Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 1016

 

 

“А ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/00803 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Б-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 102 442 473 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б нь манай ББСБ-тай 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ЗГ-01-00-2017215 тоот зээлийн гэрээ, БГ-01-00-2017215 тоот барьцааны гэрээ байгуулан Нйислэлийн Хан-Уул дүүрэг, 03 дугаар хороо, Автосургуулийн 1 гудамж, 1 тоот хаягт байршилтай 55.25 м.кв хувийн сууц, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, 2.978 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг барьцаалан 75 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлсэн бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болсон тул зээлийн гэрээний биелэгдээгүй үүргийг хангуулж манай хохирлыг барагдуулж өгнө үү. ЗГ-01-00-2017215 тоот зээлийн гэрээний биелүүлээгүй үүрэг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар нэмэгдүүлсэн хүү 4 544 675 төгрөг, хуримтлагдсан хүү 22 985 569 төгрөг, зээлийн үлдэгдэл 74 912 229 төгрөг, нийт 102 442 473 төгрөг байна. ЗГ-01-00-2017215 тоот зээлийн гэрээний биелүүлээгүй үүрэг 102 442 473 төгрөг хангагдаагүй тохиолдолд гэрээний үүргийг БГ-01-00-2017215 тоот барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргах болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дугаар зүйлд зааснаар хариуцагч хариуцагч С.Б-с 100 868 903 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 573 570 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ү-2206018970 улсын дугаартай, Хан-Уул дүүрэг, 03 дугаар хороо, Авто сургуулийн 1 гудамж, 1 тоот хаягт байрлах 55.25 м.кв талбай бүхий хувийн сууц, №000681992 гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, БХТН-ийн баруун урд, 3 дугаар хороо 700 м.кв талбай бүхий газар, амины орон сууц, Сонгинохайрхан дүүрэг /толгойт өртөөний баруун урд/, 20 дугаар хороонд байрлах 2.978 м.кв талбай бүхий газар худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч С.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 732 495 төгрөгийг гаргуулж А ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 740 362 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Хариуцагч С.Б нь өөрийн зээлээс 5 000 000 төгрөгийг төлсөн байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн зүгээс тухайн зээл төлсөн баримтыг нэхэмжлэгч талаас гаргуулахаар хүсэлт гаргаж шүүгч захирамж гаргасан боловч нэхэмжлэгч шүүгчийн захирамжийг биелүүлэлгүй тухайн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Хариуцагчийн зүгээс мөнгө төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжгүй байсан. Гэтэл дээрх нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс харгалзан үзэлгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож өөрчлөлт оруулах, эсвэл дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК нь хариуцагч С.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 102 442 473 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 75 000 000 төгрөгийг, сарын хүү 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцож зээлийн гэрээг бичгээр, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Ш.Саранхүүгийн өмчлөлийн Ү-2206018970 улсын дугаартай, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Авто сургуулийн 1 гудамж, 1 тоот хаягт байрлах 55.25 м.кв талбай бүхий хувийн сууц, №000681992 гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, БХТН-ийн баруун урд, 3 дугаар хороо 700 м.кв талбай бүхий газар, амины орон сууц, Сонгинохайрхан дүүрэг /толгойт өртөөний баруун урд/, 20 дугаар хороонд байрлах 2.978 м.кв талбай бүхий газар, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус барьцаалсан 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн барьцааны гэрээг тус тус бичгээр байгуулж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан хэлцэлд тавих хуулиар тогтоосон шаардлагыг хангасан, гэрээнүүд хуулийн хүчин төгөлдөр байна.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээл, зээлийн хүүг буцаан төлөх, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх талаар зохицуулагдсан байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.4.2.2-т “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваариас хугацаа хэтэрсэн, эсхүл дутуу төлсөн тохиолдолд зээлийн төлбөр гүйцэтгэсэн өдөр хүртэл хугацаанд тооцогдсон нэмэгдүүлсэн хүү, уг хугацаанд тооцогдсон зээлийн хүүг тус тус төлүүлж, үлдсэн дүнгээр үндсэн зээлийг төлүүлнэ” гэж тохиролцжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дууссан ба хариуцагч нь үндсэн зээл 87 770 төгрөг, зээлийн хүү 15 300 138 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38 471 төгрөг, нийт 15 426 380 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч С.Б-с үндсэн зээл 74 912 229 төгрөг, зээлийн хүү 21 411 999 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 544 675 төгрөг, нийт 100 868 903 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ББСБ ХХК-д  олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр тул уг барьцаа хөрөнгийг шүүхийн журмаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхийг нэхэмжлэгчид Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар олгогдсон тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ү-2206018970 улсын дугаартай, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Авто сургуулийн 1 гудамж, 1 тоот хаягт байрлах 55.25 м.кв талбай бүхий хувийн сууц, №000681992 гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, БХТН-ийн баруун урд, 3 дугаар хороо 700 м.кв талбай бүхий газар, амины орон сууц, Сонгинохайрхан дүүрэг /толгойт өртөөний баруун урд/, 20 дугаар хороонд байрлах 2.978 м.кв талбай бүхий газар, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх 5 000 000 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийсэн талаарх нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч талаас 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд зээлийн төлөлт хийгдээгүй талаарх баримт хэрэгт авагдсан, энэ хугацаанд С.Б-с төлбөр төлсөн баримт нэхэмжлэгчид байхгүй талаар тайлбарыг шүүхэд гаргасан байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/00803 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