Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2022/03330

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.Б нэхэмжлэлтэй

Хариуцагч: НШШГГ холбогдох

Үнэлгээ хүчингүй болгох, дахин үнэлгээ тогтоолгох тухай  нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оралсын, нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч талд 2022 оны 07 дугаар сарын  26-ны өдрийн 09.00 цагт товлогдсон шүүх хуралдааны зарыг Шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсаар хүргүүлсэн. Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгон өөрийгөө шүүх хуралдаанд оролцуулахгүй хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн, өмгөөлөгч Б.Хандармаа нь 2022 оны 07 дугаар сарын 26-ны өглөөний 09.10 цагт шүүгчийн туслахын өрөөнд  орж ирэхэд .......шүүх хуралдаанд эхлэх гэж байна, та хуралдаанд оролцоно уу гэсэн  туслахын шаардлагад ..... би оролцохгүй эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг өгсөн гэх хариу мэдэгдсэн болох нь шүүгчийн туслахын тэмдэглэлд тусгагдсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар нэхэмжлэгч талын эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б- Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээний Бэсгэ ХХК-ийн 22/0******* дугаар хөрөнгийн хийсэн Үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2021/00******* дугаар шийдвэрээр С.Б- надаас 21,747,561 төгрөг гаргуулж А Г  ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Д.Н-г өмчлөлийн Баянзүрх үүргийн 0 хороо , ******* 13 дугаар гудамжны *** тоот  хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, тус  хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-*********  дугаартай, 54 м.кв талбайтай  хувийн сууц, тус  хаягт байрлах тоосгон граж улсын бүртгэлийн гэрчилгээгүй, 3.5х21 м.кв талбай, гэх/ хамт эд хөрөнгүүдэд хөндлөнгийн шинжээч томилж, үнэлгээ гаргуулахад 42,262,982 төгрөгөөр үнэлсэн байна. Гэтэл тухайн газар нь дахин төлөвлөлтөд орж одоогийн зах зээлийн үнэлгээгээр 100,000,000 орчим төгрөг болоод байгаа юм.

Иймд дээр эд хөрөнгийн үнэлгээг дахин хийлгэж бодит зах зээлийн үнэлгээг гаргуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 55.7 дугаар зүйлд зааснаар гомдол гаргаж байна. Барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээний БЭСГЭ ХХК-ийн 22/0******* дугаар хөрөнгийн хийсэн Үнэлгээ хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2021/00******* дугаар шийдвэрээр С.Б-ээс 22,049,636.14 төгрөгийг, Д.Н 70,200 төгрөгийг тус тус гаргуулж Ашид Голомт ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч С.Б-, Д.Н нар нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар төлбөр төлөгч С6Батдэлгэрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Н-н өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 0 хороо , 00 дугаар гудамж, *** тоот  хаягт байрлах улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэгдсэн 451 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-*********  дугаартай 54 м.кв талбайтай  хувийн сууцыг  2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн *******/03 дугаартай тогтоолоор битүүмжилсэн ба мөн хаягт байрлах улсын бүртгэлийн гэрчилгээгүй 3:6 хэмжээтэй гэх тоосгон гараашийн хамт дээрх хөрөнгийг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2280083/06 дугаар тогтоолоор хураасан.

Төлбөр төлөгч С.Б-, Д.Н- нар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар битүүмжилж хураасан  үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг авахад талууд харилцан тохиролцож үнийг тогтоогоогүй бөгөөд хөрөнгийн үнийн саналыг авахад талууд харилцан тохиролцож үнийг тогтоогоогүй бөгөөд үнэлгээг хөндлөнгийн  байгууллагаар  хийлгэх тухай хүсэлт ирүүлсэн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар хөрөнгийн үнэлгээний Бэсгэ ХХК-иар 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоолын дагуу үнэлгээг тогтоолгоход 42,262,982 төгрөгөөр тухайн үл хөдлөх хөрөнгийн үнийг тогтоосон.Үнэлгээний тайланг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр шинжээчээс хүлээн авч, тухайн өдрийн 4-229/7724, 4-229/7725, 4-229/7726 тоот мэдэгдлүүдийг төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн  төлөөлөгч М.Х, төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.м тус тус өгч баталгааг шуудангаар талуудын шүүхийн шийдвэрт дурдагдсан хаягт хүргүүлсэн.

Баянзүрх дүүргийн 0 хороо , 13 дугаар гудамж,   *** тоот од байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаартай 00 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-*********  дугаар 54 м.кв талбайтай хувийн сууцыг , мөн хаягт байрлах улсын бүртгэлийн гэрчилгээгүй 3:6 хэмжээтэй гэх тоосгон гараашийг хамт анхны дуудлага худалдаанд оруулахаар  2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 5/36 дугаар тогтоол 4-166/9161,4-166/9162,4-166,9270 тоот албан бичгээр талуудад мэдэгдсэн боловч Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШЗ2022/******* дугаар захирамжийн дагуу түдгэлзүүлсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч С.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгөн үү гэв.

Нэхэмжлэгчээс шүүхэд:Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2021/00******* дугаар шийдвэр(хх-ийн5-10), Нийслэлийн  иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 708 дугаартай магадлал(хх-ийн11-13) зэрэг баримтыг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.

Хариуцагч талаас шүүхэд: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2021/00******* дугаар шийдвэр(хх-ийн 43-48), Нийслэлийн  иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 708 дугаартай магадлал(хх-ийн49-53), шүүхийн гүйцэтгэх хуудас(хх-ийн54-55), Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2021/*******дугаар захирамж(хх-ийн56-58), 2021.12.21-ний өдрийн ******* дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол(хх-ийн59), зарлан дуудах хуудас, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл(хх-ийн60,67,71), шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл(хх-ийн61-62,65-66,70, 80, 81,114-115), 2022.01.05-ны өдрийн *******/03 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол(хх-ийн63-64), 2022.03.16-ны өдрийн *******/06 дугаар Эд хөрөнгө хураах тогтоол (хх-ийн68-69), шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас (хх-ийн 72-73), Үнийн санал ирүүлэх тухай(хх-ийн 74-78), Ашид голомт ББСБ-ын хүсэлт (хх-ийн79), төлбөр төлөгчийн хүсэлт (хх-ийн81,83),Шинжээч томилох тухай 2022.04.06-ны өдрийн 4/87 тогтоол(хх-ийн84-86), Хөрөнгийн үнэлгээний тайлан(хх-ийн87-111), Мэдэгдэл хүргүүлэх тухай(хх-ийн112-113,116,119-121), Анхны албадан дуудлага худалдааны комист санал оруулах тухай(хх-ийн117), Анхны албадан дуудлага худалдааны явуулах тухай 2022.04.26-ны өдрийн №5/35 тогтоол зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Б- нь Хөрөнгийн үнэлгээний Бэсгэ ХХК-ийн  шинжээчийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоон үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, дахин үнэлгээ тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 Хариуцагч  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус  маргасан.

1.    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:

Шүүхээс иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 09.00 цагт  товлон зарлагдсан шүүх хуралдаанд   нэхэмжлэгч С.Б-, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О нарт Монгол шуудангаар хүргүүлэхэд Б.О өөрийн эзгүйд хэргийг хянан хэлэлцүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн. Өмгөөлөгч М.Х  шүүхийн байранд ирсэн боловч тэрээр шүүх хуралдаанд оролцохгүй, хүсэлт өгсөн талаар 2022 оны 07 дугаар сарын 26-ны өглөөний 09.10 цагт шүүгчийн туслахад өөрөө мэдэгдсэн болох нь шүүгчийн туслахын тэмдэглэлд дурдагдсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ. гэж зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд  хэргийг хянан шийдвэрлэв.

2. Үнэлгээ хүчингүй болгох, дахин үнэлгээ тогтоолгох шаардлагын тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” энэ хуулийн 11.2-т “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж тус тус хуульчилсан.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2021/00******* дугаар шийдвэрээр хариуцагч С.Б-ээс 21,747,561.14 төгрөгийг гаргуулж Ашид голомт ББСБ ХХК-д олгохоор, хариуцагч төлбөрийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд Д.Н-н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 0 хороо , *******ийн 13 дугаар гудамж, *** тоот  хаягт байрлалтай, 00 тоот гэрчилгээний дугаартай, ********** нэгж талбарын дугаартай, 451 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг, дээрх хаягт байрлалтай эрхийн улсын бүртгэлийн Ү-*********  дугаарт бүртгэгдсэн, ******* тоот гэрчилгээний дугаартай, 54 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх  хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. (хх-ийн 5-10, 43-48)

Хариуцагч Д.Н-н гаргасан гомдлыг хянан хэлэлцээд Нийслэлийн  иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 708 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Д.Н-н төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.(хх-ийн49-53),

Дээрх шийдвэр, магадлалын дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 101/8ГХ2021/01711 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, С.Б-ийн  үүргийн гүйцэтгэлд барьцаалсан,  Д.Н-н өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0000/03 тогтоолоор “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор  битүүмжилж, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн *******/06 дугаар “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолоор хөндлөнгийн гэрч байлцуулан тус тус хурааж,  төлбөр төлөх хугацаа тогтоох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан журмын дагуу явуулжээ. (хх-ийн 59, 63, 68)

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно.” гэж заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нар барьцааны хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй тул 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 4/87 дугаар “Шинжээч томилох тухай” хөрөнгийн үнэлгээний Бэсгэ ХХК-ийг шинжээчээр томилж, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгийг 42,262,982 төгрөгөөр үнэлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.(хх-ийн 74-81)

Бэсгэ ХХК-ийн үнэлгээчин нь тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг 42,262,982 төгрөгт тооцон үнэлж, түүний зах зээлийн үнэтэй харьцуулж, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт нийцүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоох ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хэрэгт цугларсан баримт болох эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан тогтоол, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдэл болон зохигчдын тайлбар, мэдүүлгээс дүгнэж үзэхэд төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг  битүүмжилж, хураасан тогтоол гаргаж, төлбөрийг яаралтай төлөхийг удаа дараа шаардаж улмаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 42,262,982 төгрөгийн 70 хувиар тооцон 29,584,087 төгрөгөөр, анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосныг 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 4/-166/9161, 4/-166/9162, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 4-166/9270 дугаар мэдэгдлүүдийг төлбөр авагч,  төлбөр төлөгч нарт Монгол шуудангаар хүргүүлсэн  нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон болно.(хх-ийн118-121)

 Хариуцагч байгууллага нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцааны зүйл болох орон сууцыг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох, шинжээч  томилох, үнэлгээний тайланг талуудад мэдэгдэх зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа  .....тухайн газар дахин төлөвлөлтөд орж одоогийн зах зээлийн үнэлгээгээр 100,000,000 төгрөг болоод байна гэж маргах боловч газрын үнэ өссөнтэй холбоотой ямар нэгэн хүсэлтийг шүүхэд гаргаагүй, энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлоогүй.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2,38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүлйин 55.5.“Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно.” гэж зааснаар дахин үнэлгээ тогтоолгох тухай хүсэлтээ шийдвэр гүйцэтгэгчид талууд хүсэлтээ гаргаагүй байна.

Хариуцагч байгууллага хөрөнгийн үнэлгээний Бэсгэ ХХК-ийн  хийсэн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн үнэлгээг төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ......мэдэгдэл хүлээн авав. 2022.0.4.13, тайлан 9 хуудас хүлээж авав. М.Хандармаа гэж үнэлгээний тайланг 04 дүгээр сарын 13-ны өдөр гардан авснаас хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар  үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүхэд 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор гаргах  эрхтэй атал 04 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд гомдол гаргаж, хуульд заасан гомдол гаргах хугацааг 1 хоногоор хэтрүүлсэн гэж үзэв.(хх-ийн111-113)

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ тогтоолгох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Т.ГАНЧИМЭГ