Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/01737

 

 

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/01737

 

 

И ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2022/01444 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч И ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Э-т холбогдох,

**-** ӨМА улсын дугаартай автомашин, **-** АЧ улсын дугаартай чиргүүлийн хамт гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мягмарчулуун, хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: И ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүнд даацын автомашиныг чиргүүлийн хамт худалдан авч, **-** ӨМА, **-** АЧ улсын дугаар авч, уг тээврийн хэрэгслүүдийн эзэмшигчээр бүртгүүлсэн. Д.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр манай компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулан, хүнд даацын автомашины жолоочоор ажилд орсон ба дээрх автомашиныг чиргүүлийн хамт жолоодох болсон. Д.Э нь компанийн тээвэрлэлтийг гүйцэтгэж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш тээвэрлэлтээ зогсоон, манай байгууллагын эзэмшлийн автомашин, чиргүүлийг дур мэдэн авч яваад өнөөдрийг хүртэл өгөөгүй ба бусад этгээдийн тээвэрлэлтийг гүйцэтгэж байна. И ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр компанийн оноосон нэрээ өөрчилж И ХХК болгон улсын бүртгэлд бүртгүүлсэн. Иймд манай байгууллагын эзэмшилд бүртгэлтэй тээврийн хэрэгслийг чиргүүлийн хамт хариуцагч Д.Э-ээс гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Тээврийн хэрэгслийг хууль бусаар аваагүй, түрээсийн журмаар ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр авсан. 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр БНХАУ-ын иргэн Ганц мод дахь боомтод оршин суух Хятад Улсын иргэн н.Дтай тээврийн хэрэгслийг түрээсийн журмаар буюу 235 удаагийн рэйс хийж, нэг удаагийн рэйсэнд А талд буюу тэрхүү хятад иргэнд 1500 юань төлж, 235 удаагийн рэйс хийж гүйцэтгэсний дараа Б тал болох Д.Э миний эзэмшилд түрээслэгдэж буй автомашиныг шилжүүлэхээр тохиролцож гэрээ байгуулсан. Анх түрээсийн журмаар төлбөрийг төлж байгаад өөрийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцоод тээврийн хэрэгслийг, чиргүүлийн хамт авсан. И ХХК нэхэмжлэл гаргахдаа хуурамч баримт үйлдсэн буюу хөдөлмөрийн гэрээг үндэслэж нэхэмжлэл гаргасан. Би гэрээний дагуу 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл 130 удаагийн рэйсэнд явж, 195,000 юань А талд төлсөн. Одоо 105 удаагийн рэйс явах дутуу байгаа. Хэрвээ надаас уг тээврийн хэрэгслийг буцааж авна гэвэл би 2016 оноос хойш 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл рэйсэнд явсан ажлын хөлсөө авмаар байна. Хятад Улсын иргэн Д болон И ХХК миний түрээсийн журмаар худалдаж авахаар тохиролцсон уг тээврийн хэрэгслийг чиргүүлийн хамт тохирсон рэйсээ явж гүйцээсний дараа миний эзэмшилд шилжүүлж өгөхгүй талаар надад амаар мэдэгдсэн тул би хэлцэлд хүрэхийн тулд тээвэрлэлтээ зогсоосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан И ХХК-ийн өмчлөлийн **-**-ӨМА улсын дугаартай, LBZ446DB26A***** арлын дугаартай, Beiben North Benz маркийн автомашин, **-**-АЧ улсын дугаартай, LBZ9P*****B***** арлын дугаартай, HJT маркийн чиргүүлийг хариуцагч Д.Э-ээс гаргуулж, И ХХК-д буцаан өгөхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 605,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 605,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Хариуцагч маргаан бүхий тээврын хэрэгслийг түрээсийн гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа бөгөөд БНХАУ-ын иргэн Д-тай түрээсийн журмаар буюу 235 удаагийн рэйс хийж гүйцэтгэсний дараа Д.Э-ийн эзэмшилд түрээслэгдэж буй автомашиныг шилжүүлэхээр тохиролцож гэрээ байгуулсаны үндсэн дээр уг тээврын хэрэгслийг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт хүлээлгэж өгсөн. Шүүхэд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээ нь хуурамч болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Дээрхи Хятад Улсын иргэн нь уг тээврийн хэрэгслээ Монгол Улсын хилээр орж гаргахад зайлшгүй Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байх шаардлагын үндсэн дээр И ХХК гэх мэт байгууллагуудын нэр дээр бүртгүүлсэн байдал харагддаг. Мөн Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар маргаан бүхий автомашин болон чиргүүл нь 2011 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд Таван толгой транс ХХК-ны өмчлөлд, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Монпорт ХХК-ийн өмчлөлд, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн И ХХК-ны өмчлөлд бүртгэгдсэн. Дээрхи автомашин нь 2016 онд Д.Э-гийн мэдэлд байж 2 улсын хилээр тээвэрлэлт хийж байсан. Анхан шатны шүүх дээрх компаниудтай ямар гэрээ хэлцэлийн үндсэн дээр автомашин болон чиргүүл, тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь Д.Э-т шилжиж ирсэн талаар дүгнэлт хийгээгүй. Монгол залуусыг хууран мэхлэн хүч хөдөлмөрийг нь шулж байгаа Хятад Улсын иргэнийг ямар нэг байдлаар энэ хэрэг маргаанд татан оролцуулан асуудлыг шийдээгүйд гомдолтой байна. Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт хилийн чандад байгаа учраас хариуцагч өөрөө олж авах боломжгүй. Тухайлбал, Хятад Улсын иргэн н.Д-г гэрчээр оролцуулж, тодруулсаны үндсэн дээр уг хэрэг маргааныг шийдвэрлэх нь ач холбогдолтой. Д.Э уг тээврийн хэрэгслийг хууль бусаар 2016 оноос хойш эзэмшээгүй болохоо нотлох баримт гарган тайлбарласан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. И ХХК хуурамч нотлох баримг бүрдүүлж шүүхэд гаргаж өгсөн байхад шүүх дүгнэлт хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хөдөлмөрийн гэрээний гарын үсэг нь хуурамч болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Анхан шатны шүүхээс хөдөлмөрийн гэрээг үнэлээгүй бөгөөд шүүх хуралдааны явцад Д.Э-ийн тайлбараар тухайн компаниас хариуцагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсныг хүлээн зөвшөөрсөн. Иймд талуудын хооронд тээвэрлэлтийн эрх зүйн харилцаа үүссэн. Хариуцагч талаас нэхэмжлэгч компанитай ямар гэрээ хэлцлийг үндэслэж, тухайн тээврийн хэрэгслүүд хариуцагчид очсон талаар дүгнэлт хийгээгүй гэж гомдолд дурдсан. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн тээврийн хэрэгслийг И ХХК-аас гэрээний үндсэн дээр шилжүүлж авсан тохиолдолд тухайн гэрээ зэргийг нотлох үүргийг хэрэгжүүлээгүй. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй. Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс хилийн чанадад байгаа нотлох баримтыг бүрдүүлэх, гэрч асуулгах хүсэлт гаргаагүй. Д.Э нь түрээсийн гэрээг хэнтэй байгуулсан эсэх нь тодорхой бус байна. Тухайлбал, нөгөө талаас гарын үсгийг хэн зурсан нь тодорхойгүй. Түрээсийн гэрээг үндэслэж нэхэмжлэгч эсхүл Д гэх хувь хүнтэй гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогддоггүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

1. Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч Д.Эт холбогдуулан **-** ӨМА улсын дугаартай автомашин, **-** АЧ улсын дугаартай чиргүүлийн хамт хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

2.а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн И ХХК нь оноосон нэрээ И ХХК болгон өөрчилж, улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээг баримтаар гарган өгсөн. /хх46/

 

2.б. Маргааны зүйл болох **-** ӨМА улсын дугаартай, LBZ446DB26A***** арлын дугаартай, Beiben North Benz маркийн автомашин, **-** АЧ улсын дугаартай, LBZ9P*****B***** арлын дугаартай, HJT маркийн чиргүүл нь 2011 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд Таван толгой транс ХХК-ийн өмчлөлд, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Монпорт ХХК-ийн өмчлөлд, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн И ХХК-ийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн болох нь Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдсон./хх 61-63/

 

2.в. И ХХК-ийн өмчлөлийн тус автомашин, чиргүүлийг хариуцагч Д.Э жолоодон тухайн компанид тээвэрлэлт хийж байсан үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

2.г. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл тус автомашин, чиргүүл нь И ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, Д.Э нь тухайн тээврийн хэрэгсэл болон чиргүүлийг 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс өөрийн эзэмшилд байлгаж буй үйл баримт тогтоогдсон.

3.а. Тээврийн хэрэгсэл, чиргүүлийг хариуцагч Д.Э нь шударгаар эзэмшиж байгаа эсэхэд талууд маргаантай байна.

 

3.б. Нэхэмжлэгч нь хариуцагчийг тээврийн хэрэгсэл, чиргүүлийг дур мэдэн авч яваад өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаа талаар тайлбарласан бол, хариуцагч нь БНХАУ-ын иргэн Ганц мод дах боомтод оршин суух Д-тай түрээсийн гэрээ байгуулан эзэмшиж, ашиглаж байгаа талаар тайлбарлажээ.

 

3.в. Анхан шатны шүүхээс **-** ӨМА улсын дугаартай, LBZ446DB26A***** арлын дугаартай, Beiben North Benz маркийн автомашин, **-** АЧ улсын дугаартай, LBZ9P*****B***** арлын дугаартай, HJT маркийн чиргүүл нь БНХАУ-ын иргэн Д гэх хүний өмчлөл, эзэмшилд байгаагүй болох нь Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдсон талаар зөв дүгнэсэн.

 

3.г. Мөн хариуцагч Д.Э нь И ХХК-д сар бүр 20,000 юань болон 1,500 юань өгч байсан талаар баримт гаргаагүй байна.

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч буюу өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй талаар зөв дүгнэжээ.

 

4. Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо нэхэмжлэгчээс гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээ хуурамч болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон талаар дурджээ. Бичгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээгүй хэдий ч тодорхой хугацаанд хариуцагч нь нэхэмжлэгч компанид дээрх тээврийн хэрэгслүүдийг жолоодон тээвэр хийж байсан үйл баримт тогтоогдсон.

 

5. Хариуцагчийн Дээрхи Хятад Улсын иргэн нь уг тээврийн хэрэгслээ Монгол Улсын хилээр орж гаргахад зайлшгүй Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байх шаардлагын үндсэн дээр И ХХК гэх мэт байгууллагуудын нэр дээр бүртгүүлсэн байдал харагддаг гэжээ. Шүүхийн шийдвэр таамаглалд үндэслэж болохгүй юм. Хариуцагчийн тайлбар баримтаар давхар тогтоогдоогүй нөхцөлд таамаглаж хэргийг шийдвэрлэх боломжгүй.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2022/01444 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 605,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД