Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2020/00650

 

Н.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/03841 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 966 дугаар магадлалтай,

Н.У-ын нэхэмжлэлтэй,

Я.С-д холбогдох

Гэрээний үүрэгт 67.605.484 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.У-, түүний өмгөөлөгч Б.Баярмаа, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.У-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие автомашины бизнес эрхэлдэг байсан. 2014 оны эхээр найз Я.С- надад хандан, хоёул хамтарч хүнсний дэлгүүр ажиллуулъя, үйл ажиллагааг нь би аваад явчихъя, олон жил худалдааны ажил хийсэн болохоор ядах юмгүй гэж санал тавьсан. Түүний саналын дагуу Баянзүрх дүүрэг 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр ашиглалтад орсон 16 давхар барилгын 1 дүгээр давхарт би 2 өрөө 2 орон сууцаа, Я.С- 2 өрөө 2 орон сууцаа голын ханыг нь авч нийлүүлэн "Нархан" нэртэй хүнсний дэлгүүр нээсэн. Уг дэлгүүртээ тус тусдаа хөрөнгө орлуулахаар тохирч, би Төрийн банкнаас авсан зээлээс 52 сая төгрөгийг дэлгүүрт хөрөнгө оруулалтаар оруулсан. Я.С- нь иргэн Хосбаяраас 50 сая төгрөг зээлж хөрөнгө оруулалт хийхээр тохирсон. Би 52 сая төгрөгөөр дэлгүүрт хөрөнгө оруулалт хийсэн. Я.С- 50 сая төгрөгийн зээлийн гэрээ Хосбаяртай байгуулсан боловч эхний сарын хүү гэж 2 сая төгрөгийг суутган аваад 48 сая төгрөгийг Я.С-д зээлдүүлсэн. Б.Хосбаяр нь 50 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулахдаа заавал хамтран зээлдэгч байх ёстой гэж шаардсаны дагуу би хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж, харин уг зээлийн мөнгийг Я.С- дэлгүүрт хөрөнгө оруулалтаар ашигласан. Я.С- бид хоёрын дэлгүүр ажиллуулах хамтын ажиллагаа алдагдал ихтэй, ашиггүй байсан тул хамтын ажиллагааг дуусгавар болгож, дэлгүүрийг тохижуулсан, дэлгүүрт эргэлтийн хөрөнгө болгон хийсэн хөрөнгө оруулалт бусдад өгөх өглөг, бусдаас авах авлагаа тооцож, Я.С- нь дор дурдсан төлбөрийн мөнгийг надад өгөхөөр тохирсон боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн төлбөр төлсөнгүй. Я.С- нь өөрийн Киви дэлгүүрийн барааны эргэлтэд гэж зээлсэн 10.000.000 төгрөг, алданги 5.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөг, Начин заан ломбардад төлөх 10.709.045 төгрөгийг Я.С- бид хоёр 5.416.563:5.292.482 харьцаагаар төлөхөөр тохирсон боловч Я.С- нь төлөөгүй учраас би барьцаалсан эд хөрөнгөө алдахгүйн тулд ломбардын төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Иймд Я.С-д ноогдох 5.292.482 төгрөгийг, Нархан дэлгүүрт зарах архины үнийг төлөх зорилгоор Сайн ломбардаас 2016 оны 2 дугаар сард зээлсэн 6 сая төгрөгийг тэнцүү хувааж 3.000.000:3.000.000 төгрөгийг 4.5 хувийн хүүгийн хамт төлөхөөр тохирсон. Я.С- уг мөнгийг төлөөгүй тул би барьцаалсан автомашинаа алдахгүйн тулд ломбардын төлбөрийг бүгдийг төлсөн. Иймд 3.000.000 төгрөгийг 4 сарын хүү 420.000 төгрөг, нийт 3.420.000 төгрөг, Я.С- нь Киви дэлгүүртээ Н.У- надаас авсан солонгос барааны үнэ 5.503.340 төгрөг, Я.С- бид 2 иргэн Сэлэнгээгээс 5 сая төгрөг зээлсэн. 2.500.000:2.500.000 төгрөгөөр хариуцаж төлөх ёстой. Я.С- хариуцсан 2.500.000 төгрөгөө төлөөгүй би бүтнээр төлсөн. Иймд 2.500.000 төгрөгийг, банкнаас болон Б.Хосоогоос авч дэлгүүрт оруулсан хөрөнгө оруулалтыг тус тусдаа хариуцъя гэж тохирсон боловч Я.С- нь Хосоогоос авсан зээлд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан гэдэг үндэслэлээр шүүхэд намайг хамтран хариуцагчаар татуулж, шүүхийн шийдвэрээр Я.С-, Н.У- нараас 72.000.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 517.950 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулж, Б.Хосбаярт олгохоор шийдвэрлэсэн ба би өөрт ноогдох хэсгийг төлж байна. Иймээс банкнаас авч, дэлгүүрт оруулсан 52.000.000 төгрөгийг тэнцүү хувааж 26.442.947 төгрөг, хүү 9.889.662 төгрөг, нийт 36.332.609 төгрөгийг, нийт 68.048.431 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 498.192 төгрөгийн хамт Я.С-гаас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлд буруу тооцсон 442.947 төгрөг гаргуулахаас татгалзаж байна. Иймд бүгд 67.605.484 гаргуулахаар нэхэмжилж байна. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Я.С-гийн шүүхэд гаргасан тайлбарт: ...10 сая төгрөг аваагүй. Иймд 15 сая төгрөгийг бүхэлд зөвшөөрөхгүй. Ломбарднаас 10 сая төгрөг нийлж зээлсэн. Аваад буцаагаад дэлгүүрийн орлогоос зарим төлбөр төлөгдсөн. Энэ нь кассын дэвтэр дээр байгаа. Үлдэгдэл хэсгийн талыг хариуцана. 6 сая төгрөг авсан. Энэ мөнгөөр бараа худалдаж авсан. Нэхэмжлэгч нь өөрөө дэлгүүрийн тооцоо хийдэг байсан. Би энэ тооцоог нь мэдэхгүй байсан болохоор тооцоог нь зөвшөөрсөн. Хөрөнгө хуваахад нэхэмжлэгч илүү дүнтэй бараа авсан. 9 сая төгрөгийн зөрүүтэй хуваасан. Мөн дэлгүүрээс хувьдаа авсан барааны дүн зөрүүтэй байдаг. Энэ зээлийн хүү нь дэлгүүрийн орлогоор төлөгдсөн. Үндсэн зээлээс бас орлогоор зарим нь төлөгдсөн. Үлдэгдэл тооцоог гаргаж чадаагүй. Үлдэгдэл тооцоог хуваах ёстой. 5.503.340 төгрөгийн бараа авсан боловч хөрөнгө хуваасны зөрүү 9 сая төгрөг хаагдсан. Үүнийг тооцсон баримт дээр нэхэмжлэгч гарын үсэг зурж зөвшөөрсөн. Иймд үүнийг төлөх ёсгүй. Сэлэнгэ гэдэг нь нэхэмжлэгчийн дүү юм. 5 сая төгрөгийг зээлснийг хүлээн зөвшөөрсөн. Дэлгүүрийн үндсэн хөрөнгө хуваасан баримтаар энэ тооцоог дуусгасан. Энэ талаар баримт байгаа. Анх дэлгүүрийг би өөрөө нээж байхад ярилцаад хамтдаа том дэлгүүр нээх болсон. Дэлгүүрийн тохижилтод нэлээд мөнгө орсон байсан. Тоног төхөөрөмж авах болоод зээл авах байсан боловч бүтээгүй тул Хосбаяраас хамтдаа 50 саяыг зээлсэн. Үүнийг дэлгүүрийн тоног төхөөрөмжид зарцуулсан. Энэ нь 32 сая төгрөг, 16 сая төгрөгөөр бараа авсан 2 сая төгрөг нь хүүний төлбөрт үлдээсэн. Дараа нь Төрийн банкны зээл бүтээд нэхэмжлэгч ганцаараа 170 сая төгрөгийн зээл авсан. Эндээсээ Хосбаярын зээлийг төлөх ёстой байсан боловч нэхэмжлэгч нь урагшаа нэг удаа бараанд яваад ирнэ гээд явсан. Бараа, машин тэрэг авчирсан. Дэлгүүрийн тохижилтод нэхэмжлэгчээс 52 сая төгрөг орсон. Энэ мөнгийг дэлгүүрийн орлогоноос төлнө гэж ярьсан. Энэ 52 сая төгрөгөөс хаалга цонх зэргийг зээлээр хийлгэсэн тул төлсөн. Зарим нь бараа болсон. 52 сая төгрөгийн талыг төлөх нь шударга юм. Учир нь хамтын ажиллагааг зогсоохдоо байсан хөрөнгөө хувааж авсан. Дэлгүүрийн талбайг өөр өөр хэмжээгээр авч байсан. 52 сая төгрөгөөс өөрийн хэсэгт ногдох хэсгээ төлнө. Хүүг өөрт ногдох хэсгийн хүүг төлөх ёстой. Үүнээс тооцож үзэхэд Начин заан ломбардны зээлээс 3 сая төгрөгийг, Сайн ломбардны зээлээс 2 сая төгрөгийг, 52 сая төгрөгөөс 30 сая төгрөг нь тохижилтод орсон тул үлдэх 22 сая төгрөгийн 11 сая төгрөг болон хүүд 2.772.000 төгрөг, нийт 13.772.000 төгрөг, бүгд 18.772.000 төгрөг төлөхөөр эвлэрэх боломжтой. Нэхэмжлэгч нь тооцоо нийлсэн болон бусад төлбөр төлсөн баримтаа гаргаагүй байна. 52 сая төгрөгийн зээлийн хүүг нь жилийн хугацаанд орлогоос төлөгдсөн. Зөвшөөрөхгүй хэсгийг нотлох баримтаар хангаж өгнө үү гэжээ.

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/03841 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1, 242 дугаар зүйлийн 242.12-т зааснаар хариуцагч Я.С-гаас 45.754.452.74 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.У-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21.851.031.26 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 498 190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 386 722.26 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 966 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/03841 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Хариуцагч Я.С- нь 2018 оны 11 сарын 27-ны өдөр анхан шатны шүүхэд өмгөөлөгч авах хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн боловч шүүх уг хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан байна. 2018 оны 11 сарын 28-ны өдөр өмгөөлөгч авах хүсэлтээ 2 дахь удаагаа гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ 1 хоног хүрэхгүй хугацаа олгосон нь өмгөөлөгч сонгож авах бололцоотой хугацаа биш учир уг ажиллагааг өмгөөлөгч авах боломжоор хангасан гэж үзэхгүй байна. 2018 оны 11 сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч авах хүсэлтээ 3 дахь удаа гаргасан боловч хэргийн оролцогч Я.С-г хууль зүйн туслалцаа хүсэх, өмгөөлөгч авах эрхгүй хэмээн үзсэн учир хүсэлтийг нь хангахгүй орхисон байна. Дээрх байдлыг үл зөвшөөрч завж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч мөн л Я.С-г өмгөөлөгч авах эрхгүй, хэмээн үзсэн учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Өмгөөлөгч авах эрх зүйн туслалцаа хүсэх нь иргэн хүний үндсэн хуулиар тогтоогдсон эрх юм. Анхан болон давж заалдах шатны шүүх Я.С-гийн дээрх эрхийг ямар хуулиар хязгаарласныг дурдахгүй өөрсдийн үзэмжээр өмгөөлөгч авах эрхгүй хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүй шийдлүүд болсон юм. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү  гэжээ.

ХЯНАВАЛ:

Н.У-, Я.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15.000.000 төгрөг, бусдын өмнө хамтран гүйцэтгэх үүргийг гүйцэтгэсэн 47.545.091 төгрөг, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 5.503.340 төгрөг, нийт 68.048.431 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд 47.545.091 төгрөг гаргуулах шаардлагаа 47.102.144 төгрөг болгон багасгаж, нэхэмжлэлийн нийт шаардлагаа 67.605.484 төгрөг гэж тодорхойлжээ. Хариуцагч Я.С- нэхэмжлэлээс 18.772.000 төгрөг төлөхөө зөвшөөрч, бусад хэсгийг зөвшөөрөөгүй маргасан байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас 45.754.452.74 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж, хэвээр үлдээжээ.

Шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулах эрхийг хангаагүй талаархи хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-ын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

1. Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

а/ Нэхэмжлэгч Н.У- хариуцагч Я.С-гаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 10.000.000 төгрөг, алданги 5.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Н.У- зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийн үндэслэлээ, буюу үүргээ биелүүлж мөнгийг хариуцагч Я.С-д шилжүүлэн өгснөө нотлоогүй тул уг мөнгийг буцаан шаардах эрхгүй, энэ талаархи шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

б/ Нэхэмжлэгч Н.У- хариуцагч Я.С-гаас барааны үнэ 5.503.340 төгрөг гаргуулахаар шаардсаныг шүүх хангасан нь хуульд нийцжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх.., худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Хариуцагч 5.503.340 төгрөгийн үнэ бүхий барааг хүлээн авснаа маргаагүй бөгөөд харин тоног төхөөрөмжөөр үнийг төлж дуусгасан гэх тайлбараа нотлох баримтыг гаргаагүй байна. Иймээс шүүх татгалзлаа хариуцагч нотлоогүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасантай нийцжээ.

в/ Зохигчийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, уг гэрээний хүчин төгөлдөр байдал, талууд гэрээг дуусгавар болгосон үйл баримтын талаар хоёр шатны шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480-д заасантай нийцсэн дүгнэлт хийжээ.

Н.У-, Я.С- нар ашиг олох зорилгоор өөр өөрийн орон сууцыг нэгтгэж дэлгүүрийн зориулалттай болгон, хэн аль нь бусдаас мөнгө зээлж үйл ажиллагаанд зарцуулсан, ашиг орлого муугаас хамтран ажиллах гэрээг дуусгавар болгож, улмаар бусдад өгөх өглөгийг хэн хэрхэн хариуцах талаар ярилцаж тохирч энэ тухай баримт үйлдсэн нь тогтоогдсон байна. Шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12-т зааснаар тодорхойлж, хамтран ажиллах гэрээтэй холбоотой нийт 47.545.091 төгрөг шаардсанаас 31.538.630 төгрөгийн нэхэмжлэлийг хангасан нь хэргийн баримтад үндэслэгдсэн байна.

Учир нь нэхэмжлэгч Н.У- нь хамтын үйл ажиллагаанд оролцохдоо нийт 52.000.000 төгрөгийн, хариуцагч Я.С- 48.000.000 төгрөгийн хураамж төлөхдөө хэн аль нь бусдаас зээлсэн талаар зохигч маргаагүй, эдгээр төлбөрийг тус бүрдээ хариуцан төлөхөөр тохиролцсон хэдий ч Я.С-гийн зээлсэн мөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу Н.У- хамтран төлөх үүргийг хүлээж, төлж байгаа нь тогтоогджээ. Түүнчлэн Начин заан болон Сайн ломбардаас мөнгө зээлж үйл ажиллагаанд зарцуулж эдгээр өрийг хувааж төлөхөөр зохигч тохирсон боловч тухайн үүргийг Я.С-гийн өмнөөс Н.У- бусдад төлснийг хариуцагч үгүйсгээгүй байна.

2. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчийн эрхийг хязгаарласан зөрчил гаргаагүй, тухайлбал, хариуцагчийн өмгөөлөгч авах эрхийг хангасан талаар давж заалдах шатны шүүх магадлалдаа тодорхой үндэслэлтэй дүгнэлтийг хийжээ. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/03841 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 966 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Я.С- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 325.000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