Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/01785

 

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/01785

 

 

“ЮЭЭЭӨИ ББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2022/01439 дугаар шийдвэртэй,

 

“ЮЭЭЭӨИ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

С.А-, А.Ас, Д.Сб- нарт холбогдох,

 

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Талуудын хооронд 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 30,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон. 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 42,000,000 төгрөгийн зээл төлөхөөр талууд зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, харилцан тохиролцож гэрээ байгуулсан.

1.2. А.Ас, Д.Сб- нар 75,000,000 төгрөгийн зээлийн төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн эвлэрлийн гэрээг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ2017/12230 дугаар захирамжаар баталсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа.

1.3. Гэвч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагаа хийгдэх боломжгүй, зөвхөн зээлийн төлбөрийг гаргуулах ажиллагаа хийгдэж байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд Д.Сб-гаас 18,000,000 гаруй төгрөг төлсөн байдаг. Үлдэгдэл төлбөрийг төлөөгүй, өөр хөрөнгө байхгүй.

1.4. Шийдвэр гүйцэтгэлийн шатанд 18,000,000 төгрөг төлөгдсөн байгаа учраас 57,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, 46 байрны 4 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү22038272 дугаарт бүртгэлтэй хөрөнгөөр хангуулж өгнө үү.

1.5. Өв залгамжлалын асуудлын хувьд үүнтэй холбоотой талийгаач Г.Д-гийн өвийг өвлөх эрхтэй хүн мөн эсэх баримтаа хэрэгт өгөөгүй. Өнөөдрийн байдлаар тухайн барьцаа хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хүчин төгөлдөр. Гэрчилгээнд 3 хүн дурдагдсан байдаг. Талийгаач амьд байхдаа хүсэл зоригоо илэрхийлээд гэрээ хийсэн, итгэмжлэл үйлдсэн байдаг.

 

2. Хариуцагч Д.Сб-гийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Би “ЮЭЭЭӨИ ББСБ” ХХК-аас анх 30,000,000 төгрөгийн зээл авсан.

2.2. 2017 онд эвлэрлийн гэрээ байгуулж, 75,000,000 төгрөг гаргуулах шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэж эхэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэснээс хойш 20,000,000 төгрөгийн төлбөр төлсөн.

2.3. Одоо 55,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Зээлийн үлдэгдлийг төлөх нь үнэн. Намар буюу 10 сар хүртэл хойшлуулж өгнө үү гэдгээ хэлсэн.

 

3. Хариуцагч С.А-, А.Ас нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгончимэгийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Д.Сб-, А.Ас нар  “ЮЭЭЭӨИ ББСБ” ХХК-аас  30,000,000 төгрөгийн зээл авсан ба уг зээлийг хариуцагч Д.Сб- мэдэж зарцуулсан.  

3.2. 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч “ЮЭЭЭӨИ ББСБ” ХХК-тай Эвлэрлийн гэрээ байгуулан 75,000,000 төгрөг төлөхөөр шийдвэрлүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад  Д.Сб- нийт 19,998,070 төгрөг төлсөн, үлдсэн төлбөрийг цаашид бүрэн төлж барагдуулна гэсэн.

3.3. Уг зээлийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2203008272 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 1-40 мянгат, 46 дугаар байрны 00* тоот 19 м.кв талбайтай орон сууцны хамтран өмчлөгч, миний ээж Г.Д- нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нас барсан. Бид эцэг эхээс А.Асаас гадна ах, эгч, дүү гурвуулаа бөгөөд өв залгамжлалын асуудал шийдэгдтэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах асуудлыг түр хойшлуулж өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул С.А-, А.Ас, Д.Сб- нарт холбогдох үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай “ЮЭЭЭӨИ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

5.1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 101/Ш32017/12230 дугаар захирамжаар 75,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрсэн талуудын эвлэрлийг батА-жуулсан.  

Гэтэл анхан шатны шүүх зээлийн гэрээгээр үүссэн үүрэг солигдсон, гэрээнд өөрчлөлт оруулсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

5.2. Хариуцагч Д.Сб- нь 2014 оны 12 дугаар сарын 12-ны болон 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн төлбөрийг тус тусдаа биш нэг зээлийн төлбөр гэдгийг хүлээн зөвшөөрч анхан шатны шүүх хуралдаанд тайлбар гаргасан бөгөөд энэхүү тайлбарыг нэхэмжлэгч талаас ч гэсэн нотлодог. Учир нь 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулан 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээг талууд байгуулсан. Уг гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн ипотекийн гэрээ байгуулан хөрөнгийг барьцаалсан. Уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй хэдий ч барьцаа хөрөнгө болох орон сууцыг Д.Сб-. А.Ас нарын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн батА- болгон барьцаалагдсан бзртгэл хүчин төгөлдөр байгаа учир барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг гаргасан. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй тул нэхэмжлэгч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж үзсэн. Гэтэл анхан шатны шүүхээс 2014 оны 12 сарын 12 ны өдрийн зээлийн гэрээ дуусгавар болсон тул барьцааны гэрээ дуусгавар болсон гэж үзсэн нь хариуцагч талаас барьцаа хөрөнгөө чөлөөлүүлэх шаардлагыг гаргах нөхцөл байдлыг үүсгээд байна.

5.3. Ипотекийн гэрээгээр хангагдах шаардлага нь өөр өөр биш нэг зээлийн харилцаа байсан тул өөр шаардлага гэж үзээгүй тул Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.3 дахь заалт хамааралгүй гэж үзэж байна.

Барьцаа хөрөнгө болох орон сууц нь улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа тул хариуцагч нарын хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн ипотекийн гэрээгээр зээлийн гэрээний үүргийг хангуулах боломжтой юм. Анхан шатны шүүх 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ипотекийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэн дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх талаар дүгнэх бүрэн боломжтой байхад барьцаа хөрөнгийн үүрэг дуусгавар болсон мэтээр дүгнэсэн явдал нь нэхэмжлэгч байгууллагын эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зорчиж байна. Учир нь Д.Сб- нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өөртөө ямар ч хөрөнгөгүй ба А.Асы хувьд барьцаа хөрөнгийн хамтран өмчлөлөөс бусад хөрөнгө байдаггүй гэдэг нь тогтоогдсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бухэлд нь хангаж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч нар оролцоогүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч “ЮЭЭЭӨИ ББСБ” ХХК нь хариуцагч С.А-, А.Ас, Г.Д-, Д.Сб- нарт холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3. Хариуцагч Г.Д- 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нас барсан.

 

4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ2017/12230 дугаар захирамжаар Д.Сб-, А.Ас нар 75,000,000 төгрөгийг “ЮЭЭЭӨИ ББСБ” ХХК-д төлөхөөр талууд эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

5. Энэ захирамжаар шийдвэрлэсэн зээлийн төлбөр нь “ЮЭЭЭӨИ ББСБ” ХХК болон Д.Сб-, А.Ас нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан 30,000,000 төгрөгийн зээлийн харилцаанаас үүссэн, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр тодорхойлсон гэрээ нь 2014 оны зээлийн гэрээний үлдэгдэл 42,000,000 төгрөгийн үүргээр тодорхойлогдсон, нэмж мөнгөн хөрөнгө зээлдээгүй тул шинэ гэрээ биш байна. 

 

6. 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “ЮЭЭЭӨИ ББСБ” ХХК болон Д.Сб-, А.Ас, С.А-, Г.Д- нарын хооронд ипотекийн гэрээ байгуулагдаж Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, 46 байрны 00* тоот хаягт байрших 2 өрөө орон сууцыг барьцаалсан, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн, хүчин төгөлдөр байна. 2014 оны зээлийн гэрээний 42,000,000 төгрөгийн хэмжээнд ипотекийн гэрээ хүчинтэй, үүргийг гүйцэтгүүлэх боломжтой.

 

7. 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш үүссэн төлбөрт барьцаа хамаарахгүй болно. Учир нь уг огноогоор тодорхойлж байгуулсан ипотекийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй.

 

8. Хариуцагч Г.Д- нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нас барсан, түүний өв нээгдээгүй.

Өв нээгдээгүй ч барьцааны гэрээ хүчин төгөлдөр тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсны дараа үлдэх өвийг өв залгамжлагч нарт хуваарилахад энэ шийдвэр саад болохгүй.  

 

9. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахдаа ипотекийн гэрээний үүрэгт хамаарах хэсэгт холбогдуулж томьёолох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн      167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2022/01439 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Б.Сб-, А.Ас нар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ2017/12230 дугаар захирамжийн дагуу төлөх төлбөрөөс 42,000,000 төгрөгийн үүргийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгө болох Д.Сб-, А.Ас, С.А-, Г.Д- нарын өмчлөлийн, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, 46 байрны 00* тоот хаягт байрших 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ЮЭЭЭӨИ ББСБ” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ЦЭНД

                                           

         ШҮҮГЧИД                                 С.ЭНХБАЯР

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА