Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2019/00702

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2019/00702

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Сонгинохайрхан дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж, шүүгч Т.Батсүх, Б.Хишигбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

Нэхэмжлэгч: ...... дүүргийн .. дүгээр хороо, ...хэсэг, ........ дугаар байр ........ тоотод оршин суух Ц. ын /регистрийн дугаар / нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:... дүүргийн .... дугаар хороо, ... гудамж ...  тоотод оршин суух хаягтай, одоо хорих .... дүгээр ангид ял эдэлж буй Б.Бд /регистрийн дугаар / холбогдох

 

“Гэм хорын хохиролд нийт 278,352,040 төгрөг” гаргуулах  тухай иргэний хэргийг   хянан хэлэлцэв.

    

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ю.С, иргэдийн төлөөлөгч М.Пүрэвдорж, нарийн бичгийн даргад М.Оюу-Эрдэнэ  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын иргэн Ц.А миний бие 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдөр өөрийн хүү болох А.Ц н амь насыг бусдын гарт онц харгис хэрцгий аргаар, харамсалтайгаар алдаж эд хөрөнгө болон сэтгэл санааны асар их гарз хохирлыг амсаад байна.Уг явдалд Баянзүрх дүүргийн прокурорын газраас эрүүгийн 201301022326 тоот хэрэг үүсгэн шалгаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1082 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 239 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 147 дугаар тогтоолууд гарч хуулийн хүчин төгөлдөр болон уг хэргийн холбогдогч Б.Бын гэм бурууг тогтоон Монгол Улсын Эрүүгийн хуульд заасны дагуу 25 жилийн хорих ял оногдуулсан. Энэхүү хэргийн хохирогч болох миний хүү А.Ц нь тухайн үед дөнгөж 17 настай, Монгол Улсын тэргүүлэх ерөнхий боловсролын сургуулиудын нэг болох “Америк сургууль”-д сурлагын өндөр амжилттай суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшиж байсан. Тэрээр Англи, Хятад хэлтэй, Англи хэлийг өөрийн төрөлх хэл шигээ эзэмшсэн, спортын олон төрөлд амжилт гаргаж байсан, хүмүүжлийн хувьд төлөв даруу, сурлага, спортын өндөр амжилттай, бусдын хайрыг татсан хүүхэд байсан. Дугуйн спортоор амжилттай хичээллэж спортын мастер цолтой, мөн сагс, хөлбөмбөг, гар бөмбөгийн спортоор хичээллэж Азийн аварга шалгаруулах тэмцээнд маш олон удаа оролцож байсан. Үүнээс гадна Дэлхийн топ гэгдэх  арван сургуульд элсэхээр эхний шалгалтуудаа амжилттай өгчихөөд байсан юм. Миний бие эцэг хүний хувьд хүүгээ амжилттай боловсрол эзэмшин Дэлхийн хэмжээний боловсон хүчин болж улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд өндөр, бодит хувь нэмэр оруулах байсан гэдэгт итгэдэг. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу оршуулгын шууд зардал болох оршуулгын үйлчилгээний зардал 23,852,040 төгрөг, эрүүгийн хэргийн хохирол  болох 2 ширхэг унадаг дугуйны үнэ 3,000,000 төгрөг, ялтан Б.Бын зарж өгнө хэмээн худал хэлж авч явсан зөөврийн комьпютерний үнэ болох 1,500,000 төгрөг, нийт 28,352,040 төгрөгийг, оршуулгын үйлчилгээний зардал 4,926,000 /2013.08.08/, 2,257,500 /2013.08.07/, 842,500 /2013.08.08/, бунхан 2,500,000 төгрөг /2013.08.10/, цэцэг 680,000 төгрөг /2013.08.08/, зэд 6,650,000 төгрөг /2013.08.09/, рестораны зардал 5,996,040 төгрөг /2013.08.09-12/, унадаг дугуй 3,000,000 төгрөг, зөөврийн комьпютер 1,500,000 төгрөг, үүний дээр сэтгэл санааны хохиролд нийт 250,000,000 төгрөгийг нэмэгдүүлж нийт дүнгээр 278,352,040 төгрөг нэхэмжилж байгааг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн ялтан Б.Баас гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б овогтой Б миний бие нэхэмжлэгч Ц.Аын гэм хорын зардал 278,352,040 төгрөгийн зардал гаргуулах тухай нэхэмжлэлдээ танилцаад нэхэмжлэлийн шаардлагын сэтгэл санааны хохиролдоо холбогдуулан гаргасан 250,000,000 төгрөг болон унадаг дугуй, зөөврийн комьпютерын дүн болох 4,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.Учир нь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд төлбөр нэхэмжлээгүй ба намайг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж тогтоосон. Их хэмжээний мөнгийг хорих ангид ял эдэлж байгаа би төлөх ямар ч чадваргүй, аав ээж хоёр маань ажилгүй тул олон жилийн хорих ял дээр нэмж дахин их ял оногдуулсан болж байна. Унадаг дугуйг шүүхийн тогтоолоор буцааж олгосон мөн энэ дугуйны мөнгийг өгч байсан 300,000 төгрөгийг өгч байсан тул унадаг дугуйны 3,000,000 төгрөгийн үндэслэлгүй нэхэмжилж байна гэж үзээд хүлээн зөвшөөрөхгүй байна.Зөөврийн комьпютер 1,500,000 төгрөг гэсэн байна. Энэ нь эвдэрхий комьпютер байсан бөгөөд надаар заруулж 70,000 төгрөг болсон.Тэр мөнгөний 20,000 төгрөгийг өгсөн юм. Энэ талаар хэргийн хавтаст хэрэгт байдаг билээ. Иймээс зөөврийн комьпютерийн өндөр үнэ үндэслэлгүй худал хэлж, харин 50,000 төгрөг нь жинхэнэ нэхэмжлэх үнийн дүн юм. Миний бие өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна. Оршуулгын зардал болох 23,852,040 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд чадлаараа төлөх болно оо. Иймд 23,902,040 төгрөгийг хүлээн зөвшөөрч бусад нэхэмжлэлийг огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа...миний бие өөрийн хууль ёсны өмгөөлөгч Ю.Сг шүүх хуралдаанд өөрийгөө төлөөлүүлэн оролцуулах хүсэлтэй. Мөн би өөрөө хуралд  биечлэн оролцохгүй гэсэн хүсэлтэй байна гэжээ.

           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын иргэн Ц.А нь 2013.08.07-ны өдөр өөрийн хүүгийн амь насыг бусдын гарт онц харгис хэрцгий аргаар алдсан байдаг. Хариуцагчийн хариу тайлбартай танилцсан. Хариуцагчийн зүгээс оршуулгын үйлчилгээний зардлыг төлөхийг зөвшөөрсөн байсан. 2 унадаг дугуйны зардлыг зөвшөөрөхгүй гэсэн байдаг. Унадаг дугуйны хувьд Б.Б нь талийгаачаас 1 ширхэг унадаг дугуйг зээлээр худалдан  аваад дугуйны үнийг нь төлж чадахгүй явсаар тухайн өдөртөө хоорондоо уулзаад 2 ширхэг дугуйтай талийгаач 1 дугуйтай, Б.Б 1 дугуйтай уулзах тэр явцад тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн байдаг. Б.Б нь гэмт хэрэг үйлдсэний дараа 2 ширхэг дугуйг хоёуланг нь аваад явсан үйл баримт байдаг. Тухайн хэрэгт 2 ширхэг дугуйг эд мөрийн баримтаар хураасан. Одоогийн байдлаар уг хэрэгт Б.Бд холбогдох хэсэг нь шийдэгдсэн, тухайн үед цуг явж байсан 2 найз, 2 хүний хэрэг нь тусгаарлагдаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй байгаа. Тийм учраас хохирогчийн зүгээс тухайн 2 ширхэг дугуйг эргүүлэн авахгүй, тухайн дугуй ийм бузар булай хэрэгтэй холбоотой учраас буцааж авахгүй, төлбөрийг нь гаргуулах нь зүйтэй гэсэн шаардлагын үндсэн дээр үнийг нэхэмжилж байгаа. Мөн зөөврийн комьпютерийн хувьд мөн адил Б.Б нь тухайн үед талийгаачтай холбоо харилцаатай байхдаа унадаг дугуйнаас өмнө нь үүссэн асуудал, энийг зарж, борлуулж өгнө гэж авч яваад өгөөгүй байж байгаад тухайн хэрэг үйлдэгдсэн байдаг, ийм учраас комьютерийн үнийг нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжилж байгаа. Сэтгэл санааны хохирлын тухайд хүний амь насыг ямар нэгэн байдлаар үнэлэх боломж байдаггүй, хэн нэгний эд хөрөнгө, байшин, барилгыг устгасан тохиолдолд шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгчийн өөрийн үнэлгээгээр тооцон гаргуулах бодит хохирлыг тогтоох боломж байдаг. Гагцхүү өөрийн төрсөн, насанд хүрээгүй хүүгээ алдаад байгаа эцэг, эх хүний хувьд эцэг, эхийн амсаж яваа зовлон, шаналал, сэтгэл санааны хохирлыг тооцох ямар нэгэн боломж байдаггүй. Энд хэдий хэмжээний хохирол учирсныг нэхэмжлэгч нь өөрөө ямар ч дүнгээр нэхэмжлэх боломж байгаа. Наад захын жишээ болгон хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа, талийгаачийн сурч байсан Улаанбаатар олон улсын дунд сургуулийн тодорхойлолт болон талийгаачийн ар гэр, эцэг, эхийн зүгээс боловсрол хүмүүжил, эрдэм, мэдлэгт нь ямар их хэмжээний хөрөнгө оруулалт зориулж байсан бэ гэдгийг харуулах үүднээс