Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/01729

 

 

 

2022 09 16 210/МА2022/01729

 

 

Х.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2022/03262 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.Ц-ын хариуцагч Ю.Б-, Д.А- нарт холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 67,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Х.Ц- нь 2016 онд хариуцагч Д.А-ын С- аймгийн Баруун-Урт суманд хэрэгжүүлж байсан барилгын ажилд 200,000,000 төгрөгийн хөрөнгө оруулсан. Тухайн үед үр ашиг өгнө гэж амаар тохирсон боловч өгөөгүй, хөрөнгө оруулсан мөнгөө ч буцааж өгөөгүй. Талууд 2019 онд тооцоо нийлсэн бөгөөд 198,500,000 төгрөгийг Д.А- нь Х.Ц-т өгөхөөр тохирч гэрээ байгуулсан. Үүний дагуу мөнгөө шаардахад С- аймаг, Баруун-Урт сум дахь 80 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг хариуцагч Д.А- нь 80,000,000 төгрөгт тооцон нэхэмжлэгч Х.Ц-т 2019 онд хүлээлгэн өгсөн. Мөн С- аймаг, Баруун Урт суманд байрлах 24*13 хэмжээтэй газрыг 30,000,000 төгрөгт тооцож өгсөн. 198,500,000 төгрөг өгөхөөс 110,000,000 төгрөгийг эд хөрөнгө байдлаар төлсөн ба 2019-2020 онуудад 38,500,000 төгрөг, 5,000,000 төгрөг, нийт 43,500,000 төгрөг бэлнээр өгсөн. Үлдэгдэл нь 45,000,000 төгрөг болсон. 45,000,000 төгрөгийг хэрхэн төлөх талаар тохиролцон, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төлбөр барагдуулах гэрээнд нэмэлт оруулах гэрээ байгуулан 45,000,000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн дотор хувааж төлнө, хүү авахгүй, хугацаандаа өгөхгүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохирсон. Хариуцагч тал 45,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй ба алдангийг хуульд нийцүүлэн бодоход 22,500,000 төгрөг болох бөгөөд хариуцагч Д.А-, Ю.Б- нараас нийт 67,500,000 төгрөг нэхэмжилж байна. Х.Ц- нь орон сууц болон газрыг худалдаж аваагүй, төлбөртөө тооцон авсан. Нэхэмжлэл гаргахдаа 68,000,000 төгрөг гэж тооцооллын алдаа гаргасан байх ба нэхэмжлэлийн шаардлагын 500,000 төгрөгөөс татгалзаж байна. Гэрээ байгуулсан нь Д.А- хэдий ч бүх үйл явцад түүний эхнэр Ю.Б- оролцсон тул түүнийг мөн хариуцагчаар татсан болно гэжээ.

2.Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч Д.А- нь 2016 оны 01 сард С- аймгийн Баруун-Урт суманд баригдах барилгад зориулж нэхэмжлэгч Х.Ц-аас 198,000,000 төгрөг зээлсэн. Ингэхдээ бичгээр гэрээ байгуулаагүй амаар тохирсон бөгөөд мөнгийг 2016 оны 5-6 сард багтааж буцааж өгөхөөр тохирсон. Х.Ц-, Д.А- нар найзууд бөгөөд 198,000,000 төгрөгт хүү, алданги тооцно гэж тохироогүй. Зээлийн барьцаа болгож, С- аймаг, Баруун Урт сум, 4-р баг, Тэмүүлэл 2-208 байрны 11 тоотын 85 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Д.А- нь Х.Ц-т бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн. Мөн С- аймаг, Баруун Урт сум, 4-р баг, Тэмүүлэл 1-1 тоот дахь 24*13 хэмжээтэй газрыг Х.Ц- өөртөө шилжүүлэн авсан. С- аймаг, Баруун Урт сум, 4-р баг, Тэмүүлэл 1-1 тоот дахь 24*13 хэмжээтэй газрыг хариуцагч Д.А- нь иргэн Ч.Дооёохүүгээс худалдан авсан бөгөөд барьж байсан орон сууцныхаа өргөтгөлийг барихын тулд худалдан авсан. Газрыг Ч.Дооёохүүгээс худалдан авахын тулд Д.А- барьж буй орон сууцнаасаа буюу С- аймаг, Баруун-Урт сум, 4-р баг, Тэмүүлэл 2-208-р байр, 13 тоотын 37 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг нь 1,250,000 төгрөгөөр тооцон өгсөн бөгөөд байрны үнэ 46,250,000 төгрөг болсон. Мөн Ч.Дооёохүүд С- аймаг, Баруун Урт сум, 4-р багт байрлах хашаагүй газрыг 5,000,000 төгрөгөөр худалдан авч өгсөн ба уг газарт байшин барьж байгаа ажилчдын хөлс 13,000,000 төгрөг, барилгын материал 8,000,000 төгрөгийг Ч.Дооёохүүд өгсөн бөгөөд дээр дурдсан газрыг Д.А- нь Ч.Дооёохүүгээс худалдан авахтай холбоотой 72,250,000 төгрөгийн зардлыг өөрөөсөө гаргасан. Х.Ц- нь энэ газраа худалдаж авсан үнээрээ өгчих гэж Д.А-аас хүсээд талууд тохиролцсон. Үүнийг Х.Ц- 35,000,000 төгрөг Д.А-аас авсан гэж хэлээд байгаа. Ю.Болор-Эрдэнийг Д.А-ын хажууд байсан учраас хариуцагчаар татсан гэж байх бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээн дээр тэрээр гарын үсэг зураагүй, түүнийг оролцуулж байгааг зөвшөөрөхгүй. Манайх зөвхөн газар худалдан авахад 221,000,000 төгрөг зарцуулсан болж таарах ба Х.Ц- Д.А-т 198,000,000 төгрөг зээлээд мөнгөө хангалттай хэмжээнд авсан. Дахиад мөнгө нэхэж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.А-аас 45,225,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Ц-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 22,275,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Ю.Б-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 497,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А-аас 384,075 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Ц-т олгуулахаар шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч тал Х.Ц-аас 2016 оны 01 сард 198,000,000 төгрөг эзэлсэн, хүү алданги төлөхөөр тохироогүй, гагцхүү мөнгийг 2016 оны 5-6 сард төлөхөөр амаар тохирсон, бичгээр ямар нэгэн гэрээ байгуулаагүй гэснийг нэхэмжлэгч тал эсэргүүцэн тайлбар гаргаагүй гэж дүгнэсэн нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбаруудаас өөрөөр дүгнэсэн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ үндсэн зээл 45,000,000 төгрөг, алданги 22,500,000 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагаас өөрөөр дүгнэлт гаргасан нь шүүх хэргийг нэхэмжлэлийн хүрээнд шийдвэрлээгүй гэж дүгнэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагад 22,500,000 төгрөгийн алдангийг Иргэний хуулийн холбогдох заалтад нийцүүлэн байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож бичгээр тохиролцсон хэмжээгээр тооцон нэхэмжилсэн байхад шүүх эсэргүүцэж тайлбар гаргаагүй гэх хуульд заагаагүй үндэслэл дурьдаж, нэхэмжлэлийн шаардлагаас давсан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй ба хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Шийдвэрийн 5 дахь талд үндэслэх хэсгийн дээрх дүгнэлтийнхээ эсрэг дүгнэлтийг хийжээ. Талуудын байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 05 болон 04 дүгээр сарын 08-ны өдрийн гэрээний дагуу хариуцагч нь 45,000,000 төгрөг төлөх үүрэгтэй байх ба гэрээнд төлбөр төлөөгүй тохиолдолд төлөөгүй үнийн дүнгээс 0.5 хувийн алданги тооцно гэж заасан байна гэсэн дүгнэлтийг хийсэн байх ба 45,000,000 төгрөгийн нэг өдрийн алданги 225,000 төгрөг гэдгийг тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа 45,225,000 төгрөг rapгахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг илтэд буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Хууль хэрэглээний алдааг зөвтгөхдөө хуульд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж заасан боловч талууд гэрээгээр алданги төлөх талаар тохиролцохдоо хоног тутам бус төлбөр төлөх хугацаандаа төлөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцно хэмээн тохирсон тул талуудын гэрээгээр тохиролцсоны дагуу алдангийг тооцох нь зүйтэй гэсэн хуулиас давсан тайлбар гаргасан нь шүүх Иргэний хуулийн 232 дугаар зуйлийн 232.6 дахь хэсгийг илтэд буруу хэрэглэж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг ноцтой зөрчиж нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг зөрчиж байна. Талууд гэрээгээр алданги төлөх талаар тохиролцохдоо хоног тутам бус төлбөр төлөх хугацаандаа төлөөгүй үнийн дунгийн 0.5 хувийн алданги тооцно хэмээн тохирсон нь Иргэний хуульд заасан хугацаа тооцох жил, сар, хоног гэх хэмжүүрээс зөрүүтэй тохиролцоо биш бөгөөд гэрээнд зөвхөн нэг хоногийн алданги тооцохоор тохиролцсон мэтээр шүүх талуудын хүсэл зоригийг илэрхий буруу, дур зоргын шинжтэй тайлбарлаж байгаа нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байгааг харуулж байна. Иргэний хуульд Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгуй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тодорхой заасан атал шүүх гэрээний үгийг өөрийн дур зоргоор хуулиас давж тайлбарлаж алдангийн 22,275,000 төгрөгийг хангахгүй орхиж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Алдангийн үндсэн зохицуулалтыг Иргэний хуулийн 232 дугаар зуйлийн 232.4 дэх хэсэгт тодорхой заасан байх ба шүүх хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг зөрчиж дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна. Аль ч гэрээний тухайд алдангийг алдсан боломжийг нөхөх үндсэн агуулгаар хэрэглэж ирсэн нь хууль болоод практикт тогтсон соёл бөгөөд хоног тутам гэсэн хэмжүүрээр алдангийг тооцож ирсэн, тооцох ёстой нь илэрхий байхад анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг зөвтгөн хэрэглэж, 45,225,000 төгрөг гаргуулж гэснийг 67,000,000 төгрөг гаргуулж гэж өөрчлөлт оруулж өгнө үү. Шийдвэрийн бусад хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа болно гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талаас нэхэмжилж буй үнийн дүнг хариуцагч талаас хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримт гаргуулахаар 2 удаа хүсэлт өгсөн боловч хүсэлтийг хангалгүйгээр хэт нэг талыг барьж хэргийг хянан шийдвэрлэсэн. Талуудын байгуулсан гэрээний 3.2-д төлбөр төлөх хугацаандаа төлөөгүй тохиолдолд төлөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцно гэж заасныг нэхэмжлэгч тал илтэд гуйвуулж хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх алдангитай холбоотой асуудлаар хоёр талын гэрээнд тохиролцсон тохиролцоо болон агуулгыг зөв дүгнэж шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгч талаас гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Х.Ц- нь хариуцагч Д.А-, Ю.Б- нарт холбогдуулан 68,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийг багасган 67,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн байна.

