Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2022/01444

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 06 22

181/ШШ2022/01444

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: И ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  Д.Э-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 56-66 ӨМА улсын дугаартай автомашиныг, 56-66 АЧ улсын дугаартай чиргүүлийн хамт гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.М,

Хариуцагч: Д.Э,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч И ГХОХХК нь нэхэмжлэгч Д.Э холбогдуулан 56-66 ӨМА улсын дугаартай автомашиныг, 56-66 АЧ улсын дугаартай чиргүүлийн хамт гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Манай байгууллага 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүнд даацын автомашиныг чиргүүлийн хамт худалдан авч, компанийн нэр дээр 5666ӨМА, 5666АЧ улсын дугаар авч, уг тээврийн хэрэгслүүдийн эзэмшигчээр бүртгүүлсэн билээ.

Хариуцагч Д.Э нь манай байгууллагатай 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хөдөлмөрийн гэрээн байгуулан, хүнд даацын автомашины жолоочоор ажилд орсон бөгөөд уг 5666ӨМА, 5666АЧ улсын дугаартай автомашиныг чиргүүлийн хамт жолоодох болсон. Хариуцагч нь компанийн тээвэрлэлтийг гүйцэтгэж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш тээвэрлэлтээ зогсоогоод манай байгууллагын эзэмшлийн 5666ӨМА, 5666АЧ улсын дугаартай автомашин, чиргүүлийг дур мэдэн авч яваад өнөөдрийг хүртэл өгөөгүй, өөр байгууллагын тээвэрлэлтийг гүйцэтгээд явж байна.

Хариуцагч талаас Г ХХК-тай гэрээ байгуулсны үндсэн дээр тээврийн хэрэгслийг ашиглаж байгаа гэж тайлбарладаг боловч одоогийн байдлаар манай байгууллагын хувьцаа эзэмшигч дунд Г ХХК, Дайчин гэх хүн байхгүй. Эдгээр нь манай байгууллагатай хамааралгүй этгээдүүд. Манай байгууллагатай байгуулсан түрээсийн гэрээ ч юм уу, ямар нэгэн гэрээ хэлэлцээр байхгүй. Мөн хариуцагч талын өмнөх шүүхэд гаргасан тайлбаруудаар түрээсийн гэрээний төлбөрийг бүрэн төлж дуусаагүй, дутуу гүйцэтгэсэн гэж тайлбарладаг. Энэ тайлбартай холбогдуулж хэлэхэд хэрэв түрээсийн гэрээг үгүйсгээд тайлбарлаж байгаа бол түрээсийн гэрээний дагуу ч гэсэн түрээсээ бүрэн гүйцэт төлж дуусгаагүй байж яагаад тээврийн хэрэслийг дур мэдэн авч яваад байгаа юм бэ? Манай талаас түрээсийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй. Манай байгууллагын тээвэрлэлтийг 2018 оноос хойш 2021 он хүртэлх хугацаанд гүйцэтгэж байгаад тээвэрлэлтээ зогсоогоод хувьдаа ашиглаад тээвэрлэлт гүйцэтгээд яваад байгаа учраас тээврийн хэрэгслээ буцааж авъя гэсэн шаардлага гаргасан.

Автомашин нь бусдад аюул учруулах эрсдэл өндөр. Энэ хүн өнөөдрийг хүртэл тээвэрлэлт хийгээд явж байгаа. Ямар нэгэн байдлаар осол гарахад манай байгууллага хариуцлага хүлээнэ. Дайчин гэх хүнтэй түрээсийн гэрээний харилцаа үүсгэсэн, машинаа буцааж өгөхөөр бол түрээсийн гэрээний дагуу мөнгө авна гэж тайлбарлаж байна. Мөнгөө нэхэмжлэх эрх нь байгаа учраас хариуцагчийн тайлбаруудыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд манай байгууллагын эзэмшилд бүртгэлтэй тээврийн хэрэгслийг чиргүүлийн хамт хариуцагч Д.Э-ээс гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Д.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Э миний бие 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 5666ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг, 5666АЧ улсын дугаартай чиргүүлийн хамт БНХАУ-ын иргэн Ганц мод дахь боомтод оршин суух Дайчин гэх хятад иргэнтэй түрээсийн журмаар буюу 235 удаагийн рэйс хийж, нэг удаагийн рэйсэнд А талд буюу тэрхүү хятад иргэнд 1500 юань төлж, 235 удаагийн рэйс хийж гүйцэтгэсний дараа Б тал болох Д.Э миний эзэмшилд түрээслэгдэж буй автомашиныг шилжүүлэхээр тохиролцож гэрээ байгуулсан.

Анх түрээсийн журмаар төлбөрийг төлж байгаад өөрийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцоод 5666 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг, чиргүүлийн хамт авсан байдаг. 2019 онд тээврийн хэрэгслийн гэрчилгээг У ХХК-ийн нэр дээр болгож өөрчилсөн. Өөрчлөхдөө гэрчилгээг өөрчилж байна, гэхдээ ажлаа хийгээд явж бай гэсэн. И ХХК нь нэхэмжлэл гаргахдаа хуурамч баримт үйлдсэн буюу хөдөлмөрийн гэрээг үндэслэж нэхэмжлэл гаргасан.

