Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2020/03201

 


2020 12 16 183/ШШ2020/03201

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө 0 байр, 0 тоот хаягт оршин суух, Ж.Д /РД:000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэр гудамж 54-2 тоот хаягт байршилтай 640 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалтай үл хөдлөх хөрөнгө мөн тус хаягт байрлах 360 м.кв талбайг газрын хамт зах зээлийн үнийг 497,600,000 төгрөгөөр шинжээч тогтоосон. Энэхүү үнэлгээний тайланг шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2020.10.04-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч С.Г утсаар ярьж үнэлгээний тайлан гарсан, ирж танилцах талаар мэдэгдсэн. Тухайн үед ар гэрийн гачигдал гарсан тул очиж танилцаж чадаагүй тул шуудангаар илгээх саналаа шийдвэр гүйцэтгэгч С.Гмэдэгдсэн. Би 2020.10.12-ны өдөр үнэлгээний тайланг хүлээн авч, 2020.10.19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар хөрөнгийн зүйлийн шинж байдал онцлог зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн жишиг үнийн орлогын аргуудыг хослуулан зах зээлийн үнэлгээг тогтоох байтал үнэлгээчин газрыг үнэлэхдээ Монгол улсын засгийн газрын 2018.06.20-ны өдрийн 108 тогтоолын 3 дугаар хавсралтын дагуу газрын суурь үнэлгээгээр тооцож газрын үнэлгээг тогтоосон. Суурь үнэлгээ зах зээлийн үнэлгээ хоёр өөр ойлголт. Гэтэл үнэлэгдэж байгаа объектыг хэт доогуур үнэлсэн. Үнэлэгдэж буй хөрөнгийн элэгдлийн төлөвийг ашиглалтын хугацааны хувьд гэж үзэж,ашигласан хугацаанд ногдох биет элэгдлийг тооцно гэж заасан бөгөөд хөрөнгүүд нь хийц чанар байдал сайн, ашиглалтын өнөөгийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж байгаа тул үйл ажиллагааны элэгдэл байхгүй гэж үзсэн. Иймд хөрөнгийг газрын хамт 497,600,000 төгрөгөөр үнэлж байгаа нь үнэлгээний тухай хууль болон зорилгод нийцэхгүй байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү ... гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.02.13-ны өдрийн 303 дугаар шийдвэрээр Дашдэмбэрэлээс нийт 283,515,535 төгрөгийг гаргуулж Э.к ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019.04.19-ний өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй. Төлбөр төлөгч Дашдэмбэрэлийн үүргийн гүйцэтгэлд байсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020800 дугаартай Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэр гудамж 54-2 тоот хаягт байршилтай 640 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалтай үл хөдлөх хөрөнгө мөн тус хаягт байрлах 360 м.кв талбайтай газрын хамт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2020.01.22-ны өдрийн 19290568/01 тогтоолоор битүүмжилж, 2020.03.03-ны өдрийн 19290561/02 дугаар тогтоолоор хураасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөрт хураасан үл хөдлөх хөрөнгөд үнийн санал ирүүлснийг талуудад албан бичгүүдээр мэдэгдсэн боловч талууд үнийн саналаа ирүүлээгүй. Иймд 2020.09.25-ны өдрийн 9/472 дугаартай шинжээч томилох тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Файн эстимейт ХХК-ийг томилж, шинжээч 2020.10.01-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг 497,600,000 төгрөгөөр зах зээлийн үнийг тогтоож, үнэлгээний тайланг ирүүлсэн. Өмнө тус хөрөнгийг үнэлүүлсэн үнэлгээнд нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож шүүх шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэл нь объект газар хоёрыг үнэлэхдээ үнэлгээний тайландаа газрын үнэлгээг тодорхой тусгаагүй байна гэсэн үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу үнэлгээ тогтоох ажиллагааг шийдвэр гүйцэтгэх байгууллага дахин явуулсан ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу Файн эстимейт ХХК үнэлгээг 497,600,000 төгрөгөөр тогтоосон. Үнэлгээчин шүүхийн шийдвэрт заасан алдааг засаж, газрын үнэлгээг Засгийн газраас баталсан газрын суурь үнийг баримталж хөрөнгийн үнэлгээг тогтоосон нь хууль зөрчөөгүй. Үнэлгээний тайланг 2020.10.01-ний өдөр ирүүлж, талуудад тайланг 2020.10.05-ны өдөр 4-190/36329 албан бичгийг үйлдэж анхны албадан дуудлага худалдааг 2020 оны 10 дугаар сарын 29-ны өдөр зохин байгуулахаар тогтоож, анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол мэдэгдлийг 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 4-190/34420 албан бичээр мэдэгдсэн.Төлбөр төлөгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид утсаар мэдэгдэж тэмдэглэл үйлдэн, давхар шуудангаар хүргүүлсэн. Нэхэмжлэгч нь 2020.10.12-ны өдөр үнэлгээний мэдээллийг хүлээн авсан. Иймд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдол хуульд заасан 7 хоногийн дотор шүүхэд гаргах болно гэдгийг зөрчсөн. Шинжээчийн тогтоосон үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт бага нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоохгүй байна. Ж.Д нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг болоод төлбөр авагчийн эрх ашгийг зөрчиж байгаа нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв

 

