Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2019/01047

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 10 өдөр         Дугаар 101/ШШ2019/01047                      Улаанбаатар хот

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                       

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, 30 дугаар байрны 10 тоотод оршин суух хаягтай, одоо Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Тарвалин хотхон, В байрны 32 тоотод оршин суух, Номч овогт Эрдэнэбатын Ганцэцэг /регистрийн дугаар ЦА85082866/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Тарвалин хотхон, 48а дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах, “Ноён шаг” ХХК /улсын бүртгэлийн дугаар 9011502006, регистрийн дугаар 5872251/-д холбогдох

 

Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн улмаас төлбөл зохих алдангийн үлдэгдэл 2,905,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Ганцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ану, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Э.Ганцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Э.Ганцэцэг миний бие “Ноён шаг” ХХК-тай 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулж, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах Тарвалин хотхонд 2 өрөө орон сууцыг захиалан бариулсан юм. Миний бие гэрээний үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлж, нийт төлбөр болох 38,200,000 төгрөгийг хариуцагч компанид төлсөн. “Ноён шаг” ХХК нь гэрээнд зааснаар 2016 оны 02 дугаар улиралд багтаан орон сууцыг ашиглалтанд хүлээлгэн өгөх ёстой байсан боловч 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр актаар хүлээлгэн өгч 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл нийт 500 хоног хоцроосон. “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний 5.4-т “Гүйцэтгэгч захиалагч ажлыг гэрээнд заасан хугацаанаас 3 сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 0.02 хувиар хоног тутамд төлнө” гэж заасны дагуу нийт 3,820,000 төгрөгийн алдангийг нэхэмжлэгч надад төлөх үүрэгтэй болсон. Ийнхүү миний бие хариуцагчаас гэрээний дагуу алданги төлөхийг шаардаж, алдангийн хэмжээг харилцан тооцож 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж дуусгахаар тохиролцсон ба хариуцагч нь 2018 оны 5 дугаар сард бэлнээр 305,000 төгрөг, 6 дугаар сарын 26-ны өдөр дансаар 305,000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дансаар 305,000 төгрөг нийт 915,000 төгрөгийг нэхэмжлэгч надад төлсөн боловч үлдэгдэл 2,905,000 төгрөгийг төлөлгүй хугацаа удаашруулсаар байна. Мөн хариуцагч нь орон сууцны тагтны цонхийг хийсэн гэх үндэслэлээр түүний үнэ болох 750,000 төгрөгийг алдангиас хасч тооцно гэж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ээр тагтанд хаалт цонх хийх талаар харилцан тохиролцоогүй бөгөөд захиалагч надад энэ талаар урьдчилан мэдэгдээгүй атлаа өөрсдийн төлбөрийн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болгон төлбөрийг нэхэмжлэн авч буй нь хууль зүйн үндэслэлгүй юм. Үүнээс гадна тус гүйцэтгэсэн ажил нь чанарын доголдолтой, хажуугаар нь 5 см орчин завсар гарснаас үзэхэд стандартын шаардлагад нийцээгүй байх ба хэрэв гэрээгээр цонхны хаалт хийх ажлыг харилцан тохиролцсон тохиолдолд дээрх доголдолтой ажлын үр дүнг хүлээн авахаас татгалзах байсан юм. Цонхны хаалт хийх талаар Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээг “Ноён шаг” ХХК-тай байгуулаагүй бөгөөд тухайн байранд нүүж ороход тусгайлан төлбөртэй хийж гүйцэтгэсэн ажил байгааг огт мэдээгүй тул алдангийн төлбөрөөс суутган бодсон нь буруу юм.

Иймд гэрээний хугацаа хэтрүүлсэн алдангийн үлдэгдэл төлбөр болох нийт 2,905,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Ноён шаг” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ану шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллагыг хариуцагчаар татсан, “Орон сууц захиалан бариулах гэрээ”- ний дагуу гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн улмаас төлвөл зохих алдангийн үлдэгдэл 2,905,000 төгрөгийг “Ноён шаг” ХХК-иас гаргуулах тухай гэсэн шаардлага бүхий иргэн Номч овогтой Эрдэнэбатын Ганцэцэг /ЦА85082866/-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээр үүсгэсэн иргэний хэргийн материалтай танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1 дүгээрт: Нэхэмжлэлийн шаардлага болох 2,905,000 төгрөг нь буруу тооцологдсон бөгөөд “Орон сууц захиалан бариулах №F блок тоот гэрээ”-ний 5.4 дэх хэсэгт гүйцэтгэгч нь захиалагт ажлыг гэрээнд заасан хугацаанаас 3 сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 0.02 хувиар хоног тутамд алданги төлнө гэж заасан 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх 411 хоногийн хугацаа хэтрүүлсэн нь нийт 3,140,040 төлбөрийн алданги гарч байгаа юм, үүнээс манай байгууллага 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн алданги тооцох актын 1 дүгээр хавсралтын дагуу 305,000 төгрөгийг 3 удаа дансаар болон бэлнээр авсан байдаг. Э.Ганцэцэг нь тухайн актны үнийн дүнг хүлээн зөвшөөрч мөнгө авч байсан нь хэргийн материалд авагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна.

