Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 1015

 

 

БХАҮН ТӨААТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2019/00202 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч БХАҮН ТӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Я.Б-т холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 17 367 794 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г,

Хариуцагчийн өмгөөлөгч У.Х, Э.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр өөрийн байрны 1 давхрын цайны газрыг түрээслүүлэх ТГ/17-01 тоот гэрээг иргэн Я.Б-тай 2 жилийн хугацаатай байгуулсан ба 1 сарын түрээсийн төлбөрийг 1 300 000 төгрөгөөр тогтоосон юм. Түрээслэгч Я.Б нь гэрээнд заасны дагуу эхний 2 сарын түрээсийн төлбөрийг урьдчилгаа байдлаар төлж, үйл ажиллагаа эхлүүлснээс хойш дахиж төлбөр төлөөгүй. Түрээслэгч Я.Б нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр манай байгууллагад хандаж, хөнгөлөлт үзүүлэх хүсэлт гаргасан. Захирал С.Баасанхүү хүсэлтийг хүлээн авч 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нэмэлт гэрээг байгуулсан. Гэвч түрээслэгч Я.Б нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй манай байгууллагыг хохироож байна. Төлбөр төлөх шаардлагыг удаа дараа явуулсан боловч шаардлагыг биелүүлээгүй. Гэрээний 4.4-т хугацаа хожимдуулсан хоног тутам 0.3 хувийн алданги төлнө гэсэн байна. Манай байгууллага гэрээг 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр цуцалсан тул Я.Б-с 2017 оны 7 дугаар сараас 12 дугаар сарыг хүртэл нийт 6 сарын түрээсийн төлбөр болон ашиглалтын зардал, 2018 оны 4, 5 дугаар сарын түрээсийн төлбөрт 2 000 000 төгрөг нийт 10 617 794 төгрөг, алданги 6 750 000 төгрөг, нийт 17 367 794 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний үнийг 1 000 000 төгрөг болгож буулгаад 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нэмэлт гэрээ байгуулсан болно. Иймд 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 66 дугаартай шаардлагад бичигдсэн нийт 9 521 324 төгрөгийг үлдэгдэлтэй гэж дээрх гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд үнийн тодорхой нөхцөл төлбөрийг тухайн үеийн бодит дүнгээр бичсэн байдаг. Үүнээс 2018 оны 6 сарын 19-ний өдөр Я.Б-с түрээсийн төлбөрт тооцож цайны газрын тоног төхөөрөмж, шилэн эдлэлийг 2 801 500 төгрөгт тооцон хүлээлгэж өгсөн ба үүнийг хасах ёстой. Мөн түрээсийн төлбөрийн сар өдөртэй нь хөтөлж, орлогоо өдөр бүр тушааж гарын үсэг зуруулсан 3 230 500 төгрөгийн орлогыг хасах ёстой. Хоолны тооцооны хуудасд бичигдсэн 280 500 төгрөгийг мөн хасах ёстой. Иймд 3 208 824 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар түрээсийн гэрээг эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Я.Б-с 10 540 167 төгрөгийг гаргуулан БХАҮН ТӨААТҮГ-т олгож, нэхэмжлэлээс 6 827 627 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244 788 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Б-с 183 592 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БХАҮН ТӨААТҮГ-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй, хэт нэг талыг барьж нотлох баримтуудыг дутуу буруу үнэлж шийдвэрлэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн. Учир нь нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа түрээсийн гэрээний дагуу дутуу төлсөн төлбөр гэж шаарддаг. Тэгтэл анхан шатны шүүхээс маргаан бүхий түрээсийн гэрээний харилцааг "эд хөрөнгө хөлслөх гэрээ" хэлцэл хийсэн гэж үзэн Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас өөрөөр шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй төдийгүй хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Талууд 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр түрээсийн ТГ/17-01 дугаартай гэрээгээр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байгууллагынхаа төв байрны 1 давхарын цайны газрыг 2 жилийн хугацаатай түрээслүүлсэн байна. Өөрөөр хэлбэл аж ахуйн зориулалтай буюу цайны газрыг түрээслүүлсэн атал эд хөрөнгө хөлслөх гэрээгээр дүгнэж шийдвэрлэж байгаа нь илтэд хуульд нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа түрээсийн гэрээний дагуу дутуу төлсөн төлбөр гэж шаарддаг ба шаардаж байгаа гэрээний дагуу хэдэн оны хэдэн сарын түрээсийн төлбөрийн дутуу болох нь ойлгомжгүй, тодорхой бус байдаг. Харин хариуцагч талаас иргэний хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нэхэмжилсэн хугацааны түрээсийн төлбөрийг түрээсийн гэрэний дагуу төлж байсан төдийгүй нэхэмжлэгч байгууллагын нягтлан бодогч болон нярав нарт хүлээлгэн өгөөд байсан 3 230 500 төгрөгийн баримтыг хасч тооцолгүй орхигдуулсан. Үндэслэл бүхий хуулийн шаардлага хангасан бичгийн нотлох баримтыг анхан шатны шүүхээс хэрхэн шийдвэрлэсэн талаар шүүхийн шийдвэртээ дурдаж заагаагүй байна. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдаж хуулийг ноцтой зөрчиж буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч БХАҮН ТӨААТҮГ  нь хариуцагч Я.Б-т холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 17 367 794 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Талуудын хооронд 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ТГ/17-01 тоот түрээсийн гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төв байрны 1 дүгээр давхарын цайны газрын зориулалттай байрыг 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай, 1 сарын 13 000 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон бөгөөд дээрх түрээсийн гэрээг талууд өөрчилж 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ /нэмэлт/-г байгуулж, уг гэрээгээр түрээсийн төлбөрийг цаг хугацаанд нь төлж барагдуулаагүйн улмаас үүссэн 5 сар /2017 оны VIII-XII сар/-ын төлбөрийн өр болох нийт 8 166 000 төгрөгийг хөнгөлөлттэй нөхцлөөр төлж барагдуулах, 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар 08-ны өдрийг хүртэл 1 сарын 1 000 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон байна.

 

            Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн харилцааг буруу тодорхойлж Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагын үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой хэсгийг буюу 1 давхарын цайны газрын байрыг аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоор ашиглаж ресторан ажиллуулсан байдлаас үзвэл тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Иймээс хариуцагчийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх гомдлыг хангах үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж заасан бөгөөд талууд дээрх түрээсийн гэрээг бичгээр байгуулсан тул гэрээ хүчин төгөлдөр байна. Түүнчлэн, талуудын байгуулсан түрээсийн гэрээний зүйл нь бие даасан бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө бус түүний нэг хэсэг байх тул дээрх түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, хэрэв улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол гэрээ хүчин төгөлдөр бус байх тухай Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт заасан зохицуулалт тухайн харилцаанд хамааралгүй юм. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгч хариуцагч нь 2017 оны 8 дугаар сараас 2018 оны 3 дугаар сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөр 6 800 000 төгрөг, хэрэглээний зардлын хамт нийт 9 521 324 төгрөг төлөөгүй болохыг тогтоож, 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 66 тоот шаардлага хүргүүлэх тухай албан бичгээр хариуцагчид мэдэгдсэн тул анхан шатны шүүх дээрх баримтыг үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хариуцагчийн төлөх түрээсийн төлбөрийг 9 521 324 төгрөгөөр тооцсон нь зөв болжээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр цуцлагдсан тул нэхэмжлэгч нь 2018 оны 4, 5 дугаар сарын түрээсийн төлбөрийг нэхэмжлэх эрхтэй талаар зөв дүгнэсэн байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 4.4 дэх хэсэгт “Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги тооцон төлнө” гэж тохиролцсон бөгөөд шүүх 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөр 9 521 324 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын түрээсийн төлбөр болох 1 000 000 төгрөгөөс тус тус алданги тооцож, хариуцагч нь нэхэмжлэгчид нийт 1 820 343 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасантай нийцжээ.

 

Түүнчлэн, зохигчид 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хариуцагчийн өмчлөлийн нийт 23 ширхэг тоног төхөөрөмж, эд зүйлийг 2 741 500 төгрөгөөр тооцож, мөн 6 хоолны тооцоо 60 000 төгрөг, нийт 2 801 500 төгрөгийг түрээсийн гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөөс хасч тооцохоор шилжүүлсэн байх тул эд зүйлийн үнэ болох 2 801 500 төгрөгийг хариуцагчийн нэхэмжлэгчид төлөх ёстой түрээсийн төлбөрөөс хасч тооцох талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч Я.Б-с 10 540 167 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БХАҮН ТӨААТҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 827 627 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасантай нийцжээ.

 

“БХАҮН-ийн ТӨААТҮГ-ын цайны газрын түрээсийн орлогын жагсаалт” гэх баримтад бичигдсэн 3 230 500 төгрөгийг түрээсийн төлбөрт авсныг хасч тооцож шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх тайлбарыг хариуцагч үгүйсгэж баримтаар няцааж чадаагүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна. /хэргийн 28 дах тал/

 

Мөн хэргийн 2 дугаар талд нэхэмжлэгч байгууллага шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилж түүнд олгосон итгэмжлэлдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг олгосон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгоогүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлын үндэслэл няцаагдсан тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Хэргийн баримтаас үзвэл шүүхээс хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь зөв байх тул давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2019/00202 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “287 дугаар зүйлийн 287.1” гэснийг “318 дугаар зүйлийн 318.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

 

                             ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