3.а.Нэхэмжлэгч Х.Ц- нь 2016 онд хариуцагч Д.А-ын барьж буй барилгад хөрөнгө оруулалт хийж, ашиг хүртэхээр тохиролцон, 200,000,000 төгрөгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон. Улмаар талууд 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулан, хариуцагч Д.А-ын төлбөрийн үлдэгдэл 198,500,000 төгрөг болохыг баталгаажуулж, хариуцагч нь уг төлбөрийг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Х.Ц-т төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 12-р тал/

3.б.Дээрх гэрээг байгуулсны дараа хариуцагч Д.А- нь нэхэмжлэгч Х.Ц-т төлөх төлбөртөө 110,000,000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгө болон бэлнээр 43,500,000 төгрөгийг төлж төлбөрийн үлдэгдэл 45,000,000 төгрөг болсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

3.в.Хариуцагч татгалзалдаа үл хөдлөх эд хөрөнгө нь 110,000,000 төгрөгөөс илүү үнэлгээтэй гэх агуулгаар тайлбар гаргасан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Нөгөө талаар хариуцагч Д.А- нь 45,000,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрч 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Х.Ц-тай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, дээрх төлбөрийг 2020 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн дотор 3 хувааж төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 14-р тал/

3.г.Нэхэмжлэгч Х.Ц- нь төлбөрийн үлдэгдэл 45,000,000 төгрөг болон түүний 50 хувийн алданги 22,500,000 төгрөг, нийт 67,500,000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн. Нэхэмжлэгч Х.Ц-, хариуцагч Д.А- нарын байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 3.2-т ... Төлбөр төлөх хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд төлөөгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцно гэж заасан байна. /хх-ийн 14-р тал/

3.д.Анхан шатны шүүх дээрх гэрээний заалтыг алдангийн тохиролцоо гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ. Тодруулбал, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй бөгөөд торгууль нь үүргээ гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон байхыг шаарддаг бол алданги нь хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоодог.

3.е.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд шүүх талуудын тохиролцоог өөрчлөх боломжгүй юм. Гэрээний агуулгаас үзвэл талууд анзыг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд биш зөвхөн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувиар тооцохоор тохиролцсон буюу энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дах хэсэгт заасан торгуулийн тохиролцоонд илүү нийцсэн гэж үзэхээр байна.

4.Иймд гүйцэтгээгүй үүрэг болох 45,000,000 төгрөгөөс 0.5 хувийн торгууль тооцвол нийт 45,225,000 төгрөг болж байх тул хариуцагч Д.А-ын гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээг уг дүнгээр тогтоож, хариуцагч Ю.Б-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байх тул хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, алдангийг буруу тооцсон гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

4.а.Анхан шатны шүүх гэрээний агуулгыг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсгээр залруулах боломжтой бөгөөд мөнгөн дүнгийн хэмжээнд өөрчлөлт ороогүй тул шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн болно.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2022/03262 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

Г.ДАВААДОРЖ