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Д нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаартай, Хан-Уул дүүрэг 0 дугаар хороо, Үйлдвэр /0/ гудамж 0 тоот хаягт байршилтай, 0 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 0 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон газрын хамт 497,600,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/00303 дугаар шийдвэрээр Ж.Дээс 281,877,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.к ББСБ ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаартай, 0хаягт байршилтай, 640 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 360 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон газрын хамт дуудлага худалдаагаар худалдаж, олсон орлогоос үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэжээ. /х.х-ийн 44-45 хуудас/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаарх 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 4-190/36329 дугаар мэдэгдлийг төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид утсаар мэдэгдэж, шуудангаар уг мэдэгдлийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч хүргүүлснийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр буюу Даваа гаригт итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан 7 хоногийн хугацаанд шүүхэд шаардах эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлсэн байна гэж шүүх дүгнэлээ. /х.х-94 хуудас/

 

Нэхэмжлэгч Ж.Д нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар маргаан байхгүй, харин газрын үнэлгээг Засгийн газраас баталсан газрын суурь үнэлгээг баримтлан үнэлгээ тогтоож, эд хөрөнгийн үнийг 50 хувиар буруулж зах зээлийн үнээс хэт доогуур, жишиг үнэд нийцээгүй бага үнээр буюу хөрөнгийг 497,600,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарладаг.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд үнэлсэн, хуульд заасан хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээ шүүхэд гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

 

0хаягт байршилтай, 640 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь, мөн хаягт байрлах 360 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалтай газрын эзэмшигч нь Энх-Улз ХХК болох нь өмчлөх болон эзэмших эрхийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна. /хх 46-47 хуудас/

 

Эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаартай, 0хаягт байршилтай, 640 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 360 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон газрыг, 2020 оны 01 дүгээр сарын 22-ний өдөр 19290568/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 19290568/02 тоот тогтоолоор хураажээ. /х.х-ийн 53-55, 55-56 хуудас/

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх эд хөрөнгүүдийн үнийн саналаа ирүүлэхийг 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр төлбөр төлөгч Ж.Дд мэдэгдсэн боловч төлбөр төлөгч үнийн саналаа ирүүлээгүй байх ба төлбөр авагч Э.к ББСБ ХХК нь 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр дээрх хөрөнгүүдийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна. Улмаар шийдвэр гүйцэтгэх байгууллага эд хөрөнгүүдийн зах зээлийн үнийг тогтоолгохоор Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилжээ. Ийнхүү 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 141/01 дугаартай Хөрөнгө эстимэйт ХХК-ийн үнэлгээг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 1759 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон үйл баримт тогтоогдож байна. /х.х-ийн 58-63 хуудас/

 

Улмаар шүүхийн шийдвэрийн дагуу үнэлгээ тогтоосон ажиллагааг дахин гүйцэтгэхээр 2020 оны 9 дугаар сарын 25-ны өдрийн 9/472 дугаар тогтоолоор Файн эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаартай, 0хаягт байршилтай, 640 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 360 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон газрын хамт хөрөнгүүдийг 497,600,000 төгрөгөөр үнэлүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцсэн байна. /х.х-ин 64-93 хуудас/

 

Өөрөөр хэлбэл тус шүүхийн 1759 дугаар шийдвэрт заасан зөрчлийг арилгасан байх ба хөрөнгийн үнэлгээний тайланд ... газар эзэмших эрхийн үнэлгээг хийхдээ Монгол улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 182 тоот тогтоолоор батлагдсан Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл /бүс/, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай тогтоолын 3 дугаар хавсралтад заасан Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл, /бүс/,.. зэргийг харгалзан тухайн зэрэглэлд хамаарах суурь үнэлгээний үнээр тооцож газар эзэмших эрхийн үнэлгээг 43,384,000 төгрөгөөр үнэлснийг буруутгах үндэслэлгүй байна.

Шинжээч газар эзэмших эрхийг Засгийн газраас тогтоосон газрын суурь үнэлгээг баримталж үнэлсэн нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх ба тухайн газрыг гэрээний үндсэн дээр төлбөр төлөгч эзэмшиж байна. Газар эзэмших эрхийн хугацаа дууссан үед газрын өмч Төр уг газрыг эзэмшигчээс шаардах эрхтэй бөгөөд эзэмших эрхтэй газрыг Засгийн газраас тогтоосон суурь үнэлгээг баримтлан үнэлсэн нь төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

 

Мөн Файн эстимэйт ХХК нь эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаартай, 0хаягт байршилтай, 640 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 360 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон газрын хамт хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг 497,600,000 төгрөгөөр тогтоосон байх ба үнэлгээг тодорхойлсон арга, аргачлал зэргийг дүгнэлтдээ тодорхой дурдаж, холбогдох фото зургуудыг хавсаргажээ. /х.х-ийн 65-92 хуудас/

 

Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, үнэлгээ тогтоосон шинжээчийн үйл ажиллагаа хууль зөрчөөгүй, дүгнэлтдээ тодорхойлсон арга, аргачлалыг тодорхой дурдсан, хөрөнгүүдийн үнэлгээ үндэслэлгүй, зах зээлийн үнээс доогуур үнэлсэн, эргэлзээтэй болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаартай, 0хаягт байршилтай, 640 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 360 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон газрын хамт 497,600,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар 55.7. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаартай, 0хаягт байршилтай, 640 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 360 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон газрын хамт 497,600,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.Дийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 


 

ШҮҮГЧ Ц.О