Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2020/00340

 

БХАҮН

 ТӨААТҮГазрын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2019/00202 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 5 дүгээр сарын 31-ний өдрийн 1015 дугаар магадлалтай,

БХАҮН ТӨААТҮГазрын нэхэмжлэлтэй

Я.Бт холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 17 367 794 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Я.Бын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Буянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр өөрийн байрны 1 давхрын цайны газрыг түрээслүүлэх ТГ/17-01 тоот гэрээг иргэн Я.Бтай 2 жилийн хугацаатай байгуулсан ба 1 сарын түрээсийн төлбөрийг 1 300 000 төгрөгөөр тогтоосон юм. Түрээслэгч Я.Б нь гэрээнд заасны дагуу эхний 2 сарын түрээсийн төлбөрийг урьдчилгаа байдлаар төлж, үйл ажиллагаа эхлүүлснээс хойш дахиж төлбөр төлөөгүй. Түрээслэгч Я.Б нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр манай байгууллагад хандаж, хөнгөлөлт үзүүлэх хүсэлт гаргасан. Захирал С.Баасанхүү хүсэлтийг хүлээн авч 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нэмэлт гэрээг байгуулсан. Гэвч түрээслэгч Я.Б нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй манай байгууллагыг хохироож байна. Төлбөр төлөх шаардлагыг удаа дараа явуулсан боловч шаардлагыг биелүүлээгүй. Гэрээний 4.4-т хугацаа хожимдуулсан хоног тутам 0.3 хувийн алданги төлнө гэсэн байна. Манай байгууллага гэрээг 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр цуцалсан тул Я.Баас 2017 оны 7 дугаар сараас 12 дугаар сарыг хүртэл нийт 6 сарын түрээсийн төлбөр болон ашиглалтын зардал, 2018 оны 4, 5 дугаар сарын түрээсийн төлбөрт 2 000 000 төгрөг нийт 10 617 794 төгрөг, алданги 6 750 000 төгрөг, нийт 17 367 794 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний үнийг 1 000 000 төгрөг болгож буулгаад 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нэмэлт гэрээ байгуулсан болно. Иймд 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 66 дугаартай шаардлагад бичигдсэн нийт 9 521 324 төгрөгийг үлдэгдэлтэй гэж дээрх гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд үнийн тодорхой нөхцөл төлбөрийг тухайн үеийн бодит дүнгээр бичсэн байдаг. Үүнээс 2018 оны 6 сарын 19-ний өдөр Я.Баас түрээсийн төлбөрт тооцож цайны газрын тоног төхөөрөмж, шилэн эдлэлийг 2 801 500 төгрөгт тооцон хүлээлгэж өгсөн ба үүнийг хасах ёстой. Мөн түрээсийн төлбөрийн сар өдөртэй нь хөтөлж, орлогоо өдөр бүр тушааж гарын үсэг зуруулсан 3 230 500 төгрөгийн орлогыг хасах ёстой. Хоолны тооцооны хуудасд бичигдсэн 280 500 төгрөгийг мөн хасах ёстой. Иймд 3 208 824 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар түрээсийн гэрээг эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2019/00202 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Я.Баас 10 540 167 төгрөгийг гаргуулан БХАҮН ТӨААТҮГ-т олгож, нэхэмжлэлээс 6 827 627 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244 788 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Баас 183 592 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БХАҮН ТӨААТҮГ-т олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дүгээр сарын 31-ний өдрийн 1015 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2019/00202 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 287 дугаар зүйлийн 287.1 гэснийг 318 дугаар зүйлийн 318.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Я.Б хяналтын гомдолдоо: Шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Учир нь БХАҮН ТӨААТҮГ-ын ерөнхий захирал С.Баасанхүү нэхэмжлэл гаргаж түүнчлэн байгууллагыг төлөөлж Ш.Ганбатад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэл олгожээ. Ш.Ганбат нь байгууллага төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн хэдий ч нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш юм аа. Хэрэгт цугларсан баримтаас харахад нэхэмжлэгч талын ерөнхий захирал гэх С.Баасанхүүг ерөнхий захирлаар Томилсон тушаал, шийдвэр хэрэгт авагдаагүй, дээрх төлбөр гаргах асуудлаар байгууллагыг шүүхэд итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд мөн эсэх нь эргэлзээтэй байхад давж заалдах шатны шүүх хууль зөрчөөгүй гэж үзсэн нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын журмыг зөрчсөн байна. Тэрчлэн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хариуцагч талаас нэхэмжлэлийн татгалзлаа нотлохоор өгсөн баримтыг нотлох баримтаар үнэлээгүй нь хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөнд гомдолтой байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхэд хэргийг буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч БХАҮН ТӨААТҮГазар нь хариуцагч Я.Бт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 17 367 794 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас 10 540 167 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулж, зохигчийн мэтгэлцэх эрхийг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуулийн үндэслэлтэй болсон байх тул хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний дагуу БХАҮН ТӨААТҮГазар нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төв байрны 1 дүгээр давхарын цайны газрын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай ашиглуулахаар Я.Бт шилжүүлэх, Я.Б нь сар бүр 1 300 000 төгрөг төлөх үүргийг харилцан хүлээж, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр түрээсийн гэрээнд өөрчлөлт оруулж, 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар 08-ны өдрийг хүртэл түрээсийн төлбөрийг сарын 1 000 000 төгрөг болгосон талуудын тохиролцоог түрээсийн гэрээ гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт нийцсэн, гэрээний төрөл, гэрээ байгуулах хуулийн шаардлага, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шүүх хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийжээ.

Гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгө цайны газрын зориулалттай тул уг зориулалтаар эд хөрөнгийн үр шимийг ашиглаж буй байдал нь түрээсийн гэрээний шинжийг агуулсан, давж заалдах шатны шүүх хуулийн зохицуулалтыг оновчтой сонгож, тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх гэрээний харилцааг тодорхойлохдоо гэрээний гол нөхцөл, гэрээгээр үүссэн талуудын үүргийг тодруулж, хууль зүйн дүгнэлт хийсэн нь аргачлал, системийн хувьд буруу биш хэдий ч эд хөрөнгийн зориулалт, тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд үйл ажиллагаагаа явуулснаар үр шимийг хүртэж байгаа шинжийг анхаараагүй нь алдаатай болжээ. Түрээслэгч тоног төхөөрөмжөө суурилуулсан байдал нь тухайн үл хөдлөх хөрөнгийн зориулалтыг өөрчлөөгүй юм.

Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд гэрээг цуцлах хүртэл буюу 2018 оны 5 сар дуустал хугацааны хариуцагчийн төлөх ёстой түрээсийн төлбөр 11 521 233 төгрөг, алданги 1 820 434 төгрөг, нийт 13 341 667 төгрөгөөс нэхэмжлэгчид үлдээсэн тоног төхөөрөмж, эд зүйлийн үнэ 2 741 500 төгрөг, хоолны тооцоо 60 000 төгрөг, нийт 2 801 500 төгрөгийг харилцан тооцож 10 540 167 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан хэм хэмжээг хэрэглэсэн нь хууль зөрчөөгүй байна.

БХАҮН ТӨААТҮГазрын ерөнхий захирал М.Баасанхүү байгууллагаа итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй эсэхийг зохигч маргаж байгаагүйгээс гадна нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ганбат гаргасныг төлөөлүүлэгч өөрөө маргаагүй тул Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсгийг зөрчөөгүй, “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэх хариуцагчийн хяналтын гомдлыг үндэслэлгүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1015 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т  зааснаар хариуцагчаас хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                    П.ЗОЛЗАЯА