Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2022/0795

 

 

 

 

 

Б.Бийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:  Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Р.Ш

Нэхэмжлэгч: Б.Б

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг дарга

Гуравдагч этгээд: “Г...” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/136 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 137 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Ш

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 121/2022/0058/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б нь “Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/136 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 137 дугаар шийдвэрээр:

2.1. “Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Бийн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/136 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Ш дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэснийг шүүх зөрчсөн. Нэхэмжлэлийн утга нь Бат-Өлзий сумын Засаг дарга С.А өмнөх шүүхийн шийдвэрийн дагуу зохих хугацаанд судалж шийдээгүй, шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн, захиргааны актыг огт мэдэгдээгүй, зохих хуулийн заалт зөрчсөн тул захирамжийг хүчингүй болгох, хүчингүйд тооцох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл С.А А/136 тоот захирамж гаргахдаа өмнөх шүүхийн шийдвэрийн заалтыг биелүүлээгүй, тухайлбал Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь заалтуудыг зөрчиж шийдвэр гаргасан уг захирамж энэ талаар тус сумын Засаг дарга С.А шүүхэд өгсөн тайлбартаа “...А/136 тоот захирамж гаргахдаа Б.Бт мэдэгдсэн” гэх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй.

3.2. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй гэснийг шүүх зөрчсөн.

3.2.1. Шүүх нэхэмжлэгчээс маргаан бүхий Бат-Өлзий сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/136 тоот захирамжийг хүчингүй болгох үндэслэлээ зохих хуулийн заалтыг хангаагүй зөрчсөн “мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй, шийдвэрээ зохих ёсоор хүргүүлээгүй, гардуулан өгөөгүй зохих хуулийн заалтыг биелүүлэх үүргээ биелүүлээгүй гэсэн нь тогтоогдсон” гэж үзсэн боловч өмнөх 2013 оны 05 дугаар сарын 20-ны А/73 мөн 2011 оны 11 дүгээр сарын 29-ний 71 тоот захирамжийн асуудлыг хөндөж, сум орон нутгийн хэмжээнд шийдвэрлэх асуудлыг захиргааны шүүх дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн гэж үзэхээр байна.

3.2.2. Нэхэмжлэгч Б.Б нь Бат-Өлзий сумын засаг дарга С.А өмнөх шүүхийн шийдвэрээр өгсөн үүргийг огт биелүүлээгүй 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/136 тоот захирамж хууль зөрчиж /хуурамч/ гаргасан гэж маргасан. Иймд маргаан бүхий энэ захирамж бодитой /нэхэмжлэгч уг захирамжийг нөхөж гаргасан гэж гомддог бөгөөд үүнийг шалгаагүй/ эсэхийг тогтоогоогүй. Уг актыг гаргахын өмнө эрх ашиг сонирхол нь хөндөгдөж буй Б.Бт захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй нь тогтоогдсон байдаг.

Иймд Бат-Өлзий сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/136 тоот захирамжийг нөхөж гаргасан эсэхийг шалгаж, илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Б.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: 

4.1. Б.Б миний бие Бат-Өлзий суманд тухайн үеийн засаг дарга Ишдоржийн 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 71 тоот захирамжаар Бат-Өлзий сумын 3-р багийн нутаг дэвсгэрт гэгээрлийн сүм /бясалгал хийх/ бариулахаар газар авч түүн дээрээ хашаа жорлон, гэр сүм бариулаад үйл ажиллагаа эхэлж байтал сумын удирдлагаас буулгуулах үүрэг өгч буулгасан. Үүний улмаас учирсан хохирлоо нэхэмжилж шүүх хандсанаас /2015 оноос/ эхлэн миний гомдол үргэлжилсээр 2021 оны 05 дугаар сарын 31-нд шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн утга нь өмнөх  захирамжийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж энэ хугацаанд дахин судалж захирамж гаргаагүй бол автоматаар биелэгдэх юм байна гэж ойлгоод надад ямар нэгэн байдлаар мэдэгдэхийг хүлээсэн. Би өөрөө Төв аймгийн Рашаант суманд 100 гарсан настай ээжийгээ асардаг. Тэр болгон хол яваад байж чаддаггүй мэдээ хүлээж байсан. Ингээд ээжийгээ харах хүн олж түр орхиод 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр өмгөөлөгч дээрээ очиж ямар ч хариу гарсангүй гэхэд өмгөөлөгч маань миний дэргэд Амгалан даргатай утсаар ярьж лавлахад Амгалан дарга ямар ч захирамж гараагүй гэж хариулсанд өмгөөлөгч “одоо Бат-Өлзий сум очоод эрхийн акт гараагүй тухай бичиг аваад шийдвэр гүйцэтгэлд өг” гэж зөвлөснөөр тэр өдрөө сум явж Амгалан даргатай уулзаад учир байдлаа хэлэхэд хүлээж бай /захирамж гарсан эсэхээ хэлээгүй/ гээд 2 цаг гаруй болсны дараа /би захиргааны үүдэнд суугаад байсан/ ороод ир гээд надад 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн A/136 тоот захирамж өгсөн Амгалан дарга албан тушаал тамга тэмдгээ ашиглан нөхөж захирамж гаргасан. Учир юу гэвэл би шүүхийн шийдвэр гарснаас хойш 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Бат-Өлзий суманд өөрийн биеэр очиж /шүүхийн шийдвэр гарснаас хойш 3 сар өнгөрсөн/ уулзахад Амгалан дарга байгаагүй тул иргэдийн хурлын даргад би одоо газар дээрээ хашаагаа барьж ашиглалтад оруулмаар байна гэхэд газрын албанд ханд гэсэн Газрын албаны дарга нь байгаагүй тул яараад буцсан /ээжийгээ асардаг тул/. Ийм л үйл баримт болсон. Би 7-8 жил шүүхээр гомдол гаргаж явсаар газрын татвар төлөөгүй нь үнэн.

4.2. Миний шүүхэд хандсан гол асуудал өмнөх шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний шийдвэр гараад 3 сар өнгөрсөн байхад Амгалан дарга, 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/136 тоот захирамж өгсөн нь /надад ямар ч мэдээлэл өгөөгүй байж хуурамч болохыг тогтоолгох. /шүүх шалгаагүй/ Уг актыг гаргахдаа Засаг дарга хууль зөрчсөн гэж гомдол гаргасан. Гэтэл шүүх Газрын төлбөр төлөөгүй, зориулалтын биш, хугацаа дууссан гэсэн үндэслэлээр миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

4.3. Шүүх иргэн хүний эрх ашгийг хамгаалсангүй эрх мэдэлтэй тамга тэмдэг эзэмшээд хуурамч акт гаргасан даргын эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргасанд үнэхээрийн гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож А/136 тоот шийдвэр хууль бус болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг хангахгүй орхив. Үүнд:

2.1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 71 дүгээр “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар тус сумын 3 дугаар баг Дунд булагт “Төгс гэгээрлийн сүм” барихаар 0.5 га газрыг эзэмшүүлж, 0202279 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг “Лачин хайрхан хийд”-д 5 жилийн хугацаатай гэгээрлийн сүм барих зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон, гэрчилгээний хамтран эзэмшигчийн бүртгэлд нэхэмжлэгч Б.Б бүртгэгдсэн байна.

2.2. Улмаар тус сумын Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/73 дугаар захирамжаар дээрх газар эзэмшүүлсэн 71 дүгээр захирамжийг хүчингүй болгон эзэмшлийн гэрчилгээг хүчингүйд тооцсон шийдвэр гаргасныг Б.Б эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд “Өвөрхангай аймгийн Бат- Өлзий сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай захирамж хүчингүй болгох тухай” А/73 тоот захирамжийг хүчингүй болгох” тухай нэхэмжлэл гаргасан, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 121/ШШ2021/0004 дүгээр шийдвэрээр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай захирамж хүчингүй болгох тухай” А/73 тоот захирамжийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд уг асуудлыг дахин судалж шинэ акт /захирамж/ гаргахыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргаагүй тул уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

2.3. Хариуцагч Бат-Өлзий сумын Засаг даргаас дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжпэгч Б.Бийн одоо маргаж буй А/136 дугаар захирамжийг гаргасан үйл баримтууд тогтоогдож байх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар шийдвэрлэсэн шийдвэрийн агуулга нь хариуцагч захиргааны байгууллагыг уг асуудлаараа шаардлагатай нөхцөл байдлуудыг тогтоосны үндсэн дээр дахин шийдвэр гаргуулах зохицуулалт болно.

2.4. Гэтэл нэхэмжлэгчээс тус шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч нь Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журам буюу мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийгээгүй хэмээн тайлбарлаж байх боловч тус хуулийн зохицуулалт нь иргэн, хуулийн этгээдэд эрх ашгийг нь хөндөх шийдвэр гарах боломжтой талаар мэдэгдэх агуулгатай бөгөөд энэ тохиолдолд өмнө гаргасан Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 04 дүгээр шийдвэрийн дагуу маргаан бүхий үйл баримтын талаар хариуцагчаас шийдвэр гаргах нь тодорхой, нэхэмжлэгчээс энэ талаар мэдэж байсан тул тус шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй.

2.5. Мөн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс шүүх маргаагүй асуудлаар нэхэмжлэлд дурьдаагүй үндэслэлд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэх боловч маргаан бүхий А/136 дугаар захирамжаар, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Геологи зураг зүйн тухай хуулийн 10.4.2 /Геодези, зураг зүйн тухай хууль/-т заасныг тус тус баримтлан Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 121/ШШ2021/0004 дүгээр шийдвэрээр сумын Засаг даргын “Газар эзэмшүүлэх тухай захирамж хүчингүй болгох тухай” 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/73 дугаар захирамжийг түдгэлзүүлсэнтэй холбогдуулан уг шийдвэрийг дахин судлан үзээд 2013 онд тус сумын 3 дугаар багийн Дунд булагт “Төгс гэгээрлийн сүм”-д олгосон газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, геодезийн байнгын цэг тэмдэг дээр дур мэдэн барьсан гэх зөрчилтэй гэж үзэж сумын Засаг даргын “Газар эзэмшүүлэх тухай” 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 71 дүгээр захирамж, 0202279 дугаар бүхий газар эзэмшлийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд шүүхээс захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр нь нэхэмжлэгч этгээдийн газар эзэмших хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг хянах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой ба энэ тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны журам зөрчсөн гэж үзэхгүй.

2.6. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ”, 35.3.3-т “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж зааснаар газар эзэмшигч нь газрын төлбөр төлөх үүрэгтэй байтал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, давж заалдах гомдол, хэрэгт авагдсан бусад баримтуудаар нэхэмжлэгч нь 2011 оноос 2020 он хүртэлх 9 жилийн хугацаанд газрын төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогдож байна.

2.7. Мөн дээрх хугацаанд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаантайгаар газраа эзэмшээгүй талаар нэхэмжлэгчээс баримтаар нотлоогүй ба “уг газар дээрээ гэр, хашаа барьж үйл ажиллагаа явуулж байсныг газраа зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй”  гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

2.8. Учир нь Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан ба нэхэмжлэгч нь маргаан бүхий газар дээрээ “Төгс гэгээрлийн сүм” барих зориулалтаар аливаа үйл ажиллагаа хийгээгүй болох нь тогтоогдож байна.

2.9. Мөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж заасан ба хэрэгт авагдсан Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Сумын 2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 17 дугаар тогтоолоор тус сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө зориулалтыг баталсан боловч уг төлөвлөгөөнд маргаж буй газрын байршилд сүм, хийд барих зориулалтаар иргэн, аж ахуй нэгжид газар эзэмшүүлэхээр тусгагдаагүй байна.

2.10. Ийнхүү Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/136 дугаар захирамжаар дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:” гээд 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх заалтуудыг үндэслэн нэхэмжлэгч Б.Бт газар эзэмших эрх олгосон Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын 2011 оны 71 дүгээр захирамжийг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 137 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Б болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА