Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2020/00304

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/00630 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 965 дугаар магадлалтай,

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“М” ТӨХК, “Х” ХХК-д холбогдох,

Гэрээний үлдэгдэл төлбөр, алдангийн хамт нийт 3 145 152 830 төгрөгийг “М” ТӨХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ю.Энхсайханы хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ю.Энхсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Бадрал, Ч.Жадамба, хариуцагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа, Т.Пүрэвсүрэн, хариуцагч “М” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энэрэлт, Б.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ю.Энхсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК нь “М” ТӨХК-тай 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 1/002 тоот инженер-геологи, геотехникийн ажлын гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу “Э” ХХК нь Дорнод аймгийн төв Чойбалсан-Хөөт, Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт, Дорноговь аймгийн Сайншанд, Өмнөговь аймгийн Таван толгой-Даланзадгад сум хүртэлх чиглэлд нийт 1 165 км баригдах шинэ төмөр замын нарийвчилсан чиглэлийн дагуу гүүрэн байгууламж, трасс, ус өнгөрүүлэх байгууламжийн ажлын зургийн шатны ТЭЗҮ төсөл боловсруулахад зориулсан инженер-геологи, геотехникийн судалгааг ажлын техникийн даалгаврыг үндэслэн 4 үе шаттайгаар хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн. 1-р үед, 1 165 км төмөр замын далан, ус өнгөрүүлэх хоолойн инженер-геологи, геотехник, гидрологийн судалгаа, 2-р үед, гүүрэн байгууламжийн судалгаа, 3-р үед, өртөө зөрлөгүүдийн байгууламжуудын судалгаа, 4-р үед мониторингийн судалгаа гэсэн 4 үе шаттай судалгааны ажлыг хийж гүйцэтгэх болсон.

Гэрээний дагуу “Э” ХХК нь туслан гүйцэтгэгч 10 компанийн хамтаар 1-р үе шатны 1 165 км төмөр замын далан, ус өнгөрүүлэх хоолойн инженер-геологи, геотехник, гидрологийн судалгааны ажлыг 2011 онд хийж гүйцэтгэсэн ба судалгааны 16 багц 150 дэвтэр тайлангуудыг 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “М” ТӨХК-д хүлээлгэн өгсөн. Уг 16 багц тайлангуудад гэрээний дагуу Барилгын-Хөгжлийн Төвийн улсын 5 экспертүүд магадлал хийж, 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр экспертизийн нэгдсэн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд тусгагдсан шаардлагын дагуу 150 дэвтэр тайланг 30 дэвтэр тайлан болгон нэгтгэж Барилгын хөгжлийн төвийн экспертизээр баталгаажуулан “М” ТӨХК-д хүлээлгэн өгсөн. Захиалагчийн техникийн зөвлөх Япон улсын Ниппон Коей ХХК-аас ирүүлсэн техникийн даалгаврын дагуу нэмэлт судалгааны ажлуудыг “Э” ХХК нь өөрийн хөрөнгөөр 2013-2014 оны өвөл, хавар хийж судалгааны материалуудыг хүлээлгэн өгсөн. “М” ТӨХК нь 1-р үе шатны ажлын санхүүжилтын урьдчилгаа 1 073 430 994 төгрөгийг 2013 оны 3 дугаар сарын 07-ны өдөр, дундын санхүүжилт 1 610 146 000 төгрөгийг 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр, нийт 2 683 576 994 төгрөгийг “Э” ХХК-д төлсөн.

