Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01857

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01857

 

 

 

 

 

 

 

2022 10 05 210/МА2022/1857

 

 

С.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2022/03330 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: С.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах, дахин үнэлгээ тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2021/00548 дугаар шийдвэрээр С.Б-ээс 22,049,636.14 төгрөгийг, Д.Н-гээс 70,200 төгрөгийг тус тус гаргуулж А- ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Д.Н-н өмчлөлийн 111111 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-000000 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-333333 дугаартай, 54 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах тоосгон гарааш улсын бүртгэлийн гэрчилгээгүй, 3.5х21 м.кв талбай, гэх/ хамт эд хөрөнгүүдэд хөндлөнгийн шинжээч томилж, үнэлгээ гаргуулахад 42,262,982 төгрөгөөр үнэлсэн байна. Гэтэл тухайн газар нь дахин төлөвлөлтөд орж одоогийн зах зээлийн үнэлгээгээр 100,000,000 орчим төгрөг болоод байгаа юм. Иймд БЭСГЭ ХХК-ийн 22/0014 дугаар хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулж, эд хөрөнгийн үнэлгээг дахин хийлгэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2021/00548 дугаар шийдвэрээр С.Б-ээс 22,049,636.14 төгрөгийг, Д.Н-гээс 70,200 төгрөгийг тус тус гаргуулж А- ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар С.Б-, Д.Н- нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар С.Б-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Н-н өмчлөлийн 111111 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Г-000000 дугаарт бүртгэгдсэн 451 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-333333 дугаартай 54 м.кв талбайтай хувийн сууцыг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 22380083/03 дугаартай тогтоолоор битүүмжилсэн ба мөн хаягт байрлах улсын бүртгэлийн гэрчилгээгүй 3х6 хэмжээтэй тоосгон гараашийн хамт 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2280083/06 дугаар тогтоолоор хураасан.

С.Б-, Д.Н- нараас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар битүүмжилж хураасан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг авахад талууд тохиролцоогүй. Хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн байгууллагаар хийлгэх тухай хүсэлт ирүүлсэн тул хөрөнгийн үнэлгээний Бэсгэ ХХК-аар 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоолын дагуу үнэлгээг тогтоолгоход тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 42,262,982 төгрөгөөр тогтоосон. Үнэлгээний тайланг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр шинжээчээс хүлээн авч, тухайн өдрийн 4-229/7724, 4-229/7725, 4-229/7726 тоот мэдэгдлүүдийг төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-д тус тус өгч баталгааг шуудангаар хүргүүлсэн.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг анхны дуудлага худалдаанд оруулахаар 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 5/36 дугаар тогтоол 4-166/9161,4-166/9162,4-166,9270 тоот албан бичгээр талуудад мэдэгдсэн боловч Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШЗ2022/11786 дугаар захирамжийн дагуу түдгэлзүүлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул С.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт үнэлгээний тайланг хүлээж аваад 7 хоногийн дотор гомдол гаргах байтал гомдлын хугацааг 1 хоногоор хэтрүүлсэн гэж үзэж нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хэлэлцүүлээгүй байна. Гэтэл би өөрийн биеэр НШШГГ-т очиж үнэлгээний тайлантай танилцсан. Энэ нь Д.Н-н итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х-ийн үнэлгээний тайлантай танилцсан өдрөөс 1 хоногийн дараа байж таарсан. Гэтэл шүүх нэхэмжлэл гаргах хугацааг тоолохдоо буруу тооцсон байх тул Анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 03330 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч С.Б- нь НШШГГ-т холбогдуулан Бэсгэ ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2021/00548 дугаар шийдвэрээр хариуцагч С.Б-ээс 21,747,561.14 төгрөгийг гаргуулж А- ББСБ ХХК-д олгож, хариуцагч төлбөрийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд Д.Н-н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-000000 дугаарт бүртгэгдсэн, 111111 тоот хаягт байрлалтай, 000127979 тоот гэрчилгээний дугаартай, 18646312557720 нэгж талбарын дугаартай, 451 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг, дээрх хаягт байрлалтай эрхийн улсын бүртгэлийн Ү-333333 дугаарт бүртгэгдсэн, 000271852 тоот гэрчилгээний дугаартай, 54 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 708 дугаар магадлалаар хэвээр үлдээж, хүчин төгөлдөр болжээ. /хх 43-53/

3.а. Хариуцагч С.Б- нь дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй байх тул А- ББСБ ХХК-ийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 01711 дугаар гүйцэтгэх хуудас олгожээ. /хх 54-55/

3.б. Улмаар хариуцагч байгууллагаас С.Б-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, Д.Н-н өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр битүүмжилж, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцжээ. /хх 63, 68/

3.в. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох зорилгоор талуудаас үнийн санал авахаар албан бичиг хүргүүлэхэд төлбөр авагч, төлбөр төлөгч нар хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлсэн байна. /хх 79, 81, 83/

3.г. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т тус тус зааснаар хариуцагч байгууллагаас 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 4/87 дугаар тогтоолоор шинжээчээр Бэсгэ ХХК-ийг томилж, хөрөнгийн үнэлгээний тайланд Д.Н-н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-000000 дугаарт бүртгэгдсэн, 111111 тоот хаягт байрлалтай, 000127979 тоот гэрчилгээний дугаартай, 18646312557720 нэгж талбарын дугаартай, 451 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 11,049,500 төгрөг, дээрх хаягт байрлалтай эрхийн улсын бүртгэлийн Ү-333333 дугаарт бүртгэгдсэн, 54 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 17,513,496 төгрөг, гараашийг 6,108,984 төгрөг, нийт 42,262,982 төгрөг гэж үнэлжээ. /хх 84-86, 87-101/

4.а. Төлбөр төлөгч С.Б-ийн оршин суух хаягаар хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн байхад төлбөр төлөгч Д.Н-н итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х-д мэдэгдэл гардуулсан хугацаагаар тооцож нэг хоногийн хугацаа хэтрүүлсэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь буруу.

НШШГГ- хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг баталгаат шууданд хийсэн хугацаанаас тоолоход 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төлбөр төлөгч шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасан 7 хоногийн хугацааг хэтрүүлээгүй байна. /хх. 113/ Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

4.б. Анхан шатны шүүх шүүх гомдол гаргах хугацааг буруу тоолсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлд хамаарахгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

5. Төлбөр төлөгч С.Б- нь хөрөнгийн үнэлгээний Бэсгэ ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн, дахин төлөвлөлтөд орсон гэх тайлбар, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2022/03330 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

С.ЭНХБАЯР