Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01564

 

 

 

 

 

 

 

 

2022 08 22 210/МА2022/01564

 

 

 

Н.Оы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2022/01365 дугаар шийдвэртэй Н.Оы нэхэмжлэлтэй, ххх ХХК-д холбогдох даатгалын нөхөн төлбөрт 34,987,258.66 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Маралмаа, Б.Хангай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Н.О нь нөхөр Ч.Пийн хамт 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хх ХХК-тай ипотекийн зээлийн гэрээ байгуулж, 98,798,000 төгрөгийн зээл авч, мөн өдөр №1330015034 тоот барьцааны гэрээг байгуулж, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж 00 байр, 00 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.

Н.О, хамтран зээлдэгч нөхөр Ч.Пийн хамт ххх ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Ипотекийн цогц даатгалын гэрээг байгуулж, уг гэрээгээр барьцаа хөрөнгийн болон зээлийн төлбөр тасалдлыг даатгуулсан ба даатгалын хураамжийг тухай бүр төлж, даатгалын гэрээг сунгаж ирсэн.

2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээг ххх ХХК-тай байгуулж, зээлдэгч Н.О, хамтран зээлдэгч Ч.П нар өөрсдийн амь нас, эрүүл мэндийг даатгуулсан. Хамтран зээлдэгч Ч.П нь ковид-19 цар тахлын улмаас 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нас барж зээлийн төлбөр тасалдах эрсдэл буюу ххх ХХК-тай байгуулсан Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдолд бий болсон.

Н.О нь 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ххх ХХК-д даатгалын гэрээнд заасны дагуу даатгалын нөхөн төлбөр хүссэн хүсэлтийг холбогдох баримтуудын хамт гаргасан боловч ххх ХХК-аас 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн №21/608 тоот албан бичгээр даатгалын нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан хариуг ирүүлсэн. Тус хариуг эс зөвшөөрч Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Санхүүгийн Зохицуулах хороонд хүсэлт гаргасан. Санхүүгийн зохицуулах хорооноос Н.О-д даатгалын нөхөн төлбөр олгохыг ххх ХХК-д үүрэг болгосон хариуг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №9/3407 тоот албан бичгээр өгсөн боловч ххх ХХК тус шийдвэрийг биелүүлээгүй, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т заасныг үндэслэн даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж буй нь хууль зүйн үндэслэлгүй.

ххх ХХК-тай байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээгээр хх ХХК-тай байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Ипотекийн зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч болон хамтран зээлдэгч нарын амь нас, эрүүл мэндийг даатгуулсан ба даатгалын гэрээний хугацаанд зээлдэгч нас барах буюу хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдсан тохиолдолд зээлийн төлбөр тасалдах эрсдэлийг даатгуулсан.

Гэтэл ххх ХХК энэ даатгалын гэрээг амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ биш гэнэтийн ослын буюу жишээлбэл гадаа явж байгаад хальтирч унаж бэртэх, эрүүл мэндийн хохирол учирсан тохиолдолд үйлчлэх гэрээ гэх агуулгаар тайлбарлаж хариу өгч байгаа нь үндэслэлгүй.

Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний 1.3.8, 1.3.8.1, 1.3.8.4, 2 дугаар зүйлийн 2.1, 2.2.4 тус тус заасныг зөрчиж Ч.П нь ямар нэгэн байдлаар эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгийн үйлилгээ авч байгаагүй, ямар нэгэн хууч өвчин байгааг болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байа.

Даатгалын тохиолдол үүссэн өдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 69,974,517.32 төгрөг байсан тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд тэнцүү хэмжээгээр хариуцах учиртай. Тодруулбал, хамтран зээлдэгч Ч.П нас барснаар ххх ХХК-ийн хариуцах зээлийн тасалдлын эрсдэл нь 69,974,517.32 төгрөгийн 50 хувь буюу 34,987,258.66 төгрөг байна. Иймд 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний нөхөн төлбөрт 34,987,258.66 төгрөгийг ххх ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Санхүүгийн Зохицуулах Хорооны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолоор батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 2.2-т Даатгагч нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалаар дараах үндсэн эрсдэлийг даатгана гэж, 2.1.1-т Ердийн даатгагчийн хувьд үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол (цаашид гэнэтийн осол гэх)-ын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт гэж заасан байна.

Манай байгууллага нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 15 ердийн даатгагчдын нэг. Ердийн даатгагч нь өвчнийг даатгадаггүй. Амьдралын буюу урт хугацааны даатгагчид аливаа эрсдэлээс амь насаа алдсан тохиолдолд нөхөн төлбөр олгох үүрэг нь байдаг.

Даатгуулагч Н.Отай харилцан тохиролцож байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байгаа ба 2019 оноос хойш гэрээ жил бүр шинэчлэгдэх ёстой байсан боловч Н.О нь даатгалын хураамж төлөхөөс бусдаар гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаагүй. Иймд 2019 онд байгуулсан гэрээний дагуу хураамж аваад, эрсдэлийг даатгаад явж байсан.

