Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2022/03262

 

 

 

 

 

 

 

 

2022 07 18 101/ШШ2022/03262

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ххххххххххх тоотод оршин суух, Хө.н Цын /РД: хххххххххххх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ххххххххххххххххх тоотод оршин суух, Ю.н Б /РД: хххххххххххх/, До.н А /РД: ххххххххххххххх/ нарт холбогдох

68,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х.Ц нь 2016 онд хариуцагч Д.Аын Сүхбаатар аймгийн Баруун Урт суманд хэрэгжүүлж байсан барилгын ажилд 200,000,000 төгрөгийн хөрөнгө оруулсан. Тухайн үед үр ашиг өгнө гэж амаар тохирсон боловч өгөөгүй, хөрөнгө оруулсан мөнгө ч буцаж ирээгүй.

Ингээд Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт Д.Аыг бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж хандсан ба хариуцагч тал учраа ольё, тооцоо нийлье гээд тооцоо нийлсэн бөгөөд 198,500,000 төгрөгийг Д.А нь Х.Цт өгөхөөр тохирч гэрээ байгуулсан.

Үүний дагуу мөнгөө шаардахад Сүхбаатар аймаг, Баруун Урт суманд байгаа, хариуцагч талын хуралдаанд гаргаж байгаа тайлбартаа дурьдаад байгаа 80 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг хариуцагч Д.А нь 80,000,000 төгрөгт тооцон нэхэмжлэгч Х.Цт 2019 онд хүлээлгэн өгсөн.

Мөн Сүхбаатар аймаг, Баруун Урт суманд байрлах хариуцагчийн мөн хуралдаанд гаргаж байгаа тайлбарт дурьдаад байгаа 24*13 хэмжээтэй газрыг 30,000,000 төгрөгт тооцож нэхэмжлэгч Х.Цт хариуцагч Д.А нь хүлээлгэн өгсөн.

198,500,000 төгрөг өгөхөөс 110,000,000 төгрөгийг эд хөрөнгө байдлаар төлсөн ба 2019-2020 онуудад 38,500,000 төгрөг, 5,000,000 төгрөг, нийт 43,500,000 төгрөг бэлнээр өгсөн. Үлдэгдэл нь 45,000,000 төгрөг болсон.

45,000,000 төгрөгийг хэрхэн төлөх талаар тохиролцон 2020 оны 04 сарын 08-ны өдөр төлбөр барагдуулах гэрээнд нэмэлт оруулах гэрээ байгуулан 45,000,000 төгрөгийг 2020 оны 06 сарын 31-ний өдрийн дотор хувааж төлнө, хүү авахгүй, хугацаандаа өгөхгүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохирсон.

Хариуцагч тал 45,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй ба алдангийг хуульд нийцүүлэн бодоход 22,500,000 төгрөг болох бөгөөд хариуцагч Д.А, Ю.Б нараас нийт 67,500,000 төгрөг нэхэмжилж байна.

Х.Ц нь орон сууц болон газрыг худалдаж аваагүй, төлбөртөө тооцон авсан. Нэхэмжлэл гаргахдаа 68,000,000 төгрөг гэж тооцооллын алдаа гаргасан байх ба нэхэмжлэлийн шаардлагын 500,000 төгрөгөөс татгалзаж байна.

Гэрээ байгуулсан нь Д.А хэдий ч бүх үйл явцад түүний эхнэр Ю.Б оролцсон тул түүнийг мөн хариуцагчаар татсан болно гэв.

 

Хариуцагч Ю.Б, Д.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Д.А нь 2016 оны 01 сард Сүхбаатар аймгийн Баруун Урт суманд баригдах барилгад зориулж нэхэмжлэгч Х.Цаас 198,000,000 төгрөг зээлсэн. Ингэхдээ бичгээр гэрээ байгуулаагүй амаар тохирсон бөгөөд мөнгийг 2016 оны 5-6 сардаа багтааж буцааж өгөхөөр тохирсон.

Х.Ц, Д.А нар найзууд бөгөөд 198,000,000 төгрөгт хүү, алданги тооцно гэж тохироогүй юм блээ.

