Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
Хэргийн индекс | 101/2022/01808/и |
Дугаар | 101/ШШ2022/03001 |
Огноо | 2022-06-24 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2022/03001
2022 06 24 101/ШШ2022/03001
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, 0 дүгээр баг, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, Н.Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, өөрийн байранд байрлах, БЗДЗД-д холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин 7,483,590 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Н.Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Баянзүрх дүүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст даргаар томилогдож ажиллаж байх хугацаанд 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр БЗДЗД-ийн Б/20 тоот тушаалаар жирэмсэн байх хугацаанд ажлаас үндэслэлгүйгээр халсан болно.
Үүний дараа миний зүгээс шүүхэд хандаж, тус шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1285 тоот шийдвэрээр ажилд буцаан томилсон боловч хариуцагч нь өнөөдрийг хүртэл намайг ажилд буцаан томилоогүй байна.
Шүүхийн шийдвэрийн дагуу 2018-2021 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулан авсан болно.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас намайг эргүүлж ажилд томилсон шүүхийн шийдвэр өдий болтол биелэгдээгүй болохыг тодорхойлсон бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлж, ажилд буцаан томилох үүрэг нь хариуцагчид байна. Шүүхийн шийдвэрийн дагуу намайг ажилд буцаан томилоогүйгээс миний зөрчигдсөн эрх сэргээгдэхгүй, өдий хүрсэн. Намайг өөр ажилд томилох боломж хариуцагчид байсан боловч томилоогүйгээс эдийн засаг болон эрүүл мэндээрээ хохирч байна.
Намайг ажилд буцаан томилсон тус шүүхийн шийдвэр одоо болтол биелэгдээгүй болохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.03.11-ний өдрийн 4-166/4999 тоот албан бичгээр, түүнчлэн шүүхээс уг ажиллагаатай холбоотой гаргуулсан баримтаар тус тус тогтоогдож байгаа болно.
Иймд миний 2021 оны 06 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх хугацааны ажилгүй байсан 9 сарын цалин сарын 831,510 төгрөгөөр тооцож, нийт 7,483,590 төгрөгийг хариуцагч БЗДЗД-аас гаргуулж, тус хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Н.Э нь БЗДЗД-д холбогдуулан 2021 оны 06 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 7,483,590 төгрөгийг ЗД-аас нэхэмжилсэн байгааг зөвшөөрөхгүй.
2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар 101/ШШ2021/03246 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Н.Э-д 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх цалин болох 22,604,416 төгрөгийг хариуцагч БЗДЗД-аас гаргуулахаар шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч Н.Э-ийг 2021 оны 12 дугаар сард тус дүүргийн ЗДТГ-ын дарга дуудан “Нийслэлийн Засаг даргын 2016 оны “Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлах тухай” 832 дугаар захирамжаар дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын харьяа байгууллага байхаар баталж, дүүргийн хэлтсийн дарга нарыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4 дэх хэсгийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллагаас томилж байгаа учир манай байгууллага буцаан томилох боломжгүй учрыг тайлбарласан.
Мөн 2018 оны 06 сарын 27-ны өдөр Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж тухайн хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газар, хэлтсийн даргыг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газрын дарга Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагад нийцсэн хүнийг сонгон шалгаруулж хүлээлгэж өгнө гэж үзсэн. Үүнээс үзэхэд тус дүүргийн ЗД нь нэхэмжлэгчийг буцаагаад ажилд нь томилох эрх байхгүй, энэ эрх төрийн эрх бүхий байгууллагад шилжсэн.
Үүнээс үзэхэд ЗД нь уг газрын даргыг томилох эрхтэй этгээд биш, эрх нь өөр этгээдэд буюу яам, агентлагт хамаарах учраас шүүхийн шийдвэрийг биелээгүй гэж үзэх учиргүй.
Энэ талаар Н.Э-д танилцуулахад тэрээр 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2021/03246 дугаар шийдвэрийн дагуу 22,604,416 төгрөгийг хариуцагч БЗДЗД-аас гаргуулан аваад, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлээд цаашид гомдол саналгүй, ажилдаа эргүүлэн томилогдох шаардлагаасаа татгалзаж байгаагаа илэрхийлсэн хүсэлтийг өөрийн гараар бичиж өгсөн.
Н.Э-ийн энэхүү хүсэлтийг бид хүлээн аваад 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр А/707 захирамж гарган Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татвар зэргийг тооцон ХААН банкны 0 дугаар дансанд шүүхийн шийдвэрээр гарсан төлбөрийг шилжүүлснээр шүүхийн шийдвэр бүрэн биелэгдэж дууссан.
