Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 966

 

 

Н.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/03841 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.У-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Я.С-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 67 605 484 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.У,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.У миний бие автомашины бизнес эрхэлдэг байсан. 2014 оны эхээр найз Я.С надад хандан, хоёул хамтарч хүнсний дэлгүүр ажиллуулъя, үйл ажиллагааг нь би аваад явчихъя, олон жил худалдааны ажил хийсэн болохоор ядах юмгүй гэж санал тавьсан. Түүний саналын дагуу Баянзүрх дүүрэг 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр ашиглалтад орсон 16 давхар барилгын 1 дүгээр давхарт би 2 өрөө 2 орон сууцаа, Я.С 2 өрөө 2 орон сууцаа голын ханыг нь авч нийлүүлэн "Нархан" нэртэй хүнсний дэлгүүр нээсэн. Уг дэлгүүртээ тус тусдаа хөрөнгө орлуулахаар тохирч, би Төрийн банкнаас авсан зээлээс 52 сая төгрөгийг дэлгүүрт хөрөнгө оруулалтаар оруулсан. Я.С нь иргэн Хосбаяраас 50 сая төгрөг зээлж хөрөнгө оруулалт хийхээр тохирсон. Би 52 сая төгрөгөөр дэлгүүрт хөрөнгө оруулалт хийсэн. Я.С 50 сая төгрөгийн зээлийн гэрээ Хосбаяртай байгуулсан боловч эхний сарын хүү гэж 2 сая төгрөгийг суутган аваад 48 сая төгрөгийг Я.С-д зээлдүүлсэн. Б.Хосбаяр нь 50 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулахдаа заавал хамтран зээлдэгч байх ёстой гэж шаардсаны дагуу би хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж, харин уг зээлийн мөнгийг Я.С дэлгүүрт хөрөнгө оруулалтаар ашигласан. Я.С бид хоёрын дэлгүүр ажиллуулах хамтын ажиллагаа алдагдал ихтэй, ашиггүй байсан тул хамтын ажиллагааг дуусгавар болгож, дэлгүүрийг тохижуулсан, дэлгүүрт эргэлтийн хөрөнгө болгон хийсэн хөрөнгө оруулалт бусдад өгөх өглөг, бусдаас авах авлагаа тооцож, Я.С нь дор дурдсан төлбөрийн мөнгийг надад өгөхөөр тохирсон боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн төлбөр төлсөнгүй. Иймд Я.С-д холбогдуулан дор дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж баина. Я.С нь өөрийн “Киви” дэлгүүрийн барааны эргэлтэд гэж зээлсэн 10 000 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөг, "Начин заан" ломбардад төлөх 10 709 045 төгрөгийг Я.С бид хоёр 5 416 563:5 292 482 харьцаагаар төлөхөөр тохирсон боловч Я.С нь төлөөгүй учраас би барьцаалсан эд хөрөнгөө алдахгүйн тулд ломбардын төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Иймд Я.С-д ноогдох 5 292 482 төгрөгийг, "Нархан" дэлгүүрт зарах архины үнийг төлөх зорилгоор Сайн ломбардаас 2016 оны 2 дугаар сард зээлсэн 6 сая төгрөгийг тэнцүү хувааж, 3 000 000:3 000 000 төгрөгийг 4.5 хувийн хүүгийн хамт төлөхөөр тохирсон. Я.С уг мөнгийг төлөөгүй тул би барьцаалсан автомашинаа алдахгүйн тулд ломбардын төлбөрийг бүгдийг төлсөн. Иймд 3 000 000 төгрөгийг 4 сарын хүү 420 000 төгрөг, нийт 3 420 000 төгрөг, Я.С нь "Киви" дэлгүүртээ Н.У надаас авсан солонгос барааны үнэ 5 503 340 төгрөг, Я.С бид 2 иргэн Сэлэнгээгээс 5 сая төгрөг зээлсэн. 2 500 000:2 500 000 төгрөгөөр хариуцаж төлөх ёстой. Я.С хариуцсан 2 500 000 төгрөгөө төлөөгүй би бүтнээр төлсөн. Иймд 2 500 000 төгрөгийг, банкнаас болон Б.Хосоогоос авч дэлгүүрт оруулсан хөрөнгө оруулалтыг тус тусдаа хариуцъя гэж тохирсон боловч Я.С нь Хосоогоос авсан зээлд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан гэдэг үндэслэлээр шүүхэд намайг хамтран хариуцагчаар татуулж, шүүхийн шийдвэрээр Я.С, Н.У нараас 72 000 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 517 950 төгрийг тэнцүү хэмжээгээр гаргуулж, Б.Хосбаярт олгохоор шийдвэрлэсэн ба би өөрт ноогдох хэсгийг төлж байна. Иймээс банкнаас авч, дэлгүүрт оруулсан 52 000 000 төгрөгийг тэнцүү хувааж 26 442 947 төгрөг, хүү 9 889 662 төгрөг, нийт 36 332 609 төгрөгийг, нийт 68 048 431 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 498 192 төгрөгийн хамт Я.С-с гаргуулж өгнө үү.

68 048 431 төгрөг нэхэмжилж байгаа. 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхэлж хамтарч ажиллаад 2016 онд дуусгавар болсон. Энэ хугацаанд үүссэн өр авлагаа хувааж авсан. Хариуцагч нь 10 сая төгрөгийг зээлсэн. Энэ нь хамтарч ажилласанаас гадна авсан. Алданги 5 сая төгрөг, нийт 15 сая төгрөг, хамтарч ажиллаж байхдаа ломбарднаас 10 сая төгрөгийн зээл аваад 10 709 045 төгрөг төлсөн. Үүний 2 хуваагаад 5 292 482 төгрөг, бас өөр ломбарднаас бас 6 сая төгрөг зээлээд хувааж төлөх болсон. Иймд 6 840 000 төгрөг төлсөн тул хариуцагч нь 3 420 000 төгрөг төлөх ёстой. Надаас өөрийн хувийн дэлгүүрт авсан барааны үнэ 5 503 340 төгрөг, Сэлэнгээгээс 5 сая төгрөг зээлсэн. 2 500 000 төгрөгөөр хувааж төлөх болсон тул 2 500 000 төгрөг, анх дэлгүүр байгуулахдаа тэнцүү хөрөнгө оруулах болсон хариуцагч нь зээлээр 48 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт, би 52 сая төгрөгийн зээл авч оруулсан. 2 жилийн хугацаанд эцсийн тооцоо хийгээд зээлээ өөрсдөө хариуцах гээд яриад болоогүй. Хариуцагчийн зээлийн 48 сая төгрөг, 72 сая төгрөг болоод хэн аль нь 36 сая төгрөгийг тус бүр төлөхөөр шүүх шийдсэн. Би хариуцагчийн төлөх ёстой байсан төлбөрийг төлөөд явж байгаа. Иймд хамтын ажиллагаанд зориулж Төрийн банкнаас миний авсан 52 саяын зээлийг бас хуваах ёстой тул үндсэн төлбөр 26 сая төгрөг, хүү 9 889 662 төгрөг, нийт 35 889 662 гаргуулна. Нэхэмжлэлд буруу тооцсон 442 947 төгрөг гаргуулахаас татгалзаж байна. Эдгээрийг бүгдийг нэмээд 67 605 484 гаргуулна. Би өдий хүртэл зээлээ төлөхийн тулд бүх хөрөнгөө зарж хохирч байгаа. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү, Өглөг хуваасан баримт дээр бас өөрөөр ярьдаг. Хосбаяраас авсан 50 сая төгрөгөөс 10 сая төгрөгийг авснаа хүлээсэн байдаг. Гэтэл одоо аваагүй гэж байна. 10 сая төгрөг өгсөн баримт нь байгаа. Солонгосоос авчирсан барааг авсан гэсэн боловч төлөхгүй гэж байна. Банкны зээл нь алдангийн хамт би хувааж төлсөн гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 10 сая төгрөг аваагүй. Иймд 15 сая төгрөгийг бүхэлд зөвшөөрөхгүй. Ломбарднаас 10 сая төгрөг нийлж зээлсэн. Аваад буцаагаад дэлгүүрийн орлогоос зарим төлбөр төлөгдсөн. Энэ нь кассын дэвтэр дээр байгаа. Үлдэгдэл хэсгийн талыг хариуцана. Тооцоог гаргаж чадаагүй. 6 сая төгрөг авсан. Энэ мөнгөөр бараа худалдаж авсан. Нэхэмжлэгч нь өөрөө дэлгүүрийн тооцоо хийдэг байсан. Би энэ тооцоог нь мэдэхгүй байсан болохоор тооцоог нь зөвшөөрсөн. Хөрөнгө хуваахад нэхэмжлэгч илүү дүнтэй бараа авсан. 9 сая төгрөгийн зөрүүтэй хуваасан. Мөн дэлгүүрээс хувьдаа авсан барааны дүн зөрүүтэй байдаг. Энэ зээлийн хүү нь дэлгүүрийн орлогоор төлөгдсөн. Үндсэн зээлээс бас орлогоор зарим нь төлөгдсөн. Үлдэгдэл тооцоог гаргаж чадаагүй. Үлдэгдэл тооцоог хуваах ёстой. 5 503 340 төгрөгийн бараа авсан боловч хөрөнгө хуваасны зөрүү 9 сая төгрөг хаагдсан. Үүнийг тооцсон баримт дээр нэхэмжлэгч гарын үсэг зурж зөвшөөрсөн. Иймд үүнийг төлөх ёсгүй. Сэлэнгэ гэдэг нь нэхэмжлэгчийн дүү юм. 5 сая төгрөгийг зээлсэнийг хүлээн зөвшөөрсөн. Дэлгүүрийн үндсэн хөрөнгө хуваасан баримтаар энэ тооцоог дуусгасан. Энэ талаар баримт байгаа. Анх дэлгүүрийг би өөрөө нээж байхад ярилцаад хамтдаа том дэлгүүр нээх болсон. Дэлгүүрийн тохижилтод нэлээд мөнгө орсон байсан. Тоног төхөөрөмж авах болоод зээл авах байсан боловч бүтээгүй тул Хосбаяраас хамтдаа 50 саяыг зээлсэн. 2 сараар зээлсэн. Үүнийг дэлгүүрийн тоног төхөөрөмжид зарцуулсан. Энэ нь 32 сая төгрөг, 16 сая төгрөгөөр бараа авсан 2 сая төгрөг нь хүүний төлбөрт үлдээсэн. Дараа нь Төрийн банкны зээл бүтээд нэхэмжлэгч ганцаараа 170 сая төгрөгийн зээл авсан. Эндээсээ Хосбаярын зээлийг төлөх ёстой байсан боловч нэхэмжлэгч нь урагшаа нэг удаа бараанд яваад ирнэ гээд явсан. Бараа, машин тэрэг авчирсан. Дэлгүүрийн тохижилтод нэхэмжлэгчээс 52 сая төгрөг орсон. Энэ мөнгийг дэлгүүрийн орлогоноос төлнө гэж ярьсан. Энэ 52 сая төгрөгөөс хаалга цонх зэргийг зээлээр хийлгэсэн тул төлсөн. Зарим нь бараа болсон. Тоогоо хэлэх боломжгүй байна. 52 сая төгрөгийн талыг төлөх нь шударга юм. Учир нь хамтын ажиллагааг зогсоохдоо байсан хөрөнгөө хувааж авсан. Дэлгүүрийн талбайг өөр өөр хэмжээгээр авч байсан. 52 сая төгрөгөөс өөрийн хэсэгт ногдох хэсгээ төлнө. Хүүг өөрт ногдох хэсгийн хүүг төлөх ёстой. Үүнээс тооцож үзэхэд Начин заан ломбардны зээлээс 3 сая төгрөгийг, Сайн ломбардны зээлээс 2 сая төгрөгийг, 52 сая төгрөгөөс 30 сая төгрөг нь тохижилтод орсон тул үлдэх 22 сая төгрөгийн 11 сая төгрөг болон хүүд 2 772 000 төгрөг, нийт 13 772 000 төгрөг, бүгд 18 772 000 төгрөг төлөхөөр эвлэрэх боломжтой.

Нэхэмжлэгч нь тооцоо нийлсэн болон бусад төлбөр төлсөн баримтаа гаргаагүй байна. Зээлийг хөрөнгө хуваагаад тооцоо дууссан тооцоогоо өгөөгүй. Би эрүүл мэндийн шалтгаанаар баримт гаргах боломжгүй байсан. Төлөөлөгчид би зарим баримтаа өгсөн. Төлөөлөгч шүүхэд өгөөгүй байсан. Учир нь баримтаа намайг тайлбарлаж чадахгүй байна гэсэн. Зарим өгөөгүй баримт нь өгөөд ч ойлгохгүй байсан. Би тооцоо нийлсэн баримтаа л өгсөн байсан. Нэхэмжлэл болон баримтууд надад байсан. 52 сая төгрөгийн зээлийн хүүг нь жилийн хугацаанд орлогоос төлөгдсөн. Зөвшөөрөхгүй хэсгийг нотлох баримтаар хангаж өгнө үү. Дараагийн хурал дээр баримт авчирна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1, 242 дугаар зүйлийн 242.12-т зааснаар хариуцагч Я.С-с 45 754 452.74 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.У-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21 851 031.26 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 498 190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 386 722.26 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Н.Уламжаргалтай Баянзүрх дүүрэг 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр ашиглалтад орсон 16 давхар барилгын 1 дүгээр давхарт өөр өөрсдийн 122, 121 м.кв орон сууцаа голын ханыг авч нийлүүлэн "Нархан" нэртэй хүнсний дэлгүүр нээсэн. Дэлгүүрийн данс тооцоог Н.У хариуцаж, харин би гадуурх ажлыг гол дуу хийдэг байсан. Н.У бид хоёрын дэлгүүр ажиллуулах хамтын ажиллагаа алдагдал ихтэй, ашиггүй байсан тул хамтын ажиллагааг дуусгавар болгож өглөг, авлагаа хуваасан. Гэтэл миний дэлгүүр ажиллуулж байхдаа төлсөн төлбөрийг шүүхийн журмаар дахин нэхэмжилсэн. "Нархан" дэлгүүрийн тооцоог Н.У хариуцдаг байсан тул надад данс тооцооны баримт байхгүй, шүүхэд гаргаж өгөх нотлох баримт байхгүй зөвхөн анхан шатны шүүх Н.У-ын өгсөн нотлох баримтаар шийдвэр гаргасанд гомдолтой байна. Начинзаан, Сайн зэрэг ломбарднаас нийт 16 000 000 төгрөг болон зээлийн хүү Н.У нь зээлийн гэрээ байгуулж өөрөө авсан байтал анхан шатны шүүх Я.С намайг зээлийн гэрээ байгуулж гарын үсэг зурж авсан мэтээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх зөвхөн тооцоо нийлүүлсэн баримт гэгчийг үндэслэн хэтэрхий нэг талыг баримталсан шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 5 503 340 төгрөг гаргуулах шаардлагын хувьд, Н.У БНСУ-аас авчирсан 5 503 340 төгрөгийн үнэ бүхий барааг Я.С миний бие авсан тухай маргаагүй. Хамтран ажиллах гэрээний харилцаа дуусгавар болох үед үлдэгдэл бараа, тоног төхөөрөмж хуваан авахдаа төлбөрийг төлсөн байдаг. Анхан шатны шүүх анх бараа хүлээн авсан анхны баримт буюу өглөг авлага хуваасан баримтаар шийдвэрлэсэн нь хэргийг нөхцөл байдлыг бодитоор харж шийдвэрлээгүй нь нотлогдож байна. Н.У-ын Төрийн банк ХХК-иас авсан зээлээс хамтран ажиллах гэрээний дагуу 17 097 600 төгрөг болон түүний хүү, дэлгүүрийн үйл ажиллагаанд зарцуулсан нь анхан шатны шүүхийн шийдвэрээр нотлогдож байхад 52 000 000 төгрөгийг "Нархан” дэлгүүрийн хөрөнгө оруулалтад оруулсан гэх нотлох баримт байхгүй байтал байгаа мэтээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүх хурал эхлэхийн өмнө өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцож өөрийн хууль ёсны эрхээ эдлэх хүсэлтийг амаар гаргасан боловч хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй шүүх хурлыг хуралдуулсан нь Монгол Улсын Үндсэн хууль 14 дүгээр зүйлийн 14.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дах хэсэгт заасныг хэрэглээгүй нь Я.С миний эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцуулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн дэх заалтуудыг хангаж анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Н.У нь Я.С-д холбогдуулан зээл болон худалдах худалдан авах, хамтран ажиллах гэрээний үүрэгт нийт 67 605 484 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 18 772 000 төгрөгийн хэмжээнд төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд хүнсний дэлгүүр ажиллуулахаар 2 талаас өөрсдийнхөө үл хөдлөх хөрөнгийг нийлүүлж, эргэлтийн хөрөнгө авах, хүнсний дэлгүүрийн зориулалтаар тохижуулах зорилгоор бусдаас мөнгө зээлж хөрөнгө оруулалт хийсэн талаар хэн аль маргахгүй байна.

 

Дээрх гэрээнээс үзэхэд талууд тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээсэн шинжийг агуулсан тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Уг гэрээ хэрэгжих явцад хүнсний дэлгүүр алдагдалтай, ашиггүй байсан тул дэлгүүрийн тохижилтын зүйлс, эргэлтийн хөрөнгө, бусдад өгөх өглөг, авлагыг тооцож, талууд тооцооны баримт үйлдэн, хамтран ажиллах гэрээг дуусгавар болгосон нь Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.2-т заасантай нийцсэн байна.

 

Талууд “Начин заан” ХХК-ийн барьцаалдан зээлдүүлэх газраас зээлсэн 10 000 000 төгрөг, “Тайгын булаг авто” ХХК-ийн “Сайн” барьцаалдан зээлдүүлэх газраас зээлсэн 6 000 000 төгрөг, иргэн Н.Сэлэнгээс зээлсэн 5 000 000 төгрөг, нэхэмжлэгч Н.У-ын Төрийн банкнаас зээлсэн 52 000 000 төгрөг, хариуцагч Я.С-ийн иргэн н.Хосбаяраас зээлсэн 48 000 000 төгрөг, нийт 121 000 000 төгрөгөөр хөрөнгө оруулалт хийж хүнсний дэлгүүр ажиллуулсан талаар хэн аль нь маргаагүй, харин дээрх хөрөнгө оруулалтаас хэн нь хэдэн төгрөг төлөх талаар маргажээ.

 

Нэхэмжлэгч Н.У нь “Начин заан” ХХК-ийн барьцаалдан зээлдүүлэх газраас 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 10 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд уг зээлийг 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төлсөн /хэргийн 1 дүгээр хавтасны 66-67, 152 дугаар тал/, мөн “Тайгын булаг авто” ХХК-ийн “Сайн” барьцаалдан зээлдэх газраас 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 6 000 000 төгрөг зээлсэн, уг зээлийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төлсөн /хэргийн 1 дүгээр хавтасны 83 дугаар тал/, Төрийн банкнаас 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 170 000 000 төгрөг зээлсэн бөгөөд уг зээлийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлсөн /хэргийн 68-75, 153 дугаар тал/ болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон байна.

 

Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11 дэх хэсэгт “хамтын үйл ажиллагаанаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцана”, мөн хуулийн 478.12 дах хэсэгт “гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын хоорондын хүлээх хариуцлагын хэмжээг гишүүний төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна” гэж заасан байх ба талууд хамтран ажиллах гэрээг амаар байгуулсан, ашиг алдагдлыг хэрхэн хуваах талаар тохиролцсон баримтгүй тул бусдаас зээлж хөрөнгө оруулалт хийсэн зээлийн төлбөрийг адил тэнцүү хэмжээгээр хариуцуулах үндэслэлтэй гэж үзнэ.

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 5, 8, 157 дугаар талд авагдсан баримтаар талууд “Начин заан” ХХК-ийн барьцаалдан зээлдүүлэх газраас зээлсэн 10 000 000 төгрөгийн зарцуулалт төлөлтийн талаар тооцоо нийлж уг тооцоогоор Н.У 5 416 563 төгрөг, Я.С 5 292 482 төгрөг төлөхөөр зөвшөөрсөн, хэргийн 1 дүгээр 7 дугаар талд авагдсан баримтаар “Тайгын булаг авто” ХХК-ийн “Сайн” барьцаалдан зээлдэх газраас 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр зээлсэн 6 000 000 төгрөгийг хүүгийн хамт хувааж 3 420 000 төлөхөөр талууд тооцоо нийлж зөвшөөрсөн баримтад гарын үсэг зурсан тул эдгээр баримтыг үндэслэж анхан шатны шүүх нэхэмжлэлээс 8 712 482 төгрөгийн хэмжээнд хангасан нь зөв байв.

 

Харин иргэн Н.Сэлэнгээс зээлсэн 5 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Н.У төлсөн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12 дах хэсэгт заасан үндэслэлгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас Я.С-с 2 500 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Нэхэмжлэгч Төрийн банкнаас зээлсэн 170 000 000 төгрөгөөс 52 000 000 төгрөгийг хүнсний дэлгүүрт хөрөнгө оруулалт хийсэн, уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч төлсөн талаар хэн аль маргахгүй байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийн хөрөнгө оруулалт хийсэн 52 000 000 төгрөгөөр цонх хаалга хийлгэсэн төлбөрийг төлсөн. Дэлгүүрийн барилгыг хуваасан тохижилтын ихэнх хэсэг нэхэмжлэгч талд үлдсэн тул дээрх зээлийн 50 хувийг төлөхгүй гэх тайлбараа хариуцагч нотлосон баримтгүй, уг тохижилтын ямар үнэлгээтэй, аль хэсэг нь яаж хуваасан талаар шинжээч томилуулж, хөрөнгийн үнэлгээ хийлгэх талаар хүсэлт гаргаагүй тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд 52 000 000 төгрөгийн банкны зээлийн 50 хувь болох 26 000 000 төгрөг, түүний хүү 5 538 630 төгрөг, нийт 31 538 630 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12 дах хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаарх хариуцагчийн тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 6 дугаар тал дах тооцоо нийлсэн баримтаар Я.С Н.У-с авсан барааны үнэ 5 503 340 төгрөг болсонтой танилцаж төлөхийг зөвшөөрч гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийн биелэлтийг нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангасан шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Н.У хариуцагч Я.С-д зээлдүүлсэн гэх 10 000 000 төгрөгийг нэхэмжилж уг байдлаа нотлохоор хэргийн 1 дүгээр хавтасны 11 дүгээр тал дах Төрийн банкны депозит дансны харилцагчийн хуулга ирүүлснийг хариуцагч Я.С эс зөвшөөрч 10 000 000 төгрөг зээлээгүй гэж маргасан байна.

 

Дээрх баримт нь хариуцагчийг уг мөнгийг зээлсэн гэх байдлыг эргэлзээгүй нотлохгүй байх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхээр хангаагүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй болно.

 

Учир нь Н.У нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр анхан шатны шүүх хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарласан байна. /1хх-26-28/

 

Мөн шүүх 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хариуцагчийн өмгөөлөгч авах эрхийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан /хх1-36-39/, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагчийн өмгөөлөгчийн хурал давхцсан тул хурал хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх  хангаж шүүх хуралдаан хойшлуулсан /1хх-162-165/ баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон өмгөөлөгч авах эрхээр анхан шатны шүүх удаа дараа хангасан тул түүний 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дахин өмгөөлөгч авах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь зөв хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй, хязгаарласан гэж үзэхгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/03841 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.МӨНХЗУЛ                                                                                     

                          ШҮҮГЧИД                                         Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