Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2022/03122

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2022        06          30                                     101/ШШ2022/03122         

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 0 тоот хаягт оршин суух, Ц.Б-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, Д.Б-т холбогдох,

 

13,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

Миний бие амьдралынхаа туршид 10 гаруй худаг гаргуулж байгаа бөгөөд ерөнхий зарчим нь эхлээд худаг гаргуулах компанитай гэрээ байгуулаад, тодорхой мөнгө төлөөд, 1 цагт 2 тонн ус гаргах цооног өрөмдөж өгөөд түүнийгээ хүлээлгэн өгч, аваад салдаг. Цагт 2 тонн ус гаргах цооног хүлээж авч байж мал, амьтан услах боломжтой болно. Д.Б-тай гэрээ байгуулаагүй учир нь өмнө нь надад худаг гаргаж өгч байсан н.Ш гэх залуу надад худаг гаргаж өгнө гэсэн боловч амжихаа больсон тул өөрийнхөө оронд манай найз Д.Б-аар гаргуулчих гэсэн юм.

Тэгээд 2020 оны 9 дүгээр сарын сүүлээр өөрийгөө гүний худаг өрөмдлөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “БД” ХХК-ийн захирал гэх Д.Б гэгчтэй 0 дугаартай утсаар нь холбоо барин Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэр Хирст сүүл гэдэг газар 10,000,000 төгрөгийн өртөгтэй гүний худаг гаргуулахаар амаар тохирон гүний худгийн цооног өрөмдүүлсэн.

Д.Б-тай 10,000,000 төгрөг гэж тохиролцсон боловч тэрээр янз бүрийн шалтаг тоочоод байхаар нь 13,000,000 төгрөг өгсөн.

Манайх бог малгүй, эхний худгийг 8-9 метр гүн рүү ухсан боловч булингартай шавартай ус гарсан учир больж 2 дах худгийг ухсан. Эхний газраас трубаг намайг битгий ав гэсэн гэх юм, уг багажаа буцааж авах багажгүй байсан учир тэнд нь үлдээсэн.

Худаг өрөмддөг компаниуд хангалттай штанктай явах ёстой байтал 98 метр яваад штанк хугарсан, тэгэхээр нь штанкыг сугалаад мотор тавьсан. Ер нь бол худаг ухдаг компани нь 1 цагт 2 тонн ус гарахаар тохиролцож хүлээлцдэг, худаг гаргуулах газрынхаа ерөнхий багцааг би хэлж өгнө, компани нь хайгуулын төмрөөр усны судлаа тогтоох ёстой байдаг юм.

2 дах худгийн усыг 1 цаг гаруйн хугацаанд гоожуулсан гэж байна, гэхдээ намайг хоол идчихээд 15-20 минутын дараа ирэхэд ус сайн гоожиж байна гээд насос болон багажаа хураачихсан байсан. Тухайн үед шөнийн 12 цаг болж байхаар нь “за яахав, шөнө орой болж байна, өлсөж цангаж байгаа байх” гээд итгээд багажаа хураахыг нь зөвшөөрсөн юм.

Миний зүгээс 300 ширхэг адуу ус услах цооног гаргуулах шаардлага тавьсан. Угаасаа худгийн шаардлага нь 1 цагт 2 тн ус гарч байх юм бол шаардлагад нийцнэ гэж үздэг. Сүүлд өгсөн худаг нь цагт 200 литр ус гараад, усгүй болчихдог, дахиад 2 штанк хийчих юм бол ундарга нь сайжрах гээд байна гэдгийг хэлсэн.

Д.Б нь худгийг 2020 оны 9 сард ухаж өгсөн, дараа хавар нь буюу 2021 оны 4 сард дулаараад ирэхэд нь насос тавихад 15 минут ус гараад дахин гарахгүй болчихсон, би тэгэхээр нь н.Ш руу яриад худгаас ус гарахгүй байна, дахиад 2 ширхэг штанк тавиад өгчих юм бол ус гарах гээд байна, энэ талаар Д.Б-тай яриад өгөөч гэсэн за гэсэн. Тэгээд н.Ш над руу яриад Д.Б-тай ярьчихсан, болно гэж байна гэсэн боловч тэрээр өдий болтол өрөмдөж өгөөгүй байна.  

Иймд Д.Б-аас уг цооногийг өрөмдүүлэхэд  төлсөн 13,000,000 (арван гурван сая) төгрөгийг маань гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд Ц.Б-ын хариуцагч Д.Б-т холбогдуулж 13,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь үл зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ: “...Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэр Хирст сүүл гэдэг газар 10,000,000 төгрөгийн өртөгөөр гүний худаг гаргуулахаар амаар тохирон гүний худгийн цооног өрөмдүүлсэн. Гүний худаг өрөмдүүлэх явцад янз бүрийн шалтаг тоочин зардлаа нэмсээр 13,000,000 төгрөг авсан боловч өрөмдөж өгсөн цооног нь шаардлага хангахгүй хангалттай ус гараагүй тул ашиглах боломжгүй байна...” гэжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ор үндэслэлгүй зүйл бичсэн байгаад ихэд харамсаж байна. Нэхэмжлэгч Ц.Б нь 2020 оны 9 сард хариуцагч Д.Б-тай утсаар холбогдож гүний худаг гаргуулах гэсэн юмаа гэх хүсэлтийг нь хүлээн авч харилцан тохиролцож 10,000,000 төгрөгөөр нэг гүний худгийн цооног өрөмдүүлэх ажил гүйцэтгэхээр тохиролцсон. Гүний худгийн цооног өрөмдөхөд тухайн нутаг орны онцлог усны судлаа харж байгаад харилцан тохиролцож цооног өрөмдөх газраа сонгодог.

Улмаар нэхэмжлэгч Ц.Б-ын өөрийнх нь сонгосон газарт 110 метр өрөмдлөг хийсэн бөгөөд бидний тохиролцоо зөвхөн нэг л өрөмдлөг хийх тохиролцоо байсан боловч тус цооног нь 20 минут ус гараад тасалдаж дахин хэсэг хугацаанд амрааж татахад ус гарч байсан тул нэхэмжлэгч нь дахин өөр газарт өрөмдүүлье, энэ худгийг цөөхөн бог мал услахад боломжтой юм байна гээд дахин өөр газар 90 метр өрөмдлөг хийхэд тус цооногоос ус хангалттай гарсан. Ингээд уг худгаас 1 цаг гаруй хугацаанд ус гоожуулаад Ц.Б-т хүлээлгэж өгсөн, ингээд тэр мөнгөө өгөөд Улаанбаатар хот руу явсан.

Эхний худаг ухсан газарт трубаг нь үлдээчих гэж Ц.Б хэлсэн, ингээд 2 дах цооногийг бид өдөр шөнөгүй ухаж бэлэн болгосон.   

Бидний анхны тохиролцоо зөвхөн нэг л өрөмдлөг хийх байсан бөгөөд тухайн ажлын хөлс нь 10,000,000 төгрөг байсан, харин нэхэмжлэгчийн хүсэлт гуйлтаар дахин өрөмдлөг хийсэн. Сүүлийн өрөмдлөг хийхэд ажлын хөлс багтаагүй шатахууны болон тухайн цооногт хийсэн труба гэх мэт зардлыг нэхэмжлэгч төлсөн. Нэхэмжлэгчээс 13,000,000 төгрөг хүлээж аваагүй, 7,100,000 төгрөгийг авсан, 1,000,000 төгрөгийг аваагүй, 2,500,000 төгрөг бол трубаны мөнгө бөгөөд 2 цооног гаргуулсан мөртлөө ямар үндэслэлээр бүх мөнгөө буцааж нэхэж байгаа нь ойлгомжгүй байна.

Бидний хийсэн хоёр дахь өрөмдлөг нь хангалттай устай, ашиглах бүрэн боломжтой гүний худгийн цооногийг нэхэмжлэгчид өөрт нь хүлээлгэж өгсөн.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 2021 оны хавар очиж дахин доош өрөм тавьж ус гаргаж өгнө гэж амласан гэж ор үндэслэлгүй зүйл бичсэн байгаад гайхаж байгаа бөгөөд дахин өрөм тавих талаар амласан зүйл огт байхгүй.

Хариуцагч Д.Б нь аман тохиролцооны дагуу ашиглах бүрэн боломжтой гүний худгийн цооногийг Ц.Б-т хүлээлгэж өгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Худгийг түүнд хүлээлгэн өгч, тэрээр төлбөр төлсөн нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана гэж заасан.

Талууд бичгээр гэрээ байгуулаагүй, 1 цагт 2 тонн ус гарах худаг ухаж өгнө гэж тохиролцоогүй, хэрэв гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан бол мэдэгдэх ёстой, гэтэл ийнхүү мэдэгдсэн зүйл огт байхгүй.

Ер нь бол Ц.Б, Д.Б нар хоорондоо огт уулзаж байгаагүй, н.Ш гэдэг хүнээр дамжуулж хэлэхэд Д.Б-ыг дахин өрөм тавьж ус гаргаж өгнө гэж амалсан гэх боловч үүнийг нотолсон баримт байхгүй байна.

Иймд Ц.Б-ын 13,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ц.Б-ын иргэний үнэмлэхийн хуулбар, ХААН банк ХХК дахь 0 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 2-5/ зэрэг баримтыг,

Хариуцагчаас: Д.Б-аас М.Ц-т олгосон итгэмжлэл, хариу тайлбар /хх-ийн 12-13/ зэрэг баримтыг тус тус шүүхэд ирүүлсэн.

Шүүхээс: хариуцагчийн хүсэлтээр Г.Д, Д.Б нараас авсан гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Б-ын өрөмдөж өгсөн гэх цооногийн талаарх зураг, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 27-43/ зэрэг баримтыг бүрдүүлсэн.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Д.Б-т холбогдуулан 13,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар талууд худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэхээр тохиролцсон байх ба ажил гүйцэтгэгч Д.Б нь 2020 оны 9 сард Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэр Хирст сүүл гэдэг газарт худаг гаргах, захиалагч Ц.Б нь ажлын хөлс төлөхөөр тохиролцсон болох нь тогтоогдож байна.

 

Үүнээс үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т: “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэгэж заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн.

 

Нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд хариуцагчийн ХААН банк ХХК-ийн 0 тоот дансаар 7,100,000 төгрөгийг, өөр бусдын буюу тус банкны 0 тоот дансаар 5,720,000 төгрөг, нийт 13,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн гэж,

хариуцагч нь 13,000,000 төгрөг хүлээж аваагүй, 7,100,000 төгрөг авсан, 1,000,000 төгрөгийг аваагүй, 2,500,000 төгрөг бол трубаны мөнгө гэж тайлбарласан. /хх-ийн 4/

 

Нэхэмжлэгч нь худгаас хангалттай ус гарахгүй, 1 цагт 2 тонн ус гарах ёстой, энэ хэмжээнд ус гарахгүй байгаа нь шаардлага хангахгүй, ажлыг доголдолтой гүйцэтгэсэн гэх агуулгаар гэрээнээс татгалзах үндэслэлээ тайлбарлаж, төлбөрт төлсөн 13,000,000 төгрөгөө буцаан шаардсан нь үндэслэлтэй гэжээ. 

 

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ худгийг хангалттай устай, ашиглах бүрэн боломжтой байдлаар хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэж өгсөн, 1 цагт 2 тонн ус гарах худаг ухаж өгнө гэж тохиролцоогүй, ажил доголдолтой байсан бол мэдэгдэх ёстой байтал мэдэгдсэн зүйлгүй байтал дахин өрөм тавьж ухах гэж тохиролцсон гэдэг нь үндэслэлгүй, ажлын хөлсөнд 7,100,000 төгрөг хүлээж авсан, 13,000,000 төгрөг хүлээж аваагүй гэж маргасан.

 

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байх бөгөөд хариуцагч нь 2020 оны 9 сард худгийг нэхэмжлэгч Ц.Б-т хүлээлгэн өгсөн байх ба энэ үед хариуцагч талаас Д.Б, Г.Д нар байлцаж хүлээлцсэн талаар хэн аль нь няцаагаагүй байх тул Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т: “Гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах” гэж заасны дагуу захиалагч ажлын үр дүнг хүлээн авсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т захиалагчийн шаардлага гаргах эрхийг заасан, 352.2.1-т захиалагч нь ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар, түүний зардлаар доголдлоо арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэхээр шаардах эрхтэй бөгөөд ийнхүү шаардахын тулд тэрээр ажлын үр дүн доголдолтой гэдгийг захиалагч өөрөө нотлох шаардлагатай байна.

 

Худаг өрөмдөх эхний цэгийг захиалагч тал буюу Ц.Б-ын зааж өгснөөр уг цэгт өрөмдлөг хийсэн боловч хангалттай ус гараагүй тул хоёр дахь худгийг ажил гүйцэтгэгч тал буюу Д.Б-ын заасан цэгт хийж гүйцэтгэсэн, энэхүү өрөмдлөгийн ажлын үр дүнгээр худгийг хүлээн авч, хүлээлцсэн болох нь зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх ба талууд энэхүү ажлын үр дүнг хүлээлцсэн талаар акт үйлдээгүй ажээ.

 

Үүнээс үзэхэд талууд гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар буюу тодруулбал тухайн худгаас цагт хэдэн м.куб ус гарах, худгаас гарах усны ундарганы хэмжээний талаар хэрхэн  тохиролцсон болох нь тодорхойгүй байгаа нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг биет байдлын доголдолтой, гүйцэтгэсэн ажлыг доголдолтой гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдсонгүй гэж үзэв.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн бусад компанитай байгуулсан гэрээний дагуу худгаас 1 цагт 2 тонн ус гарах ёстой тул худгаас хангалттай ус гарахгүй, усны гарцын хэмжээ бага гэх, мөн н.Ш-оор дамжуулан хэлүүлэхэд нэмж өрөмдлөг хийж өгнө гэсэн гэх тайлбар, түүнчлэн худгийн одоогийн нөхцөл байдлын талаарх бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр худгийн өрөмдлөгийн ажил доголдолтой гүйцэтгэгдсэн гэж үзэх боломжгүй юм.     

 

Энэ нь нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

 

Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1-т үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй гэж заасан бөгөөд талууд гэрээндээ тухайн худгаас хэдэн м.куб ус гарах талаар, түүнчлэн гарсан усны ундаргын хэмжээний талаар тохиролцоогүй байгаа нь гэрээнд заасан тул ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй, хариуцагчийн гүйцэтгэсэн ажлыг доголдолтой гэж үзэх нөхцөл байдал нь баримтаар тогтоогдоогүй гэж үзэх үндэслэлтэй.  

 

Иймд хариуцагч Д.Б-т холбогдох, 13,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 353 дугаар зүйлийн 353.3-т заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.Б-аас 13,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 222,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