Түүнийг ажилд томилж, чөлөөлөх эрх нь Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газар бөгөөд тэднийх буцаан томилох үүрэгтэй. Түүнээс гадна нэхэмжлэгч нь өөрийнхөө гараар ажилд орох хүсэлтээсээ татгалзсан гэж бичиж өгснөөс үзэхэд тэрээр уг хүсэлтээсээ татгалзсан болно. Түүний энэхүү хүсэлттэй холбоотойгоор манайх ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулсан шүүхийн шийдвэрт гаргасан гомдлоосоо татгалзсан.
Иймд Н.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна гэв.
Нотлох баримтын тухайд:
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлэх хүсэлт, Төв аймгийн Зуунмод сумын 0 дүгээр багийн Засаг даргын 2022.03.11-ний өдрийн 133 дугаар тодорхойлолт, 2022.03.11-ний өдрийн 4-166/4999 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Н.Э-д хүргүүлсэн албан бичиг, Н.Э-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2022.01.13-ны өдрийн 31 дугаартай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.19-ний өдрийн 101/ШШ2021/03246 дугаартай шийдвэр, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019.05.23-ны өдрийн 001/ХТ2019/00756 дугаартай тогтоол, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.04.13-ны өдрийн 101/ШШ2017/01285 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.09.12-ны өдрийн 1558 дугаартай магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016.12.08-ны өдрийн 001/ХТ2016/01257 дугаартай тогтоол, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.06.23-ны өдрийн 101/ШШ2016/04915 дугаартай шийдвэр, Н.Э-с Э.Ц-д олгосон итгэмжлэл /хх-ийн 2-53, 70/ зэрэг баримтыг,
Хариуцагчаас: БЗДЗД-аас Г.Д-д олгосон итгэмжлэл, хариу тайлбар, төлбөрийн хүсэлт, БЗДЗД-ын 2021.12.22-ны өдрийн А/107 дугаартай захирамж, Н.Э-ийн ажилгүй байсан 2018.11.19-2021.06.19 хооронд хийсэн тооцоолол, Н.Э-ийн БЗДЗДТГ-т гаргасан хүсэлт, 2016.11.23-ны өдрийн А/832 дугаартай захирамжийн хуулбар /хх-ийн 58, 63-68 / зэрэг баримтыг тус тус шүүхэд ирүүлсэн.
Шүүхээс: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус шүүхийн 2017.04.13-ны өдрийн 101/ШШ2017/01285, 2021.10.19-ний 101/ШШ2021/03246 дугаартай Н.Э-ийн нэхэмжлэлтэй, БЗДЗД-д холбогдох шийдвэрийн дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон эсэх, дуусгавар болоогүй бол дээрх шийдвэрийн дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой баримтууд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Нийслэлийн Засаг даргын 2016.11.23-ны өдрийн А/832 тоот захирамж, Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын ажлын байрны үлгэрчилсэн жагсаалт, уг захирамжид өөрчлөлт орсон эсэхтэй холбоотой /хх-ийн 100, 105-146, 155-163/ баримтуудыг бүрдүүлсэн.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч БЗДЗД-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 7,483,590 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч эс зөвшөөрч маргасан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/01285 дугаар шийдвэрээр Н.Э-ийг Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговорт 1,670,113 төгрөгийг нөхөн олгож, түүнд холбогдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, 2015.12.15-ны өдрөөс 2016.06.23-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1,670,113 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 19-28/
Дээрх шийдвэрийг биелүүлээгүй гэх нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхээс 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 96 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018.01.30-ны өдөр 18260285 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн, уг ажиллагаа дуусгавар болоогүй нь тус газрын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 4-166/10405 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан баримтаар тогтоогдож байна.
Мөн тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 3419 дүгээр шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт БЗДЗД-аас 17,461,710 төгрөг гаргуулж, Н.Э-д олгохоор шийдвэрлэсэн, уг шийдвэрийн дагуу төлбөрийг бүрэн төлж барагдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон,
2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2021/03246 дугаар шийдвэртэй гүйцэтгэх баримт бичиг бүртгэгдээгүй болохыг тодорхойлжээ. /хх-ийн 105-146/
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Н.Э-ийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын ажил, албан тушаалд томилсон байх ба хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр биелэгдээгүй болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.
Хариуцагч нь “БЗДЗД“ нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлийг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газар, хэлтсийн даргыг Төрийн Захиргааны төв байгууллага нь сонгон шалгаруулсны үндсэн дээр томилохоор холбогдох хуульд заасан тул хариуцагч биш гэж тайлбарлаж байна.
Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/832 дугаар “Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлах тухай” захирамжийн 5-т Дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд дараах харьяа байгууллагуудыг ажиллуулахаар тогтоож, 5.4-т Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, энэхүү захирамжийн 1 дүгээр хавсралт “Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын ажлын байр /албан тушаал/-ны үлгэрчилсэн жагсаалтын А буюу Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг /68 хүртэл/, 5-т Нийгмийн хөгжлийн хэлтэс /6/, 5.4-т Гэр бүл, хүүхэд залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн гэж заажээ. /хх-ийн 155-164/
Дээр дурдсан Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/832 дугаар “Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлах тухай” захирамжид өөрчлөлт ороогүй болох нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн баримтаар тогтоогдож байна.
Тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2021/03246 дугаар шийдвэрээр, хариуцагч БЗДЗД-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 22,604,416 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Э-д олгохоор шийдвэрлэсэн, энэхүү шийдвэрт гаргасан давж заалдах гомдлоосоо хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь татгалзах хүсэлтийг шүүх хуралдаанаас өмнө бичгээр гаргасан тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 31 дугаартай захирамжаар хариуцагчийг давж заалдах гомдол гаргаагүйд тооцож, давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,972 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэжээ. /хх-ийн 8-14/
Дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр БЗДЗД-ын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/57, 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/368, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/34, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/147 дугаар захирамжаар Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дүрэм, орон тоог баталж, санхүүжүүлэх төсвийн ерөнхийлөн захирагч нь Дүүргийн ЗД болохыг тогтоон шийдвэрлэсэн байна.
Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШЗ2022/12331 дугаартай захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2021/03246 дугаар шийдвэртэй, Н.Э-ийн нэхэмжлэлтэй, БЗДЗД-д холбогдох хэрэгт авагдсан бүхий л баримтуудыг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасныг уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцож байсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т заасны дагуу зохигч өөрөө бүрдүүлэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзэн хангахаас татгалзжээ./хх-ийн 102, 147-149/
Гэвч хариуцагч нь дээрх шүүхийн шийдвэрт дурдсан үйл баримтыг үгүйсгэсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Дээрх байдлаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/832 дугаар “Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлах тухай” захирамж, тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2021/03246 дугаар шийдвэр зэрэг баримтаар хариуцагч БЗДЗД-ын татгалзал үндэслэлгүй гэж үзэв.
Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 36 дугаар зүйлийн 36.1-д: “Ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараах тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй,
36.1.2-т: “Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” гэж зааснаас үзэхэд тус шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/01285 дугаар шийдвэрийг биелүүлж, ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах нь ажил олгогч “БЗДЗД”-ын хүлээх үүрэг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т: “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2021/03246 дугаар шийдвэрт Н.Э-ийг ажлын байраар хангах үүргээ БЗДЗД биелүүлээгүй, тус шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/01285 дугаар шийдвэр биелэгдээгүй, нэхэмжлэгчийг урд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилоогүй байгаа болохыг тус тус дурдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д: “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй болох нь тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д: “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан.
Нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7,483,590 төгрөг шаарджээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2021/03246 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Н.Э-ийн 1 /нэг/ өдрийн дундаж цалин хөлсийг 30,881 төгрөгөөр тооцож, 2018.11.19-ний өдрөөс 2021.06.19-ний өдөр хүртэлх хугацаанд 22,604,416 төгрөгийг хариуцагч БЗДЗД-аас гаргуулан олгож, үлдэх 3,172,394 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна. /хх-ийн 10-14/
Иймд нэхэмжлэгч Н.Э-ийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцохдоо дээрх хүчин төгөлдөр шийдвэрээр 1 өдөрт ногдох цалин хөлс 30,881 төгрөг гэх хэмжээгээр тооцож 5,836,509 төгрөгийг хариуцагч “БЗДЗД”-аас гаргуулан түүнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,647,081 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
/189хоногх30,881төгрөг=5,836,509 төгрөг/
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т: “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2-т: “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заасан тул хариуцагчид уг үүргээ биелүүлэхийг даалгах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Н.Э-ийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хариуцагч БЗДЗД-аас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээ буюу 5,836,509 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 108,334 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хууль /1990 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д тус тус зааснаар хариуцагч “БЗДЗД”-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 5,836,509 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,647,081 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Н.Э-ийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “БЗДЗД”-т даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Э-ийг улсын тэмдэгтийн хураамж төлөхийг шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч “БЗДЗД”-аас улсын тэмдэгтийн хураамжид 108,334 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