тухайн сургуульд суралцаж байсан хугацаанд төлсөн төлбөрүүдийг оруулсан байгаа. Эдгээр хөрөнгө оруулалт, сэтгэл зүрхнээсээ хандаж хүүхдээ өсгөж, хүмүүжүүлсний үр дүнг ямар нэгэн байдлаар эцэг, эх нь хүртээгүй. Эцэг эх төдийгүй, эрдэм боловсролын үр шимийг Монгол Улс хүртэх боломж бололцоо байсан гэдгийг ойлгож үзэх нь зүйтэй байх. Наад зах нь гэхэд хүний барьсан байшинг галдан шатаагаад түүний төлбөрийг төлөх тохиолдолд тухайн байшингийн баригдсан нийт үнэ, өртгийг гаргуулах боломж байдаг. Гэвч Монгол Улсад хүний амь насыг хохироочихоод эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу ял шийтгэлээ эдэлж байна, дахиад сэтгэл санааны хохирол нэхэмжилж байгаа нь миний ял дээр нэмж ял болж ирж байна гэдэг нь зүй зохисгүй тайлбар байна. Хүний ёсонд ийм үйлдэл, ийм хандлага байж болохгүй. 250,000,000 төгрөгийн сэтгэл санааны хохирол гаргаж байгаа нь үндэслэлтэй, үүнээс ч их хэмжээний нэхэмжлэлийг гаргах боломж байсан. Гэхдээ тухайн үед Ц.А нь эцэг хүний хувьд сэтгэл санааны гүн хямралд орж, сэтгэлзүйн үйлчилгээ авч, сэтгэлзүйн дүгнэлт гаргуулж, олон удаагийн сэтгэл заслын үйлчилгээнд хамрагдаж байсан тухай нотлох баримтыг гарган өгсөн байгаа. Талийгаачийн аав Ц.Аын хувьд Монгол Улсын томоохон хэмжээний хуулийн этгээд болох “Сод Монгол групп” ХХК-ийг удирддаг, дороо 10 гаруй охин компанитай, 1500 гаруй ажилтантай томоохон компанийг удирдан явдаг хүний хувьд тухайн үеийн сэтгэл зүйн байдлаас болж хийж байгаа ажилдаа хайнга хандах, ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болох зэргээс улбаалан ийм хэмжээний хор уршиг үүсэх болж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Нэхэмжилсэн үнийн дүн болох 278,352,040 төгрөгийг Б.Баас гаргуулж өгнө үү. Иргэний хуулийн 75.2.4-т бол бусдын эд хөрөнгөд гэм хор учирсантай холбоотой хөөн хэлэлцэх хугацааны талаар хуульчилсан бөгөөд энэ тохиолдолд эд хөрөнгөд учирсан гэм хорын асуудлаар маргаагүй, уг хуулийн 74.2-т зааснаар эдийн бус гэм хорын асуудлаар нэхэмжилж байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй байх. 2 ширхэг унадаг дугуйг анхан шатны шийдвэрээр нэхэмжлэгчид буцаан олгохоор заасан хэдий ч анхан шатны шүүхэд Б.Бын зүгээс давж заалдах, хяналтын шатны шүүхээр хэргийг шийдүүлэх явцад тогтоолд Б.Бд холбогдох хэргийн ял шийтгэлийг хэвээр үлдээж, бусад холбогдох этгээдүүдэд холбогдох хэргийг нь тусгаарлаад энэ хэрэг нь шийдэгдээгүй байгаа учраас 2 унадаг дугуй нь эд мөрийн баримтад хураагдсан байгаа гэв.    

