Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 130/ШШ2020/01193

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У хот, Б дүүрэг,  дугаар хороо, Эы өргөн чөлөө-46 тоотод үйл ажиллагаа явуулах, А ХХК /гүйцэтгэх захирал Г.Б/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Өлгий сумын 0 дүгээр багт оршин суух, И овогт Тн Лд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/Б/06 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийн гүйцэтгэл 6000000 төгрөг, алданги 3000000 төгрөг, нийт 9000000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т овогтой Л нь А ХХК-иас 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 2020/Б/06 тоот Худалдах-худалдан авах гэрээ байгуулан хиймэл үений протезийг өөрийн эмчилгээнд зориулан хүлээн авч хэрэглэсэн. Уг гэрээний 1.2 дахь хэсэгт "Үйлчлүүлэгч нь өөрийн эмчилгээнд зориулан авсан суулгацын төлбөрийг нийлүүлэгчид Нийгмийн даатгалын сангаас олгосон нөхөн төлбөрөөр төлж болно. Тус тохиолдолд 3 хоногийн хугацаанд багтаан нийлүүлэгчид шилжүүлнэ гэж заасан байх бөгөөд иргэн Т.Л нь нийгмийн даатгалаас олгосон нөхөн төлбөрөөр гэрээний үүргийг гүйцэтгэхээр тохиролцсон. Гэвч үйлчлүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэлгүй хугацаа хэтрүүлсээр өдийг хүрлээ. Т.Л нь 2020 оны 01 сарын 07-ны өдрийн 2020/Б/06 тоот Худалдах-худалдан авах гэрээ-ний үүргийн гүйцэтгэл болох 6000000 /зургаан сая/ төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги болох 5790000 /таван сая долоон зуун ерэн мянган / төгрөг, Нийт 11790000 /арван нэгэн сая долоон зуун ерэн мянга/төгрөгийн үүрэг гүйцэтгэхээр байгаагаас Монгол улсын иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар багасган тооцож гэрээний үндсэн төлбөр 6000000 /зургаан сая/ төгрөг, алданги 3000000 гурван сая/ төгрөг нийт 9000000 /есөн сая/ төгрөгийн үүрэг гүйцэтгэхээр байна. Иймд хариуцагч Т.Лгаас гэрээний үүргийн гүйцэтгэлд биелүүлээгүй үүрэг болох нийт 9000000 /есөн сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Т.Л би А ХХК-ийн танай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний биө 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өдөр А ХХК-тай 2020/Б/06 тоот Худалдах худалдан авах гэрээ байгуулж хиймэл үеийн протезийг өөрийн эмчилгээнд зориулан авч хэрэглэсэн нь үнэн. Анх гэрээ байгуулахдаа нийгмийн даатгалын сангаас олгох нөхөн төлбөрөөр төлж болно, энэ тохиолдолд 3 хоногийн хугацаанд багтаан нийлүүлэгчид шилжүүлнэ гэж тохиролцсон боловч энэ асуудлаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хандахад эхлээд өөрсдөө мөнгөө төлж эмчилгээ хийлгэсний дараа холбогдох материалуудыг үндэслэн нөхөн төлбөр олгоно гэсэн хариу өгсөн. Халамжаас 3 хоногийн хугацаанд нөхөн төлбөр олгох боломжгүй учир би тухайн үед А ХХК-д протезийн үнийг бэлэн төлж эмчилгээ хийлгээд Өлгийд ирсний дараа аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хандаж нөхөн төлбөрийн гаргуулж авсан. Миний эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой бүх материал аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хадгалагдаж байгаа ба өнөөдөр очиж холбогдох хүмүүстэй уулзахад байгууллагын нууцтай холбоотой материал учир хувь хүнд өгөх боломжгүй, шүүхийн байгууллагаас бичиг ирүүлбэл гаргаж өгнө гэсэн. А ХХК нь бэлнээр төлсөн мөнгийг надаас дахин нэхэмжилж байгаа нь хууль бус байна.Иймд тус компанийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч "А" ХХК нь хариуцагч Т.Лгаас 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/Б/06 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийн гүйцэтгэл 6000000 төгрөг, алданги 3000000 төгрөг, нийт 9000000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Хариуцагч Т.Л нь ... 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр "А" ХХК-тай 2020/Б/06 тоот Худалдах худалдан авах гэрээ байгуулж хиймэл үений протезийг өөрийн эмчилгээнд зориулан авч хэрэглэсэн нь үнэн. ... "А" ХХК нь бэлнээр төлсөн мөнгийг надаас дахин нэхэмжилж байгаа нь хууль бус байна. Иймд тус компанийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан болно.

Хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй нь танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч хариуцагч өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй болно.

Хариуцагч Т.Л нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр "А" ХХК-тай №2020/Б/06 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, Г улсын В ЛХХК-д үйлдвэрлэгдсэн эмчилгээнд зориулан хиймэл үений протез /суулгац/-ыг 6000000 төгрөг авч, 6000000 төгрөгийг 3 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулна гэж тохиролцсон болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №2020/Б/06 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-ээр тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №2020/Б/06 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-ний 1.1-д Үйлчлүүлэгч нь суулгацын үлдэгдэл төлбөр болох 6000000 /зургаан сая/ төгрөгийг 3 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулна, 3.3-т үйлчлүүлэгч нь гэрээнд заасан хугацаанд /гэрээний 1.1/ гэрээний төлбөрийг шилжүүлээгүй болон төлбөрийг төлөөгүй тохиолдолд хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3%-тай тэнцэх хэмжээний алдангийг Нийлүүлэгчид үл маргах журмаар төлнө гэж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Нэхэмжлэгч "А" ХХК нь хиймэл үений протез /суулгац/-ны үнэ 6000000 төгрөгийг хариуцагч Т.Л нь хугацаандаа төлөөгүйн улмаас гэрээний 3.3-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0,3 %-ийн алданги төлнө гэж гэрээгээр хоёр тал харилцан тохиролцсон байх тул зохих алдангийн хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гүйцэтгэгдээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 % хувиас хэтрэхгүй байна гэсний дагуу нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Т.Лгаас алданги 3000000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар алдангийн хэмжээг хариуцагч Т.Лгийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 6000000 төгрөгийн 50 хувь болох 3000000 төгрөгөөр тооцсон нь дээрх хуулийн заалтад нийцэж байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заажээ. Талууд гэрээндээ алданги тооцохоор хүсэл зоригоо илэрхийлэн, харилцан тохиролцож 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр №2020/Б/06 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан байна.

2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №2020/Б/06 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-ний 1.2-т үйлчлүүлэгч нь өөрийн эмчилгээнд зориулан авсан суулгацын төлбөрийг нийлүүлэгчид Нийгмийн халамжийн сангаас олгосон нөхөн төлбөрөөр төлж болно. Тус тохиолдолд 3 хоногийн хугацаанд багтаан нийлүүлэгчид шилжүүлнэ гэсний дагуу хариуцагч Т.Л нь эмчилгээ хийлгэж ирсний дараа аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт материалаа бүрдүүлэн өгч БӨ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хариуцагч Т.Лд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалт, Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолын дагуу протезийн үнэ 6000000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Төрийн банкнаас олгосон болох нь БӨ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 378 дугаартай албан бичиг түүнд хавсаргасан жагсаалтаар нотлогдож байна.

Хариуцагч Т.Л нь энэхүү эмчилгээ хийлгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдох ба "А" ХХК-иас өөрийн эмчилгээнд зориулан авсан хиймэл үений протезийн үнийг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Хариуцагч Т.Л нь ... А ХХК нь бэлнээр төлсөн мөнгийг надаас дахин нэхэмжилж байгаа нь хууль бус байна гэж шүүхэд тайлбар гаргасан боловч энэ талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй учир А ХХК-нд протезийн үнийг төлсөн нь нотлогдохгүй байна.

Хавтаст хэрэгт байгаа А 2020-01-15 хагалгааны төлбөр 6000000 төгрөг гэх баримтаар хэний хагалгааны төлбөрийг хэн төлсөн тодорхойгүй, хэний төлсөн төлбөр болох нь тодорхойгүй, чухам хэн төлсөн, төлбөр төлсөн иргэний болон хүлээн авсан ямар нэгэн гарын үсэггүй, тамга тэмдэггүй байх тул уг баримтаар төлбөр төлөгдсөн байна гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч А ХХК нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж үзлээ.

Иймд хариуцагч Т.Лгаас хиймэл үений протез /суулгац/-ны үнэ 6000000 төгрөг, алданги 3000000 төгрөг, нийт 9000000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "А" ХХК-нд олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч "А" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлэхээр заасны дагуу хариуцагч Т.Лгаас 158950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "А" ХХК-нд олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч "А" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мирас, хариуцагч Т.Л нарт шүүх хуралдааны товыг шүүхээс 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр /баримт №9/ мэдэгдэхэд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Т.Лгаас 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/Б**** дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийн гүйцэтгэл 6000000 төгрөг, алданги 3000000 төгрөг, бүгд 9000000 /есөн сая/ төгрөг гаргуулан "А" ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч "А" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Лгаас 158950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "А" ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН