Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 803

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: А Э  ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй

 

            Хариуцагч: С.Б - д   холбогдох

 

            Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 102.442.473 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Батжаргал,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Б нь манай ББСБ-тай 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ЗГ-01-00-2017215 тоот Зээлийн гэрээ, БГ-01-00-2017215 тоот Барьцааны гэрээ байгуулан Нйислэлийн Хан-Уул дүүрэг, 03 дугаар хороо, Автосургуулийн 1 гудамж, 1 тоот хаягт байршилтай 55.25 м.кв хувийн сууц, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, 2.978 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг барьцаалан 75.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлсэн бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болсон тул зээлийн гэрээний биелэгдээгүй үүргийг хангуулж манай хохирлыг барагдуулж өгнө үү. ЗГ-01-00-2017215 тоот Зээлийн гэрээний биелүүлээгүй үүрэг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар нэмэгдүүлсэн хүү 4.544.675 төгрөг, хуримтлагдсан хүү 22.985.569 төгрөг, зээлийн үлдэгдэл 74.912.229 төгрөг, нийт 102.442.473 төгрөг байна.

ЗГ -01-00-2017215 тоот зээлийн гэрээний биелүүлээгүй үүрэг 102.44.2.473 төгрөг хангагдаагүй тохиолдолд гэрээний үүргийг БГ-01-00-2017215 тоот барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч С.Б  шүүхэд гаргасан хариу тайбартаа: “ Тус шүүхэд А Э  ББСБ ХХК нь С.Б-д  холбогдуулан зээлийн гэрээний биелүүлээгүй үүрэг болох 102.442.473 төгрөгийг БГ-01-00-2017215 тоот барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргах болно” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

                                                                                                                                

            Нэхэмжлэгч А Э  ББСБ ХХК нь хариуцагч С.Б од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 102.442.473 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад илүү нэхэмжилсэн 1.573.570 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан болохыг дурдах нь зүйтэй.

 

            Хариуцагч С.Б  нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

А Э  ББСБ ХХК, хариуцагч С.Б  нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дугаар №ЗГ-01-00-2017215 тоот зээлийн гэрээ байгуулж, 75.000.000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй байгуулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байна.

 

Дээрх зээлийн гэрээний үүрэгт Иргэний хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д заасны дагуу Ү-2206018970 улсын дугаартай, Хан-Уул дүүрэг, 03 дугаар хороо, Авто сургуулийн 1 гудамж, 1 тоот хаягт байрлах 55.25 м.кв талбай бүхий хувийн сууц, №000681992 гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, БХТН-ийн баруун урд, 3 дугаар хороо 700 м.кв талбай бүхий газар, амины орон сууц, Сонгинохайрхан дүүрэг /толгойт өртөөний баруун урд/, 20 дугаар хороонд байрлах 2.978 м.кв талбай бүхий газар худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, А Э  ББСБ ХХК, С.Б  нарын хооронд “Барьцааны гэрээ” байгуулсан байна.

 

“Барьцааны гэрээ”-г бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2018 оны 04 сарын 30-ны өдөр дууссан байх бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл 87.770 төгрөг, үндсэн хүү 15.300.138 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38.471 төгрөг, нийт 15.426.380 төгрөгийн төлөлт хийсэн болох нь зээл, зээлийн хүүгийн тооцоолол болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар нотлогдож байна.

 

Иймд хариуцагч С.Б оос үндсэн зээл 74.912.229 төгрөг, зээлийн хүү 21.411.999  төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.544.675 төгрөг, нийт 100.868.903  төгрөгийг зээлдэгч нараас гаргуулж, нэхэмжлэгч  А Э   ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.573.570 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

            Нэхэмжлэгч нь барьцааны үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн байх тул Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Ү-2206018970 улсын дугаартай, Хан-Уул дүүрэг, 03 дугаар хороо, Авто сургуулийн 1 гудамж, 1 тоот хаягт байрлах 55.25 м.кв талбай бүхий хувийн сууц, №000681992 гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, БХТН-ийн баруун урд, 3 дугаар хороо 700 м.кв талбай бүхий газар, амины орон сууц, Сонгинохайрхан дүүрэг /толгойт өртөөний баруун урд/, 20 дугаар хороонд байрлах 2.978 м.кв талбай бүхий газар худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болох барьцааны хөрөнгүүдийг худалдан борлуулж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Тус иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 11 цаг 00 минутад зарлагдсан байсан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн баримт гаргуулах хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цаг 00 минут хүртэл хойшлуулсан байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржавхлан нь тус шүүх хуралдааны товтой биечлэн танилцаж гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэжлүүлсэн болно.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дугаар зүйлд зааснаар хариуцагч хариуцагч С.Б оос 100.868.903 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч  А Э  ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.573.570 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ү-2206018970 улсын дугаартай, Хан-Уул дүүрэг, 03 дугаар хороо, Авто сургуулийн 1 гудамж, 1 тоот хаягт байрлах 55.25 м.кв талбай бүхий хувийн сууц, №000681992 гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, БХТН-ийн баруун урд, 3 дугаар хороо 700 м.кв талбай бүхий газар, амины орон сууц, Сонгинохайрхан дүүрэг /толгойт өртөөний баруун урд/, 20 дугаар хороонд байрлах 2.978 м.кв талбай бүхий газар худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч С.Б оос улсын тэмдэгтийн хураамжид 732.495 төгрөгийг гаргуулж А Э  ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 740.362 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.