Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1023

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/00702 дугаар шийдвэртэй, Ц.Аын нэхэмжлэлтэй Б.Бд холбогдох гэм хорын хохиролд 278 352 040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ц.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би  2013 оны 8 дугаар сарын 07-ны өдөр өөрийн хүү болох А.Цэрэн-Өлзийгийн амь насыг бусдын гарт онц харгис хэрцгий аргаар харамсалтайгаар алдаж эд хөрөнгө болон сэтгэл санааны асар их хохирол амссан. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1082 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 239 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 147 дугаар тогтоолуудаар Б.Бын гэм бурууг тогтоон 25 жилийн хорих ял оногдуулсан.

Миний хүү А.Цэрэн-Өлзий тухайн үед 17 настай, Монгол Улсын тэргүүлэх ерөнхий боловсролын сургуулиудын нэг болох Америк сургуульд сурлагын өндөр амжилттай суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшиж байсан.

Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу оршуулгын үйлчилгээний зардал 8 026 000 төгрөг, бунхан 2 500 000 төгрөг, цэцэг 680 000 төгрөг, зэд 6 650 000 төгрөг, рестораны зардал 5 996 040 төгрөг, унадаг дугуй 3 000 000 төгрөг, зөөврийн компьютер 1 500 000 төгрөг, үүний дээр сэтгэл санааны хохиролд 250 000 000 төгрөг, нийт 278 352 040 төгрөг нэхэмжилж байгааг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн хариуцагч Б.Баас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд төлбөр нэхэмжлээгүй, намайг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж тогтоосон тул сэтгэл санааны хохиролд холбогдуулан гаргасан 250 000 000 төгрөг болон унадаг дугуй, зөөврийн компьютерын үнэ болох 4 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Аав ээж хоёр маань ажилгүй, би хорих ангид ял эдэлж байгаа учир төлбөр төлөх чадваргүй.

Унадаг дугуйг шүүхийн тогтоолоор буцааж олгосон, 300 000 төгрөгийг өгч байсан тул 3 000 000 төгрөгийu үндэслэлгүй нэхэмжилж байна.

Зөөврийн компьютер нь эвдэрхий байсан бөгөөд надаар 70 000 төгрөгөөр заруулж, үлдэгдэл 20 000 төгрөгийг өгсөн талаар баримт хэрэгт байдаг. Харин 50 000 төгрөг, болон оршуулгын зардал 23 852 040 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд 23 902 040 төгрөгийг хүлээн зөвшөөрч бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, би шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй, миний өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцоно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Баас 23 852 040 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Ц.Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 254 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Баас улсын тэмдэгтийн хураамжид 277 210 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулан, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн байх тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулан Ц.Ат олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэршихбөртэ давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн” ТББ-ын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 13/03 дугаартай сэтгэл санааны цочролд орж, сэтгэл зүйн үйлчилгээнд хамрагдаж байсан тухай тодорхойлолтыг гарган өгснийг шүүх үнэлээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, сэтгэл санааны хохирол болох 250 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч Б.Баас гэм хорын хохиролд 278 352 040 төгрөг гаргуулахаар шаарджээ. Хариуцагч Б.Б уг нэхэмжлэлийн шаардлагаас оршуулгын зардал болох 23 852 040 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг “... 2 ширхэг унадаг дугуйг буцааж өгсөн, зөөврийн компьютер эвдэрхий байсан, ... надаар 70 000 төгрөгөөр  заруулж байсан ..., ... эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд төлбөр нэхэмжлээгүй, намайг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж тогтоосон ...” гэх үндэслэл заан зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагч Б.Б 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Ц.Аын хүү А.Цэрэн-Өлзийгийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 9.2.11-д заасны дагуу 25 жилийн хорих ял оногдуулсан болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1082 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 239 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 147 дугаар тогтоол зэрэг баримтуудаар нотлогдсон байна. /хх 88-113 дахь тал/ Иймээс хариуцагчид Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын амь насанд учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэг үүссэн.

Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч Б.Баас нас барагчийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардалд 23 852 040 төгрөг шаардсан нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт нийцэж байх ба хариуцагч нэхэмжлэлийн үнийн дүнг зөвшөөрч, маргаагүй байна. Түүнчлэн, анхан шатны шүүх 2 ширхэг дугуйн үнэд 3 000 000 төгрөг, зөөврийн компьютерийн үнэ 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1082 дугаар шийтгэх тогтоолоор дээрх нэр бүхий эд хөрөнгийг эзэмшигч нарт нь буцаан олгохоор шийдвэрлэсэн нөхцөл байдал, мөн зөөврийн компьютерийн хувьд хариуцагчийн гэм буруутай үйлдлээс шалтгаалан нэхэмжлэгчид 1 500 000 төгрөгийн бодит хохирол учирсан гэж үзэхгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч талаас гомдол гаргаагүй. Иймд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ. /хх 88-101 дэх тал/

Шүүх, нэхэмжлэгчийн сэтгэл санааны хохиролд 250 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч энэ шаардлагатай холбоотой нотлох баримтын талаарх дүгнэлт нь үндэслэл бүхий болоогүй байна.

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ц.А нь хүү А.Цэрэн-Өлзийг бусдын гарт амь насаа алдсаны улмаас сэтгэл санааны гүн цочролд орж, 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн 7 хоногт 1 удаа гурван сарын хугацаанд сэтгэл зүйн үйлчилгээнд хамрагдсан болох нь “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн” ТББ-ын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 13/03 тоот албан бичгээр нотлогдож байна. /хх 77 дахь тал/ Нэхэмжлэгч нь дээрх эмчилгээ хийлгэхэд гарсан бодит зардал хариуцагчаас шаардаагүй, харин сэтгэл санааны буюу эдийн бус гэм хорын нөхөн төлбөрт 250 000 000 төгрөг нэхэмжилсэн. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх асуудал зөвхөн хуульд тусгайлан зааж зохицуулахаар хязгаарласан. Иймд нас барагчийн төрөл садангийн хүнд учирсан эдийн бус хохиролд 250 000 000 төгрөгөөр нөхөн төлүүлэхтэй холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль хэрэглээний хувьд зөв болно.

Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/00702 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                             ШҮҮГЧИД                                   Б.НАРМАНДАХ

                                                                                                  Ч.ЦЭНД