Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 965

 

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/00630 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч МТЗ ТӨХК, МУХБ ХХК-д холбогдох

 

Гэрээний үлдэгдэл төлбөр 2 683 577 500 төгрөгийг МТЗ ТӨХК-аас гаргуулах, санхүүжилтийг шийдвэрлэхийг МУХБ ХХК-д даалгах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч МТЗ ТӨХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ю.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б,

Хариуцагч МТЗ ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, М.Б,

Хариуцагч МУХБ ХХК-ийн өмгөөлөгч Н.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК нь МТЗ ТӨХК-тай 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 1/002 тоот инженер-геологи, геотехникийн ажлын гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу “Э” ХХК нь Дорнод аймгийн төв Чойбалсан-Хөөт, Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт, Дорноговь аймгийн Сайншанд, Өмнөговь аймгийн Таван толгой-Даланзадгад сум хүртэлх чиглэлд нийт 1165 км баригдах шинэ төмөр замын нарийвчилсан чиглэлийн дагуу гүүрэн байгууламж, трасс, ус өнгөрүүлэх байгууламжийн ажлын зургийн шатны ТЭЗҮ төсөл боловсруулахад зориулсан инженер-геологи, геотехникийн судалгааг ажлын техникийн даалгаврыг үндэслэн 4 үе шаттайгаар хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн. 1-р үед, 1165 км төмөр замын далан, ус өнгөрүүлэх хоолойн инженер-геологи, геотехник, гидрологийн судалгаа, 2-р үед, гүүрэн байгууламжийн судалгаа, 3-р үед, өртөө зөрлөгүүдийн байгууламжуудын судалгаа, 4-р үед мониторингийн судалгаа гэсэн 4 үе шаттай судалгааны ажлыг хийж гүйцэтгэх болсон.

Гэрээний дагуу “Э” ХХК нь туслан гүйцэтгэгч 10 компанийн хамтаар 1-р үе шатны 1165 км төмөр замын далан, ус өнгөрүүлэх хоолойн инженер- геологи, геотехник, гидрологийн судалгааны ажлыг 2011 онд хийж гүйцэтгэсэн ба судалгааны 16 багц 150 дэвтэр тайлангуудыг 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр МТЗ ТӨХК-д хүлээлгэн өгсөн. Уг 16 багц тайлангуудад гэрээний дагуу Барилгын-Хөгжлийн Төвийн улсын 5 экспертүүд магадлал хийж, 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр экспертизийн нэгдсэн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд тусгагдсан шаардлагын дагуу 150 дэвтэр тайланг 30 дэвтэр тайлан болгон нэгтгэж Барилгын хөгжлийн төвийн экспертизээр баталгаажуулан МТЗ ТӨХК-д хүлээлгэн өгсөн. Захиалагчийн техникийн зөвлөх Япон улсын Ниппон Коей ХХК-аас ирүүлсэн техникийн даалгаврын дагуу нэмэлт судалгааны ажлуудыг “Э” ХХК нь өөрийн хөрөнгөөр 2013-2014 оны өвөл, хавар хийж судалгааны материалуудыг хүлээлгэн өгсөн. МТЗ ТӨХК нь 1-р үе шатны ажлын санхүүжилтын урьдчилгаа 1 073 430 994 төгрөгийг 2013 оны 3 дугаар сарын 07-ны өдөр, дундын санхүүжилт 1 610 146 000 төгрөгийг 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр, нийт 2 683 576 994 төгрөгийг “Эко гидро гео” ХХК-д төлсөн.

2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр талууд дээрх гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, ажлын техникийн даалгавраас 2, 3, 4-р үе шатны судалгааны ажлуудыг хасч, ажлын хэмжээг зөвхөн 1165 км далан, ус өнгөрүүлэх хоолойн инженер-геологи, геотехник, гидрологийн судалгааны ажил хийж гүйцэтгэнэ гэж өөрчилсөн. Мөн гэрээний 16 дугаар зүйлийн 16.1-д ажлын хөлсний хэмжээ нийт 14 176 398 000 төгрөг гэж заасныг Энэхүү гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд шаардагдах ажлын хөлс нь нийт 5 378 686 000 төгрөг байна гэж өөрчилсөн. Бас гэрээний 17 дугаар зүйлийн 17.2 дахь заалтыг Ажлын хөлсний үлдэх 50 /тавь/ хувийг эрх бүхий байгууллага болон Захиалагчийн техникийн зөвлөхийн зохих хяналтыг тавьж, ажлыг чанартай гүйцэтгэсэнд тооцож баталгаажуулснаар Хөгжлийн банкны санхүүжилтын эрх олгогдсоноос хойш ажлын 10 хоногт багтаан төлнө гэж өөрчилсөн. “Э” ХХК нь уг гэрээний нэмэлт, өөрчлөлтийн дагуу захиалагчийн техникийн зөвлөх Япон улсын Ниппон Коей ХХК-аар ажлын тайланг хянуулж ажлын шатны зураг төсөл зохиоход шаардлага хангасан гэдгийг баталгаажуулан 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр МТЗ ТӨХК-д хүлээлгэн өгч, талууд 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдсэн. Гэрээ дүгнэсэн актаар “Э” ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзсэн ба МТЗ ТӨХК нь Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолын дагуу ажлын хөлсний үлдэгдэл 2 683 577 500 төгрөгийг “Эко гидро гео” ХХК-д төлөхөөр болсон. Дээрх гэрээт ажлыг “Э” ХХК, туслан гүйцэтгэгч компаниуд нь банк, банк бус санхүүгийн байгууллагуудаас зээл авч гүйцэтгэсэн бөгөөд гэрээний үлдэгдэл санхүүжилтээ авч чадахгүй байгаагаас зээл, зээлийн хүүгийн төлбөр нэмэгдэж, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өр хуримтлагдсан, ажилчдын цалингаа тавьж чадахгүй болсон зэрэг санхүүгийн олон хүндрэлүүд үүсээд байна.

МТЗ ТӨХК-аас гэрээний үлдэгдэл санхүүжилтыг 2015, 2016 онуудад удаа дараа нэхэмжилж албан тоот явуулсан боловч одоо болтол нэг ч төгрөг төлөөгүй байна. МТЗ ТӨХК нь манай компанид 2015-2017 оны Төсвийн тухай хуулиар баталсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх эх үүсвэрийн жагсаалтад танай ажил ороогүй учраас шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариу өгдөг байсан. Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд уг хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д Улсын Их Хурал Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх төслийн жагсаалтыг тусгайлан батлахгүй, 23 дугаар зүйлийн 23.2-д Засгийн газар Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг тусгайлан батлахгүй гэж тус тус заасан байна.

Иймд МТЗ ТӨХК-ийг хариуцагчаар татаж, 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1/002 тоот инженер-геологи, геотехник, гидрологийн судалгааны ажлын гэрээний ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 2 683 577 500 төгрөгийг “Э” ХХК-д гаргуулах нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлсэн. Талуудын хооронд байгуулагдсан 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1/002 тоот инженер-геологи, геотехникийн ажлын гэрээний 23 дугаар зүйлийн 23.3-д зааснаар захиалагч нь мөнгөн төлбөрийн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алданги гүйцэтгэгчид төлөхөөр заасан. “Э” ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 26-нд МТЗ ТӨХК-аас авах ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 2 683 577 500 төгрөг байгааг баталгаажуулснаас хойш нийт 270 хоногийн алданги нэхэмжлэх эрхтэй байна. Иймд хариуцагч МТЗ ТӨХК-аас 270 хоногийн алдангид /2 683 577.5 төгрөг*270 хоног/ нийт 724 565 925 төгрөг нэмж нэхэмжилжсэн боловч хэрэг шийдэгдэхгүй удааширсан тул нэмж 100 хоногийн алданги 268 357 750 төгрөгийг нэмэгдүүлэн нийт 370 хоногийн алдангид гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 37 хувь болох 992 923 675 төгрөг болгож нэхэмжилсэн.

Нэхэмжлэгч нь хариуцагч МТЗ ТӨХК-аас гаргасан алдангийг нэхэмжлэлийн шаардлагын дүнгээс хасуулах хүсэлт гаргасныг харгалзан үзэж, шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр болох 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс хойш бодож нэхэмжилсэн алдангийг хасч, алдангийн хэмжээг 531 348 345 төгрөгөөр багасгасан. Ингэснээр хариуцагчаас нэхэмжилж байгаа алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 17,2 хувь буюу 461 575 330 төгрөг болгосон байгаагаа дэмжиж байна.

