Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/01685

 

 

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/01685

 

 

Ц.Б-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2022/03122 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ц.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Б-т холбогдох,

13,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Атарболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэдэнпунцаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

2020 оны 09 дүгээр сарын сүүлээр гүний худаг өрөмдлөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Батзол дриллинг ХХК-ийн захирал гэх Д.Б-тай Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэр Хирст сүүл гэдэг газар 10,000,000 төгрөгийн өртөгтэй гүний худаг гаргуулахаар амаар тохирон гүний худгийн цооног өрөмдүүлсэн.

Д.Б-тай 10,000,000 төгрөг гэж тохиролцсон боловч 13,000,000 төгрөг өгсөн.

Манайх бог малгүй, эхний худгийг 8-9 метр гүн рүү ухсан боловч булингартай шавартай ус гарсан учир больж 2 дах худгийг ухсан. Эхний газраас трубаг намайг битгий ав гэсэн гэх юм, уг багажаа буцааж авах багажгүй байсан учир тэнд нь үлдээсэн.

Худаг өрөмддөг компаниуд хангалттай штанктай явах ёстой байтал 98 метр яваад штанк хугарсан, тэгэхээр нь штанкыг сугалаад мотор тавьсан. Ер нь бол худаг ухдаг компани нь 1 цагт 2 тонн ус гарахаар тохиролцож хүлээлцдэг, худаг гаргуулах газрынхаа ерөнхий багцааг би хэлж өгнө, компани нь хайгуулын төмрөөр усны судлаа тогтоох ёстой байдаг.

2 дах худгийн усыг 1 цаг гаруйн хугацаанд гоожуулсан гэж байна, гэхдээ намайг хоол идчихээд 15-20 минутын дараа ирэхэд ус сайн гоожиж байна гээд насос болон багажаа хураачихсан байсан. Тухайн үед шөнийн 12 цаг болж байхаар нь за яахав, шөнө орой болж байна, өлсөж цангаж байгаа байх гээд итгээд багажаа хураахыг нь зөвшөөрсөн.

Миний зүгээс 300 адуу ус услах цооног гаргуулах шаардлага тавьсан. Угаасаа худгийн шаардлага нь 1 цагт 2 тн ус гарч байх юм бол шаардлагад нийцнэ гэж үздэг. Сүүлд өгсөн худаг нь цагт 200 литр ус гараад, усгүй болчихдог, дахиад 2 штанк хийчих юм бол ундарга нь сайжрах гээд байна гэдгийг хэлсэн.

Д.Б- нь худгийг 2020 оны 09 сард ухаж өгсөн, дараа хавар нь буюу 2021 оны 04 сард дулаараад ирэхэд нь насос тавихад 15 минут ус гараад дахин гарахгүй болчихсон, би тэгэхээр нь н.Шаравжамц руу яриад худгаас ус гарахгүй байна, дахиад 2 ширхэг штанк тавиад өгчих юм бол ус гарах гээд байна, энэ талаар Д.Б-тай яриад өгөөч гэсэн за гэсэн. Тэгээд Н.Шаравдорж над руу яриад Д.Б-тай ярьчихсан, болно гэж байна гэсэн боловч тэрээр өдий болтол өрөмдөж өгөөгүй байна.

Иймд цооногийг өрөмдүүлэхэд төлсөн 13,000,000 төгрөгийг маань гаргуулж өгнө үү.

 

2.    Хариуцагч талын тайлбарын агуулга:

13,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь үл зөвшөөрч байна. Гүний худгийн цооног өрөмдөхөд тухайн нутаг орны онцлог усны судлаа харж байгаад харилцан тохиролцож цооног өрөмдөх газраа сонгодог.

Ц.Б-ын сонгосон газарт 110 метр өрөмдлөг хийсэн бөгөөд бидний тохиролцоо зөвхөн нэг л өрөмдлөг хийх тохиролцоо байсан боловч тус цооног нь 20 минут ус гараад тасалдаж дахин хэсэг хугацаанд амрааж татахад ус гарч байсан тул нэхэмжлэгч нь дахин өөр газарт өрөмдүүлье, энэ худгийг цөөхөн бог мал услахад боломжтой юм байна гээд дахин өөр газар 90 метр өрөмдлөг хийхэд тус цооногоос ус хангалттай гарсан. Ингээд уг худгаас 1 цаг гаруй хугацаанд ус гоожуулаад Ц.Б-т хүлээлгэж өгсөн, ингээд тэр мөнгөө өгөөд Улаанбаатар хот руу явсан.

Эхний худаг ухсан газарт трубаг нь үлдээчих гэж Ц.Б- хэлсэн, ингээд 2 дах цооногийг бид өдөр шөнөгүй ухаж бэлэн болгосон.

Бидний анхны тохиролцоо зөвхөн нэг л өрөмдлөг хийх байсан бөгөөд тухайн ажлын хөлс нь 10,000,000 төгрөг байсан, харин нэхэмжлэгчийн хүсэлт гуйлтаар дахин өрөмдлөг хийсэн. Сүүлийн өрөмдлөг хийхэд ажлын хөлс багтаагүй шатахууны болон тухайн цооногт хийсэн труба гэх мэт зардлыг нэхэмжлэгч төлсөн.

Нэхэмжлэгчээс 13,000,000 төгрөг хүлээж аваагүй, 7,100,000 төгрөгийг авсан, 1,000,000 төгрөгийг аваагүй, 2,500,000 төгрөг бол трубаны мөнгө бөгөөд 2 цооног гаргуулсан мөртлөө ямар үндэслэлээр бүх мөнгөө буцааж нэхэж байгаа нь ойлгомжгүй байна.

Хариуцагч Д.Б- нь аман тохиролцооны дагуу ашиглах бүрэн боломжтой гүний худгийн цооногийг Ц.Б-т хүлээлгэж өгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Худгийг түүнд хүлээлгэн өгч, тэрээр төлбөр төлсөн нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана гэж заасан.

Талууд бичгээр гэрээ байгуулаагүй, 1 цагт 2 тонн ус гарах худаг ухаж өгнө гэж тохиролцоогүй, хэрэв гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан бол мэдэгдэх ёстой, гэтэл ийнхүү мэдэгдсэн зүйл огт байхгүй..

Иймд 13,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 353 дугаар зүйлийн 353.3-т заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.Б-аас 13,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 222,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын үндсэн дээр болон нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхой байхад түүнийг буруугаар тайлбарлаж, хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Гүний худаг гаргуулах, ажлын хөлсөнд 13,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон боловч хангалттай ус гарахгүй. 1 цагт 2 тонн ус гарах ёстой, энэ хэмжээнд ус гарахгүй байгаа нь чанарын шаардлага хангахгүй, ажлыг доголдолтой гүйцэтгэсэн учраас аман байдлаар тохирсон гэрээнээс татгалзаж байгааг шүүх хүлээн аваагүй. Тухайн үед худгаас бага зэргийн ус гарч байсан бөгөөд худаг гаргаснаас хойш хариуцагч талтай байнга холбогдож чанарын доголдолгүй болгож өгөхийг удаа дараа шаардаж байсан . Ямаршуу хэмжээний ажил гүйцэтгэж өгснөө нотлох зорилгоор бичлэг хийн шүүхийн журмаар үзлэг хүртэл хийлгэсэн бөгөөд энэхүү бичлэг дээр тухайн 1 худгаас ус 5 минут орчим гараад тасарч байгаа нь маш тодорхой байдаг . Уг гаргаж өгсөн худгаас цагт хэдэн м.куб ус гарах , худгаас гарах усны ундаргын хэмжээний талаар хэрхэн тодорхойлж ус гарах боломжгүй газар өрөмдлийн ажил хийж гүйцэтгэсэн зэрэг ажлыг үр дүнгүй , энэ талаар мэргэшсэн мэргэжилтэй хун усны сувгийг зөв тодорхойлж , өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэх ёстой байсан гэж байна.

Хэдийгээр бид аман байдлаар тохиролцож ажил гүйцэтгүүлсэн боловч чанарын шаардлагад нийцээгүй худаг гаргаж намайг 13 сая төгрөгөөр хохироож байгаад гомдолтой байна . Хариуцагч талтай удаа дараа холбогдож худгийг засварлаж өгөхийг шаардаж байсан боловч нэг ч удаа дахин ирж өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын доголдлыг засварлаж чанарын шаардлага хангаж өгөөгүй . Иймд хариуцагч Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.т зааснаар ажлын үр дунд хүрсэн худаг ухаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул гүйцэтгэсэн ажилтай нь холбоотой үүссэн эвдрэл гэмтэл болон чанарын шаардлага хангахгүй , дутуу гүйцэтгэснээс болж надад их хэмжээний хохирол учраад байгаа учир мөн хуулийн 349 дүгээр зүйлийн 349.2 - т заасныг үндэслэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж зөв дүгнэсэн. Ажлын үр дүнг хэзээ хүлээж авсан нь маргаанд ач холбогдолтой. Үлдэгдэл төлбөр 2,100,000 төгрөгийг авч ажлыг хүлээлгэж өгсөн. Уг үйл баримт хэрэгт авагдсан Д.Б-ын мэдүүлэг, хариуцагч, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна. Ажлын гүйцэтгэл нь чанарын доголдолтой эсэхэд маргасан. Талууд бичгээр гэрээ байгуулаагүй, чанарын талаар хэлэлцэж тохиролцоогүй тул Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3 дахь хэсэгт зааснаар зориулалтын дагуу ашиглаж болох эсэхээс хамаарч тухайн ажлын үр дүн биет байдлын доголдолтой эсэх дээр дүгнэлт хийх нь зүйтэй. Зориулалтын дагуу ашиглах боломжтой эсэхийг тогтоохоор хэрэгт авагдсан видео бичлэг байна. Энэхүү бичлэг нь шүүх хурал болохын өмнө хийсэн бичлэг гэдгийг Ц.Б- тайлбарладаг. Хүлээлгэж өгснөөс хойш 2 жилийн дараа хийсэн бичлэг юм. Хүлээлгэж өгөх эхний үед зориулалтын дагуу шаардлага хангасан худаг биш байсан. Харин 2 дахь удаа хангалттай ус гарч байсныг гэрчүүд гэрчилдэг. Иймд зориулалтын дагуу ашиглах боломжтой гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. 2 жил ашигласны дараа бичлэг хийж ирээд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь бодит үнэнд нийцэхгүй. Иймд Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана гэж заасан. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг үнэлж, хэрэглэх ёстой хуулийг зөв хэрэглэсэн, шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

1. Нэхэмжлэгч Ц.Б- нь хариуцагч Д.Б-т холбогдуулан

1.1. Талуудын 2020 оны 09 дүгээр сард байгуулсан худагийн цооног өрөмдүүлэх ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 13,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

2. Хэрэгт дараах баримт авагджээ. Үүнд:

2.1. Талууд 2020 оны 9 дүгээр сард амаар худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулж, Дорнод аймгийн Матад сумын нутаг Хирст сүүл гэх газар худаг гаргасан талаар тайлбарлажээ.

 

2.2. Ц.Б- нь Хаан банкны 5058294677 тоот дансаар 7,100,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч дээрх хэмжээний мөнгөн хөрөнгийг авснаа зөвшөөрсөн.

 

2.3. Ажлын үр дүнг хүлээлцсэн талаар талууд акт үйлдээгүй.

 

2.4. Хоёр цооног өрөмдсөн үйл баримтын хувьд талууд маргаангүй.

 

3. Зохигч өрөмдсөн цооногоос ус гарсан эсэх, өөрөөр хэлвэл ажлын үр дүн болох худаг гарсан эсэх, ажлын үр дүн доголдолтой эсэх, нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн үнийн дүн зэрэгт маргаантай байна.

 

3.1. Анхан шатны шүүх маргааны зүйлийг зөв тодорхойлж чадаагүй, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулах боломжгүй байна. Тухайлвал шүүх зохигчийн хооронд худаг өрөмдөх ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар дүгнэхдээ Усны тухай хуулийн холбогдох заалтыг анхаараагүй байна.

 

Усны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт цооног өрөмдөх, худаг гаргах, голоос суваг, шуудуу татах зөвшөөрлийг ус хэрэглээний тоо хэмжээ, чанарыг үндэслэн аймаг, нийслэлийн байгаль орчны алба ус хэрэглэгчид олгохоор байна.

 

Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зөвшөөрөлгүйгээр цооног өрөмдөх, худаг гаргах, суваг шуудуу татахыг хориглосон байна.

 

Усны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт усны хайгуул, судалгаа явуулах, цооног өрөмдөх, усны барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, түүнийг барих, тоноглох, ус хэмнэх технологи нэвтрүүлэх, усны шинжилгээ, аудит хийх ажлыг усны мэргэжлийн байгууллага гүйцэтгэхээр байна.

 

Нэхэмжлэгч нь худаг өрөмдөх гэрээг иргэн Д.Б-тай, эсхүл Батзол дриллинг ХХК-тай /захирал гэх Д.Б-тай/ байгуулсан эсэхийг тодруулах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан мөнгөний хэмжээнд маргаантай байхаас гадна худагт зарцуулсан, газартай салшгүй бэхлэгдэн үлдсэн гэх тоноглол, техник сэлбэгийн талаар ач холбогдолтой тайлбар гаргасан байхад тодруулаагүй байна.

 

Талууд 110 метр, 90 метр газар өрөмдсөн гэх зэргээр маргасан байх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө болох газартай салшгүй бэхлэгдсэн худаг шаардлага хангаж байгаа эсэхийг тогтоох нь үзлэг, тусгай мэдлэг шаардагдсан дүгнэлтээр тогтоогдохоор байна.

 

Анхан шатны шүүх талууд гэрээндээ тухайн худгаас хэдэн м.куб ус гарах талаар, түүнчлэн гарсан усны ундаргын хэмжээний талаар тохиролцоогүй, хариуцагчийн гүйцэтгэсэн ажлыг доголдолтой гэж үзэх нөхцөл байдал нь баримтаар тогтоогдоогүй гэх хийсвэр дүгнэлт хийжээ.

 

Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-т зааснаар худгийг "ус хангамжийн эх үүсвэр" гэж тодорхойлжээ.

 

Хариуцагчийн ажлын үр дүн ус хангамжийн эх үүсвэр болж чадаж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай.

 

Дээрх үйл баримтыг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2022/03122 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ш.ОЮУНХАНД