2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр талууд дээрх гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, ажлын техникийн даалгавраас 2, 3, 4-р үе шатны судалгааны ажлуудыг хасч, ажлын хэмжээг зөвхөн 1165 км далан, ус өнгөрүүлэх хоолойн инженер-геологи, геотехник, гидрологийн судалгааны ажил хийж гүйцэтгэнэ гэж өөрчилсөн. Мөн гэрээний 16 дугаар зүйлийн 16.1-д ажлын хөлсний хэмжээ нийт 14 176 398 000 төгрөг гэж заасныг Энэхүү гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд шаардагдах ажлын хөлс нь нийт 5 378 686 000 төгрөг байна гэж өөрчилсөн. Бас гэрээний 17 дугаар зүйлийн 17.2 дахь заалтыг Ажлын хөлсний үлдэх 50 /тавь/ хувийг эрх бүхий байгууллага болон Захиалагчийн техникийн зөвлөхийн зохих хяналтыг тавьж, ажлыг чанартай гүйцэтгэсэнд тооцож баталгаажуулснаар Хөгжлийн банкны санхүүжилтын эрх олгогдсоноос хойш ажлын 10 хоногт багтаан төлнө гэж өөрчилсөн. “Э” ХХК нь уг гэрээний нэмэлт, өөрчлөлтийн дагуу захиалагчийн техникийн зөвлөх Япон улсын “Ниппон Коей” ХХК-аар ажлын тайланг хянуулж ажлын шатны зураг төсөл зохиоход шаардлага хангасан гэдгийг баталгаажуулан 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “М” ТӨХК-д хүлээлгэн өгч, талууд 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдсэн. Гэрээ дүгнэсэн актаар “Э” ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзсэн ба “М” ТӨХК нь Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолын дагуу ажлын хөлсний үлдэгдэл 2 683 577 500 төгрөгийг “Э” ХХК-д төлөхөөр болсон. Дээрх гэрээт ажлыг “Э” ХХК, туслан гүйцэтгэгч компаниуд нь банк, банк бус санхүүгийн байгууллагуудаас зээл авч гүйцэтгэсэн бөгөөд гэрээний үлдэгдэл санхүүжилтээ авч чадахгүй байгаагаас зээл, зээлийн хүүгийн төлбөр нэмэгдэж, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өр хуримтлагдсан, ажилчдын цалингаа тавьж чадахгүй болсон зэрэг санхүүгийн олон хүндрэлүүд үүсээд байна.

“М” ТӨХК-аас гэрээний үлдэгдэл санхүүжилтыг 2015, 2016 онуудад удаа дараа нэхэмжилж албан тоот явуулсан боловч одоо болтол нэг ч төгрөг төлөөгүй байна. “М” ТӨХК нь манай компанид 2015-2017 оны Төсвийн тухай хуулиар баталсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх эх үүсвэрийн жагсаалтад танай ажил ороогүй учраас шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариу өгдөг байсан. Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хны тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд уг хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д Улсын Их Хурал Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх төслийн жагсаалтыг тусгайлан батлахгүй, 23 дугаар зүйлийн 23.2-д Засгийн газар Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг тусгайлан батлахгүй гэж тус тус заасан байна.

Иймд “М” ТӨХК-ийг хариуцагчаар татаж, 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1/002 тоот инженер-геологи, геотехник, гидрологийн судалгааны ажлын гэрээний ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 2 683 577 500 төгрөгийг “Э” ХХК-д гаргуулах нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлсэн. Талуудын хооронд байгуулагдсан 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1/002 тоот инженер-геологи, геотехникийн ажлын гэрээний 23 дугаар зүйлийн 23.3-д зааснаар захиалагч нь мөнгөн төлбөрийн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алданги гүйцэтгэгчид төлөхөөр заасан. “Э” ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 26-нд “М” ТӨХК-иас авах ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 2 683 577 500 төгрөг байгааг баталгаажуулснаас хойш нийт 270 хоногийн алданги нэхэмжлэх эрхтэй байна. Иймд хариуцагч “М” ТӨХК-аас 270 хоногийн алдангид /2 683 577.5 төгрөг*270 хоног/ нийт 724 565 925 төгрөг нэмж нэхэмжилсэн боловч хэрэг шийдэгдэхгүй удааширсан тул нэмж 100 хоногийн алданги 268 357 750 төгрөгийг нэмэгдүүлэн нийт 370 хоногийн алдангид гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 37 хувь болох 992 923 675 төгрөг болгож нэхэмжилсэн.

Нэхэмжлэгч нь хариуцагч “М” ТӨХК-аас гаргасан алдангийг нэхэмжлэлийн шаардлагын дүнгээс хасуулах хүсэлт гаргасныг харгалзан үзэж, шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр болох 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс хойш бодож нэхэмжилсэн алдангийг хасч, алдангийн хэмжээг 531 348 345 төгрөгөөр багасгасан. Ингэснээр хариуцагчаас нэхэмжилж байгаа алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 17.2 хувь буюу 461 575 330 төгрөг болгосон байгаагаа дэмжиж байна.

Х нь Монгол Улсын Их Хурлын 2011 оны Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 15 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Засгийн газрын 2011 оны 266 дугаар тогтоолын дагуу Шинэ төмөр зам төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 55 сая ам.долларын санхүүжилтийг, мөн Засгийн газрын 2013 оны 28 дугаар тогтоол, түүний 1 дүгээр хавсралтын дагуу “Э” ХХК, “М” ТӨХК нарын хооронд байгуулагдсан 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1/002 тоот инженер-геологи, геотехникийн ажлын гэрээний санхүүжилтийн 5 367 155 000 төгрөгийг “М” ТӨХК-д олгох үүрэгтэй байсан.

Х нь “Э” ХХК, “М” ТӨХК нарын хооронд байгуулагдсан 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1/002 тоот инженер- геологи, геотехникийн ажлын гэрээний санхүүжилтыг олгох үүргээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам, З, “М” ТӨХК-уудтай 55 сая ам.долларын үнийн дүнтэй, З-ТЗ-Б 2013/5 дугаартай төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээг 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан. Үүний дараа 2013 оны 3 дугаар сарын 07-ны өдөр М ТӨХК нь эхний санхүүжилтийн 1 073 430 994 төгрөгийг, 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дундын санхүүжилтийн 1 610 146 000 төгрөгийг тус тус “Э” ХХК-д шилжүүлсэн, үлдэгдэл 50 хувийн төлбөрийг одоо болтол шилжүүлээгүй.

“Э” ХХК нь Засгийн газрын 2013 оны 28 дугаар тогтоол гарахаас өмнө уг тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан нийт 5 367 154 494 төгрөгийн ажлыг 2011-2012 онд хийж дуусгасан байсан. 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ажлын тайлангаа “М” ТӨХК-д хүлээлгэн өгсөн, 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ажлын тайланд улсын экспертүүд магадлал хийж, экспертизийн нэгдсэн дүгнэлтээ гаргасан байсан. “Э” ХХК-ийн зүгээс үлдэгдэл 50 хувийн санхүүжилт авахад шаардлагатай бүх ажлыг гүйцэтгэсэн боловч Х уг санхүүжилтийг “М” ТӨХК-д олголгүй, үүргээ зөрчсөн.

Хийг хамтран хариуцагчаар татуулж, “Э” ХХК, “М” ТӨХК нарын хооронд байгуулагдсан 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1/002 тоот инженер-геологи, геотехникийн ажлын гэрээний санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хинд даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэвч Х болон “М” ТӨХК-иас тус шүүхэд гаргасан хариу тайлбарууд бусад нөхцөл байдлаас үзээд 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1/002 тоот инженер-геологи, геотехникийн ажлын гэрээний санхүүжилтийг Х биш, харин Сангийн яамнаас “М” ТӨХК-д олгох боломжтой гэж ойлгогдож байна.

Иймд Хинд холбогдуулан гаргасан “Э” ХХК, “М” ТӨХК нарын хооронд байгуулагдсан 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1/002 тоот инженер-геологи, геотехникийн ажлын гэрээний санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хинд даалгах шаардлагаасаа татгалзаж, түүнийг хариуцагчаар тодорхойлсон хэсгээсээ татгалзаж байна.

Харин 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1/002 тоот инженер-геологи, геотехникийн ажлын гэрээний хөлсний үлдэгдэл төлбөр 2 683 577 500 төгрөгийг, “М” ТӨХК-тай тооцоо нийлсэн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх 172 хоногийн алданги 461 575 330 төгрөгийн хамт нийт 3 145 152 830 төгрөгийг “М” ТӨХК-иас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага хэвээр тул энэхүү шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагч “М” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 283 дугаар тогтоолоор Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын 3.2.2-т заасан эхний үе шатны төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “М” ТӨХК-д олгохдоо тухайн ажлыг эхлүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн гаргах асуудлыг хамтад нь шийдвэрлэсэн. Тогтоолын 2-т ...Хаар дамжуулан шийдвэрлэх арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороонд даалгасугай гэжээ. Мөн Монгол Улсын Их Хурлын 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого (цаашид Бодлого гэх)-д заасан төсөл, хөтөлбөрийг Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр 2011 оноос хэрэгжүүлж эхлэхийг Засгийн газарт үүрэг болгосон. УИХ-ын энэхүү тогтоолыг үндэслэн Засгийн газрын 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 266 дугаар тогтоол гарч Шинэ төмөр зам төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардагдах 55 сая ам.долларын санхүүжилтийг 2011 онд багтаан зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн. Ийнхүү санхүүжилт шийдэгдэх хүртэл Э ХХК нь инженер, геологийн судалгааны ажлыг эхний ээлжинд өөрийн санхүүжилтээр гүйцэтгэх сонирхлоо илэрхийлж манай компанитай 2011 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Санамж бичиг үйлдсэн. Дээр дурдсан төр, засгийн шийдвэрүүд, Санамж бичигт дурдсан ажил гүйцэтгэгчийн сонирхлыг харгалзан төлбөр төлөхтэй холбоотой гэрээний гол нөхцөлийг Хны санхүүжилттэй уялдуулж харилцан тохиролцсоноор талуудын хооронд 1/002 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан. Түүнчлэн 1/002 дугаартай гэрээний нөхцөл ёсоор, Захиалагч ажлын хөлсний үлдэх 50 хувийг төлөх үүргээ гүйцэтгэх хугацаа нь Хөгжлийн банкны санхүүжилтийн эрх олгогдсоноос хойш ажпын 10 хоногт багтаах юм.

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод заасан шинээр барих төмөр замын төсөл нь аж ахуйн нэгж байтугай улс дангаараа өөрийн дотоод нөөц хөрөнгөөр хэрэгжүүлэх боломжгүй өндөр өртөгтэй, Монгол улсад төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох онцгой төсөл юм. Улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой энэхүү томоохон төслийг хэрэгжүүлэхдээ бид салбарын яамны шууд удирдлага дор тухай бүр чиглэл авч төр, засгийн бодлоготой уялдуулж хэрэгжүүлсэн бөгөөд хэрэв манай компани өөрийн үйл ажиллагааны орлогын эх үүсвэрээс санхүүжүүлэх байсан бол бид энэ ажлыг анхнаасаа эхлүүлэхгүй, “Э” ХХК ч энэ ажлыг гүйцэтгэхгүй байх байсан. Тийм ч учраас төрийн бодлогын хүрээнд төмөр замын төсөлд шаардлагатай санхүүжилтийн асуудлаар Улсын Их Хурлын 2011 оны 15, 2012 оны 52 дугаар тогтоол, Засгийн газрын 2011 оны 266, 2013 оны 28 ба 82 дугаар тогтоолууд тус тус гарч, өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Мөн 1/002 дугаартай гэрээг байгуулахдаа Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын 2011 оны 15 дугаар тогтоолын 1.2, Засгийн газрын 2010 оны 283 дугаар тогтоолыг талууд харгалзан үзсэн болохыг тус гэрээний 1.2-т дурдсан байдаг. Төр, засгийн дээрх шийдвэрүүдэд зааснаар, төмөр замын ажлын энэхүү санхүүжилт нь Хөгжлийн банкны зээлээр олгох, уг зээлийг тухайн жилийн улсын төсөвт тусгах замаар эргэн төлж, төслийг хэрэгжүүлэх компанид төрөөс оруулсан хувь хөрөнгөд тооцон бүртгэх хөрөнгө юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2 (2)-т зааснаар Засгийн газар нь шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж Улсын Их Хуралд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх үндсэн бүрэн эрхтэй. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8-д зааснаар Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй. Өнгөрсөн хугацаанд манай компанийн зүгээс санхүүжилт олгох хүсэлтийг Зам, тээврийн яам болон Хөгжлийн банкинд удаа дараа гаргасан боловч Хөгжлийн банк нь Засгийн газрын 2011 оны 266, 2013 оны 28 ба 82 дугаар тогтоолд заасан төмөр замын төслийн санхүүжилтийг одоог хүртэл бүрэн олгоогүй байна. Ийнхүү УИХ, Засгийн газрын шийдвэрийг биелүүлээгүй Хөгжлийн банкны буруутай ажиллагааны улмаас уг хэргийн нэхэмжлэгчийн төдийгүй хариуцагчаар татагдсан манай компанийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байгаа тул нэхэмжлэлд дурдсан “М” ТӨХК-иас төлбөрийг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Талуудын маргаан бүхий иргэний эрх зүйн харилцаа нь 2011 оны Хны тухай хуулийн үйлчлэлд хамаарахыг анхаарах шаардлагатай байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэх гол нөхцөл бол хугацаа хэтрүүлсэн тал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хэмжээгээр алданги төлөх учиртай. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсанчлан хариуцагч манай компани гэрээний нөхцөлийн дагуу алданги төлөх нь зүйн хэрэг билээ. “Э” ХХК нь уг ажлын санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр, 100 хувь төрийн өөрийн хөрөнгөөр үүсгэн байгуулагдсан, томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх тусгайлсан чиг үүрэгтэй Хөгжлийн банкаар дамжуулан Монгол Улсын төр санхүүжүүлнэ гэдгийг анхнаасаа маш сайн мэдэж байсан, тийм ч учраас гүйцэтгэгч төрд бүрэн итгэл үзүүлж санхүүжилт шийдэгдтэл өөрийн санхүүжилтээр ажлыг гүйцэтгэх сонирхлоо илэрхийлж 1/002 дугаартай гэрээ байгуулагдсан. Үүнийг гэрээ болон санамж бичгээс тодорхой харж болно. Гүйцэтгэгч нь удаашралтай байгаа үлдэгдэл төлбөрийн санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр Зам, тээврийн яам (одоогийн Зам, тээврийн хөгжлийн яам)-нд олон удаа хүсэлт хүргүүлсэн байдаг. “М” ТӨХК уг санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр холбогдох газруудад хандсаар байна. Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар санхүүжилтийн асуудал Зам, тээврийн хөгжлийн яамнаас цааш Сангийн яаманд хүргэгдсэн, Сангийн яам 2018 оны төсвийн төсөлд тусгахаар зарчмын тохиролцоонд хүрсэн байдалтай байна. Энэ ажлын явцын талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас “Э” ХХК-д албан бичиг хүргүүлсэн байх тул нэхэмжлэгч нөхцөл байдлыг сайн мэдэж байгаа боловч нэхэмжлэгч бодит нөхцөл байдал, гэрээний нөхцөлийг үгүйсгэж, хариуцагч үүрэг гүйцэтгэх хугацаагаа хэтрүүлсэн хэмээн их хэмжээний алданги нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Э” ХХК болон “М” ТӨХК-тай Инженер-геологи геотехникийн ажлын гэрээг 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан. Зам, тээврийн хөгжлийн яамнаас Хөгжлийн банкинд Шинэ төмөр зам төслийн үлдэгдэл санхүүжилтийг олгохыг хүссэн хүсэлтийг Хөгжлийн банкинд 2014 онд 1/48 тоот, 2015 оны 03/290, 03/384 тоот албан бичгээр, 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03/690 тоот албан бичгээр тус тус хүргүүлсэн. Мөн Зам, тээврийн хөгжлийн яамнаас Шинэ төмөр зам төслийн хүрээнд гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөрийг 2017 оны төсвийн тодотголын хуулийн төсөлд тусгах хүсэлтийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02/733 тоот албан бичиг, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 01/3569 тоот албан бичгээр Сангийн яаманд тус тус хүргүүлсэн гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/00630 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэг, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэг заасныг баримтлан “М” ТӨХК болон нэхэмжлэгч “Э” ХХК-ийн хооронд байгуулсан 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1/002 дугаартай инженер-геологи геотехникийн ажлын гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, хариуцагч “М” ТӨХК-иас 2 683 577 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 461 575 330 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан гаргасан “Э” ХХК, “М” ТӨХК нарын хооронд байгуулагдсан 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1/002 тоот инженер-геологи, геотехникийн ажлын гэрээний санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа, мөн хариуцагч “М” ТӨХК нь нэхэмжлэгч “Э” ХХК-иас 2 683 343 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /13 575 838+3 780 780+1 500 000+70 200/ нийт 18 926 818 төгрөгийн 18 891 718 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, үлдэх 35 100 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч “М” ТӨХК-аас /хангасан хэмжээ 2 683 577 500 төгрөгт ногдох/ 13 575 838 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч “Э” ХХК-д, хариуцагч “М” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 574 665 төгрөгийн тал хувь 6 787 332 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, үлдэх 6 787 332 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, хариуцагч “М” ТӨХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 965 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/00630 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “М” ТӨХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 575 837.50 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ю.Энхсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй “М” ТӨХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/00630 дугаар шийдвэрийг давж заалдах журмаар хянасан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ний өдрийн 965 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс дараах гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэнгүй. Давж заалдах шатны шүүх магадлалын 11 дүгээр талд “Хариуцагчийн “М” ТӨХК-ийн 2011 оны Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор нээлттэй тендер зарлах бус гэрээ шууд байгуулахаар шийдвэрлэсэн тул нээлттэй тендер явуулаагүй гэж үзэхгүй” гэх тайлбараас үзвэл уг хүсэлт нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар тогтоосон журмыг зөрчин хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангалгүй хэргийг шийдвэрлэж. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзнэ ’’ гэсэн дүгнэлт хийж, хариуцагчийн давж заалдах гомдлыг ханган, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь үндэслэлгүй болсон.