МУХБ нь Монгол Улсын Их Хурлын 2011 оны Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 15 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Засгийн газрын 2011 оны 266 дугаар тогтоолын дагуу Шинэ төмөр зам төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 55 сая ам.долларын санхүүжилтийг, мөн Засгийн газрын 2013 оны 28 дугаар тогтоол, түүний 1 дүгээр хавсралтын дагуу “Э” ХХК, МТЗ ТӨХК нарын хооронд байгуулагдсан 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1/002 тоот инженер-геологи, геотехникийн ажлын гэрээний санхүүжилтийн 5 367 155 000 төгрөгийг МТЗ ТӨХК-д олгох үүрэгтэй байсан.

МУХБ нь “Э” ХХК, МТЗ ТӨХК нарын хооронд байгуулагдсан 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1/002 тоот инженер- геологи, геотехникийн ажлын гэрээний санхүүжилтыг олгох үүргээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам, Зам тээврийн яам, МТЗ ТӨХК-уудтай 55 сая ам.долларын үнийн дүнтэй, З-ТЗ-Б 2013/5 дугаартай төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээг 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан. Үүний дараа 2013 оны 3 дугаар сарын 07-ны өдөр МТЗ ТӨХК нь эхний санхүүжилтийн 1 073 430 994 төгрөгийг, 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дундын санхүүжилтийн 1 610 146 000 төгрөгийг тус тус “Э” ХХК-д шилжүүлсэн, үлдэгдэл 50 хувийн төлбөрийг одоо болтол шилжүүлээгүй.

“Э” ХХК нь Засгийн газрын 2013 оны 28 дугаар тогтоол гарахаас өмнө уг тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан нийт 5 367 154 494 төгрөгийн ажлыг 2011-2012 онд хийж дуусгасан байсан. 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ажлын тайлангаа МТЗ ТӨХК-д хүлээлгэн өгсөн, 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ажлын тайланд улсын экспертүүд магадлал хийж, экспертизийн нэгдсэн дүгнэлтээ гаргасан байсан. “Э” ХХК-ийн зүгээс үлдэгдэл 50 хувийн санхүүжилт авахад шаардлагатай бүх ажлыг гүйцэтгэсэн боловч МУХБ уг санхүүжилтийг МТЗ ТӨХК-д олголгүй, үүргээ зөрчсөн.

Монгол Улсын Хөгжлийн банкийг хамтран хариуцагчаар татуулж, “Э” ХХК, МТЗ ТӨХК нарын хооронд байгуулагдсан 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1/002 тоот инженер-геологи, геотехникийн ажлын гэрээний санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Хөгжлийн банкинд даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэвч МУХБ болон МТЗ ТӨХК-аас тус шүүхэд гаргасан хариу тайлбарууд бусад нөхцөл байдлаас үзээд 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1/002 тоот инженер-геологи, геотехникийн ажлын гэрээний санхүүжилтийг МУХБ биш, харин Сангийн яамнаас МТЗ ТӨХК-д олгох боломжтой гэж ойлгогдож байна. Иймд Монгол Улсын Хөгжлийн банкинд холбогдуулан гаргасан “Э” ХХК, МТЗ ТӨХК нарын хооронд байгуулагдсан 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1/002 тоот инженер-геологи, геотехникийн ажлын гэрээний санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Хөгжлийн банкинд даалгах шаардлагаасаа татгалзаж, түүнийг хариуцагчаар тодорхойлсон хэсгээсээ татгалзаж байна. Харин 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1/002 тоот инженер-геологи, геотехникийн ажлын гэрээний хөлсний үлдэгдэл төлбөр 2 683 577 500 төгрөгийг, МТЗ ТӨХК-тай тооцоо нийлсэн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх 172 хоногийн алданги 461 575 330 төгрөгийн хамт нийт 3 145 152 830 төгрөгийг МТЗ ТӨХК-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага хэвээр тул энэхүү шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч МТЗ ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 283 дугаар тогтоолоор Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын 3.2.2-т заасан эхний үе шатны төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг МТЗ ТӨХК-д олгохдоо тухайн ажлыг эхлүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн гаргах асуудлыг хамтад нь шийдвэрлэсэн. Тогтоолын 2-т ...Монгол Улсын Хөгжлийн банкаар дамжуулан шийдвэрлэх арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороонд даалгасугай гэжээ. Мөн Монгол Улсын Их Хурлын 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого (цаашид Бодлого гэх)-д заасан төсөл, хөтөлбөрийг Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр 2011 оноос хэрэгжүүлж эхлэхийг Засгийн газарт үүрэг болгосон. УИХ-ын энэхүү тогтоолыг үндэслэн Засгийн газрын 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 266 дугаар тогтоол гарч Шинэ төмөр зам төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардагдах 55,0 сая ам.долларын санхүүжилтийг 2011 онд багтаан зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн. Ийнхүү санхүүжилт шийдэгдэх хүртэл “Э” ХХК нь инженер, геологийн судалгааны ажлыг эхний ээлжинд өөрийн санхүүжилтээр гүйцэтгэх сонирхлоо илэрхийлж манай компанитай 2011 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Санамж бичиг үйлдсэн. Дээр дурдсан төр, засгийн шийдвэрүүд, Санамж бичигт дурдсан ажил гүйцэтгэгчийн сонирхлыг харгалзан төлбөр төлөхтэй холбоотой гэрээний гол нөхцөлийг Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилттэй уялдуулж харилцан тохиролцсоноор талуудын хооронд 1/002 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан. Түүнчлэн 1/002 дугаартай гэрээний нөхцөл ёсоор, Захиалагч ажлын хөлсний үлдэх 50 хувийг төлөх үүргээ гүйцэтгэх хугацаа нь Хөгжлийн банкны санхүүжилтийн эрх олгогдсоноос хойш ажпын 10 хоногт багтаах юм.

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод заасан шинээр барих төмөр замын төсөл нь аж ахуйн нэгж байтугай улс дангаараа өөрийн дотоод нөөц хөрөнгөөр хэрэгжүүлэх боломжгүй өндөр өртөгтэй, Монгол улсад төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох онцгой төсөл юм. Улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой энэхүү томоохон төслийг хэрэгжүүлэхдээ бид салбарын яамны шууд удирдлага дор тухай бүр чиглэл авч төр, засгийн бодлоготой уялдуулж хэрэгжүүлсэн бөгөөд хэрэв манай компани өөрийн үйл ажиллагааны орлогын эх үүсвэрээс санхүүжүүлэх байсан бол бид энэ ажлыг анхнаасаа эхлүүлэхгүй, “Э” ХХК ч энэ ажлыг гүйцэтгэхгүй байх байсан. Тийм ч учраас төрийн бодлогын хүрээнд төмөр замын төсөлд шаардлагатай санхүүжилтийн асуудлаар Улсын Их Хурлын 2011 оны 15, 2012 оны 52 дугаар тогтоол, Засгийн газрын 2011 оны 266, 2013 оны 28 ба 82 дугаар тогтоолууд тус тус гарч, өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Мөн 1/002 дугаартай гэрээг байгуулахдаа Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын 2011 оны 15 дугаар тогтоолын 1.2, Засгийн газрын 2010 оны 283 дугаар тогтоолыг талууд харгалзан үзсэн болохыг тус гэрээний 1.2-т дурдсан байдаг. Төр, засгийн дээрх шийдвэрүүдэд зааснаар, төмөр замын ажлын энэхүү санхүүжилт нь Хөгжлийн банкны зээлээр олгох, уг зээлийг тухайн жилийн улсын төсөвт тусгах замаар эргэн төлж, төслийг хэрэгжүүлэх компанид төрөөс оруулсан хувь хөрөнгөд тооцон бүртгэх хөрөнгө юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2 (2)-т зааснаар Засгийн газар нь шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж Улсын Их Хуралд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх үндсэн бүрэн эрхтэй. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8-д зааснаар Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй. Өнгөрсөн хугацаанд манай компанийн зүгээс санхүүжилт олгох хүсэлтийг Зам, тээврийн яам болон Хөгжлийн банкинд удаа дараа гаргасан боловч Хөгжлийн банк нь Засгийн газрын 2011 оны 266, 2013 оны 28 ба 82 дугаар тогтоолд заасан төмөр замын төслийн санхүүжилтийг одоог хүртэл бүрэн олгоогүй байна. Ийнхүү УИХ, Засгийн газрын шийдвэрийг биелүүлээгүй Хөгжлийн банкны буруутай ажиллагааны улмаас уг хэргийн нэхэмжлэгчийн төдийгүй хариуцагчаар татагдсан манай компанийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байгаа тул нэхэмжлэлд дурдсан МТЗ ТӨХК-иас төлбөрийг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Их хэмжээний санхүүжилт шаардагдах мега төсөл болох Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод заасан шинээр барих төмөр замын төсөл нь аж ахуйн нэгж байтугай улс дангаараа өөрийн дотоод нөөц хөрөнгөөр хэрэгжүүлэх боломжгүй, Монгол Улсад төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой, зах зээлийн харилцааны онцлог бүхий төсөл юм. Иймээс энэхүү мега төслийг бид салбарын яамны шууд удирдлага дор тухай бүр чиглэл авч төр, засгийн бодлоготой уялдуулж хэрэгжүүлж эхэлсэн. Хэрэв манай компани өөрийн үйл ажиллагааны орлогын эх үүсвэрээс санхүүжүүлэх байсан бол бид энэ ажлыг анхнаасаа эхлүүлэхгүй байсан. Засгийн газрын 2010 оны 283 дугаар тогтоол нь манай компанид тусгай зөвшөөрөл олгосноос гадна уг төслийн ажлыг эхлүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг хамтад нь шийдвэрлэснээрээ онцлогтой. Санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэж өгсөн төр, засгийн шийдвэрүүд нь уг гэрээг байгуулж ажлыг эхлүүлэх үндсэн шалтгаан нь байсныг 1/002 дугаартай гэрээний 1.2 дахь заалтаас харж болно.

Санхүүжилттэй холбоотой Улсын Их Хурлын 2011 оны 15, 2012 оны 52 дугаар тогтоол, Засгийн газрын 2011 оны 266, 2013 оны 28 ба 82 дугаар тогтоолууд хүчин төгөлдөр байна. Засгийн газрын 2013 оны 28 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 2 дахь мөрөнд “Э” ХХК-тай байгуулсан 1/002 дугаартай гэрээний төлбөрийн санхүүжилт нэр заан тусгагдсан. Төмөр замын ажлын санхүүжилт нь Хөгжлийн банкны зээлээр олгох, уг зээлийг тухайн жилийн улсын төсөвт тусгах замаар эргэн төлж, төслийг хэрэгжүүлэх компанид төрөөс оруулсан хувь хөрөнгөд тооцон бүртгэх хөрөнгө юм. Засгийн газрын 2013 оны 28 дугаар тогтоолын 3 дахь заалт, 2013 оны 82 дугаар тогтоолын 2 дахь заалтад тодорхой тусгасныг анхааран үзнэ үү. Талуудын маргаан бүхий иргэний эрх зүйн харилцаа нь 2011 оны Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн үйлчлэлд хамаарахыг анхаарах шаардлагатай байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэх гол нөхцөл бол хугацаа хэтрүүлсэн тал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хэмжээгээр алданги төлөх учиртай. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсанчлан хариуцагч манай компани гэрээний нөхцөлийн дагуу алданги төлөх нь зүйн хэрэг билээ. Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод заасан шинээр барих төмөр замын төсөл нь улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой, аж ахуйн нэгж байтугай улс дангаараа өөрийн дотоод нөөц хөрөнгөөр хэрэгжүүлэх боломжгүй мега төсөл гэдэг нь тодорхой юм. Мега төслийн онцлог нь төслийн санхүүжүүлэгч, төсөл хэрэгжүүлэгч, төслийн гүйцэтгэгчийн аль нэг нь байхгүйгээр хэрэгжих боломжгүй байдаг бөгөөд төсөл хэрэгжүүлэгч нь төслийг хэрэгжүүлэхийн тулд хэдэн зуун гүйцэтгэгчтэй иргэний эрх зүйн харилцаанд ордог, энэ бүх харилцааны гэрээ, хэлцэлд төслийн санхүүжүүлэгч тал болон оролцох бодит боломж байдаггүй. Ийнхүү төслийн гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ болгонд төслийн санхүүжүүлэгч нэг тал нь болж оролцдог жишиг олон улсын харилцаанд ч байхгүй. “Э” ХХК нь уг ажлын санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр, 100 хувь төрийн өөрийн хөрөнгөөр үүсгэн байгуулагдсан, томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх тусгайлсан чиг үүрэгтэй Хөгжлийн банкаар дамжуулан Монгол Улсын төр санхүүжүүлнэ гэдгийг анхнаасаа маш сайн мэдэж байсан, тийм ч учраас гүйцэтгэгч төрд бүрэн итгэл үзүүлж санхүүжилт шийдэгдтэл өөрийн санхүүжилтээр ажлыг гүйцэтгэх сонирхлоо илэрхийлж 1/002 дугаартай гэрээ байгуулагдсан. Үүнийг гэрээ болон санамж бичгээс тодорхой харж болно. Гүйцэтгэгч нь удаашралтай байгаа үлдэгдэл төлбөрийн санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр Зам, тээврийн яам (одоогийн Зам, тээврийн хөгжлийн яам)-нд олон удаа хүсэлт хүргүүлсэн байдаг. МТЗ ТӨХК уг санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр холбогдох газруудад хандсаар байна. Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар санхүүжилтийн асуудал Зам, тээврийн хөгжлийн яамнаас цааш Сангийн яаманд хүргэгдсэн, Сангийн яам 2018 оны төсвийн төсөлд тусгахаар зарчмын тохиролцоонд хүрсэн байдалтай байна. Энэ ажлын явцын талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас “Э” ХХК-д албан бичиг хүргүүлсэн байх тул нэхэмжлэгч нөхцөл байдлыг сайн мэдэж байгаа боловч нэхэмжлэгч бодит нөхцөл байдал, гэрээний нөхцөлийг үгүйсгэж, хариуцагч үүрэг гүйцэтгэх хугацаагаа хэтрүүлсэн хэмээн их хэмжээний алданги нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Зам тээврийн яам, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Э” ХХК болон МТЗ ТӨХК-тай Инженер-геологи геотехникийн ажлын гэрээг 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан. Зам, тээврийн хөгжлийн яамнаас Хөгжлийн банкинд Шинэ төмөр зам төслийн үлдэгдэл санхүүжилтийг олгохыг хүссэн хүсэлтийг Хөгжлийн банкинд 2014 онд 1/48 тоот, 2015 оны 03/290, 03/384 тоот албан бичгээр, 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03/690 тоот албан бичгээр тус тус хүргүүлсэн. Мөн Зам, тээврийн хөгжлийн яамнаас Шинэ төмөр зам төслийн хүрээнд гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөрийг 2017 оны төсвийн тодотголын хуулийн төсөлд тусгах хүсэлтийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02/733 тоот албан бичиг, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 01/3569 тоот албан бичгээр Сангийн яаманд тус тус хүргүүлсэн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэг, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэг заасныг баримтлан МТЗ ТӨХК болон нэхэмжлэгч Эко гидро гео ХХК-ийн хооронд байгуулсан 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1/002 дугаартай инженер-геологи геотехникийн ажлын гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, хариуцагч МТЗ ТӨХК-иас 2 683 577 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлээс 461 575 330 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч МУХБ ХХК-д холбогдуулан гаргасан Э ХХК, МТЗ ТӨХК нарын хооронд байгуулагдсан 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1/002 тоот инженер-геологи, геотехникийн ажлын гэрээний санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа, мөн хариуцагч МТЗ ТӨХК нь нэхэмжлэгч Эко гидро гео ХХК-иас 2 683 343 000.00 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /13 575 838+3 780 780+1 500 000+70 200/ нийт 18 926 818 төгрөгийн 18 891 718 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, үлдэх 35 100 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч МТЗ ТӨХК-аас /хангасан хэмжээ 2 683 577 500 төгрөгт ногдох/ 13 575 838 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Э ХХК-д, хариуцагч МТЗ ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 574 665 төгрөгийн тал хувь 6 787 332 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, үлдэх 6 787 332 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, хариуцагч МТЗ ТӨХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч МТЗ ТӨХК-ийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гарах ёстой, гэтэл шүүхээс талуудын хооронд байгуулсан 2011 оны 1/002 тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэмээн дүгнэсэн хэрнээ гэрээний үнийн дүнгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж шийдвэрлэснийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Учир нь "МТЗ" ТӨХК болон "Э" ХХК-ийн хооронд 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан 1/002 тоот инженер-геологи, геотехникийн ажил гүйцэтгэх гэрээний үнэ нь бодит өртөг дээр ашиг нэмэгдсэн дүн байдаг. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6-д заасны дагуу "Эко гидро гео" ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын бодит үнийг төлөх үүрэг үүснэ. Гэтэл шүүхээс "...Зохигч талуудын хооронд байгуулсан гэх 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1/002 дугаартай "Инженер-геологи геотехникийн ажлын гэрээ" хүчин төгөлдөр бус учир гэрээний үүрэг үүсэхгүй, иймээс нэхэмжлэгч нь ажлын хөлс, алдангийг гэрээний дагуу шаардах эрхгүй болж байна" гэж дүгнэчихээд нэхэмжлэлийн шаардлагад зааснаас өөр асуудлыг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн шүүхээс " ... хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгч "Э" ХХК нь тодорхой ажлын үр дүнг бий болгосон, энэ нь "МТЗ" ТӨХК-ийн гэрээнд заасан зорилгыг хангасан, хариуцагч нь уг хөрөнгөөр хөрөнгөжсөн байдал тогтоогдож байна" гэж дүгнэсэн байна. Хэдийгээр нэхэмжлэлийн шаардлага гэрээний төлбөр, алданги гаргуулах байсан ч хэргийг тал бүрээс нь үнэн, бодитой шийдвэрлүүлэх үүднээс хариуцагч "Монголын төмөр зам" ТӨХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний хүчин төгөлдөр байдалд холбогдуулан "Эко гидро гео" ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын зардал, санхүүгийн баримт бичгийг гаргуулахаар хүсэлт гаргаж байсан бөгөөд шүүх уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэж захирамж гаргасан. Учир нь хариуцагч гэрээ хүчин төгөлдөр бус тохиолдолд "Э" ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын бодит үнийн талаар маргаж байсан бөгөөд үүнтэйгээр холбоотойгоор ажлын гүйцэтгэлийн санхүүгийн бичиг баримтыг гаргуулах дээрх хүсэлтийг шүүхэд гаргасан байдаг. Гэвч шүүх хүлээн авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна. Энэ нь шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4 дэх хэсэгт заасныг зөрчин нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, түүнийгээ нотлох боломжийг олгоогүй шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримт гаргуулах эрхийг зөрчсөн байна.