Би гэрээний дагуу 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл 130 удаагийн рэйсэнд явж, 195,000 юань А талд төлсөн. Одоо 105 удаагийн рэйс явах дутуу байгаа болно. 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар миний бие тээвэрлэлтээ зогсоосон шалтгаан нь Хятад иргэн Дайчин болон У ХХК миний түрээсийн журмаар худалдаж авахаар тохиролцсон уг тээврийн хэрэгслийг чиргүүлийн хамт тохирсон рэйсээ явж гүйцээсний дараа миний эзэмшилд шилжүүлж өгөхгүй талаар надад амаар мэдэгдсэн тул би хэлцэлд хүрэхийн тулд тээвэрлэлтээ зогсоосон.

Тээврийн хэрэгслийг ямар нэгэн байдлаар хууль бусаар аваагүй, түрээсийн журмаар ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр авсан. Дундуур нь И ХХК гэх байгууллага орж ирээд маш олон жолооч хохирч байна. Г ХХК, И ХХК нь нэг байгууллага. И ХХК нь Монгол Улс дахь салбар байгууллага гэж ойлгож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Хэрвээ уг тээврийн хэрэгслийг миний эзэмшилд шилжүүлж өгөхгүй бол надад маш их хохиролтой. Би өөрийн гэсэн тээврийн хэрэгсэлтэй болохын тулд л эрүүл мэнд, ажлын хүнд нөхцөл зэргийг тоолгүй 2016 оноос 2021 оныг хүртэл хичээж ирсэн. Хэрвээ надаас уг тээврийн хэрэгслийг буцааж авна гэвэл би 2016 оноос хойш 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл рэйсэнд явсан юаниа авмаар байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж 605,700 төгрөг төлсөн баримт, У ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Тээврийн хэрэгслийн лавлагаа, Хөдөлмөрийн гэрээ, И ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 21/036 дугаар Мэдэгдэл хүргүүлэх албан бичиг, И ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагчаас шүүхэд Түрээсийн гэрээ, Түрээсийн журмаар ажил гүйцэтгэх гэрээ, Хил хамгаалах ерөнхий газрын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Тодорхойлолт /хавсралт/, Мэдэгдэл зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас 5666ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 5666АЧ улсын дугаартай чиргүүлийн түүхчилсэн лавлагааг шүүхийн журмаар гаргуулсан. Мөн хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хэрэгт авагдсан 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээнд зурагдсан Эрдэмбилэг гэх гарын үсэг нь нэхэмжлэгч Д.Эийн гарын үсэг мөн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч И ХХК нь шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хариуцагч Д.Э нь манай компанийн өмчлөлийн 5666 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 5666 АЧ улсын дугаартай чиргүүлээр тээвэрлэлт хийж гүйцэтгэж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш дур мэдэн авч яваад өнөөдрийг хүртэл өгөөгүй, өөр байгууллагын тээвэрлэлтийг гүйцэтгээд явж байна. Автомашин нь бусдад аюул учруулах эрсдэл өндөр учраас ямар нэгэн байдлаар осол гарахад манай байгууллага хариуцлага хүлээнэ. Иймд өмчлөгчийн хувьд 5666ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 5666 АЧ улсын дугаартай чиргүүлийг Д.Эээс гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.

 

3. Хариуцагч Д.Э нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Би анх БНХАУ-ын иргэн Ганц мод дах боомтод оршин суух Дайчин гэх хятад иргэнтэй түрээсийн журмаар төлбөрийг төлж, өөрийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцоод түрээсийн гэрээ байгуулж 5666 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг, чиргүүлийн хамт авсан. Уг тээврийн хэрэгсэл болон чиргүүлийг ямар нэгэн байдлаар хууль бусаар аваагүй, түрээсийн журмаар ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр тээврийн хэрэгслийг авсан учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн У ГХОХХК нь оноосон нэрээ И ГХОХХК болгон өөрчилж, улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авчээ. /хх46/

 

Маргааны зүйл болох 5666 ӨМА улсын дугаартай, LBZ446DB26A008166 арлын дугаартай, Beiben North Benz маркийн автомашин, 5666АЧ улсын дугаартай, LBZ9P84596B000062 арлын дугаартай, HJT маркийн чиргүүл нь 2011 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд Таван толгой транс ХХК-ийн өмчлөлд, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Монпорт ХХК-ийн өмчлөлд, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн И ГХОХХК-ийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн болох нь Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

И ХХК-ийн өмчлөлийн 5666ӨМА улсын дугаартай, LBZ446DB26A008166 арлын дугаартай, Beiben North Benz маркийн автомашин, 5666АЧ улсын дугаартай, LBZ9P84596B000062 арлын дугаартай, HJT маркийн чиргүүлийг хариуцагч Д.Э жолоодон тухайн компанид тээвэрлэлт хийж байсан нь талуудын маргаагүй тайлбараар тогтоогдсон.

 

Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч Д.Э-эй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил үүрэг гүйцэтгүүлж байсан гэж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн боловч хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шинжээч томилоход Хөдөлмөрийн гэрээний ажилтан хэсэгт зурагдсан Эрдэмбилэг гэх гарын үсэг нь хариуцагч Д.Э-ийн гарын үсгийн загваруудтай тохирохгүй болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 900 дугаар Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

 

Хариуцагч Д.Э нь нэхэмжлэгч И ХХК-тай гэрээ байгуулан ажиллаагүй, харин тухайн тээврийн хэрэгсэл болон чиргүүлийг БНХАУ-ын иргэн Ганц мод дах боомтод оршин суух Дайчин гэх хятад иргэнтэй Түрээсийн журмаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулан эзэмшиж, ашиглаж байсан гэх тайлбар гаргасан боловч 5666 ӨМА улсын дугаартай, LBZ446DB26A008166 арлын дугаартай, Beiben North Benz маркийн автомашин, 5666АЧ улсын дугаартай, LBZ9P84596B000062 арлын дугаартай, HJT маркийн чиргүүл нь БНХАУ-ын Г гэх хуулийн этгээд болон иргэн Дайчин гэх хүний өмчлөл, эзэмшилд байгаагүй болох нь Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдсон.

 

5. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заажээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараар 5666 ӨМА улсын дугаартай, LBZ446DB26A008166 арлын дугаартай, Beiben North Benz маркийн автомашин, 5666АЧ улсын дугаартай, LBZ9P84596B000062 арлын дугаартай, HJT маркийн чиргүүл нь И ГХОХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, Д.Э нь тухайн тээврийн хэрэгсэл болон чиргүүлийг 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс өөрийн эзэмшилд байлгаж буй үйл баримт тогтоогдсон.

 

Хариуцагч Д.Э тухайн тээврийн хэрэгсэл болон чиргүүлийг өөрийн эзэмшилд байлгаж байгаа үндэслэлээ ...2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар миний бие тээвэрлэлтээ зогсоосон шалтгаан нь Хятад иргэн Дайчин болон У ХХК миний түрээсийн журмаар худалдаж авахаар тохиролцсон уг тээврийн хэрэгслийг чиргүүлийн хамт тохирсон рэйсээ явж гүйцээсний дараа миний эзэмшилд шилжүүлж өгөхгүй талаар надад амаар мэдэгдсэн тул би хэлцэлд хүрэхийн тулд тээвэрлэлтээ зогсоосон. Хэлцэлд хүрнэ гэдэг нь тухайн үед түрээсийн гэрээг дуусгая, олон жил болж байна машинтай буцчихъя гэсэн. Харин дараа нь машинаа буцаагаад өгье, барьцааны 20,000 юанийг авъя гэхэд чи өртэй мөнгө өгөхгүй гэсэн гэж тайлбарласан боловч И ХХК-д 20,000 юань болон 1500 юань сар бүр өгч байсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Түүнчлэн, хариуцагч Д.Э нь нэхэмжлэгч И ХХК-тай байгуулсан ямар нэгэн гэрээ хэлцлийн үндсэн дээр 5666 ӨМА улсын дугаартай, LBZ446DB26A008166 арлын дугаартай, Beiben North Benz маркийн автомашин, 5666АЧ улсын дугаартай, LBZ9P84596B000062 арлын дугаартай, HJT маркийн чиргүүлийг эзэмшиж байгаа болохоо баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Д.Э-ийг 5666ӨМА улсын дугаартай, LBZ446DB26A008166 арлын дугаартай, Beiben North Benz маркийн автомашин, 5666АЧ улсын дугаартай, LBZ9P84596B000062 арлын дугаартай, HJT маркийн чиргүүлийн хууль ёсны өмчлөгч, мөн гэрээний дагуу хууль ёсоор эзэмшиж байгаа болох нь тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэлийг хангаж, И ГХОХХК-ийн өмчлөлийн 5666 ӨМА улсын дугаартай, LBZ446DB26A008166 арлын дугаартай, Beiben North Benz маркийн автомашин, 5666АЧ улсын дугаартай, LBZ9P84596B000062 арлын дугаартай, HJT маркийн чиргүүлийг хариуцагч Д.Э-ээс гаргуулж, И ХХК-д буцаан өгөхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

 

Хариуцагч Д.Э нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа ...Хэрвээ надаас уг тээврийн хэрэгслийг буцааж авна гэвэл би 2016 оноос хойш 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл рэйсэнд явсан юаниа авмаар байна гэсэн боловч И ГХОХХК-д холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаагүйг, энэхүү шийдвэр нь Д.Э-ийг бусдаас түрээсийн дагуу төлсөн төлбөрөө нэхэмжлэхэд саад болохгүйг дурдъя.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 605,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 605,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан И ГХОХХК-ийн өмчлөлийн 5666ӨМА улсын дугаартай, LBZ446DB26A008166 арлын дугаартай, Beiben North Benz маркийн автомашин, 5666АЧ улсын дугаартай, LBZ9P84596B000062 арлын дугаартай, HJT маркийн чиргүүлийг хариуцагч Д.Э-ээс гаргуулж, И ГХОХХК-д буцаан өгөхийг даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 605,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 605,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