Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2022/01439

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 06 21

181/ШШ2022/01439

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ю ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.А,

 

Хариуцагч: Д.С,

 

Хариуцагч:  А.А нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.О,

Хариуцагч: Д.С,

Хариуцагч: С.А, А.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Бум-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ю ББСБ ХХК нь хариуцагч С.А, Д.С, А.А нарт холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Тус шүүхэд хандан Ю ББСБ ХХК болон хариуцагч А.А, Д.С нарын хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, 46 байрны 4 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү2203**** дугаарт бүртгэлтэй хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тайлбарлаж байна.

Талуудын хооронд 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 30,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлэхээр тохирсон байдаг. Улмаар уг зээлийн гэрээний харилцаа сунгагдаад 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 42,000,000 төгрөгийн зээл төлөхөөр талууд зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, харилцан тохиролцож гэрээ байгуулсан байдаг. Уг зээлийн гэрээнд заасан үүргээ зээлдэгч нар биелүүлээгүй учраас нэхэмжлэгч талаас 2017 онд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан. Ийнхүү өргөдөл гаргахдаа 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний төлбөрийг шаардсан. Үндсэн зээлийн 42,000,000 төгрөг, зээлийн хүү 25,972,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,028,000 төгрөг, нийт 75,000,000 төгрөгийн зээлийн төлбөрийг гаргуулахаар эвлэрүүлэн зуучлалд хандсан байдаг. Энэ өргөдлийг эвлэрэлд уригдсан А.А, Д.С нар зөвшөөрсөн байдаг. Уг эвлэрлийн гэрээг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ2017/12230 тоот шүүгчийн захирамжаар баталгаажуулсан. Захирамж өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр, уг захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа. Гэвч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагаа хийгдэх боломжгүй, зөвхөн зээлийн төлбөрийг гаргуулах ажиллагаа хийгдэж байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд Д.С-ээс 18,000,000 гаруй төгрөг төлсөн байдаг. Үлдэгдэл төлбөрийг төлөөгүй, өөр хөрөнгө байхгүй. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа удаашралтай, гацсан байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатанд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн хувьд боломжгүй байгаа. Шүүхээс даалгасан шийдвэр байхгүй.

Зээлийн гэрээтэй холбоотой маргаан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдэгдсэн байна гэж харж байгаа. Тухайн зээл сунгагдсан эсэх, мөн талууд тооцооллын талаар өнөөдөр маргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэгэнт шүүхийн шийдвэрээр нотолсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй. Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан. Анх авсан 30,000,000 төгрөг дээр 12,000,000 төгрөг нэмээд нийт 42,000,000 төгрөгийн зээлийн гэрээг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан. Мөн ипотекийн гэрээ байгуулсан байгаа. Уг гэрээнд орон сууцны өмчлөгч нар бүгд гарын үсэг зураад хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл нэгэнт үүссэн харилцааг гэрчлэх гэрээг талууд бичгээр гэрээ хийгээд баталгаажуулсан. 42,000,000 төгрөгийн зээлийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч байна гээд бүх өмчлөгч нар гэрээ хийгээд гарын үсэг зурсан байгаа. Энэ баримт нь нотариатаар гэрчлүүлээд хэрэгт авагдсан байгаа.

Хууль зүйн хувьд зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа тохиолдолд баталгаат ипотекийн гэрээг зайлшгүй Улсын бүртгэлд бүртгүүлнэ гэсэн шаардлага байхгүй гэж үзэж байна. Одоо манай байгууллагад барьцаанд байгаа барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдэж өгнө үү гэсэн хүсэлтэй байгаа. Учир нь тухайн орон сууц маань 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ипотекийн гэрээгээр Улсын бүртгэлд бүртгэгдсэн хөрөнгө байгаа. Шийдвэр гүйцэтгэлийн шатанд 18,000,000 төгрөг төлөгдсөн байгаа учраас 57,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, 46 байрны 4 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү2203**** дугаарт бүртгэлтэй хөрөнгөөр хангуулж өгнө үү.

Мөн өв залгамжлалын асуудал яригддаг. Үүнтэй холбоотой талийгаач Г.Д-ийн өвийг өвлөх эрхтэй хүн мөн эсэх баримтаа хэрэгт өгөөгүй. Мөн хуульд заасан хугацааг хэзээнээс хэрхэн тооцож байгаа нь тодорхойгүй. Өнөөдрийн байдлаар тухайн барьцаа хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хүчин төгөлдөр. Гэрчилгээ нь авагдсан байгаа. Энэ гэрчилгээнд 3 хүн дурдагдсан байдаг. 2 хүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцож байна. Нөгөө хүний хувьд нас барсан шалтгаан байгаа учраас холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байгаа. Талийгаач амьд байхдаа хүсэл зоригоо илэрхийлээд гэрээ хийсэн, итгэмжлэл үйлдсэн байдаг. Иймд гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа. Хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэргийг шийдэх бүрэн боломжтой байна гэж харж байна гэв.

 

2. Хариуцагч Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Ю ББСБ ХХК-иас анх 30,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн эргэн төлөлтийг хийж байгаад сүүлдээ төлөх чадваргүй болсон. 1 жилийн дараа тухайн үед төлөгдөөгүй байсан хүү 12,000,000 төгрөгийг үндсэн зээлэнд нэмээд нийт 42,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан нь үнэн. Тухайн үед бага хэмжээний төлбөр хийгдэж байсан. Үүний дараа 2017 онд эвлэрлийн гэрээ байгуулаад 75,000,000 төгрөг гаргуулах шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэж эхэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэснээс хойш 20,000,000 төгрөгийн төлбөр төлсөн. Одоо 55,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Зээлийн үлдэгдлийг төлөх нь үнэн. Намар буюу 10 сар хүртэл хойшлуулж өгнө үү гэдгээ хэлсэн. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

 

3. Хариуцагч С.А, А.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Д.С нь миний дүү хариуцагч А.А-ы хамтаар Ю ББСБ ХХК-иас анх 30,000,000 төгрөгийн зээл авсан ба уг зээлийг хариуцагч Д.С мэдэж зарцуулсан. Улмаар хийж байсан ажил нь дампуурсны улмаас зээл, хүүгээ хугацаандаа бүрэн төлж чадаагүй байсаар өнөөдөр ийм байдалд хүрсэн.

Гэхдээ өнгөрсөн хугацаанд зээлдэгч Ю ББСБ ХХК-д нийт дүнгээрээ 15,000,000 гаруй төгрөг төлсний дараа зээлийн гэрээний хугацаагаа сунгасан.

2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Ю ББСБ ХХК-тай Эвлэрлийн гэрээ байгуулан 75,000,000 төгрөг төлөхөөр шийдвэрлүүлсэн. Улмаар нэхэмжлэгч Ю ББСБ ХХК нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шүүгчийн захирамж гаргуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжсэнээс хойшхи хугацаанд хариуцагч Д.С нийт 19,998,070 төгрөг төлсөн. Үлдсэн төлбөрийг төлж хараахан чадаагүй байгаа, цаашид бүрэн төлж барагдуулна.

Уг зээлийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2203008272 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 1-40 мянгат, 46 дугаар байрны 4 тоот 19 м.кв талбайтай орон сууцны хамтран өмчлөгч, миний ээж Довжоо-Ориг ургийн овогтой Г.Д нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нас барсан.

Бид эцэг эхээс А.А-аас гадна ах, эгч, дүү гурвуулаа бөгөөд өв залгамжлалын асуудал шийдэгдтэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах асуудлыг түр хойшлуулж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Ю ББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Ю ББСБ ХХК, Д.С, А.А нарын хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ2015/12/** тоот Зээлийн гэрээ, БГ2015/12/02 тоот Ипотекийн гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШЗ2021/09817 дугаар Хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2626 дугаар Гомдолд хариу өгөх тухай албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Итгэмжлэл зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 

Хариуцагч С.А, А.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О-ээс шүүхэд Г.Дгийн нас барсны гэрчилгээний хуулбар, С.А, Г.Д нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас Ю ББСБ ХХК, Д.С, А.А нарын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан ЗГ2014/12/01 дугаартай Зээлийн гэрээ, БГ2014/12/01 дугаартай Ипотекийн гэрээний хуулбар, Ю ББСБ ХХК-ийн барьцаа бүртгүүлэх тухай хүсэлт, Итгэмжлэл, Барьцаалбар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг гаргуулсан.

