Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 121/ШШ2022/0137

 

2022 оны 10 сарын 05-ны өдөр            Дугаар 121/ШШ2022/0137                                  Арвайхээр сум

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн Б дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: ******** ********,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ******** /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 0848/,

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг дарга,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв. 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** /цахимаар/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагва нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******** нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргад холбогдуулан “Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ******** дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөөгүй байна.

2. Анх Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 71 тоот “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар тус сумын 3 дугаар баг “*******” гэх газарт “Төгс гэгээрлийн сүм” барих зориулалтаар 0.5 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Уг захирамжийг үндэслэн олгосон 0202279 дугаар бүхий газар эзэмших гэрчилгээнээс үзэхэд “Лачин хайрхан хийд”-д тус “********” гэх газарт Гэгээрлийн сүм гэсэн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар олгож, эзэмшигчээр иргэн Б.********ийг бүртгэжээ.

3. Харин мөн сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай захирамж хүчингүй болгох тухай” а/73 тоот захирамжаар “Төгс гэгээрлийн сүм” нь эрх бүхий албан тушаалтнаар газраа хэмжүүлээгүй, геодезийн байнгын цэг тэмдэг дээр дур мэдэн хашаа барьсан, удаа дараа шаардсан боловч тухайн геодезийн цэг тэмдгийг чөлөөлөөгүй гэсэн үндэслэлээр сумын Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 71 тоот захирамжийг хүчингүй болгож, 0202279 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчээс анх 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд хандан Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн а/73 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 121/ШШ2021/0004 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Бат-Өлзий  сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай захирамж хүчингүй болгох тухай” а/73 тоот захирамжийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, энэ 3 сарын хугацаанд уг асуудлыг дахин судалж шинэ акт гаргахыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

5. Улмаар Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” ******** дугаар захирамжаар тус сумын Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 71 дүгээр захирамжийг хүчингүй болгон 0202279 дугаар бүхий газар эзэмшлийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар шийдвэрлэсэн байна.

6. Нэхэмжлэгч Б.******** нь дээрх захирамжийг эс зөвшөөрч 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: “...Б.******** миний бие Бат-Өлзий сумын засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 73 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар 2021 онд тус захиргааны шүүхэд гомдол гаргасан. Өвөрхангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 121/ШШ2021/0004 тоот шийдвэрээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн "газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгох тухай а/73 тоот захирамжийг 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж энэ хугацаанд уг асуудлыг дахин судалж шинэ акт /захирамж/ гаргахыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргад даалгаж, энэ хугацаанд байдлыг судалж шинээр акт гаргаагүй бол 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн "Газар эзэмшүүлэх захирамж хүчингүй болгох тухай а/73 тоот захирамж хуулийн дагуу шууд хүчингүй болохыг мэдэгдэж шийдвэрлэсэн.

Би энэ хугацаанд намайг дуудаж ямар нэгэн байдлаар зохицуулж, надад мэдэгдэж шийдвэр гаргах байх гэж хүлээсээр эцэст нь шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлэхээр шүүхэд хандахад тус сумын Засаг дарга энэ хугацаанд ямар нэгэн эрхийн акт гаргасан эсэх баримт авч ир гэснээр өөрийн биеэр тус сумын Засаг даргатай уулзахад хүлээж бай гэж 2 цаг шахмын дараа 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ******** тоот захирамж өгсөн болно. Өмнө нь надад утсаар болон ямар нэгэн байдлаар огт мэдэгдэлгүй байж байгаад энэ захирамж өгсөнд би үнэхээр гайхаж байна.

Миний хувьд үүнийг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй. Засаг дарга намайг 1-2 цаг хүлээлгэсний эцэст энэ актын хуулбарыг өгсөн нь бодитой биш гэж үзэж байна. Би энэ хугацаанд өндөр настай, хүнд өвчтэй ээжийгээ асарч байсан тул сум руу яваад байх боломжгүй тул, сумаас дуудах ч юм уу ямар нэгэн бичиг ирнэ гэж хүлээж байсан.

Иймд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг дарга ********гийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ******** тоот захирамжийг хүчингүй болгож, мөн сумын Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн "Газар эзэмшүүлэх тухай" 71 дүгээр захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

            8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.********ийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ******** дугаартай захирамжийг хүчингүй болгуулж өгнө үү гэсэн хүсэлтийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Учир нь Б.******** нь Өвөрхангай аймгийн Засаг дарга н.Ишдоржийн 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 71 тоот захирамжаар Бат-Өлзий сумын “********” гэх газар Төгс гэгээрлийн сүм бариулах зориулалтаар 0,5 га газар эзэмшсэн захирамж байдаг. Б.******** тухайн газарт үйл ажиллагаагаа эхлүүлэх зорилгоор хүмүүс хөлслөөд хашаа бариад, 00 барих зэрэг ажиллагаа хийж байхад 2-3 жилийн хугацаа өнгөрсний дараа газрын даамал, ойн байцаагч зэрэг нь аман шаардлага тавьж “энэ газрыг чөлөөлж өг, чи газар чөлөөлөх шаардлагатай” гэж шаардаж хашааг нь нурааж, сүмийн гэр барьсныг нураалгасан асуудал гарсан. Тэр үед Б.********  хохирчихлоо, миний үйл ажиллагаа явуулж байсан зүйлийг шууд хүчээр нурааж надад хохирол учруулсан, энэ хохирлоо гаргуулна гэж Өвөрхангай аймгийн Хархорин сумын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 онд хохирол гаргуулах гомдол гаргасан байдаг. Гомдол гаргаад явж байх явцад Б.********т эзэмшүүлсэн 2011 оны 11 дүгээр сарын 29-ний 71 тоот захирамжийг хүчингүй болгосон 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/73 тоот захирамж хэрэгт авагдсан. Тэгэхээр захирамжийг хүчингүй болгосон захирамжийг олж мэдсэн учир энэ захирамжид гомдол гаргах талаар хуулийн зөвлөгөө авч Захиргааны хэргийн шүүхэд хандсан процессын дагуу хугацаа сэргээлгэж шүүхээс 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр шийдсэн. Шийдэхдээ хуулийн шаардлага хангаагүй, эрх нь зөрчигдсөн этгээдэд мэдэгдээгүй, Газрын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн байна гэсэн асуудал яригддаг. Нөгөө хүн нь мэдэгдсэн Б.******** нь мэдэгдээгүй гэж маргадаг. Эдгээр байдлуудыг харгалзан удаан хугацаанд олон жил болсон ойлгогдох боломжгүй гэж үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасныг үндэслэн шүүх боломж олгож 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/73 тоот захирамжийг хүчингүй болгохыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж 3 сарын хугацаанд хуульд заасан процессын дагуу асуудлаа шийдвэрлэ гэж өөрөөр хэлбэл нэгэнд нь газар өгөх гэх мэт эрхийг олгосон шийдвэр гаргасан. Хэрэв энэ хугацаанд энэ асуудлыг дахин хэлэлцэж шийдвэрлээгүй бол захирамж нь автоматаар хүчингүй болно гэсэн утгатай шүүхийн шийдвэр гарсан. Б.********т 3 сарын дараа энэ хүмүүс ямар нэгэн хариу өгөхгүй, хариу үйлдэл хийхгүй бол өмнөх 2011 оны 11 дүгээр сарын 29-ний 71 тоот захирамж хэвээр үлдэх тул хугацаа дуусмагц чи очиж лавлах хэрэгтэй гэж хэлсний дагуу Б.******** Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр очсон байдаг. Тухайн үед ******** дарга өөрөө байсан. ******** нь ажлаас гарсан юм уу, ер нь байгаагүй. Тэгээд ******** даргатай уулзаж миний энэ асуудал 3 сарын хугацаа өнгөрлөө гэж хэлэхэд тухайн асуудал шийдэгдээгүй байна. Чи хүлээж бай гэж хэлсэн гэсэн. Б.******** нь 100 гаруй настай ээжийгээ асардаг тул яараад явсан. Ямар нэгэн байдлаар надад мэдэгдэж, намайг дуудна, миний асуудлыг зохицуулж өгнө гэж хүлээгээд байсан. Гэтэл Б.