Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 410

 

Б.Д, А.А, Д.Б, Э.М, Б.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Тэнгис, Ю.Сэвлэгмаа, Л.Ганцэцэг, Н.Жамъян, хохирогчийн өмгөөлөгч Р.Б, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 585 дугаар магадлалтай, Б.Д, А.А, Д.Б, Э.М, Б.Б нарт холбогдох 201526030543 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, Н.Жамъян нарын гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1999 онд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Б-ын Д нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан “Танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Өвгөд овогт А-ын А,

3.Монгол Улсын иргэн, 1996 онд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Норолхоосүрэн овогт Д-ийн Б,

4.Монгол Улсын иргэн, 1997 онд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Э-ын М нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан “Бүлэглэж догшин авирлан танхайрах” гэмт хэрэгт,

5. Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Шарнууд овогт Б-ийн Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос Б.Д-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, А.А, Д.Б, Э.М нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг баримтлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  Б.Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус өөрчлөн зүйлчилж, Б.Д-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн, А.А, Д.Б, Э.М нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн, Б.Бат-Эрдэнийг мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсгийг тус тус баримтлан Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Д-ыг 8 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.А, Д.Б, Э.М нарыг 2 жил хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.  

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Д-ын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, Н.Жамъян, Л.Ганцэцэг, хохирогчийн өмгөөлөгч Р.Булган нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүх Б.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял оногдуулахдаа хэргийн ээдрээ төвөгтэй болон түүний хувийн байдал зэргийг харгалзан хөнгөрүүлэх хуулийн заалтыг хэрэглээгүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Д тухайн үед насанд хүрээгүй 16 настай, Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 63 дугаар тусгай дунд сургуульд сурч байсан бөгөөд тус сургуулийн суралцагч нар нь оюуны хөнгөн зэргийн хомсдолтой байдаг. Шинжээч эмч Л.Г мөрдөн байцаалтын шатанд “Энэ хүмүүс нь оюуны хөнгөн зэргийн хомсдолтой байсан” гэж мэдүүлсэн. Оюуны хөнгөн зэргийн хомсдол гэдэг нь оюун ухааны хөгжилд нь сэтгэцийн хувьд эрүүл хөгжилтэй хүний түвшинд хүрэхгүй харьцангуй доогуур, хүний үгэнд оромтгой хөнгөн сэтгэлтэй хүүхдүүд байдаг. гэрч Б.Б гэгч хэргийн холбогдогч А.А-тай ярилцсан гэх үг, А.А би өнөөдөр хүн зодчихлоо гээд байсан гэсэн мэдүүлэг, А.А нь дээрх хүүхдүүдэд үг зааж өгөн мэдүүлэг өгүүлсэн зэргээс л уг асуудалд холбогдох болсон. А хүн зодоогүй, хүнтэй уулзаагүй юм бол яагаад энэ хүүхдүүдийг хэрэгт хамааралтай болгосон нь ойлгомжгүй. 2015 оны 07 дугаар сараас хойш 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хэргийн холбогдогч А, Б, М нар нь  хохирогчтой уулзаагүй, зодоогүй гэж удаа мэдүүлэг өгч байсан бөгөөд харин 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хурал дээр уулзсан зодсон гэж мэдүүлэг өгч хэргийн бодит үнэнийг алдагдуулж, насанд хүрээгүй 16 настай, оюуны хомсдолтой Д-т үг зааж өгч, чулуугаар цохисон гэж хэлүүлээд өнөөдөр хүн алсан гэмт хэрэгтэн болгож байна. Анхан шатны шүүх хэргийн ээдрээ төвөгтэй байдал А, Б, М нарыг хохирогчийг бид нар зодсон гэж мэдүүлэг өгөөд байхад тэдний үйлдэл холбогдолд нь тохирсон хохирлыг төлүүлэх байтал хохирлыг дан ганц Даваажаваар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь уг тогтоол нь үндэслэл бүхий болж чадсангүй. Хэргийн материалаас үзэхэд: хохирогч маань цус харвасан сайн явж, ярьж чаддаггүй хүн маань харанхуй шөнө өөрийн хүүхэд шиг хүүхдүүдээс тамхи нэхээд мөн чи яармагийн хүүхэд биш гэхээр нь эхлээд алгадах уу, хохирогч согтуу биш, тэр хүн харанхуй шөнө тамхи эрээд гэрээсээ хол явах уу гэдэг нь эргэлзээтэй байна. Гэрч хохирогч нарын мэдүүлгээс үзэхэд сайн явж чаддаггүй цус харвах өвчтэй болсноосоо хойш хүнтэй нээх их ярьдаггүй, дуу цөөнтэй гэсэн байдаг. Хэрвээ тийм өвчтэй хүн чинь 4 залууд зодуулчихаад гэртээ ирсэн юм бол дахин тэр газар луу явах ямар шаардлага байв, мөн 1 метр гаран хашааг юунд давах болов гэх мэт олон эргэлзээтэй зүйл байдаг билээ. Хэрвээ А, Б, М нар хохирогчийг зодоогүй бол тэр хүн өнөөдөр эрүүл саруул, амьд явж байхыг үгүйсгэхгүй байна. А, М, Б нар нь зүгээр явсан настай хүнийг юуны учир зодож биед нь олон тооны гэмтэл учруулах болов, тэр гэмтлийг учруулсныхаа төлөө хариуцлага хүлээж, хохирогчид учруулсан хохирлоо тодорхой хэмжээгээр төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Эцсийн эцэст уулзаагүй зодоогүй хүн нь хүн амины хүнд гэмт хэрэгт холбогдоод харин уулзаж, зодсон хүмүүс нь хөнгөн гэмт хэргийн зүйлчлэлээр зүйлчлэгдэн ямар ч хохирол төлөхгүй байгаа нь үнэхээр шударга бус шийдвэр гарлаа гэж үзэж байна.

Иймд хэргийн ээдрээ төвөгтэй байдал хохирлын зохих хэсгийг төлсөн, мөн түүний насанд хүрээгүй байхдаа анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогчид учирсан хохирлын тодорхой хэсгийг төлсөн, 19 настай зэргийг нь харгалзан Даваажавт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг 2 дахин багасгаж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч Н.Жамъян гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Б.Д-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдэж нотолбол зохих асуудлууд нотлогдоогүй, хуульд зааснаар өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл бүхий хөнгөрүүлэх боломж байхад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Тухайн гэмт хэрэгт Б.Д-ыг хохирогч Г.Д-ийн амь насыг хохироох хор уршгийг хүсэж үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзээд, Хан-Уул дүүргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 191 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-т зааснаар зүйлчилж ял оногдуулсан боловч Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 727 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасан.

Анхан шатны шүүх Б.Д-ыг 2015 оны 07 дугаар сарын 13-ны орой 22-23 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Бурхантын гудамжны дунд байрлах Оршуулгын газрын зүүн хойд талд амь хохирогч Г.Д-г үл ялих зүйлээр шалтаглан толгойн тус газар нь чулуугаар цохиж алсан гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 82 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд “Талийгаач Г.Д-ийн зулайн ясны баруун хэсгээс суурь луу үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн булчингийн цус хуралт мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэжээ. Б.Д-ыг 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр анх баривчлахдаа сэтгэцийн өөрчлөлттэй хүнийг цагдаагийн ажилтнууд цахилгаан бороохойгоор айлгаж, ...хэргээ хүлээ..., мөн тулгаж, хөтөлж байцаалт авсан ....“цагдаа нар “чи хүн зодсон шүү, толгой руу нь цохисон байна” гэж тулгаад байхаар нь айсандаа “зодсон” гэж хэлсэн байна. Хэргийн холбогдогч Амарбаясгалан нь уг гэмт хэрэгт хамтран оролцож хохирогчийг цохиж зодсон мөртлөө Б.Д-ыг “би зодсон цохисон гээд хэлчих, би дараа нь даая, төлбөрийг нь бас өгье” гэж худал мэдүүлэг өгүүлсэн байна. Д, А, М, Б нарын болон бусад гэрчүүдийн эргэлзээтэй, зөрүүтэй мэдүүлгүүдийн зөрүүг арилгаагүй. Гэрч Б мэдүүлгээсээ буцан зөвхөн Д-ыг буруутгасан ноцтой үйлдэл гаргасныг нягталж огт шалгаагүй. Шинжээч Л.Б “Д нар нь оюуны хөнгөн зэргийн хомсдолтой байсан, сэтгэцийн хувьд эрүүл хөгжилтэй хүний түвшинд хүрэхгүй, харьцангуй доогуур, хүний үгэнд оромтгой хөнгөн сэтгэлтэй” гэж мэдүүлсэн байдаг. Мөн гэрч Б “2015 оны 07 дугаар сарын 13-ны орой 21 цаг 30 минутад манай хашааны арын хаалгаар орж ирсэн хашааны арын хаалгаар орж ирсэн болохоор гэрээсээ ирж байна гэж ойлгосон. Ингээд хашаанд орж ирээд манай дэлгүүрээс нэг хайрцаг тамхи худалдан авсан. ...10-15 минут орчим болоод буцаад хашааны арын хаалгаар гараад явсан.”... гэсэн мэдүүлэг зэргээс дүгнэхэд талийгаач хэрэг учрал болохоос цөөхөн минутын өмнө нэг хайрцаг тамхитай байсан байж бусдаас тамхи нэхсэн нь эргэлзээтэй байна.

Талийгаачийн эхнэр Оюунцэцэгийн “... талийгаач маань 2014 оны хавар даралт ихэссэнээс цус харваж сайн ярьж чадахгүй болсон, хэл нь орооцолдож ярьдаг, хазганаж явдаг...” гэж мэдүүлсэн бол уг мэдүүлгийг гэрч С баталсан байдаг. Түүнчлэн Полиграфийн сорилын дүгнэлтээр “Яллагдагч Б.Д нь талийгаач Г.Д-г зодсон гэж худал мэдүүлсэн байх магадлалтай бөгөөд талийгаач Г.Д-гийн гадны нөлөөтэй нас барсан хэрэгт холбогдолгүй гэж үзэх үндэслэл байна” үзжээ.Үүнээс үзэхэд шинжээчийн дүгнэлт болон бусад баримтуудаар Даваажавын гэм бурууг хөдлөшгүйгээр тогтоосон гэж үзэхэд учир дутагдалтай байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Б.Д-ын гэм буруутай нь нотлогдоогүй, хуульд заасан журмын дагуу бэхжүүлж, цуглуулсан баримтуудаар түүнийг хүнийг алсан гэж үзэх хангалттай нотлох баримтаар хөдлөшгүй тогтоож чадаагүй, гэмт хэрэг үйлдсэн болох нь эргэлзээтэй, хэргийн бодит байдалд нийцээгүй зэргийг харгалзан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Б.Тэнгис хэлсэн саналдаа “Шүүх хуралдааны дүрс бичлэгийг үзэх боломж байвал шүүгдэгч нар ямар байдалтай байгаа нь тодорхой харагдана. Намайг Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 63 дугаар тусгай дунд сургуульд багшилж байх үед дээрх нэр бүхий хүүхдүүд сурч байсан болохоор би өмгөөлж байгаа юм. Шат шатны шүүх хэргийн үйл баримтад үнэлэлт дүгнэлт хийж хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн. Өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн гаргасан хүсэлтийг мөн хорих байгууллагын дэглэмийн хувьд шүүх бүрэлдэхүүн онцгой анхаарч үзэхийг хүсч байна” гэв.

Мөн хуралдаанд шүүгдэгч Э.М-гийн өмгөөлөгч Л.Ганцэцэг хэлсэн саналдаа “Хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй тул хэлэх тайлбар байхгүй” гэв.

Мөн хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Р.Булган хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хуульд нийцсэн гэж үзэж байна. Гомдол гаргаагүй учраас тусгайлан гаргах тайлбар байхгүй” гэв.

Мөн хуралдаанд прокурор Ц.Насанбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 42 дугаар талд Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг яагаад хэрэглээгүй талаараа тайлбар хийсэн байгаа. Мөн давж заалдах шатны шүүх дээрх хуулийн заалтыг шүүхэд боломж олгосон заалт болохоос заавал хэрэглэх ёстой заалт гэж үзэхгүй байна гэж дүгнэсэнтэй санал нэг байна. Шүүх хуульд заасан ялыг оногдуулж шийдвэрлэсэн тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, Н.Жамъян нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Д, А.А, Д.Б, Э.М, Б.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Д нь 2015 оны 07 дугаар сарын 13-ны орой 22-23 цагийн үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бурхантын гудамжны дунд байрлах Оршуулгын газрын зүүн хойд талд бусдыг илтэд үл хүндэтгэн, хохирогч Г.Д-г “тамхи нэхлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан түүний толгой руу чулуугаар цохиж гавал тархины битүү гэмтэл учруулж санаатай алсан,

Шүүгдэгч А.А, Д.Б, Э.М нар нь 2015 оны 07 дугаар сарын 13-ны орой 22-23 цагийн үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бурхантын гудамжны дунд байрлах Оршуулгын газрын зүүн хойд талд хохирогч Г.Д-г “тамхи нэхлээ” гэх шалтгаанаар хүч хэрэглэн зодож, биед нь дух, зулай, дагз, шилбэнд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн,

Шүүгдэгч Б.Б нь мөрдөн байцаалт, шүүхэд худал мэдүүлбэл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээх учрыг сануулсаар байтал 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Д, А.А, Д.Б, Э.М, Б.Б нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасны дагуу шүүгдэгч Б.Д-ыг хүнийг алсан, А.А, Д.Б, Э.М нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэсэн, Б.Б-г мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч  А.А, Д.Б, Э.М нарт хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Анхан шатны шүүх Б.Д-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, А.А, Д.Б, Э.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, улмаар шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

Харин шүүгдэгч Б.Д-ын хувьд насанд хүрээгүй байхад гэмт хэрэгт холбогдож, хэрэг шүүхээр хянан хэлэлцэх явцад насанд хүрсэн боловч Шүүх сэтгэц эмгэг судлалын 758 дугаар дүгнэлтээр түүнийг F 70 “оюуны хөнгөн хомсдол” сэтгэцийн эмгэгтэй болохыг тодорхойлсон тул бие бялдар, оюун ухаан, сэтгэхүйн хөгжлийн түвшинтэй холбоотойгоор түүнийг өсвөр насны хүнд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан эдлэх ялыг хоёр дахин багасгаж тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ял оногдуулахаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, энэ талаарх шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн гаргасан гомдлыг хангахаар шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Жамъянгийн гаргасан хэргийг мөрдөн байцаалтад буцаах тухай гомдлыг судалж үзэхэд хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Д-ын үйлдсэн гэмт хэрэг нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 585 дугаар магадлалд:

“Шүүгдэгч Б.Д-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жил хорих ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Жамъянгийн хяналтын шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                       ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН