Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 25

 

 

Б.Баярбатад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                           Хэргийн индекс 132/2017/0089/Э

 

       Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг  даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,

                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

           Прокурор                                                  Ц.Гэрэлбаатар

           Шүүгдэгч                                                   Б.Баярбат

           Нарийн бичгийн дарга                             Н.Батзаяа нарыг оролцуулан

 

        Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолтой Б.Баярбатад холбогдох 201706000102 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Баярбатын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

         Монгол улсын иргэн, 1993 оны 09 дугаар сарын 21-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Булган аймгийн Бүрэгхангай сумын 2 дугаар баг, Цахт гэх газар оршин суух, урьд Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 2 жил 2 сар хорих ялаар, Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 4 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, ГВ93092111 регистрийн дугаартай, Сахалт овогт Баасангийн Баярбат.

 

      Шүүгдэгч Б.Баярбат нь 2017 оны 04 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Булган аймгийн Бүрэгхангай сумын 4 дүгээр баг 5-5 тоот хашаанаас Ж.Ганбатын эзэмшлийн Даюун маркийн мотоциклийг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан, Бүрэгхангай сумын хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Ш.Батхөлөг нь түүнийг цагдаагийн машинд суулгах үед нь согтуугаар цагдаагийн албан хаагчийн шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, хэл амаар доромжлон, унаж явсан машиных нь бороо, усны хаялга, зүүн хойд талын арын кирло хэсгийг хонхойлгож, хаалганы шилний хавтасны зам зэргийг эвдэж 190.000 төгрөгийн хохирол учруулсан, хулгайн гэмт хэрэгт шалгагдаж байх үедээ буюу 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.  

         Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолоор:

    Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Баярбатад мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны эрүүгийн хуульд гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлж байсан “мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн” гэх ойлголт  2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 11-т зааснаар гэмт хэргийн бүрэлдхүүний шинж байхгүй болж гэмт хэрэгт тооцогдохгүй болсон тул хэрэгсэхгүй болгож,

         Шүүгдэгч Сахалт овгийн Баасангийн Баярбатыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах, цагдаагийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг тус тус  үйлдсэн гэм буруутайд тооцож, 

        Шүүгдэгч Б.Баярбатад  2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын ялаар, 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-т зааснаар 1 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэж,

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2-т зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230  дугаар зүйлийн 230.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг / найман цагийг хорих ялын нэг хоногтой/ нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сар, 2 /хоёр/ хоногийн хугацаагаар тогтоож,

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Баярбатад оногдуулсан 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сар, 2 /хоёр/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон,

        Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б. Баярбатаас 230.000 /хоёр зуун гучин мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Ж.Ганбатад 40.000 /дөчин мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Энхтуяад 190.000 /нэг зуун ерөн мянга/ төгрөгийг тус тус олгох,

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Баярбатын цагдан хоригдсон 73 /далан гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

          Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар  2013 оны 10 дугаар сарын 5-ны өдөр төрсөн хүү Б.Билгүүнбаярын эрхийг хамгаалах үүднээс асран хамгаалах, харгалзан дэмжигч томилохыг Булган аймгийн Бүрэгхангай сумын засаг даргад даалгаж,

              Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг дурьдаж,

       Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Баярбатыг цагдан хорьж, ял эдлэх хугацааг 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолж,

         Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

           Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр  зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

           Шүүгдэгч Б.Баярбат давж заалдах гомдолдоо:  

         “… миний бие Эрүүгийн хуулийн 230.1-ийг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь энэ хуульд Цагдаагийн албан хаагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж байна. Миний хувьд эсэргүүцэх боломж байхгүй байсан. Намайг гэртээ байхад төлөөлөгч цагдаагийн хамт орж ирээд миний гарыг ард гавлаж, машины арын суудал дээр суугаад толгой дээр дээлээр бүтээгээд сумын төв орсон, тэгээд Булган аймгийн Цагдаагийн газар ирсний дараа миний гавыг тайлсан, тэгэхлээр надад цагдаагийн эсрэг эсэргүүцэх боломж байхгүй. Иймд Эрүүгийн хуулийн 230.1 зүйл ангийг шударгаар шийдэж өгнө үү ” гэжээ.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор  Ц.Гэрэлбаатар дүгнэлтдээ:

             Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч Б.Баярбат нь 2017 оны 04 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Булган аймгийн Бүрэгхангай сумын 4 дүгээр баг 5-5 тоотод оршин суух иргэн Ж.Ганбатын хашаанд хууль бусаар нэвтрэн орж “Даюун” маркийн мотоциклийг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

     мөн Булган аймгийн Бүрэгхангай сумын хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Ш.Батхөлөгийн шаардлагыг эсэргүүцэж хэл амаар доромжлон, хүч хэрэглэн албаны зориулалтаар ашиглаж байсан тус сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн 19-73БУЛ улсын дугаартай “Субару Порестер” маркийн авто машины бороо, усны хаялга, зүүн хойд талын арын кирло хэсгийг хонхойлгож, хаалганы шилний хавтасны замыг эвдэж 190.000 төгрөгийн хохирол учруулсан,

       мөн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт шалгагдаж бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хохирогч Ж.Ганбат, Ш.Батхөлөг, гэрч Б.Энхцэцэг, О.Дашням, Д.Цогт- Очир, М.Ууганбаяр нарын мэдүүлгүүд, /хх 24-26, 28, 31-32, 35-36/, алдагдсан гэх мотоциклийн үнэлгээ /хх 43/, машины эд ангийн эвдрэл гэмтлийн талаарх үнэлгээ /хх 49/, шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

           Хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих асуудлууд тогтоогдсон, шүүгдэгчийн гэм буруугийн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, ял шийтгэл оногдуулжээ.

            Шүүгдэгч Б.Баярбат нь давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд “өөрийн учруулсан хохирлоо нөхөн төлнө” гэсэн тайлбар гаргасан бөгөөд

            2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “…гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол … гурван жил хүртэлх хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан байна.

            Б.Баярбат нь ам бүл 3, эх, бага насны хүүхдийн хамт амьдардаг бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэр хэмжээ, ар гэрийн байдлын талаарх баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Баярбатад оногдуулсан 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сар, 2 /хоёр/ хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгасугай” гэсэн заалт нэмж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б.Баярбатын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Б.Баярбатад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.УРАНЧИМЭГ

 

                           ШҮҮГЧИД                                                         Ц.ТУЯА       

     

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ё.БЯМБАЦЭРЭН