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч Б.Бд холбогдуулан “Оршуулгын үйлчилгээний зардал 23,852,040 төгрөг, хоёр ширхэг унадаг дугуйны үнэ 3,000,000 төгрөг, зөөврийн комьпютерийн үнэ 1,500,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 250,000,000 төгрөг, нийт 278,352,040 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан талуудын тайлбараас үзэхэд: хариуцагч Б.Б нь 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Ц.Аын хүү А.Цгийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1082 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.12 дах хэсэгт зааснаар ял шийтгүүлж уг ялаа эдэлж байгаа болох нь тогтоогдож байгаа бөгөөд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 239 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн  хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 147 дугаар тогтоолууд гарч шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Нэхэмжлэгч талаас: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасныг үндэслэж  гэм хорын хохиролд “Оршуулгын үйлчилгээний зардал 23,852,040 төгрөг, хоёр ширхэг унадаг дугуйны үнэ 3,000,000 төгрөг, зөөврийн комьпютерийн үнэ 1,500,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 250,000,000 төгрөг, нийт 278,352,040 төгрөг”-ийг  хариуцагчаас   шаардаж байгаа бөгөөд хариуцагч Б.Б нь оршуулгын зардал болох 23,852,040 төгрөгийг хүлээн зөвшөөрч бусад нэхэмжлэлийг огт хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан ба хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар  гэм хорын хохирол нэхэмжилсэн. Нэхэмжлэгчийн хүүхэд А.Ц нь 2013.08.07-ны өдөр нас барсан гэх энэ цаг хугацаанд гэм хорын хохирол үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Өнөөдрийн байдлаар хавтаст хэрэгт цугларсан баримтаас үзэхэд шүүхэд нэхэмжлэлийг 2018.12.11-ний өдөр гаргасан, Ц.А нь 2018.10.26-ны өдөр итгэмжлэл олгосон байна. Үүнээс харахад Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Хөөн хэлэлцэх  эцсийн хугацаа нь 2018.08.07-ны өдөр. Гэтэл 2018.12.11-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж талууд маргав.

     

Нэхэмжлэгч нь гэмт хэрэг гарах үед унаж, ашиглаж байсан, талийгаач А.Цгийн өмчлөлийн гэх 2 ширхэг дугуйны үнэ 3,000,000 төгрөг, зөөврийн комьпютерийн үнэ 1,500,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.

 

Учир нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар, аливаа этгээд нь бусдын хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас өөрт “учирсан хохирол”-ыг шаардах эрхтэй байдаг. Гэтэл эрх бүхий байгууллага 2 ширхэг унадаг дугуйг амь хохирогчийн ар гэрт хүлээлгэж өгсөн байхаас гадна дээр дурдсан гэм буруутай үйлдэл буюу гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч Ц.Ат 2 ширхэг дугуйн үнэ буюу 3,000,000 төгрөг, зөөврийн компьютерийн үнэ 1,500,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзэх боломжгүй юм.      

 

            Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн  75.2.4 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил “ байхаар хуульчилсан хэдий ч энэ хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дах хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг эрх зөрчигдсөн үеэс тоолохоор заасан бөгөөд Ц.Аын нэхэмжлэлтэй Б.Бд холбогдох иргэний хэргийн тухайд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар тасалдсан байна.

 

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ц.Аын төрсөн хүүхдийн амь насыг хохироосон үйлдэлд 2013.08.07-ны өдөр эрх бүхий этгээдээс эрүүгийн хэрэг үүсгэж, нэхэмжлэгч Ц.Аыг  хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон бөгөөд гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгаж буй эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа нь 2016.05.27-ны өдөр хүртэл /Улсын Дээд Шүүхийн тогтоол гарч, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл/  үргэлжилсэн байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т зааснаар, дээрх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах юм.

Түүнчлэн Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар, “гагцхүү хуульд тусгайлан заасан” тохиолдолд эдийн бус гэм хор /сэтгэл санаанд учирсан гэм хор/-ыг мөнгөөр нөхөн төлүүлж болдог байна. Гэтэл Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж зааснаас өөрөөр эдийн бус гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгаж болохыг хуулиар зөвшөөрөөгүй, зөвшөөрсөн хуулийн хэм хэмжээг эрх бүхий этгээд батлан гаргаагүй байна.

 

Нөгөө талаас нэхэмжлэгч Ц.Аын төрсөн хүүхдийн амь насанд халдсан хэрэг учрал болсон, энэ үйл явдлын улмаас нэхэмжлэгчийн сэтгэл санаа гэнэтийн цочролд орж, улмаар сэтгэл санаанд нь гэм хорын хохирол учирсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

 

Нэхэмжлэгчээс өөрийн төрсөн хүү, талийгаач А.Цг сурч боловсроход нь анхаарал хандуулдаг байсан, хайрлаж халамжилдаг байсан, түүнчлэн талийгаачийг мэдлэг, чадвар өндөртэй байсныг нотолсон баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн боловч энэ нь түүнийг нас барахад, түүний ойр дотны хүний сэтгэл санаанд гэм хорын хохирол учирсныг шууд нотолж чадахгүй юм.

 

Монгол Улсын Үндсэн Хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.” гэж заасны дагуу тухайн этгээдийн хувийн байдал, эцэг, эх - хүүхэд хоорондын хайр, анхаарал, халамжийн байдлаас үл хамаарч, аливаа эрх зүйн хэм хэмжээ нь тус улсад хууль ёсоор оршин суугаа бүх этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ижил, тэгш хамгаалахад чиглэдэг.

Мөн нэхэмжлэгч нь сэтгэл зүйч эмчид хандаж, үйлчилгээ авч байсан талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч энэ баримт нь  түүний сэтгэл санаанд гэм хор учирсан байдлыг шууд нотолж чадахгүй болно.

 

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д: “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь талийгаач А.Цг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардлыг гэм хор учруулсан этгээдээс шаардах эрхтэй ба гэм хор учруулсан этгээд буюу хариуцагч Б.Б нь оршуулгын зардалд нэхэмжилсэн 23,852,040 төгрөгийг шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх, эс зөвшөөрөх нь талуудын эрх байдаг тул хариуцагчийн зөвшөөрч буй үйл баримтын талаар нотолгоо шаардахгүй юм.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас оршуулгын үйлчилгээний зардалд 23,852,040 төгрөгийг хангаж, үлдэх 2 ширхэг унадаг дугуйны үнэ 3,000,000 төгрөг, зөөврийн комьпютерийн үнэ 1,500,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 250,000,000 төгрөг, нийт  254,500,000  төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.           

 

Хариуцагч Б.Б нь шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй, эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул байхгүйд нь хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

           

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч Ц.Аын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж олгохоор тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн   115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 119 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                    ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 230 дугаар зүйлийн 230.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Баас  23,852,040 төгрөгийг /хорин гурван сая найман зуун тавин хоёр мянга дөчин / гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 254,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Баас улсын тэмдэгтийн  хураамжид 277,210  төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн байх тул түүний  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж Ц.Ат олгосугай.

 

4.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.ОЮУНЖАРГАЛ

 

      ШҮҮГЧИД                                   Т.БАТСҮХ

 

                                                                                                Б.ХИШИГБААТАР