Анхан шатны шүүх шийдвэртээ хариуцагч “М” ТӨХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4.1.1-д заасан “төрийн өмчит хуулийн этгээд” байх тул уг хуулийн 4.1.1-д заасан “төрийн өмчит хуулийн этгээд” байх тул уг хуулийн 7.1-д заасан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгон гэрээ байгуулах ёстой, захиалагч гэрээ байгуулахдаа уг хуулийн 53 дугаар зүйлд заасан зөвшөөрөл аваагүй бол, мөн захиалагч уг хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх талаар дүгнэлт хийж, талуудын хооронд хийгдсэн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь үндэслэлтэй болсон.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн “Худалдан авах ажиллагааны журмыг сонгох” гэсэн 8 дугаар зүйлийн 8.1.4-д “төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зөвшөөрөл олгох бараа, ажил,  үйлчилгээний төсөвт өртгийн доод хязгаар"-ийг Засгийн газар батална гэж заасны дагуу  тухайн үеийн Засгийн газрын 2006 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 22 дугаар тогтоолоор “төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зөвшөөрөл олгох ажлын төсөвт өртгийн доод хязгаар ”-ыг 3 тэрбум төгрөгөөр тогтоосон.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүн  14.1 тэрбум төгрөг байсан тул дээрх хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Энэ хуулийн 4.1.2-т зааснаас бусад захиалагч энэ хуулийн 8.1.4-т заасан босго үнээс давсан үнэ бүхий  бараа, ажил, үйлчилгээний тендер шалгаруулалтыг зарлан мэдээлэх, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахын өмнө төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авна” гэж заасны дагуу хариуцагч “М” ТӨХК нь гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахын өмнө төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл аваагүй гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүлээн зөвшөөрсөн.

Хамтран хариуцагч Хнаас “М” ТӨХК гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахын тулд тендер зарласан эсэх, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан эсэх талаарх баримтыг “М” ТӨХК-иас гаргуулах хүсэлтийг шүүх хангасан ба “М” ТӨХК-иас тендер зарлагдаагүй, Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрлийн дагуу шууд гэрээ байгуулсан гэсэн үндэслэлээр ямар нэг баримт гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгчийн хувьд ч гэсэн ямар нэг тендер, сонгон шалгаруулалтад оролцолгүйгээр энэ гэрээг шууд байгуулсан гэсэн тайлбар гаргасан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн “Гэрээ шууд байгуулах арга” гэсэн 34 дүгээр зүйлийн 34.1-д шууд гэрээ байгуулах 6 үндэслэлийг зааж өгсөн ба талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь дээрх 6 үндэслэлийн алинд ч хамаарахгүй байсан тул тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ” гэж заасны дагуу хариуцагч нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэж, уг хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг мөрдөх ёстой байсан ч мөрдөөгүй, зөрчсөн.

Тиймээс хариуцагч давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэрээ хүчин төгөлдөр бус гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн, мөн Төлөөлөн удирдах зөвлөлийн гэрээ байгуулах зөвшөөрөл олгосон тогтоолд үзлэг хийлгүүлэх хүсэлтийг хангаагүйд гомдолтой байгаа талаараа юу ч яриагүй. Харин хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгахдаа анхан шатны шүүх тооцооллыг буруу хийсэнд гомдолтой байна гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан болно.

Анхан шатны шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримтуудад тулгуурлан гэрээ хүчин төгөлдөр бус гэсэн дүгнэлтийг хийсэн. Хариуцагчийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шууд гэрээ байгуулах зөвшөөрөл олгосон тогтоол нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасан “төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөл”-ийг орлохгүй тул гэрээ хүчин төгөлдөр бус талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтэд нөлөөлөхгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5., 168 дугаар зүйлийн 168.1.3. дахь заалтыг зөрчөөгүй тул магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь “М” ТӨХК, “Х” ХХК-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр, алдангийн хамт нийт 3 145 152 830 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд хариуцагч “Х” ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсан байна.

Анхан шатны шүүх “М” ТӨХК-иас 2 683 343 000 төгрөгийг гаргуулж, “Х” ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсныг баталж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хүчингүй болгохдоо: “...хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзлаа нотлох зорилгоор нотлох баримтыг шүүхээр бүрдүүлүүлэхээр хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, хэргийн оролцогчийн эрхийг хангалгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, талуудын мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй...” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3.-т гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах болон энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан ажиллагааг гүйцэтгүүлэх, хуурамч нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл шалгуулах буюу нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах эрхтэй гэж, 25.2.2.-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж, 38 дугаар зүйлийн 38.6.-д хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж, 6 дугаар зүйлийн 6.1.-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ гэж тус тус заасан байна.

Хэргийн оролцогч буюу хариуцагч хуулиар олгогдсон эрхийн дагуу Авлигатай тэмцэх газарт хадгалагдаж байгаа “М” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2011 оны шийдвэр, холбогдох материалд үзлэг хийлгүүлэх тухай хүсэлт гаргасан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105.1.-д зааснаар шүүх хүсэлтийг үндэслэлгүй, тухайн хэрэгт хамааралгүй гэж үзвэл хангахаас татгалзахаар зохицуулжээ.

Хариуцагчийн тухайн хүсэлт нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн захирамжийн заалт биелэгдээгүй үндэслэлээр өмнөх захирамжийг заалтыг хэрэгжүүлэх агуулгатай байхад анхан шатны шүүх ямар үндэслэлээр “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлээ тодорхой заагаагүй атлаа хүсэлтийг хангахаас татгалзсан нь нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7.-д зааснаар шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрийг хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Анхан шатны шүүх магадлалд зааснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг дараах байдлаар зөрчжээ.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагч “Х” ХХК-иас татгалзсан байна.

Нэхэмжлэлийн шаардлага, хамтран хариуцагчаас татгалзах нь хэргийн оролцогчоос шалтгаалахгүй, хэн нэгний зөвшөөрөл шаардагдахгүй, нэхэмжлэгчийн эрх боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон ажлын хөлсийг буюу санхүүжилтийг шийдвэрлэх хуулийн этгээдэд холбогдох шаардлагаас татгалзсантай холбогдуулан хариуцагч “М” ТӨХК-ийн саналыг асуугаагүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь хариуцагчид дээрх татгалзалтай холбогдон мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй, энэ нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 965 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч Ю.Энхсайханы гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13 575 838 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД