Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 00086

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж
нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэчимэг,
шүүгдэгч Б.Баярбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 230 дугаар зүйлийн 230.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баасангийн Баярбатад холбогдох 201706000102 дугаартай, 132/2017/0089/Э индекстэй эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: 1993 оны 09 дугаар сарын 21-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж 3 настай хүүхдийн хамт Булган аймгийн Бүрэгхангай сумын 2 дугаар баг, Цахт гэх газар оршин суух, 2012 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн Булган аймаг дахь сум дундын шүүхийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 2 жил 2 сар хорих ялаар, 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөх Сум дундын 4 дүгээр шүүхийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 4 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Сахалт овгийн Баасангийн Баярбат /РД:ГВ93092111/,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Баярбат нь 2017 оны 04 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Булган аймгийн Бүрэгхангай сумын 4 дүгээр баг 5-5 тоот хашаанаас Ж.Ганбатын эзэмшлийн Даюун маркын мотоциклыг хулгайлж 1000000 төгрөгийн хохирол учруулсан, Б.Баярбатыг баривчилахаар очсон Бүрэгхангай сумын хэрэг бүртгэгч цагдаагийн ахмад Ш.Батхөлөгийг Цагдаагийн машинд суулгах үед нь согтуугаар цагдаагийн албан хаагчийн шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, хэл амаар доромжлон, унаж явсан машиных нь бороо, усны хаялага, зүүн хойд талын арын кирло хэсгийг хонхойлгож, хаалганы шилний хавтасны зам зэргийг эвдэж 190000 төгрөгийн хохирол учруулсан, дээр хулгайн гэмт хэрэгтээ шалгагдаж байх үедээ буюу 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Б.Баярбатын өгсөн: 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Бүрэгхангай сум орж ахыгаа авч ирж ямаа самнуулахаар явсан. Ахыг очиж аваад Хишиг-Өндөр сум руу явж байтал миний мотоциклын рам нь голоороо хугараад ямарч явах боломжгүй болсон. Тэгэхээр нь би малд явж байсан мотоцикльтой хүнтэй таарч сумын төв рүү хүргүүлсэн. Дэлгүүр орж 2 ширхэг 0.5 литрийн ерөөл архи 1 шилийг, 0.75 литрийн ерөөл архи 1 шилийг аваад Саруул гэдэг таньдаг айлд очиход Дашням гэдэг Саруулын найз нь бас байсан. Бид 3 авсан архиа уугаад би 23 цагт Саруулын гэрээс гараад явж байтал айлын гадаа мотоциль байхаар нь түрж явж байгаад утасыг нь холбож асаагаад Хишиг-Өндөр рүү явсан. Тэгээд маргааш нь гэртээ байж байтал хэсгийн төлөөлөгч, мотоциклийн эзэн, цагдаа 3 ирсэн. Тэгээд намайг гэрт байж байтал гэрт орж ирээд шууд дарж аваад гавласан. Шөнө 23 цагийн үед Булганд ирсэн. Замдаа машин тэрэг эвдэлсэн зүйл байхгүй намайг гавалсан байсан. Тэгээд өглөө нь батлан даалтанд гаргасан гэх мэдүүлэг,
201706000102 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд: Шүүгдэгч Б.Баярбатын сэжигтнээр өгсөн: Би 2017 оны 04 сарын 14-ний өдөр 16 цагийн үед Бүрэгхангай орж бинзен аваад Хишиг-Өндөр сум орж Оожоо гэдэг хуурай ахыгаа авч ямаагаа самнуулах санаатай гэрээсээ гараад Бүрэгхангай сумын төв орж 1,4 кг ноолуур зарж 95000 төрөгтэй болсон. 15000 төгрөгөөр нь мотоциклдоо бинзен хийгээд Хишиг-Өндөр сум руу гараад явж байтал 1 км яваад миний мотоциклийн рам нь голоороо хугараад явах боломжгүй болсон. Тэгэхээр нь би малд явж байсан мотоцикптой хүнтэй таарч сумын төв рүү хүргүүлсэн. Дэлгүүр орж 2 ширхэг 05 ерөөл 1 ширхэг 0.75 ерөөл архи аваад Саруул гэдэг таньдаг айлд очиход Дашням гэдэг Саруулын найз нь бас байсан. Бид 3 авсан архиа уугаад 23 цагт Саруулын гэрээс гараад төвийн хойд хэсэгт байдаг нэг танихгүй айлын хашаанд цонхны гэрэлд нэг мотоцикль байгаа харагдсан. Тэгэхээр нь би тэр мотоциклыг хулгайлах санаатай