2 дугаарт: Иргэн Э.Ганцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт “...750,000 төгрөгийг алдангиас хасч тооцно гэж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь орон сууц захиалан бариулах гэрээгээр тагтанд хаалт цонх хийх талаар харилцан тохиролцоогүй...” гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг эс зөвшөөрч байна. Учир нь манай байгууллага захиалагчдын хүсэлт тэдний аюулгүй байдлыг харгалзан үзээд “Хан Цо” ХХК-тай “Ажил гүйцэтгэх 17/06 дугаартай гэрээ” байгуулж ашиглалтанд өгч буй байрандаа тагтны хаалт хийлгэсэн /гэрээг хавсаргав/ ...” Монгол Улсын Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас батлагдсан жишиг үнийн жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн бодит үнэлгээгээр бодож хөлс төлнө гэж заасан байдаг. Иймээс иргэн Э.Ганцэцэгийн өмчлөлийн 47А дугаар байрны 8 давхрын 58 тоотын тагтны хаалт хийлгэсэн 700,000 төгрөгийг тухайн нөхцөл байдалд алдангиас суутгах нь үндэслэлтэй юм.

3 дугаарт: Иргэн Э.Ганцэцэг мөн нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт “...тус гүйцэтгэсэн ажил нь чанарын доголдолтой, хажуугаар 5 см орчим завсар гарснаас үзэхэд стандартын шаардлагад нийцээгүй...” гэсэн байна, уг доголдлыг манай байгууллага тагтны хаалт хийсэн гүйцэтгэгч компаниар засч янзлуулах бүрэн боломжтой юм. Гэрээний дагуу мөн хуулийн 353 дугаар зүйлийн 353.3 дахь хэсэгт хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо хэмжээ чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ. “Орон сууц захиалан бариулах №F блок тоот гэрээ”-ний 4 дэх хэсгийн 4.2.4-т зааснаар гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдол байвал захиалагч тал ажлын үр дүнг хүлээн авснаас хойш 1 жилийн дотор гомдол гаргах эрхтэй гэж заасан бөгөөд байрны түлхүүр гардаж авснаас хойш 1 жил 2 сарын хугацаа хэтэрсэний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул шаардах эрхгүй болж байгаа юм”. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар “Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана”.

Иймд дээрхи хуулийн зохицуулалт болон гэрээний заалтууд, бодит нөхцөл байдал зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзах үндэслэл болж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Ганцэцэг нь хариуцагч “Ноён шаг” ХХК-д холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээний дагуу үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн улмаас төлбөл зохих алдангийн үлдэгдэл 2,905,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч “Ноён шаг” ХХК нь гэрээний дагуу зохих алдангийг төлсөн, орон сууцны тагт хийлгэсний зардалд 700,000 төгрөгийг алдангиас суутган тооцох ёстой, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Э.Ганцэцэг нь “Ноён шаг” ХХК-тай 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр “F блок” дугаартай “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ”-г байгуулж, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Маахуур гудамжны F блокын 1 дүгээр орц, 8 давхар, А тоот, 2 өрөө, нэгж мкв талбайн үнэ нь 1,000,000 төгрөг, 38,2 мкв талбайтай, нийт үнэ нь 38,200,000 төгрөг байхаар, уг гэрээний 2.6-д “Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг 2016 оны 02 дугаар улиралд багтаан гүйцэтгэнэ” гэж харилцан тохиролцсон байх ба энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

 

Гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ нэхэмжлэгч Э.Ганцэцэг /нөхөр Я.Эрдэнэбат/ нь биелүүлж, 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 24,400,000 төгрөг, 10 дугаар сарын 03-ны өдөр 11,200,000 төгрөг, 10 дугаар сарын 05-ны өдөр 2,600,000 төгрөг, нийт 38,200,000 төгрөгийг хариуцагч “Ноён шаг” ХХК-д төлсөн болох нь “Орлогын ордер тасалбар”, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Харин гэрээний 2.6-д зааснаар ажил гүйцэтгэгч буюу хариуцагч “Ноён шаг” ХХК нь гэрээнд заасан ажлыг 2016 оны 02 дугаар улиралд багтаан гүйцэтгэхээр тохирсон боловч 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр орон сууцыг ашиглалтад оруулж, энэ өдөр Э.Ганцэцэг нь ажлын гүйцэтгэл буюу орон сууцыг хүлээн авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба энэхүү хугацааны хувьд зохигчид маргаагүй болно.

 

Ийнхүү хариуцагч “Ноён шаг” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээний 5.4-т “Гүйцэтгэгч нь захиалгат ажлыг гэрээнд заасан хугацаанаас 3 сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 0,02 хувиар хоног тутамд алданги төлнө” гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасан зохицуулалтад нийцсэн, энэхүү зохицуулалтын дагуу хэтэрсэн хугацааны алдангийг нэхэмжлэгч шаардаж байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээний 2.6 болон 5.4 дэх заалтыг үндэслэн 2016 оны 02 дугаар улирлыг дуусган 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн орон сууцыг хүлээн авсан 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацааны алдангийг 500 хоногоор тооцон, нийт алдангид 3,820,000 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж зааснаар зохигчдын хооронд байгуулсан гэрээний хугацаа нь 2016 оны 02 дугаар улирал буюу 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болж байна гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Зохигчид Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1-д ажлын онцлогийг харгалзан завсрын буюу тусгай хугацаа тогтоож болохоор заасан боловч талуудын хооронд ажил гүйцэтгэх хугацааны талаар тохиролцоо хийгдээгүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “... гэрээний 5.4 дэх хэсэгт гүйцэтгэгч нь захиалагт ажлыг гэрээнд заасан хугацаанаас 3 сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 0.02 хувиар хоног тутамд алданги төлнө гэж заасан тул 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс...” эхлэн алданги тооцох нь зүйтэй гэж маргаж байгаа бөгөөд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар гэрээний энэхүү заалтыг тайлбарлавал ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх хугацааг 3 сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн нөхцөл байдлыг ойлгохоор байх бөгөөд харин гэрээний хугацаа дууссан 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 3 сар өнгөрсөний дараа алдангийг тооцохоор тохирсон гэж үзэхээргүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэхүү тайлбар, татгалзал нь үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь гэрээний алдангид  2018 оны 5 дугаар сард бэлнээр 305,000 төгрөг, 6 дугаар сарын 26-ны өдөр дансаар 305,000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дансаар 305,000 төгрөг, нийт 915,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд захиалан бариулсан орон сууцанд тагтны хаалт хийх ажлыг тусгаагүй ба гэрээ байгуулагдсанаас хойш хариуцагч “Ноён шаг” ХХК нь “Хан цо” ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр тагтны хаалт үйлдвэрлэн, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нэг айлын орон сууцны тагтны хаалтны үнэлгээ нь 700,000 төгрөг ба үүнийг нэхэмжлэгчид төлөх алдангиас суутган тооцно гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-т “Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид төсвийн хэмжээ нэмэгдэж байгаа талаар мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байх тул алдангийн төлбөрөөс 700,000 төгрөгийг хасч тооцох үндэслэлгүй юм.

 

Гэрээний хугацаа дууссан 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс орон сууцыг хүлээн авсан 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл нийт 504 хоног байх бөгөөд гэрээний үнийн дүн 38,200,000 төгрөгөөс нэг өдрийн алдангийг 0,02 хувиар тооцоход 7640 төгрөг ба 504 хоногоор тооцвол нийт 3,850,560 төгрөг гарч байна.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хугацаа хэтэрсэн хоногийг 500 хоногоор тооцон 3,820,000 төгрөг, үүнээс алдангид авсан 915,000 төгрөгийг хасч тооцон 2,905,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн, харин шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг, маргааныг шийдвэрлэх учиртай ба дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

    

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч “Ноён шаг” ХХК-иас алдангийн үлдэгдэл 2,905,000 /хоёр сая есөн зуун таван мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Ганцэцэгт олгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ноён шаг” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 61,430 /жаран нэгэн мянга дөрвөн зуун гуч/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Ганцэцэгт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