******** 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр над дээр ирсэн. Тэгэхээр нь юу болсон гэсэн чинь ямар нэгэн хариу байдаггүй. Ийм учир Шүүхийн шийдвэрээр тухайн захирамж хүчингүй болох байх гэхээр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд албадан биелүүлэх хүсэлтээ өгнө гэсэн. Захиргааны шүүхэд албадан биелүүлэх захирамж гаргаж өгнө үү гэсэн хүсэлтээ өгсөн. Гэтэл тухайн захирамж гарсан гараагүй эсэхийг мэдэж байж шийдвэрлэхгүй бол болохгүй гэсний дагуу тэр өдрөө Б.******** Бат-Өлзий сум руу явсан. Би ******** даргатай өөрийн биеэр ярихад шүүхийн шийдвэр гараад 3 сар битгий хэл 1 жил 6 сар болчихлоо энэ асуудал юу болсон бэ? гэхэд /нотлох баримтад тооцуулна гэж хэлэхгүй/ одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа гэсэн. Тэгэхээр нь би Б.********ийг очоод ямар нэгэн эрхийн акт гараагүй гэсэн баримтаа аваад ир. Тэгж байж шүүхийн шийдвэрээр албадан биелэгдэнэ гэж хэлэхэд Б.******** явсан. Бат-Өлзий сум яваад ирэхдээ ******** тоот захирамжийг авч ирсэн. Миний хувьд захирамж гарсан учраас тухайн захирамжийг хуурамчаар гаргалаа гэсэн асуудал ярихгүй. Хамгийн гол асуудал нь энэ захирамж нь зохих хууль журмын дагуу хийгдээгүй хууль бус захирамж гэж үзэж дүгнэлтээ гаргаж байна. Үнэхээр 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дээрх захирамж гарсан эсэх нь тодорхойгүй байна. Яагаад тодорхойгүй гэж үзэж байна гэхээр Б.********т огт мэдэгдээгүй байдаг. Тэгээд 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Б.********ийг өөрийн биеэр очсон байхад нь ******** “би утсаар ярьсан гэсэн зүйл” хавтаст хэрэгт байсан. Тэгэхэд тухайн өдөр ярьсан талаар баримт байхгүй. Хоёрдугаарт: Мэдэгдэл гэсэн баримтад зөвшөөрсөн эсэх гарын үсэг гэсэн хэсэгт зөвшөөрөөгүй гэж бичээд гарын үсэг байхгүй байсан. Тэгэхээр энэ нь мэдэгдсэн баримт биш юм. Хэрэв Б.******** өөрөө очсон бол гарын үсэг хэсэгт гарын үсгээ зурж би зөвшөөрөхгүй байна гэж бичих ёстой байсан. Гэтэл зөвшөөрөөгүй гэж өөр гарын үсэг байсан. Хэргийн материал танилцуулж байхад Б.******** үзүүлж  чи гарын үсэг зурсан уу? гэхэд үгүй гэж хэлсэн. Эдгээр байдлаас үзэхэд огт мэдэгдээгүй болох нь нотлогдож байгаа. Газрын тухай хуульд заасны дагуу Засаг дарга газар эзэмших эрхийг хүчингүй болгох бүрэн эрхтэй боловч хүчингүй болгож байгаа нь сонирхогч этгээд болон газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож байгаа хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд зайлшгүй мэдэгдэж гарсан шийдвэр болон захирамжаа танилцуулах ёстой болохыг хуульчлан заасан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт тайлбарласан Дээд шүүхийн Захиргааны танхимын 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр дагаж хэрэглэж зөв ойлгоно гэсэн зөвлөмжид зааснаар 40.2 дахь хэсэгт заавал мэдэгдэнэ гэж заасан. Мөн шийдвэр гарснаас хойш 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхийг нь дурдаж шийдвэрлэх ёстой. Газар эзэмшигчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах талаас хандаж гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийг мэдэгдсэн эсэхийг шалгаж, мэдсэн өдрөөс хойш 10 өдрийн хугацаа өнгөрсөн байхыг хэлнэ гэж хуульчлан заасан. Тэгэхээр мэдэгдсэн гэдэг ойлголт нь гардуулан өгсөн гэдгээс өргөн ойлголт байгаа. Захирамжийг эсхүл түүний утгыг илэрхийлсэн мэдэгдлийг тухайн этгээдэд гардуулж өгөх, хэрэв гардуулж өгөхгүй бол хаягаар, факсаар, имэйл хаягаар зэргээр сонирхогч этгээдийн тодорхой ойлголттой байсныг хэлнэ гэж заасан. Гэтэл дээрх зүйлүүд огт байхгүй байна. Өмнөх захирамжид ч энэ ******** дугаар захирамжид ч энэ заалтуудыг хэрэгжүүлээгүй. Энэ талаар Дээд шүүхийн Захиргааны танхимын 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн заалтыг тайлбарлах тухай тогтоолын 1.11-т хуулийн 40.2 дугаар зүйлд заасан Засаг даргын захирамж эсхүл түүний утгыг бүрэн илэрхийлсэн мэдээллийг эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан этгээдийг биечлэн дуудаж гардуулах тэгэх боломжгүй бол түүний оршин суугаа болон ажлын газрын хаягаар, баталгаат шуудангаар, факсаар, имэйл, цахилгаан зэргээр холбогдож мэдэгдэж түүнийгээ албажуулж баталгаажуулсан байсныг хэлнэ гэсэн хуулийн зүйл заалт, тайлбар байдаг. Энэ хэрэгт өмнөх захирамжид ч одоо ч эдгээр шаардлагууд байхгүй. Албан тушаалтнууд хууль эрх зүйн мэдлэггүй байдаг уу, эсхүл хэнэггүй эдгээр нөхцөл байдлаас хүмүүсийн аль аль нь хохироод байна. Иймд Бат-Өлзий сумын Засаг даргын ******** тоот захирамж нь дээр дурдсан хуулийн шаардлагыг огт хангаагүй. Утсаар мэдэгдсэн гэсэн зүйл хэрэгт байгаа ч тухайн баримт нь захирамж гарсан өдөр нөхцөл байдлаас болон энэ талаар баримт байхгүй. Утсаар мэдэгдсэн мессеж байхгүй гэдэг нь нотлогдсон. Өмнө нь Захиргааны хэргийн шүүхэд гаргасан маргаан нь энэ үндэслэлээр, эдгээр асуудлууд яригдаж шүүх хуульд заасан үндэслэл журмынхаа дагуу А/73 тоот захирамжийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж энэ хугацаанд асуудлыг дахин судалж бай гэхэд эдгээр хүмүүсийг байлцуулан түрүүн хэлсэнчлэн “би өөр газар өгье” гэж асуудлыг шийдэх ёстой байсан. Тэгэхэд Б.********т хуульд заасан үндэслэл журмын дагуу огт мэдэгдээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримт материал, өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр бүрэн нотлогдон тогтоогдож байгаа. Иймд өнөөдрийн шүүх хуралдаанаар дахин түдгэлзүүлж хугацаа өгөх ямар ч боломж байхгүй. Анхнаасаа мэдэгдээгүй, хууль зөрчсөн болох нь тогтоогдсон. 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр очиход энэ захирамжийг гаргаж өгсөн болох нь эргэлзээтэй байгаа. Энэ талаар асуудал болгож хөөцөлдөөгүй. Захирамж гараагүй байсан гэх үндэслэл байгаа. Гэхдээ энэ захирамж нь хуурамч гэсэн асуудал ярихгүй. Энэ захирамж нь хууль зүйн үндэслэлгүй гэдгийг өнөөдрийн шүүх хуралдаанд хэлж байна. Энэ асуудал дээр гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөж байгаа. Гуравдагч этгээд нь сумын Засаг даргадаа хүсэлт гаргахдаа өмнө нь энэ газар дээр маргаан байсан эсэхийг судлах ёстой байсан. Ийм маргаантай асуудал нь шийдэгдээгүй байгаа гэдгийг захирамж гаргаж байгаа Засаг дарга мэдэх ёстой байсан. Гэтэл аль аль тал нь энэ асуудлыг хайхрахгүйгээр гуравдагч этгээдэд газар олгосон байна. Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т заасны дагуу эрх нь зөрчигдөж байгаа этгээд аль аль тал нь мэдээлэл авах эрхтэй. Гуравдагч этгээд, газар эзэмшиж байгаа Б.******** ч мөн мэдээлэл авах эрхтэй. Энэ эрхийг нь эрхийн акт гаргаж байгаа албан тушаалтан хангах үүрэгтэй. Эдгээр байдлууд бүгд зөрчигдсөн. Үүнээс үндэслэж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 43 дугаар зүйлийн 43.1, хангаагүй зөрчсөн гэж үзэж байгаа. Иймд өмгөөлөгчийн хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дугаар зүйлийн 106.3.1 мөн Захиргааны хэргийн шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн 004 тоот шийдвэр эдгээрийг үндэслэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн газар эзэмшүүлэх тухай захирамж /энэ нь автоматаар хүчингүй болох тухай заасан/ хүчингүй болгох тухай А/73 дугаар захирамж, мөн Бат-Өлзий сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ******** дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгож, мөн тус сумын Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 72 тоот захирамжийг хэвээр үлдээх үндэслэл байна гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

            9. Хариуцагч Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг дарга ******** миний бие иргэн Б.********ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь:

Сумын Засаг даргын “Газар эзэмшүүлэх тухай” 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 71 дүгээр захирамж гарсан. Сумын 3 дугаар багийн нутаг “********”-т төгс гэгээрлийн сүмд олгосон газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, Төгс гэгээрлийн сүм баригдаагүй, геодезийн байнгын цэг тэмдэг дээр дур мэдэн барих гэсэн зөрчилтэй байсан тул 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн сумын Засаг даргын А/73 дугаар захирамжаар түдгэлзүүлсэн шийдвэр гарсан байдаг.

Тухайн үед ажиллаж байсан газрын даамал иргэн Б.********тэй холбоотой шийдвэрүүдийг өөрт нь танилцуулж байсан. Нэхэмжлэл гаргагчаас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ “... Засаг дарга 2 цаг хүлээлгэсэн” гэдэгт сумын Эрүүл мэндийн төвийн барилга шинээр барих шав тавиад оролцоод ирэхэд иргэн Б.******** нь хүлээгээд сууж байсан.

Тэгээд уулзаад Бат-Өлзий сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ******** дугаар “Захирамж хүчингүй болгох” тухай захирамжийн хуулбарыг Засаг дарга миний бие сумын Засаг даргын Тамгын газрын архив, бичиг хэргийн эрхлэгчээс гаргуулан авч 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр иргэн Б.********т өгч мэдэгдсэн.

Иргэн Б.********т суманд шинээр сүм хийд барих газрыг  2023 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулан сумын ИТХ-аар хэлэлцүүлэн олгуулах саналыг тавьсан боловч хүлээн зөвшөөрөөгүй болно.

Нэхэмжлэл гаргаад байгаа 3 дугаар багийн нутаг дэвсгэр ********т “********” ХХК бургасны мод үржүүлгийн зориулалтаар ашиглаж байгаа энэ газрыг чөлөөлөх ямар ч боломжгүй” гэжээ.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд Өвөрхангай аймгийн Засаг даргыг итгэмжлэлээр Захиргааны хэргийн шүүх хуралдаанд оролцож байгаа. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ******** дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэж ойлголоо. Харин “********” ХХК-д газар эзэмшүүлэх тухай захирамж болон бусад захирамжууд дээр ямар нэгэн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй байна гэж ойлгож тайлбар гаргаж байна. 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ******** дугаартай шаардлага нь хэлбэр агуулгын шаардлага, хууль зүйн шаардлагыг хангасан акт гэж үзэж байгаа. Учир нь тухайн газар нь 2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан. Эрхийн гэрчилгээ эзэмшигч нь Газрын тухай хуульд заасан газрын төлбөр төлөөгүй. Мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газрыг 2 жил түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, үйл ажиллагаа явуулаагүй, геодезийн цэгийг давхцуулан хашаа барьсан эдгээр үндэслэлээр захирамж гаргасан байдаг. Мөн шүүхийн шийдвэр дурдаж шийдвэрлэсэн байдаг. Хэрэгт тухайн үеийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг нотлох баримтаар өгсөн. Энэ газар нь 2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй болох нь нотлогдож байгаа. Нэхэмжлэгч талын зүгээс оролцогчийн эрхийг хангалгүйгээр эрх зүйн акт гаргасан гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх шиг байна. Үүнд тайлбар хэлэхэд 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тухайн акт гарсан. Тухайн актыг гарахаас өмнө Б.********тэй газрын солбилцлоо хараад, ирж газраа харж, ямар нэгэн байдлаар өөр газар авч хоорондоо зохицож, санал бодлоо хэлье гэдэг байдлаар холбогдсон гэж Засаг дарга болон Газрын албанаас нь тайлбарладаг. Гэхдээ Б.******** нь ямар нэгэн байдлаар холбогдоогүй, ирээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлд 21.2 дахь хэсэгт хуульд заасан тохиолдолд оролцогч захиргааны байгууллагад өөрийн биеэр ирэх бөгөөд бусад тохиолдолд төлөөлөгчөө томилон ирүүлж болно гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь захиргааны акт гарахаас өмнө өөрийн биеэр ирж санал бодлоо хэлээгүй. Ийм учраас захиргааны актыг гаргасан байна гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч талаас тайлбартаа барилга байгууламж барьсан байсныг нураагаад хөөж туусан гэсэн зүйл ярьж байна. Тухайн үеийн талаарх гэрчийн мэдүүлэг болон өмнөх хэрэгт авагдсан баримтуудаар ямар нэгэн барилга байгууламж байгаагүй. Тэр газар хашааны хэдэн шон байсныг авсан гэж тайлбарладаг. Мөн 2011 оноос хойш Б.******** нь тухайн газрыг эзэмшиж авснаас хойш үйл ажиллагаа явуулаагүй тухай 10 гаруй хүний гарын үсэгтэй баримтыг Засаг даргаас нотлох баримтаар өгсөн байсан. Энэ нь захирамж гаргах үндэслэлүүдийн нэг гэж үзэж байгаа. “... зөвхөн оролцогчийн эрхийг хангаагүй гэдэг үүднээс захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан.  Дээрх захирамжийг хүчингүй болгосноор төр нийтийн ашиг сонирхолд нөлөөлөхүйц үр дагавартай. Ойн төгөл болон, тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд хөрөнгө оруулалтын ажиллагаанууд хийгдэж явж байгаа. Мөн тухайн газрыг эзэмшүүлснээс хойш хуульд заасан тодорхой заалтуудыг Газрын тухай хууль болон бусад хуульд заасан заалтуудыг зөрчсөн учир хүчингүй болгуулах тухай захиргааны байгууллагын актад заасан нотлох баримтуудаар харагдаж байна. Газрын төлбөрөө төлөөгүй зэрэг асуудал яригддаг. Солбилцолын цэг гэдэг нь агаарын болон газрын гэсэн 3 ангилалтай байдаг. Жил болгон үзлэг тооллого хийддэг. 2009 болон 2011 онд үзлэг тооллого хийгдсэн. 2011 онд үзлэг хийгдэхэд тухайн геодезийн цэг дээр давхцуулж барьсан болох нь харагддаг. Иймд гол хүчингүй болгосон үндэслэлд хамаарч байгаа. Тухайн газарт барилга байгууламж барьж болохгүй. Харин мод ургамал тарихдаа тойруулж чөлөөтэй байдлаар тарих журмууд байдаг. Энэ журмын дагуу “********” ХХК нь хүлээлгэн өгч хариуцаад явж байгаа гэж ойлгож байгаа. Мөн түрүүн шүүгч асууж байсан. Хөөн хэлэлцэх хугацааны талаар Хархорины шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа миний газрын гэрчилгээг хүчингүй болгосон тухай сүүлд мэдсэн гэдэг зүйл яриад байдаг. Энэ асуудлыг нэхэмжлэгч мэдэж байсан байж 2019, 2020 онд Хархорины шүүхэд иргэний журмаар нэхэмжлэл гаргаж сүүлд нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж явсан. Дарамталсан хөөсөн гэсэн асуудлуудыг ярьдаг. Төрийн албан хаагч хүн тухайн үед тийм зүйл хийсэн гэж бодохгүй байна. Мэдэгдэх хуудсаа гардуулах гэж очиход гарын үсэг зураагүй гэдэг байдлаар өөрсдөө тайлбарладаг. Газрын даамал н.Түвшин гэдэг хүн тайлбар өмнөх хэрэгт авагдсан баримтад байдаг. Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