2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ххх ХХК болон даатгуулагч H.Оюун нарын хооронд байгуулагдсан Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний 1.3-т даатгалын тохиолдол гэж энэхүү гэрээнд заасан даатгуулсан зүйл, учирсан хохирол, даатгалын гэрээний эрх зүйн нөхцөл бүрдэх буюу гэрээнд заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд даатгалын нөхөн олговор олгох үүрэгтэй.

Тус гэрээнд дурдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журамд заасан шаардлагын дагуу даатгуулагчийг гэнэтийн ослын улмаас нас барах эрсдэлээс даатгахдаа тус гэрээний Даатгалын хамгаалалт хүснэгтэд болон 1.3.8-д гэнэтийн осол гэж даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд гэм хор, хохирол учруулсан урьдчилан мэдэх боломжгүй буюу гэнэтийн шинжтэй дараах хүчин зүйлийг ойлгоно гээд дараах эрсдэлүүдийг хамруулсан байдаг. Үүнд:

- Ахуйн осол (гэр ахуйн болон гудамж талбайд явганаар зорчих гэх мэт тохиолдсон осол);

- Зам тээврийн болон бусад тээврийн хэрэгслийн осол;

- Даатгуулагчийн ажлын байранд үүргээ гүйцэтгэх үед учирсан осол, гэмтэл;

- Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн осол;

- Гуравдагч этгээдийн буруутай үйлдэл орно.

Гэнэтийн ослын улмаас амь насаа алдах, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эрсдэлийг даатгаж, даатгалын нөхөн төлбөр олгохоор талууд гэрээ байгуулсан бөгөөд Ковид 19 өвчний улмаас нас барах эрсдэлийг даатгуулаагүй.

Хамтран зээлдэгч Ч.П нь Ковид-19 өвчний хүнд хэлбэрийн улмаас нас барсан ба коронавирусын халдварт өвчин нь дэлхий нийтэд өвчин гээд код авчихсан.

Гэнэтийн осол гэдэг нь хоромхон зуурт болоод өнгөрч буй урьдаас таамаглах боломжгүй, үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно. Гэтэл талийгаачийн нас барсны гэрчилгээ болон нас барах үеийн тодорхойлолт дээр өвчний улмаас нас барсан, 21 хоногийн турш эмчилгээ хийлгэсэн гэсэн байдаг. Иймд гэнэтийн осолд хамаарахгүй.

Даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохгүй нөхцлийн 3.1.15-д архаг болон хууч өвчнөөс үүдэлтэй нас баралт, зүрхний шигдээс гэж заасан. Даатгуулагчийн нас барсны гэрчилгээг харахаар ковид-19 цар тахлын хүнд хэлбэр, уушигны хатгалгаа, амьсгалын халдварын хам шинж, нас баралтын шалтгааныг өвчин байна гэж үзнэ. Иймд нөхөн төлбөр олгохгүй нөхцөл буюу хууч өвчин үүссэн байна гэж үзэж байна.

Даатгуулагчийн нас барсан шалтгаан нь гэрээнд заасан эрсдэлийн улмаас үүсээгүй, өвчний улмаас үүссэн, даатгалын гэрээгээр хамгаалагдаагүй эрсдэл болох нь нотлогдож байх тул Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйпийн 8.5.3, 8.5, 9 дүгээр зүйлийн 9.1.1-д тус тус заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд нэхэмжлэгч Н.Оы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ххх ХХК-иас 34,987,258.66 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Од олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Н.Оы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,890 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ххх ХХК-иас 332,890 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Од олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ даатгалын үйл ажиллагааны журмын 2.2, 2.1.1-д заасан үндсэн зохицуулалтыг анхаараагүй. Ковид-19 өвчний улмаас нас барах эрсдэл нь ердийн даатгал бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 207 дугаар тогтоол болон хавсралтад заасны дагуу даатгалд хамрагддаггүй тул даатгагчид нөхөн төлбөр олгох үндэслэлгүй.

4.2. Н.О ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээг ххх ХХК-тай бус Даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулдаг хх ХХК-тай байгуулсан. Үүнийг нотлохоор даатгалын зуучлагч даатгуулагчаар мэдүүлгийн маягт бөглүүлсэн эсэх, гэрээг даатгуулагчид танилцуулсан эсэх баримтуудыг хх ХХК-аас гаргуулж, баримтуудыг талуудад танилцуулж мэтгэлцэх боломж олголгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 4.2, 4.1.1, 4.5 болон 3-р хавсралтад заасан мэдүүлгийн маягтын загварын дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулсан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасанд нийцээгүй.

4.3. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар даатгагч нь дараах үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно. Тус хуулийн 8.5.3-т даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь Даатгалын тухай хууль, Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмыг зөрчөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар: Хариуцагч анхан шатны шүүхэд хэлэлцэгдээгүй асуудлаар гомдол гаргасан. Хариуцагчийн бичгээр гаргасан гомдолд хх ХХК-тай байгуулсан даатгалын зуучлалын гэрээг авах шаардлагатай гэдэг.

5.1. Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.3-т зааснаар тухайн гэрээ нь маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй буюу ххх ХХК нь хх ХХК-тай ямар гэрээ байгуулах нь маргааны зүйл болсон даатгалын тохиолдолд хамаагүй.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2-т даатгуулагчийн нас барсан өвчний шалтгаан хамаарахгүй ба тус гэрээний 1.3.1-т зааснаар гэнэтийн осол гэдэгт амь нас, эрүүл мэндэд гэм хор, хохирол учруулсан мэдэх боломжгүй буюу гэнэтийн шалтгаантай хүчин зүйлийг ойлгоно.

5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хэргийн оролцогч нотлох баримтаа бүрдүүлэх ёстой. Анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлээгүй гэж давж заалдах гомдол гаргаж шүүхийг буруутгах үндэслэлгүй.

хх ХХК болон ххх ХХК-уудын хооронд даатгалын зуучлалын гэрээ байгуулагдсан. Уг гэрээний дагуу хх ХХК-ийн ажилтан даатгуулагч Н.Отай гэрээ байгуулсан. Энэ тохиолдолд гэрээний нэг тал холбогдох баримтуудаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар гаргаж өгөх боломжтой байсан ба ийнхүү гаргаж өгөөгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй.

5.3. Санхүүгийн зохицуулах хорооноос 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ххх ХХК-д ...мэдүүлгийн гарын үсэг зуруулсан бүх материалаа гаргаж өгнө үү гэх албан тоот явуулахад ххх ХХК-аас ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар гаргаж өгөх баримтгүй гэдгийг илтгэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянасан болно.

 

2. Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч ххх ХХК-д холбогдуулан даатгалын гэрээний үүрэгт 34,987,258 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2.а. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...миний нөхөр, хамтран зээлдэгч Ч.П нь ковид-19 өвчний хүнд хэлбэрийн улмаас 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нас барж, ззээлийн төлбөр тасалдах эрсдэл буюу амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болсон гэх агуулгаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч ...даатгуулагчийн гэнэтийн ослын улмаас нас барах эрсдэлийг даатгасан ба ковид-19 өвчний улмаас нас барах эрсдэлийг даатгуулаагүй гэх үндэслэл заан татгалзсан байна.

 

Хамтран зээлдэгч Ч.Пийн нас барсан шалтгаан нь даатгалын гэрээний гэнэтийн осол-д хамаарах эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

3.а. Н.О, Ч.П нар нь хх ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр орон сууц худалдан авах зориулалтаар 98,798,000 төгрөгийн зээл болон барьцааны гэрээ байгуулж, уг гэрээтэй холбоотойгоор Н.О нь мөн оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ххх ХХК-тай Ипотекийн цогц даатгалын гэрээ байгуулж, даатгагч нь барьцаа хөрөнгө болон зээлийн төлбөр тасалдлыг даатгасан байна. /хх20/

 

Үүнээс хойш 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Н.О нь ххх ХХК-тай Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээг байгуулж, тус гэрээнд даатгуулагч нь гэнэтийн ослын улмаас амь насаа алдах, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар насан туршдаа эсхүл түр хугацаанд алдах эрсдэлийг даатгуулж, даатгагч нь даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг гэрээнд заасны дагуу олгох үүргийг тус тус хүлээжээ. /хх23/

 

3.б. Дээрх гэрээнд даатгуулагчийг Н.О, даатгагчийг ххх ХХК, зуучлагчийг хх ХХК тус тус төлөөлж оролцсон байх ба гэрээний 1.3.3-т даатгуулагч гэж банктай байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр даатгагчтай даатгалын гэрээ байгуулсан зээлдэгч болон хамтран зээлдэгчийг ойлгоно гэж тодорхойлсон боловч гэрээний даатгуулагчийн мэдээлэл гэсэн хэсэгт даатгуулагч Насан овогтой Оюун байх бөгөөд хамтран зээлдэгч гэсэн хэсэгт Ч.Пийг бичээгүй байна.

 

Энэ тохиолдолд Ч.П нь Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний оролцогч эсэх нь тодорхой бус байх тул уг гэрээнд хамтран зээлдэгч Ч.Пийг төлөөлж гэрээнд Н.О гарын үсэг зурах эрхтэй эсэхийг тодруулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой.

 

Өөрөөр хэлбэл, ххх ХХК, хх ХХК-уудын хоорондын хамтран ажиллах гэрээний дагуу банк даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулдаг гэх тайлбарыг хариуцагч байгууллага гаргасан ба тус хамтран ажиллах гэрээнд даатгуулагч-ийг хэрхэн тодорхойлсон болон даатгалын гэрээ хэн хэний хооронд үүссэн үйл баримтыг тодруулж, энэ талаар талуудыг мэтгэлцүүлэх шаардлагатай.

 

4. Иймд дээрх үндэслэлээр хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2022/01365 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ххх ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332,886 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