Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/00394

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/00394

 

Ж.Дийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2020/03201 дугаар шийдвэртэй

Ж.Дийн нэхэмжлэлтэй хариуцагч НШШГГт холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .....шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэр гудамж 54-2 тоот хаягт байршилтай 640 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалтай үл хөдлөх хөрөнгө мөн тус хаягт байрлах 360 м.кв талбайг газрын хамт зах зээлийн үнийг 497 600 000 төгрөгөөр шинжээч тогтоосон. Энэхүү үнэлгээний тайланг шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч С.Г утсаар ярьж үнэлгээний тайлан гарсан, ирж танилцах талаар мэдэгдсэн. Тухайн үед ар гэрийн гачигдал гарсан тул очиж танилцаж чадаагүй тул шуудангаар илгээх саналаа шийдвэр гүйцэтгэгч С.Гд мэдэгдсэн. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар хөрөнгийн зүйлийн шинж байдал онцлог зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн жишиг үнийн орлогын аргуудыг хослуулан зах зээлийн үнэлгээг тогтоох байтал үнэлгээчин газрыг үнэлэхдээ Монгол улсын засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 108 тогтоолын 3 дугаар хавсралтын дагуу газрын суурь үнэлгээгээр тооцож газрын үнэлгээг тогтоосон. Суурь үнэлгээ зах зээлийн үнэлгээ хоёр өөр ойлголт. Гэтэл үнэлэгдэж байгаа объектыг хэт доогуур үнэлсэн. Үнэлэгдэж буй хөрөнгийн элэгдлийн төлөвийг ашиглалтын хугацааны хувьд гэж үзэж, ашигласан хугацаанд ногдох биет элэгдлийг тооцно гэж заасан бөгөөд хөрөнгүүд нь хийц чанар байдал сайн, ашиглалтын өнөөгийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж байгаа тул үйл ажиллагааны элэгдэл байхгүй гэж үзсэн. Иймд хөрөнгийг газрын хамт 497 600 000 төгрөгөөр үнэлж байгаа нь үнэлгээний тухай хууль болон зорилгод нийцэхгүй байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 303 дугаар шийдвэрээр Ж.Дээс нийт 283 515 535 төгрөгийг гаргуулж Э ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй. Төлбөр төлөгч Ж.Дийн үүргийн гүйцэтгэлд байсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020800 дугаартай Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэр гудамж 54-2 тоот хаягт байршилтай 640 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалтай үл хөдлөх хөрөнгө мөн тус хаягт байрлах 360 м.кв талбайтай газрын хамт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 19290568/01 тогтоолоор битүүмжилж, 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 19290561/02 дугаар тогтоолоор хураасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөрт хураасан үл хөдлөх хөрөнгөд үнийн санал ирүүлснийг талуудад албан бичгүүдээр мэдэгдсэн боловч талууд үнийн саналаа ирүүлээгүй. Иймд 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 9/472 дугаартай шинжээч томилох тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Ф ХХК-ийг томилж, шинжээч 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үл хөдлөх хөрөнгийг 497 600 000 төгрөгөөр зах зээлийн үнийг тогтоож, үнэлгээний тайланг ирүүлсэн. Өмнө тус хөрөнгийг үнэлүүлсэн үнэлгээнд нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож шүүх шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэл нь объект газар хоёрыг үнэлэхдээ үнэлгээний тайландаа газрын үнэлгээг тодорхой тусгаагүй байна гэсэн үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу үнэлгээ тогтоох ажиллагааг шийдвэр гүйцэтгэх байгууллага дахин явуулсан ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу Ф ХХК үнэлгээг 497 600 000 төгрөгөөр тогтоосон. Үнэлгээчин шүүхийн шийдвэрт заасан алдааг засаж, газрын үнэлгээг Засгийн газраас баталсан газрын суурь үнийг баримталж хөрөнгийн үнэлгээг тогтоосон нь хууль зөрчөөгүй. Үнэлгээний тайланг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ирүүлж, талуудад тайланг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 4-190/36329 албан бичгийг үйлдэж анхны албадан дуудлага худалдааг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулахаар тогтоож, анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол мэдэгдлийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4-190/34420 албан бичээр мэдэгдсэн. Төлбөр төлөгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид утсаар мэдэгдэж тэмдэглэл үйлдэн, давхар шуудангаар хүргүүлсэн. Нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үнэлгээний мэдээллийг хүлээн авсан. Иймд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдол хуульд заасан 7 хоногийн дотор шүүхэд гаргах болно гэдгийг зөрчсөн. Шинжээчийн тогтоосон үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт бага нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоохгүй байна. Ж.Д нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг болоод төлбөр авагчийн эрх ашгийг зөрчиж байгаа нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ШҮҮХ: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар 55.7. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан НШШГГт холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү-220620800 дугаартай, Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо, Үйлдвэр /17042/ гудамж 54/2 тоот хаягт байршилтай, 640 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 360 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон газрын хамт 497 600 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.Дийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Хөрөнгийн үнэлгээг гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэснийг мөн 8.2 дахь хэсэгт Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дангаараа, эсхүл төрийн холбогдох эрх бүхий байгууллагатай хамтран тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, зориулалтад нийцсэн хөрөнгийн үнэлгээний аргачлалыг баталж, мөрдүүлнэ гэснийг зөрчиж Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 182 тоот тогтоолоор батлагдсан Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл /бүс/, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай тогтоолын 3 дугаар хавсралтад зааснаар суурь үнэлгээний үнээр тооцож газрыг 43 384 000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй хууль зөрчсөн. Ингэж хуульд зааснаар үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандартад нийцүүлэн үнэлэхгүй газрын суурь үнэлгээг тогтоох байсан бол тусгай мэдлэг бүхий зөвшөөрөлтэй байгууллагыг шинжээчээр томилж үнэлгээ гаргуулах шаардлага байхгүй. Файн Эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайланд 640 м.кв үйлдвэрийн барилгыг үнэлэхдээ 2010-2013 оны хооронд ашиглалтад орсон 980 000 000-2 000 000 000 төгрөгөөр худалдаалагдах үл хөдлөх эд хөрөнгүүдтэй харьцуулсан судалгааг хийсэн бөгөөд үнэлэгдэж буй хөрөнгийн үнэлгээг харьцуулан судалсан хөрөнгүүдээс хэт доогуур үнэлсэн. Ингэж хэт доогуур үнэлсэн нь үнэлгээний тайлангийн Үнэлгээний ерөнхий мэдээлэл хэсгийн 1.11.2-т үнэлэгдэж буй хөрөнгүүд нь хийцийн чанар байдал сайн, ашиглалтын өнөөгийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж байгаа тул үйл ажиллагааны элэгдэл байхгүй гэж үзлээ, 1.11.3-т Ойролцоо байршил ижил хийц бүтээцээр баригдсан хөрөнгийн зах зээлийн үнэ болон түрээсийн мэдээлэлд тулгуурлан тооцсон эдийн засгийн хоцрогдол байхгүй гэж үзсэн гэсэнтэй нийцэхгүй зөрчилдөж байна. Учир нь, харьцуулагдсан жижиг хөрөнгө №1 1152 м.кв, газар нь 361 м.кв үнэ 2 000 000 000 төгрөг, хөрөнгө №2 300 м.кв, газар 1 400 000 000 төгрөг, хөрөнгө №3 500 м.кв, газар 1000 м.кв үнэ 980 000 000 байгаа бөгөөд үнэлэгдэж буй хөрөнгө 640 м.кв, газар 360 м.кв үнэлэгдсэн үнэ 497 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд үнэлэгдэж буй хөрөнгүүд нь хийцийн чанар байдал сайн, ашиглалтын өнөөгийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж байгаа тул үйл ажиллагааны элэгдэл байхгүй, ойролцоо байршил ижил хийц бүтээцээр баригдсан хөрөнгийн зах зээлийн үнэ болон түрээсийн мэдээлэлд тулгуурлан тооцсон эдийн засгийн хоцрогдол байхгүй гэж үзэж хууль болон үнэлгээний зорилгодоо нийцүүлэн үнэлсэн юм бол үнэлгээ яагаад ийм зөрүүтэй байгаад шүүх үнэлэлт дүгнэлт хийж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Ж.Д нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн тайлбар гаргасан байна. /хх.1-3, 40-41/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...үнэлэгдэж буй объектыг хэт доогуур үнэлсэн, хөрөнгүүд нь хийц чанар байдал сайн, ашиглалтын өнөөгийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан тул ажиллагааны элэгдэл гэж байхгүй гэж тайлбарлажээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/00303 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр хариуцагч Ж.Дээс 281 877 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ББСБ ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх.44-45/