11. Гуравдагч этгээд “********” ХХК-аас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие Банзар овогтой ******** нь “********” ХХК-ийн захирал бөгөөд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “********”-т бургасны мод үржүүлгийн зориулалтаар газар ашиглаж байгаа билээ. Нэхэмжлэгч Б.********ээс нэхэмжлэлдээ 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ******** тоот захирамжийг хүчингүй болгож, мөн сумын Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 71 дүгээр захирамжийг хэвээр үлдээнэ үү.

Манай “********” ХХК-ийн зүгээс “********”-т байрлах газрыг хууль дүрмийн дагуу ашиглаж, эзэмшиж байгаа бөгөөд тус сумын Засаг даргын шийдвэрийг үндэслэлтэй хэмээн үзэж санал нийлж байгаа болно. Харин нэхэмжлэгч Б.********ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, санал нийлэхгүй байна” гэжээ.

12. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн материалтай танилцаад үзэхэд өмнөх захиргааны хэргийн шүүгч нь талуудыг нөхцөл байдлыг харгалзан үзэж 3 сарын дотор Засаг даргаас тухайн нөхцөл байдлыг дахин үнэлж шинээр захирамж гаргахаар шийдвэрлэсэн байдаг. Тухайн захирамжийг хуулийн хугацаанд гаргасан гэж ойлгож байгаа. 2011 оны захирамжийн хувьд Газрын тухай хуульд зааснаар 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөрөө төлөөгүй нөхцөлд газрын гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрддэг юм билээ. 2013 оны 05 дугаар сард гаргасан захирамжийг хүчингүй болгосон Засаг даргын захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Манай компани нь тухайн газар дээр газар эзэмших гэрчилгээг хүсэлтээ гаргаж авч байхдаа тухайн газар дээр хэн нэгэн иргэн аж ахуй нэгж эзэмшээгүй байсан тул тухайн зурвас байгуулах ажлыг эхлүүлсэн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******** нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргад холбогдуулан “Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ******** дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гаргасан.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэл гаргах хугацааны хувьд,

2.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж тус тус заажээ. 

2.2. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна. 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна.” гэж заасан бөгөөд хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчид маргаан бүхий актыг гарсан үед нь мэдэгдсэн тухайгаа нотолж чадаагүй.

2.3. Тодруулбал хариуцагч нь “захиргааны шийдвэрийг мэдэгдэх хуудас”, “захиргааны шийдвэрийн төсөл танилцуулах хуудас”-т 2021 оны 8 дугаар сарын 31-нд нэхэмжлэгч Б.********т утсаар мэдэгдсэн гэж тэмдэглэсэн боловч Юнител ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн лавлагаагаар тэмдэглэлд дурдсан утасны дугаараас нэхэмжлэгчийн утасны дугаарлуу тухайн цаг хугацаанд дуудлага болон мессэж хийгдээгүй гэх тул хариуцагч нь маргаан бүхий актыг нэхэмжлэгчид 2021 оны 8 дугаар сарын 31-нд утсаар мэдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй, харин нэхэмжлэгч нь 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр суманд очиход сумын Засаг дарга захирамжийн хуулбарыг өгсөн гэж тайлбарласан, нэхэмжлэлд хавсаргасан маргаан бүхий захирамжид “хуулбар үнэн 2022.05.25” гэж тэмдэглэснээс үзэхэд нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр мэдсэн гэх үндэслэлтэй байна.