хашааны хаалгыг уяагаар уясан байхаар нь хаалган дээгүүр нь гараа оруулж олсыг тайлаад хаалгаар нь орж байшин машин хоёрын дунд байсан хөх өнгийн "даюун" маркийн мотоциклийг түрж гаргаж ирээд цээж утаснаас нь 4 ширхэг утас таслаж өөр хооронд нь холбож асаагаад Хишиг-Өндөр сум руу явсан. Тэгэхэд шөний 01 цаг болж байсан. Би замдаа төөрөөд Хишиг-Өндөр сумын наахан талд хоноод өглөө 07 цагийн үед босоод Хишиг-Өндөр сум руу ороод шууд Оожоо ахынд очоод Оожоо ахыг сундлаад хөдөө гэрлүүгээ харьсан. Манайд ах Ууганбаяр найз Батбаяр хоёр байсан ба өөр хүн байгаагүй. Гэртээ харихад өдрийн 15 цаг болж байсан. Удалгүй араас хэсгийн төлөөлөгч ирж намайг дагуулаад сумын төв орсон. Ийм л зүйл болсон. Би анх гэрээсээ Оожоо ахыг авах санаатай гараад мотоцикл эвдрээд явах боломжгүй болсон учир унаа хэрэг болоод хулгай хийх болсон юм. Тухайн үед би нэлээн согтсон байсан ба намайг хулгай хийсэн талаар мэдэх хүн байхгүй. Би манайд байсан хоёр хүнд мотоцикль эвдрээд найзынхаа мотоциклыг гуйгаад унаад ирлээ гэж хэлсэн. Өөр хүнтэй таараагүй. Би Саруулын гэрээс гарахдаа шээх гэж гараад эгчийнхрүүгээ хонох гэж яваад замд айлын хашаанд мотоцикл харэгдахаар нь хулгай хийсэн юм гэх мэдүүлэг / хх 59, 60 тал /, Хохирогч Ж.Ганбатын өгсөн: “..2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 18 цагийн үед ажлаасаа тараад гэртээ ирээд мотоциклоо байшин машин хоёрын дунд буюу цонхны урд хэсэгт тавиад орхисон. Гэртээ ороод 23 цагийн үед унтсан тухайн үед эхнэр бид хоёр хоёулаа хоносон. Маргааш өглөө нь 08 цагийн үед босоод ажилдаа явах гэтэл мотоцикль алга болсон байсан..." гэх мэдүүлэг /хх 24, 25 тал/, Хохирогч Ш.Батхөлөгийн өгсөн: “..Би цагдаа Дашнямын хамт Баярбат гэх залууг машиндаа суулгаад аваад явах гэхэд сууж өгөхгүй манай цагдаа бид 2-ыг янз бүрийн үгээр хэлээд миний машины хаалганы хажуу руу хөлөөрөө жийгээд зарим нэг эд зүйлүүдийг эвдсэн юмаа.Тэгээд хүчээр машиндаа суулгаад цагдаа Дашнямыг хажууд нь суулгаад аваад явж байхад бид 2-ыг заналхийлээд та 2-ыг гарч ирээд ална голомтыг чинь самарна гэх мэтээр харааж зүхээд машины арын цонхыг хөлөөрөө жийж гэмтээсэн” гэх мэдүүлэг /хх 28 тал/, Гэрч Д.Цогт-Очирын өгсөн: "... 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө Баярбат Хишиг-Өндөр суманд ирж намайг аваад Бүрэгхангай сум руу явсан. Манайд ирэхдээ Баярбат миний мотоциклийн рам нь хугараад хүний мотоцикль унаад ирлээ гээд хөх өнгийн Даюун маркийн мотоцикльтой нилээн эрт, эрүүл ирсэн. Тухайн үед би Бүрэгхангай ороод мотоциклоо янзлаад цааш явах уу гэхэд яах юм бэ шууд хөдөө таныг хүргээд өгье. Та ямаагаа самнаад байж бай. Би сумын төв орж энэ мотоциклоо өгөөд өөрийнхийгөө янзлаад ирье гэж байсан..." гэх мэдүүлэг /хх 33 тал/, Гэрч М.Ууганбаярын өгсөн: "...2017 оны 04 дүгэзр сарын 15-ны өдөр үдээс хойш 15 цагийн үед над дээр ирэхдээ өөрийнхөө мотоциклоос өөр хөх өнгийн Даюун маркийн мотоцикльтой, Оожоо гэх залуутай хамт ирсэн. Тухайн үед би Баярбатаас наадах чинь хэний мотоцикль вэ? гэхэд миний мотоцикль рамаараа хугараад Бүрэгхангай сумын төвд хаяад хүний мотоцикль унаж ирлээ гэсэн. Ирэхдээ согтуу, тал шил архитай ирсэн..." гэх мэдүүлэг /хх 34 тал/, Гэрч О.Дашнямын өгсөн: “..2017 оны 04-р сарын 15-ны өглөө 08 цагийн үед Ганбат гэх хүнээс мотоциклоо хашаанаасаа алдчихлаа гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу би түрүүлж очоод араас төлөөлөгч ирж хэргийн газар үзлэг хийсэн. Төлөөлөгч Ганбаттай уулзаж ярилцаад аймаг болон Хишиг-Өндөр лүү мэдэгдээд удалгүй Хөдөө мотоцикль байна гэсэн мэдээлэл ирсэн Тэгээд хэсгийн төлөөлөлч Батхөлөг хохирогч Ганбат бид 3 хамт хөдөө яваад очиход Баярбат гэдэг залуу хоёр ахтайгаа нэлээн согтсон байдалтай архи ууцгааж байсан. Гэрийн гадна хөх өнгийн мотоцикль байсан Ганбат нь энэ миний мотоцикл мөн байна гээд мотоциклоо унаад түрүүлээд яваад өгсөн. Тэгээд Баярбат гэдэг залууг бид хоёр машиндаа суулгаад аваад явах гэтэл сууж өгөхгүй, хэсгийн төлөөлөгч Батхөлөгийн урдаас эсэргүйцээд байсан тэгэхээр нь хүчээр суулгах гэхэд машины хаалганы арын карлаан луу өшиглөж хонхойлгосон, Урд хаалганы борооны хаялагыг дарж хугалсан.Би тухайн үед энгийн хувцастай дээлтэй явсан болохоор намайг хохирогч гэж бодсон юм шиг байна лээ, намайг эсэргүүцсэн зүйл байхгүй би хохирогчоор тогтоогдохгүй, харин Батхөлөг ахмадыг би чамайг гарч ирээд ална голомтыг чинь самарна гээд байсан, миний биед халдсан зүйл байхгүй би энгийн хувцастай явсан гэх мэдүүлэг, /хх 32 тал/, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалт явуулах тогтоол /хх 01 тал/, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 23 тал/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 04-06 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 07-08 тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 20 тал/, шинжээчийн дүгнэлт /хх 43 тал/, үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлт /хх 46, 50 тал/, яллагдагчаар цагдан хорих тухай прокурорын санал /хх 56 тал/, яллагдагчаар цагдан хорих шүүгийн захирамж /хх 57 тал/, сэжигтэн яллагдагчийг эрэн сурвалжлах тухай тогтоол /хх 66 тал/, илтгэх хуудас /хх 67-68 тал/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодоруулсан баримтууд /хх 70-72/ тал зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Баярбат нь 2017 оны 04 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Булган аймгийн Бүрэгхангай сумын 4 дүгээр баг 5-5 тоот хашаанаас Ж.Ганбатын эзэмшлийн Даюун маркын мотоциклыг хулгайлж 1000000 төгрөгийн хохирол учруулсан, Б.Баярбатыг баривчилахаар очсон Бүрэгхангай сумын хэрэг бүртгэгч цагдаагийн ахмад Ш.Батхөлөгийг цагдаагийн машинд суулгах үед нь согтуугаар цагдаагийн албан хаагчийн шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, хэл амаар доромжлон, унаж явсан машиных нь бороо, усны хаялага, зүүн хойд талын арын кирло хэсгийг хонхойлгож, хаалганы шилний хавтасны зам зэргийг эвдэж 190000 төгрөгийн хохирол учруулсан, дээр хулгайн гэмт хэрэгтээ шалгагдаж байх үедээ буюу 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн хууль зүйн факт, үйл баримт болжээ. Энэ үйл баримт нь шүүгдэгч Б.Баярбатын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн “..би тэр мотоциклыг хулгайлах санаатай хашааны хаалгыг уяагаар уясан байхаар нь хаалган дээгүүр нь гараа оруулж олсыг тайлаад хаалгаар нь орж байшин машин хоёрын дунд байсан хөх өнгийн "даюун" маркийн мотоциклийг түрж гаргаж ирээд цээж утаснаас нь 4 ширхэг утас таслаж өөр хооронд нь холбож асаагаад Хишиг-Өндөр сум руу явсан” гэх мэдүүлэг, хохирогч Ж.Ганбатын өгсөн: “мотоциклоо байшин машин хоёрын дунд буюу цонхны урд хэсэгт тавиад орхисон. Маргааш өглөө нь 08 цагийн үед босоод ажилдаа явах гэтэл мотоцикль алга болсон байсан” гэх мэдүүлэг, хохирогч Ш.Батхөлөгийн өгсөн: “..Дашнямын хамт Баярбат гэх залууг машиндаа суулгаад аваад явах гэхэд сууж өгөхгүй манай цагдаа бид 2-ыг янз бүрийн үгээр хэлээд миний машины хаалганы хажуу руу хөлөөрөө жийгээд зарим нэг эд зүйлүүдийг эвдсэн” гэх мэдүүлэг, гэрч О.Дашням, М.Ууганбаяр, Д.Цогт-Очир нарын мэдүүлэг зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдаж, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт, шалтгааны талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн дээрхи хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар батлагдсан байна. 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн , гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байна. Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Баярбатад мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч 2002 оны эрүүгийн хуульд гэмт хэргийн бүрэлдхүүний шинжийг тодорхойлж байсан “мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн” гэх ойлголт 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 11-т гэмт хэргийн бүрэлдхүүний шинж байхгүй болж гэмт хэрэгт тооцогдохгүй болсон тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд 1-д “ хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан” бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ ” гэж заасан нь өмнөх хуулиас хорих ялын доод хэмжээг багасгасан байх тул ялтны эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-т заасан зүйлчлэлийн хувьд 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар оногдуулах ялын дээд хэмжээ ихэссэн нь ялтаны эрх зүйн байдал дээрдэхгүй байх тул 2002 оны хуулиар шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотловол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч Б.Баярбатыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр , нууцаар , хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар, цагдаагийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэлдээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас Булган аймгийн Бүрэгхангай сумын эзэмшлийн 19-73 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 190000 төгрөгийн, хохирогч Ж.Ганбатад 40000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгч Б.Баярбатаас 230000 төгрөг гаргуулж хохирогч Ж. Ганбатад 40000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Энхцэцэгт 190000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Баярбатад ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг биет байдлаар буцаан өгсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн 2013 оны 10 дугаар сарын 5-ны өдөр төрсөн хүү Билгүүнбаярын эрхийг хамгаалах үүднээс асран хамгаалах, харгалзан дэмжигч томилохыг Булган аймгийн Бүрэгхангай сумын засаг даргад даалгаж шийдвэрлэлээ. Шүүгдэгч Б.Баярбат нь цагдан хоригдсон 73 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Баярбатад мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2002 оны эрүүгийн хуульд гэмт хэргийн бүрэлдхүүний шинжийг тодорхойлж байсан “мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн” гэх ойлголт 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 11-т зааснаар гэмт хэргийн бүрэлдхүүний шинж байхгүй болж гэмт хэрэгт тооцогдохгүй болсон тул хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Сахалт овгийн Баасангийн Баярбатыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах, цагдаагийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч Б.Баярбатад 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын ялаар, 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-т заасанаар 1 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2-т зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг/ найман цагийг хорих ялын нэг хоногтой/ нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сар, 2 /хоёр/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Баярбатад оногдуулсан 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сар, 2 /хоёр/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б. Баярбатаас 230000 /хоёр зуун гучин мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Ж.Ганбатад 40000 /дөчин мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Энхтуяад 190000 /нэг зуун ерөн мянга/ төгрөгийг тус тус олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Баярбатын цагдан хоригдсон 73 /далан гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар 2013 оны 10 дугаар сарын 5-ны өдөр төрсөн хүү Б.Билгүүнбаярын эрхийг хамгаалах үүднээс асран хамгаалах, харгалзан дэмжигч томилохыг Булган аймгийн Бүрэгхангай сумын засаг даргад даалгасугай.
9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Баярбатыг цагдан хорьж, ял эдлэх хугацааг 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.
11. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
12. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ.