Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 1014

 

 

Э.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2019/01047 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Н” ХХК-д холбогдох

 

Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу хугацаандаа гүйцэтгээгүйн улмаас төлбөл зохих алдангийн үлдэгдэл 2 905 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Г миний бие “Н” ХХК-тай 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах Тарвалин хотхонд 2 өрөө орон сууцыг захиалан бариулсан юм. Миний бие гэрээний үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлж, нийт төлбөр болох 38 200 000 төгрөгийг хариуцагч компанид төлсөн. “Н” ХХК нь гэрээнд зааснаар 2016 оны 02 дугаар улиралд багтаан орон сууцыг ашиглалтад хүлээлгэн өгөх ёстой байсан боловч 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр актаар хүлээлгэн өгч 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл нийт 500 хоног хоцроосон. Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний 5.4 дах хэсэгт заасны дагуу нийт 3 820 000 төгрөгийн алдангийг нэхэмжлэгч надад төлөх үүрэгтэй болсон. Ийнхүү миний бие хариуцагчаас гэрээний дагуу алданги төлөхийг шаардаж, алдангийн хэмжээг харилцан тооцож 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж дуусгахаар тохиролцсон ба хариуцагч нь 2018 оны 5 дугаар сард бэлнээр 305 000 төгрөг, 6 дугаар сарын 26-ны өдөр дансаар 305 000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дансаар 305 000 төгрөг, нийт 915 000 төгрөгийг нэхэмжлэгч надад төлсөн боловч үлдэгдэл 2 905 000 төгрөгийг төлөлгүй хугацаа удаашруулсаар байна. Мөн хариуцагч нь орон сууцны тагтны цонхийг хийсэн гэх үндэслэлээр түүний үнэ болох 750 000 төгрөгийг алдангиас хасч тооцно гэж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь орон сууц захиалгаар бариулах гэрээгээр тагтанд хаалт цонх хийх талаар харилцан тохиролцоогүй бөгөөд захиалагч надад энэ талаар урьдчилан мэдэгдээгүй атлаа өөрсдийн төлбөрийн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болгон төлбөрийг нэхэмжлэн авч буй нь хууль зүйн үндэслэлгүй юм. Үүнээс гадна тус гүйцэтгэсэн ажил нь чанарын доголдолтой, хажуугаар нь 5 см орчин завсар гарснаас үзэхэд стандартын шаардлагад нийцээгүй байх ба хэрэв гэрээгээр цонхны хаалт хийх ажлыг харилцан тохиролцсон тохиолдолд дээрх доголдолтой ажлын үр дүнг хүлээн авахаас татгалзах байсан юм. Цонхны хаалт хийх талаар Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээг “Н” ХХК-тай байгуулаагүй бөгөөд тухайн байранд нүүж ороход тусгайлан төлбөртэй хийж гүйцэтгэсэн ажил байгааг огт мэдээгүй тул алдангийн төлбөрөөс суутган бодсон нь буруу юм. Иймд гэрээний хугацаа хэтрүүлсэн алдангийн үлдэгдэл төлбөр болох нийт 2 905 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох 2 905 000 төгрөг нь буруу тооцологдсон бөгөөд орон сууц захиалан бариулах №F блок тоот гэрээний 5.4 дэх хэсэгт гүйцэтгэгч нь захиалагт ажлыг гэрээнд заасан хугацаанаас 3 сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 0.02 хувиар хоног тутамд алданги төлнө гэж заасан 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх 411 хоногийн хугацаа хэтрүүлсэн нь нийт 3 140 040 төгрөгийн төлбөрийн алданги гарч байгаа, үүнээс манай байгууллага 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн алданги тооцох актын 1 дүгээр хавсралтын дагуу 305 000 төгрөгийг 3 удаа дансаар болон бэлнээр авсан байдаг. Э.Г нь тухайн актны үнийн дүнг хүлээн зөвшөөрч мөнгө авч байсан нь хэргийн материалд авагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна.

Иргэн Э.Г-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт ...750,000 төгрөгийг алдангиас хасч тооцно гэж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь орон сууц захиалан бариулах гэрээгээр тагтанд хаалт цонх хийх талаар харилцан тохиролцоогүй... гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг эс зөвшөөрч байна. Учир нь манай байгууллага захиалагчдын хүсэлт тэдний аюулгүй байдлыг харгалзан үзээд Хан Цо ХХК-тай Ажил гүйцэтгэх 17/06 дугаартай гэрээ байгуулж ашиглалтад өгч буй байрандаа тагтны хаалт хийлгэсэн /гэрээг хавсаргав/ ... Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахьхэсэгт ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас батлагдсан жишиг үнийн жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн бодит үнэлгээгээр бодож хөлс төлнө гэж заасан байдаг. Иймээс иргэн Э.Г-ийн өмчлөлийн 47А дугаар байрны 8 давхрын 58 тоотын тагтны хаалт хийлгэсэн 700 000 төгрөгийг тухайн нөхцөл байдалд алдангиас суутгах нь үндэслэлтэй юм.

Иргэн Э.Г мөн нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт ...тус гүйцэтгэсэн ажил нь чанарын доголдолтой, хажуугаар 5 см орчим завсар гарснаас үзэхэд стандартын шаардлагад нийцээгүй... гэсэн байна, уг доголдлыг манай байгууллага тагтны хаалт хийсэн гүйцэтгэгч компаниар засч янзлуулах бүрэн боломжтой юм. Гэрээний дагуу мөн хуулийн 353 дугаар зүйлийн 353.3 дахь хэсэгт хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо хэмжээ чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ. Орон сууц захиалан бариулах №F блок тоот гэрээний 4 дэх хэсгийн 4.2.4-т зааснаар гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдол байвал захиалагч тал ажлын үр дүнг хүлээн авснаас хойш 1 жилийн дотор гомдол гаргах эрхтэй гэж заасан бөгөөд байрны түлхүүр гардаж авснаас хойш 1 жил 2 сарын хугацаа хэтэрсэний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул шаардах эрхгүй юм. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Иймд дээрх хуулийн зохицуулалт болон гэрээний заалтууд, бодит нөхцөл байдал зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзах үндэслэл болж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-иас алдангийн үлдэгдэл 2 905 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Г-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61 430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 61 430 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Г-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь нотлох баримтад тулгуурласан байх шаардлагыг хангаагүй. Хэргийн материалаас үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдсан"...тус гүйцэтгэсэн ажил нь чанарын доголдолтой, хажуугаар 5 см орчим завсар гарснаас үзэхэд стандартын шаардлагад нийцээгүй..." гэсэн үндэслэлээр тагтны хаалтны үнийн дүн болох 700 000 төгрөгийг алдангиас хасч тооцохгүй байгаа нь бодит нотлох баримт байсаар байхад шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслэсэн байх зарчмыг хангаагүй байна гэж үзэж мөн хариуцагчийн хөрөнгө мөнгөөр хийгдсэн уг ажлыг үнэлээгүй байна. Ийнхүү нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан 2 905 000 төгрөгийн алдангийг манай байгууллага төлөх үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Э.Г нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээний дагуу үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн улмаас төлбөл зохих алдангийн үлдэгдэл 2 905 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Талуудын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчид Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Маахуур гудамжны “F” блокын 1 дүгээр орц, 8 дугаар давхар, А тоот, 2 өрөө, 38,2 м.кв талбайтай орон сууцыг 2016 оны 2 дугаар улиралд багтаан шилжүүлэх, нэхэмжлэгч нь хариуцагчид дээрх орон сууцны нэгж м.кв-ын үнийг 1 000 000 төгрөгөөр тооцож, нийт 38 200 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байна.            

        /хх 4-7 дах тал/

 

            Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

            Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 24 400 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 11 200 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 2 600 000 төгрөг, нийт 38 200 000 төгрөг төлсөн болох нь хэргийн 10 дах талд авагдсан орлогын ордер тасалбар болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 2.6 дах хэсэгт “Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг 2016 оны 2 дугаар улиралд багтаан гүйцэтгэнэ” гэж заасан бөгөөд хариуцагч нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дээрх орон сууцыг ашиглалтад оруулж нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

            Талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээний 5.4 дэх хэсэгт “Гүйцэтгэгч нь захиалагт ажлыг гэрээнд заасан хугацаанаас 3 сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 0,02 хувиар хоног тутамд алданги төлнө” гэж тохиролцсон бөгөөд хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дах хэсэгт зааснаар хариуцагчаас алданги шаардах эрхтэй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж зааснаар хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

            Хариуцагч нь гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй үйл баримтын талаар маргаагүй бөгөөд тэрээр гэрээний алдангид 2018 оны 5 дугаар сард бэлнээр 305 000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр дансаар 305 000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 305 000 төгрөг, нийт 915 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн ба хариуцагч нь орон сууцны тагтны хаалтыг 700 000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн тул нэхэмжлэгчид төлөх алдангиас 700 000 төгрөгийг хасч тооцно гэж маргасан боловч хариуцагч нь нэхэмжлэгчид төсвийн хэмжээ нэмэгдэж байгаа талаар мэдэгдэх үүргээ биелүүлээгүй тул алдангиас         700 000 төгрөг хасч тооцох үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

            Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний тохиролцоог буруу тайлбарлаж гэрээний хугацаа дууссан 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс орон сууцыг хүлээн авсан 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл нийт 500 хоногоор тооцсон нь буруу байх тул зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 5.4 дэх хэсэгт захиалгат ажлыг гэрээнд заасан хугацаанаас 3 сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн гэж тохиролцсон тул 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл нийт 411 хоногийн алданги нийт 3 140 040 /411 хоног*7 640 төгрөг=3 140 040/ төгрөгөөс хариуцагчийн төлсөн 915 000 төгрөгийг хасч тооцон хариуцагч “Ноён шаг” ХХК-иас алданги 2 225 040 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 679 960 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2019/01047 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-иас алданги 2 225 040 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 679 960 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дах заалтын “61 430” гэснийг “50 550” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61 430 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

 

                             ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