2.4. Улмаар нэхэмжлэгч Б.******** 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.

3. Хэргийн үйл баримтын тухайд,

3.1. Анх Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 71 дүгээр “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар тус сумын 3 дугаар баг ********т Төгс гэгээрлийн сүм барихаар 0.5 га газрыг эзэмшүүлж, 0202279 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг “Лачин хайрхан хийд”-д 5 жилийн хугацаатай гэгээрлийн сүм зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон, гэрчилгээний хамтран эзэмшигчийн бүртгэлд нэхэмжлэгч Б.******** бүртгэгдсэн байна.

3.2. Улмаар тус сумын Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн а/73 дугаар захирамжаар дээрх газар эзэмшүүлсэн 71 дүгээр захирамжийг хүчингүй болгон эзэмшлийн гэрчилгээг хүчингүйд тооцсон шийдвэр гаргасныг Б.******** эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай захирамж хүчингүй болгох тухай” а/73 тоот захирамжийг хүчингүй болгох” тухай нэхэмжлэл гаргасан, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 121/ШШ2021/0004 дүгээр шийдвэрээр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай захирамж хүчингүй болгох тухай” а/73 тоот захирамжийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, энэ 3 сарын хугацаанд уг асуудлыг дахин судалж шинэ акт /захирамж/ гаргахыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргаагүй тул уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. 

3.3. Хариуцагч Бат-Өлзий сумын Засаг даргаас дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж одоо нэхэмжлэгч Б.********ийн маргаж буй ******** дугаар захирамжийг гаргасан үйл баримтууд тогтоогдож байна.

3.4. Гуравдагч этгээд “********” ХХК нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/125 дугаар захирамжаар газар эзэмших эрхтэй болж, гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг хэрэгт авагджээ.  

3.5. Нэхэмжлэгчээс эзэмшиж байсан гэх газрынхаа байршлыг заахдаа гуравдагч этгээдийн эзэмшиж буй газрын гол хэсэгт гэж заадаг бөгөөд нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газрын кадастрын зураг хийгдээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар тогтоогдсон. Иймд нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газрын байршлыг бүрэн тодруулах боломжгүй, харин хариуцагчаас нэхэмжлэгчийн заасан шонгоор газрын баримжаа авч газрын байршлын давхцалыг харуулсан кадастрын зураг хэрэгт авагджээ.

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ өөрөө тодорхойлж маргах эрхтэй бөгөөд шүүх хуралдаанд маргаан бүхий захирамжийг нөхөн гаргасан эсэхтэй, мөн гуравдагч этгээдийн газар эзэмших захирамжийн талаар маргахгүй тухайгаа илэрхийлэн маргасан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэлээ.

4.1. Нэхэмжлэгчээс маргаан бүхий Бат-Өлзий сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ******** дугаар захирамжийг хүчингүй болгуулах үндэслэлээ “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг хангаагүй зөрчсөн, мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүй” гэж маргасан.

4.2. Захиргааны ерөнхий хуулийн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж тус тус заасны дагуу хариуцагчаас маргаан бүхий захирамжийг гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох иргэн Б.********т мэдэгдээгүй, ямар нэгэн тайлбар, санал авах ажиллагаа хийгээгүй болох нь хариуцагчаас уг ажиллагааг хийсэн тухай нотлох баримт байхгүй талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нь хуульд заасан энэ үүргээ биелүүлээгүй, шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчжээ.  

4.3. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна.”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ.” гэж тус тус заасан.

4.4. Хариуцагч сумын Засаг дарга нь маргаан бүхий актыг нэхэмжлэгч Б.********т тухайн үед нь мэдэгдэж гардуулснаа нотлоогүй боловч 2022 оны 5 дугаар сарын 24-нд өөрт нь гардуулж өгсөн, улмаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

4.5. Ийнхүү хариуцагч сумын Засаг дарга нь шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн, захиргааны актыг тухайн үед нь мэдэгдэх үүргээ биелүүлээгүй боловч зөвхөн энэ үндэслэлээр маргаан бүхий актыг бүхэлд нь үгүйсгэж, хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

4.6. Учир нь, хариуцагч сумын Засаг дарга нь маргаан бүхий ******** дугаар захирамжаар, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 43, 46 дугаар зүйл, 48 дугаар зүйлийн 48.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Геологи зураг зүйн тухай хуулийн 10.4.2 /Геодези, зураг зүйн тухай хууль/-т заасныг тус тус баримтлан Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 121/ШШ2021/0004 дүгээр шийдвэрээр сумын Засаг даргын “Газар эзэмшүүлэх тухай захирамж хүчингүй болгох тухай” 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/73 дугаар захирамжийг түдгэлзүүлсэнтэй холбогдуулан уг шийдвэрийг дахин судлан үзээд 2013 онд тус сумын 3 дугаар багийн ********т “Төгс гэгээрлийн сүм”-д олгосон газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, геодезийн байнгын цэг тэмдэг дээр дур мэдэн барьсан гэх зөрчилтэй гэж үзэж сумын Засаг даргын “Газар эзэмшүүлэх тухай” 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 71 дүгээр захирамжийг хүчингүй болгон 0202279 дугаар бүхий эзэмшлийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.   

4.7. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж заасан.

4.8. Хэрэгт авагдсан Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Сумын 2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 17 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Иргэнд эзэмшиж байгаа хашааны газрыг үнэ төлбөргүй өмчлүүлэх газрын байршлыг, 2 дугаар хавсралтаар Аялал жуулчлалын газрын ашиглалт, хамгаалалтын арга хэмжээний төлөвлөлтийг, 3 дугаар хавсралтаар иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэх газрын байршил хэмжээг, 4 дүгээр хавсралтаар Бат-Өлзий сумын бэлчээр сайжруулах арга хэмжээний төлөвлөгөөг тус тус баталснаас үзэхэд уг төлөвлөгөөнд маргаж буй газрын байршилд сүм, хийд барих зориулалтаар иргэн, аж ахуй нэгжид газар эзэмшүүлэхээр тусгагдаагүй байна.

4.9. Түүнчлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: ...40.1.5 эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан.

4.10. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ”, 35.3.3-т “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж зааснаар газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ хадгалахын тулд газрын төлбөр төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нь газрын төлбөр төлж байгаагүй талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн.  

4.11. Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан "… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.

4.12. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий газрыг “Төгс гэгээрлийн сүм” барих зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийн гэрчилгээ авсан бөгөөд уг газрыг эзэмших хугацаанд зориулалтын дагуу газар дээрээ сүм хийд барьж байгуулсан нотлох баримт байхгүй, маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр сүм, хийд барьсан гэх баримт авагдаагүй, нэхэмжлэгчээс 2011-2014 онд гэр дуган байгуулж үйл ажиллагаа явуулж байсан гэж тайлбарладаг.

4.13. Ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаантайгаар газраа эзэмшээгүй талаар нэхэмжлэгчээс баримтаар нотлоогүй ба уг газар дээрээ гэр, хашаа барьж үйл ажиллагаа явуулж байсныг газраа зориулалтын дагуу буюу “Төгс гэгээрлийн сүм” барих зориулалтаар ашигласан гэж үзэхээргүй байна.

4.14. Мөн нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын албан хаагч нарын дарамт, шахалтаар газраа эзэмших боломжгүй байсан гэж тайлбарлах боловч газар эзэмших эрх үүссэн 2011 оноос 2020 он /Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхэд 2020.07.07-ны өдөр нэхэмжлэл гаргасан/ хүртэлх 9 жил гаруйн хугацаанд эдгээр албан тушаалтны буруутай үйл ажиллагааны талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн баримт гаргаж маргаагүй тул бусдын хууль бус үйл ажиллагааны улмаас газраа зориулалтын дагуу ашиглаж чадаагүй гэж дүгнэх боломжгүй юм.

4.15. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нь газар эзэмших эрх, үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй тул хариуцагч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 71 дүгээр захирамж, гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна.  

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт, ...хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгохоор хуульчилсан.

5.1. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно”, 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж зааснаар нэхэмжлэгч Б.********т олгосон газар эзэмших гэрчилгээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болсон тул газар эзэмших эрх дуусгавар болсон байна. Ийнхүү газар эзэмших эрх дуусгавар болсон тул нэхэмжлэгч Б.********т газар эзэмшихтэй холбоотой эрх, үүрэг үүсгэхгүй юм.

5.2. Уг маргааны тохиолдолд ******** дугаар захирамж шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн алдаатай хэдий ч нэхэмжлэгчийн газар эзэмших эрх нэгэнт дуусгавар болсон тул хуулиар хамгаалагдсан газар эзэмших эрх зөрчигдөөгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.********ийн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ******** дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ө.БОЛОРЧИМЭГ