НШШГГ 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 19290568/1 тоот тогтоолоор Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо, Үйлдвэр /17042/ гудамж   хаягт байршилтай, 640 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 360 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон газрыг, 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 19290568/02 дугаар тогтоолоор эд хөрөнгийг хураасан үйл баримт тогтоогджээ. /хх.46, 55/

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Ж.Дд 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 4/7402 тоот мэдэгдлээр Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо, Үйлдвэр /17042/ гудамж  т байршилтай, 640 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 360 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон газрын үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд нэхэмжлэгч тогтоосон хугацаанд үнийн санал өгөөгүй, төлбөр авагч Э ББСБ ХХК шинжээч томилуулах санал гаргасан байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасан бөгөөд төлбөр төлөгч, төлбөр авагч нар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй байх тул НШШГГ 2020 оны 9 дугаар сарын 25-ны өдрийн 9/472 дугаар тогтоолоор Файн-Эстимэйт ХХК-ийг барьцаа хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор шинжээчээр томилсон нь хууль зөрчөөгүй байна. /хх.60-61/

Файн-Эстимэйт ХХК 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайландаа ... Энх Улз ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо, Үйлдвэр /17042/ гудамж  тай, 640 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 360 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон газрын зах зээлийн хандлагаар үнэ цэнийг 497 600 000 төгрөг гэж тогтоосон гэсэн дүгнэлт хийсэн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...эзэмших эрхтэй газрыг Засгийн газраас тогтоосон суурь үнэлгээг баримтлан үнэлсэн нь төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн, хөрөнгийн үнэлгээг харьцуулан судалсан хөрөнгүүдээс хэт доогуур үнэлсэн, үнэлэгдэж буй хөрөнгүүд нь хийцийн чанар байдал сайн, ашиглалтын өнөөгийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж байгаа тул үйл ажиллагааны элэгдэл байхгүй гэсэн үндэслэлээр давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Хөрөнгийн үнэлгээний Файн-Эстимэйт ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг арилжааны харьцуулалтын /зах зээлийн жишиг үнэлгээ/, барилгын элэгдэл тооцсон орлуулалтын өртгийн, арилжааны шууд харьцуулалтын аргаар тус тус үнэ цэнийг тооцсон нь хуульд нийцжээ.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/114 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 178015/0310 дугаар бүхий 360 м.кв газрыг Энх Улз ХХК-д эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон байна. /хх.29/

Шинжээч газрыг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 182 тоот тогтоолоор батлагдсан Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (Бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай тогтоолын 3 дугаар хавсралтад заасан Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (Бүс), 1 га газрын суурь үнэлгээг баримтлан №5-ын дагуу тогтоосон байна. Дээрх ажиллагаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлд нийцсэн байна. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт өгчээ. /хх.68-93/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэсэн тайлбар, гомдлоо нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, барьцаа хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, төлбөр төлөгч нарын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2020/03201 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

Ц.ИЧИНХОРЛОО