"МТЗ" ТӨХК болон "Э" ХХК-ийн хооронд 2011 оны 3 сарын 11-ний өдөр байгуулагдсан 1/002 тоот инженер-геологи, геотехникийн ажил гүйцэтгэх гэрээний үнийг ажлын төсвийн үнээр тогтоосон байдаг. Тус гэрээ хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон тул ийнхүү гүйцэтгэсэн ажлын үнийг гэрээний төсвийн дагуу шийдвэрлэх боломжгүй юм. Өөрөө хэлбэл, ажлын гүйцэтгэлийн бодит үнийг зайлшгүй тооцох ёстой, шаардлагатай бол шүүх шинжээч томилуулж бодит үнийг тогтоолгох нь шударга үнэнд нийцэхээр байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт заасны дагуу "МТЗ" ТӨХК-аас "Э" ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үнийг төлөх ёстой байтал шүүхээс ажлын бодит үнийг гаргалгүйгээр гэрээний төсөвт өртгөөр тооцож шийдвэрлэсэн нь үйл баримтын бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоогоогүй, хуульд нийцсэн дүгнэлт хийгээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч МТЗ ТӨХК, МУХБ ХХК-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 2 683 577 500 төгрөгийг МТЗ ТӨХК-аас гаргуулах, санхүүжилтийг шийдвэрлэхийг МУХБ ХХК-д даалгахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч МУХБ ХХК-д холбогдуулан гаргасан 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1/002 тоот инженер-геологи, геотехникийн ажлын гэрээний санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг даалгах нэхэмжлэлээсээ татгалзаж, гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл     2 683 577 500 төгрөг, алданги 461 575 330 төгрөг, нийт 3 145 152 830 төгрөгийг хариуцагч МТЗ ТӨХК-аас гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хариуцагч МТЗ ТӨХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлаа нотлох зорилгоор 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Авилгатай тэмцэх газарт эд мөрийн баримтаар хадгалагдаж байгаа “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2011 оны шийдвэр, холбогдох материалд үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Хариуцагчийн “МТЗ ТӨХК-ийн 2011 оны Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор нээлттэй тендер зарлах бус гэрээ шууд байгуулахаар шийдвэрлэсэн тул нээлттэй тендер явуулаагүй гэж үзэхгүй” гэх тайлбараас үзвэл уг хүсэлт нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэхээр байна.

 

Иймд анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчин, хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангалгүй хэргийг шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг ханган, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/00630 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч МТЗ ТӨХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 575 837.50 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

 

                ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