 

Шүүхийн журмаар нэхэмжлэгч Ю ББСБ ХХК-иас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ2017/12230 дугаартай Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ2014/12/01 тоот, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ2015/12/** тоот зээлийн хувийн хэргүүдийг нотлох баримтаар гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч нь шүүхэд хариуцагч С.А, А.А, Г.Д, Д.С нарт холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч болох Г.Д нас барсан үндэслэлээр Г.Д-г хариуцагчаар татан оролцуулах хүсэлтээсээ татгалзаж, С.А, А.А, Д.С нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин оролцсон.

 

3. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ю ББСБ ХХК болон хариуцагч А.А, Д.С нарын хооронд байгуулагдсан Ипотекийн гэрээний дагуу барьцаа хөрөнгийн бүртгэл хүчинтэй учир талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, 46 байрны 4 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү2203**** дугаарт бүртгэлтэй хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.

 

4. Хариуцагч нарын зүгээс зээлийн үлдэгдэл төлөх нь үнэн. Барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгч Г.Д нас барсан тул өв залгамжлалын асуудал шийдэгдтэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах асуудлыг түр хойшлуулж өгнө үү гэсэн тайлбар гаргав.

 

5. Хэрэгт авагдсан баримтаар Ю ББСБ ХХК нь хариуцагч Д.С, А.А нартай 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ЗГ2014/12/01 тоот зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг 1 сарын 5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай олгохоор харилцан тохиролцжээ. /хх65-67/

 

Мөн өдөр талууд БГ2014/12/01 тоот Ипотекийн гэрээ байгуулан Ю ББСБ ХХК, Д.С, А.А нарын байгуулсан ЗГ2014/12/01 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон улсын бүртгэлийн Ү-2203008272 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 1-40 мянгат, 46 дугаар байрны 4 тоот хаягт байрлах 19 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан, барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлжээ. 

 

Тус гэрээнд барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээг зээлийн гэрээнд заасан 30,000,000 төгрөгийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, барьцааны зүйлийг худалдан борлуулахад гарсан зардал, улсын тэмдэгтийн хураамж, нөхөн төлүүлэх шүүхийн зардал, барьцааны зүйлийг арчлан хамгаалахад гарсан зардал, уг эд хөрөнгөтэй холбоотойгоор төлсөн татвар хураамж, төлбөр болон зээлдүүлэгчид учирсан бусад хохирлын нийлбэрээр тодорхойлогдоно гэж, барьцаагаар хангагдах үүргийг зээлийн гэрээнд тодорхойлсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчлэн гүйцэтгэнэ гэж, энэ гэрээний 2.1.9 дэх хэсэгт барьцаалбараар гэрчлэгдэхээр заасан бол үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах, шаардах эрх нь барьцаалбараар гэрчлэгдэхээр заасан байна.

 

Улмаар Ю ББСБ ХХК, Д.С, А.А нарын хооронд байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ2014/12/01 тоот зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 8 сарын дараа буюу 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ЗГ2015/12/** тоот Зээлийн гэрээ байгуулан, уг гэрээгээр зээлдүүлэгч Ю ББСБ ХХК нь зээлдэгч Д.С, А.А нарт 42,000,000 төгрөгийг 1 сарын 5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Тус гэрээний 9.1 дэх хэсэгт Зээлдэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор энэхүү гэрээний хавсралт болох Барьцаа/Баталгаат Ипотек/Батлан даалт/Фидуцийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан БГ2014/12/01 тоот гэрээ, мөн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан БГ2015/12/02 тоот гэрээнд тодорхойлсон хөрөнгийг барьцаа болгон барьцаалуулсан болно гэж заажээ.

 

Ю ББСБ ХХК, Д.С, А.А, С.А, Г.Д нар харилцан тохиролцож, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр БГ2015/12/02 тоот Ипотекийн гэрээ байгуулан уг гэрээгээр ЗГ2015/12/** тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, улсын бүртгэлийн Ү-2203008272 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 1-40 мянгат, 46 дугаар байрны 4 тоот, 19 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан боловч уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна. 

 

Улмаар зээлдүүлэгч Ю ББСБ ХХК нь дээрх гэрээний үүрэгт 75,000,000 төгрөгийг хариуцагч Д.С, А.А нараас шаардаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасныг уригдагч тал хүлээн зөвшөөрч, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ2017/12230 дугаар Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжаар 75,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрсэн талуудын эвлэрлийг баталгаажуулжээ.

 

Хариуцагч Д.С шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээрх төлбөрөөс 19,998,070 төгрөгийг төлсөн, 55,001,930 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдсон.

 

6. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт Барьцааны гэрээг бичгээр байгуулна гэж, мөн хуулийн 156.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж, мөн хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь талуудын хооронд байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ2014/12/01 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ2015/12/** тоот зээлийн гэрээг байгуулсан гэж тайлбарладаг.

 

Хэдийгээр талууд 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ2014/12/01 тоот зээлийн гэрээний үндсэн төлбөр 30,000,000 төгрөг, зээлийн хүү 12,000,000 төгрөгийг нэмж, нийт 42,000,000 төгрөгийн Зээлийн гэрээг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан талаар маргаангүй байх боловч хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ2015/12/** тоот зээлийн гэрээг өмнөх 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ2014/12/01 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, талууд 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/2015/12/02 тоот зээлийн гэрээг байгуулснаар Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон гэж үзэх бөгөөд мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.2 дахь хэсэгт зааснаар Д.С, А.А нарын хувьд 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан ЗГ/2014/12/01 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болсон гэж үзнэ.

 

Иймд Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт Барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон бол барьцааны эрх дуусгавар болно гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ/2014/12/01 тоот зээлийн гэрээ дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болох юм.

 

Ийнхүү барьцааны эрх дуусгавар болсноор Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт Энэ хуулийн 160.1.4, 160.1.5 дахь хэсэгт зааснаас бусад үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болсон бол барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй гэж зааснаар барьцаалагч Ю ББСБ ХХК нь барьцааны зүйл болох орон сууцыг өмчлөгч С.А, А.А нарт буцаан өгөх үүрэгтэй байна.

 

7. Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.3 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар харилцан тохиролцож ипотекоор хангагдах шаардлагыг өөр шаардлагаар сольж болох бөгөөд өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлнэ. гэж заасан.

 

Хэдийгээр талууд 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан ЗГ2015/12/** тоот Зээлийн гэрээ, БГ2015/12/02 тоот Ипотекийн гэрээ-нд Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор энэхүү гэрээний хавсралт болох Барьцаа/Баталгаат ипотек/Батлан даалт/Фидуцийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан БГ2014/12/01 тоот гэрээ мөн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан БГ2015/12/02 тоот гэрээнд тодорхойлсон хөрөнгийг барьцаа болгон барьцаалуулсан болно гэж заасан боловч энэхүү өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй болох нь талуудын тайлбар болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ. 

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ю ББСБ ХХК-ийн хариуцагч Д.С, С.А, А.А нарт холбогдуулан гаргасан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8. Хариуцагч нарын зүгээс барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгч Г.Д нас барсан тул өв залгамжлалын асуудал шийдвэрлэгдэх хүртэл үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах асуудлыг түр хойшлуулж өгнө үү гэх тайлбар гаргасан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д-г хариуцагчаар татан оролцуулах хүсэлтээсээ татгалзсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн болно.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул С.А, А.А, Д.С нарт холбогдох үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай Ю ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