ХХК-иас 332,890 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.О-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогчид нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