Зээлийн барьцаа болгож Сүхбаатар аймаг, Баруун Урт сум, 4-р баг, Тэмүүлэл 2-208 байрны 11 тоотын 85 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Д.А нь Х.Цт бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн.

Мөн Сүхбаатар аймаг, Баруун Урт сум, 4-р баг, Тэмүүлэл 1-1 тоот дахь 24*13 хэмжээтэй газрыг Х.Ц өөртөө шилжүүлэн авсан.

Сүхбаатар аймаг, Баруун Урт сум, 4-р баг, Тэмүүлэл 1-1 тоот дахь 24*13 хэмжээтэй газрыг хариуцагч Д.А нь иргэн Ч.Дгээс худалдан авсан бөгөөд барьж байсан орон сууцныхөө өргөтгөлийг барихын тулд худалдан авсан.

Газрыг Ч.Дгээс худалдан авахын тулд Д.А барьж буй орон сууцнаасаа буюу Сүхбаатар аймаг, Баруун Урт сум, 4-р баг, Тэмүүлэл 2-208-р байр, 13 тоотын 37 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг нь 1,250,000 төгрөгөөр тооцон өгсөн бөгөөд байрны үнэ 46,250,000 төгрөг болсон.

Мөн Ч.Дд Сүхбаатар аймаг, Баруун Урт сум, 4-р багт байрлах хашаагүй газрыг 5,000,000 төгрөгөөр худалдан авч өгсөн ба уг газарт байшин барьж байгаа ажилчдын хөлс 13,000,000 төгрөг, барилгын материал 8,000,000 төгрөг тус тус Ч.Дд өгсөн бөгөөд дээр дурдсан газрыг Д.А нь Ч.Дгээс худалдан авахтай холбоотой 72,250,000 төгрөгийн зардлыг өөрөөсөө гаргасан.

Х.Ц нь энэ газраа худалдаж авсан үнээрээ өгчих гэж Д.Ааас хүсээд талууд тохиролцсон. Үүнийг Х.Ц 35,000,000 төгрөг Д.Ааас авсан гэж хэлээд байгаа.

Д.А нь Х.Цт 43,000,000 төгрөг өгсөн гэдгийг зөвшөөрч байх шиг байна.

Ю.Болор-Эрдэнийг Д.Аын хажууд байсан учраас хариуцагчаар татсан гэж байх бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээн дээр тэрээр гарын үсэг зураагүй, түүнийг оролцуулж байгааг зөвшөөрөхгүй.

Манайх зөвхөн газар худалдан авахад 221,000,000 төгрөг зарцуулсан болж таарах ба Х.Ц Д.Ат 198,000,000 төгрөг зээлээд мөнгөө хангалттай хэмжээнд авсан. Дахиад мөнгө нэхэж байгааг зөвшөөрөхгүй гэв.

 

Талуудын ирүүлсэн баримтууд:

Нэхэмжлэгч Х.Ц нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ч.Эрдэнэбатад олгосон итгэмжлэл, 2019 оны 03 сарын 25, 2020 оны 04 сарын 08-ны өдрийн гэрээнүүд,

Х.Цын нэхэмжлэлтэй Д.Ат холбогдох 86,325,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн хаяг тодорхой бус үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 20-ны өдрийн 132 дугаар бүхий шүүгчийн захирамж,

Д.Аыг эрэн сурвалжлах тухай Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 10-ны өдрийн 330 дугаар бүхий шийдвэр, Д.Аын оршин суух хаягийг тодорхойлсон Дорнод аймаг дахь цагдаагийн газрын 2022 оны 01 сарын 28, 2021 оны 08 сарын 02-ны өдрийн тодорхойлолтууд зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүх нэхэмжлэлийг 2022 оны 02 сарын 15-ны өдөр хүлээн авч 2022 оны 02 сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд хариуцагч Д.А, Ю.Б нарт 2022 оны 03 сарын 16-ны өдөр зохигчийн эрх, үүрэг тайлбарлан, нэхэмжлэлийн хувийг гардуулан, хэргийн материалыг танилцуулан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй болно.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Ц нь хариуцагч Ю.Б, Д.А нарт холбогдуулан 68,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсан бөгөөд хариуцагч нараас нийт 67,500,000 төгрөгийг нэхэмжлэн тайлбараа гаргасан болно.

 

Хариуцагч тал шүүхийн хэлэлцүүлэгт Сүхбаатар аймгийн Баруун Урт суманд барилгын ажил эрхлэхтэй холбоотой 2016 оны 01 сард нэхэмжлэгч Х.Цаас 198,000,000 төгрөгийг зээлсэн, хүү болон алданги төлөхөөр тохироогүй, гагцхүү уг мөнгийг 2016 оны 5-6 сард багтааж төлөхөөр амаар тохиролцсон, бичгээр ямар нэгэн гэрээ байгуулаагүй гэж тайлбарласныг нэхэмжлэгч тал эсэргүүцэн тайлбар гаргаагүй.

 

Хариуцагч Д.А нь нэхэмжлэгч Х.Цаас уг мөнгийг авахдаа барьж буй орон сууцаа бусдад худалдан, үүнээсээ ашиг өгнө гэж тохирсон, мөн зээлийн болон хөрөнгө оруулалтын гэрээг бичгээр байгуулаагүй талаар хэн аль нь шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлалааа.

 

Дээрхээс үүдээд төлбөр авагч буюу нэхэмжлэгч Х.Ц, төлбөр төлөгч буюу хариуцагч Д.А нар Сүхбаатар аймагт 2019 оны 03 сарын 25-ны өдөр Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулан талуудын хооронд гэрээнээс үүссэн шаардлагыг тооцоо нийлэх замаар хааж, төлбөр төлөгч хэлэлцэн тохирсон төлбөрийг төлбөр авагчид төлөхтэй холбоотой харилцааг зохицуулахаар буюу Д.А нь 198,500,000 төгрөгийг Х.Цт 2019 оны 06 сарын 01-ний өдөр төлөхөөр төлөхөөр харилцан тохирчээ.

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд хэлцэл хийсэн гэж үзэх ба дээрх гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 12-13 дугаар тал/

 

2019 оны 03 сарын 25-ны өдрийн тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ байгуулсан хугацаанаас хойш нэхэмжлэгч Х.Цт хариуцагч Д.А нь ххххххххххххххххх тоотын 80 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 80,000,000 төгрөгт тооцон шилжүүлсэн,

мөн ххххххххххххххххххх тоот дахь 24*13 хэмжээтэй газрыг 30,000,000 төгрөгт тооцон шилжүүлсэн, эд хөрөнгө хэлбэрээр нийт 110,000,000 төгрөг, бэлэн мөнгө хэлбэрээр 2019-2020 онуудад 38,500,000 төгрөг, 5,000,000 төгрөг, нийт 43,500,000 төгрөг тус тус хүлээн авсан, 45,000,000 төгрөг үлдсэн хэмээн нэхэмжлэгч тал тайлбарласан.

 

Хариуцагч тал дээр дурдсан 3 өрөө орон сууц нь 80 м.кв бус 85 м.кв, хххххххххххххххххххх 1-1 тоот дахь 24*13 хэмжээтэй газрыг Д.А нь барьж буй орон сууцныхаа өргөтгөлийг барихаар Ч.Дгээс худалдан авсан,

Ч.Дд барьж буй орон сууцнаасаа хххххххххххх тоотын 37 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг нь 1,250,000 төгрөгөөр тооцон өгсөн, байрны үнэ 46,250,000 төгрөг болсон,

Мөн Ч.Дд ххххххххххххххх байрлах хашаагүй газрыг 5,000,000 төгрөгөөр худалдан авч өгсөн, уг газарт байшин барьж байгаа ажилчдын хөлс 13,000,000 төгрөг, барилгын материал 8,000,000 төгрөг тус тус Ч.Дд өгч түүнээс газар худалдан авахтай холбоотой 72,250,000 төгрөгийн зардлыг гаргасан гэж тайлбарласан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй ба хариуцагч тал татгалзаж буй дээрхи үндэслэлтэй холбоотой баримтаа ирүүлээгүй, энэ нь нотлогдоогүй.

 

Талууд 2020 оны 04 сарын 08-ны өдөр Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан 2019.03.25-ны өдрийн гэрээний дагуу тохирсон төлбөрийн үлдэгдэл 45,0000,000 төгрөгийг төлөх талаар дараах байдлаар тохирчээ.

Гэрээний 3.2-т Үлдэгдэл 45,000,000 төгрөгийг 2020 оны 06 сарын 31-ний өдрийн дотор 3 хувааж төлж барагдуулна. Төлбөрийг са бүрийн 30-ны өдөр 15,000,000 төгрөг төлөхөөр тохиролцов. Төлбөр төлөх хугацаандаа төлөөгүй тохиолдолд төлөөгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцно,

2.1-т Гэрээний хугацаа 2020.06.30 гэж тус тус харилцан тохиролцсон байна.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд хэлцэл хийсэн гэж үзэх ба дээрх гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 14-15 дугаар тал/

 

Хариуцагч тал дээрх газрыг нэхэмжлэгч Х.Цт шилжүүлэн өгсөн талаараа маргаагүй, гагцхүү уг газартай холбоотой 72,250,000 төгрөгийн зардал гаргасан гэж маргаж байгаа болно.

 

Талуудын тайлбар, төлбөр барагдуулахтай холбоотой байгуулсан гэрээнүүд зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч Х.Цын хариуцагч Д.Ааас Сүхбаатар аймаг, хххххххххххххххххххххххххххххх өрөө орон сууцыг 80,000,000 төгрөгт, мөн ххххххххххххххххххххх тоот дахь 24*13 хэмжээтэй газрыг 30,000,000 төгрөгт тус тус тооцон авсан гэх тайлбар үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй,

189 дүгээр зүйлийн 189.1-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж тус тус заажээ.

 

Талуудын 2019 оны 03 сарын 25, 2020 оны 04 сарын 08-ны өдрийн гэрээнүүдээр тохиролцсон тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасантай нийцэж байх ба дээр дурдсан гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч Х.Цт Иргэний хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шаардах эрх үүсч байна.

 

Хариуцагч Д.А нь нэхэмжлэгч Х.Цтай гэрээ байгуулсан хэдий ч хариуцагч нар гэр бүл, бүхий л үйл явцад Д.Аын эхнэр Ю.Б байлцсан гэх нэхэмжлэгч талын тайлбар Ю.Болор-Эрдэнийг хариуцагчаар оролцуулах үндэслэл болохгүй ба Ю.Б нь Х.Цтай ямар нэг эрх зүйн харилцаанд оролцоогүй тул тэрээр Д.Аын бусадтай байгуулсан гэрээний хариуцлагыг хүлээх учиргүй.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна,

Мөн хуулийн 232 дугаар зүйийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ,

Талуудын хооронд байгуулсан 2020 оны 04 сарын 08-ны өдрийн гэрээний 3.2-т Үлдэгдэл 45,000,000 төгрөгийг 2020 оны 06 сарын 31-ний өдрийн дотор 3 хувааж төлж барагдуулна. Төлбөрийг са бүрийн 30-ны өдөр 15,000,000 төгрөг төлөхөөр тохиролцов. Төлбөр төлөх хугацаандаа төлөөгүй тохиолдолд төлөөгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцно гэж заажээ.

Хуулинд хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж заасан боловч талууд гэрээгээр алданги төлөх талаар тохиролцохдоо хоног тутамд бус төлбөр төлөх хугацаандаа төлөөгүй тохиолдолд төлөөгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцно хэмээн тохирсон тул талуудын гэрээгээр тохиролцсоны дагуу алдангийг тооцох нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч Д.Аын 2019.03.25, 2020.04.08-ны өдрийн гэрээний дагуу хүлээх үүрэг:

198,500,000 төгрөг -110,000,000 төгрөг-43,500,000 төгрөг=45,000,000 төгрөг,

45,000,000 төгрөг*0,5 хувь=225,000 төгрөг,

45,000,000 төгрөг+225,000 төгрөг=45,225,000 төгрөг.

 

Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д.Ааас 45,225,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Цт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 22,275,000 төгрөгт холбогдох хэсгийг нь болон хариуцагч Ю.Бд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д.Ааас 45,225,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Цт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 22,275,000 төгрөгт холбогдох хэсгийг нь болон хариуцагч Ю.Бд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Цын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 497,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ааас 384,075 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Цт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН