Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 1059

 

 

 

 

 

 

 

 

 

М.О нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/00297 дугаар шийдвэртэй, М.О нэхэмжлэлтэй, “Д” ХХК-д холбогдох, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 47 605 410 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урантогос, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дэлгэрмаа, өмгөөлөгч Б.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч М.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д” ХХК нь “Говь ойл газ” ХХК-тай 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Өмнөговь аймгийн Цагаан хаданд байрлах 1 га газарт шатахуун түгээх станцын тоног төхөөрөмж болон бусад эд хөрөнгийг 100 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Уг төлбөрөөс 10 000 000 төгрөгийг дизель мотор, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнд суутган, 58 563 060 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар түлшээр бартер хийж, үлдэгдэл 31 436 940 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөх үүргээ хариуцагч тал биелүүлээгүй. Мөн О.Жаранбаяртай 2017 оны 8, 10 дугаар сард тус тус уулзаж төлбөрийн талаар ярилцахад мөн оны 10 дугаар сард багтаан үлдэгдэл төлбөрөөс 20 000 000 төгрөгийг бэлнээр эсвэл түлшээр өгч барагдуулна гэж тохиролцсон боловч төлөөгүй байна.

Хариуцагч “бид үлдэгдэл төлбөрөө хугацаандаа төлж барагдуулна, “Говь ойл газ” ХХК-тай холбоотой материалууд, зөвшөөрлүүдийг авах шаардлагатай байна, компанийн эрхийг шилжүүлээд өгөөч” гэх хүсэлтийн дагуу 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “Говь ойл газ” ХХК-ийн компанийн эрхийг 100 хувь О.Жаранбаярын нэр дээр шилжүүлсэн болно.

Гэрээний 5.1-д зааснаар алданги тооцоход нийт үүргийн 50 хувьд хүрсэн тул /31 436 940 х0.3 =94 310х386 хоног=36 403 660/ багасгаж 15 718 470 төгрөг, шатахуун түгээх станцыг битүүмжлэх зардалд 450 000 төгрөг, нийт 47 605 410 төгрөгийг “Д” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Д” ХХК-аас 46 605 410 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Од олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 407 877 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д” ХХК-аас 390 977 төгрөг, улсын орлогоос 16 900 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Од олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Золзаяа давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх бартерийн 50 000 000 төгрөг, гэрээний 5.1-д заасан алданги, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хэлцлийн 2 дахь хэсэг зэрэг гэрээний зохицуулалтуудыг үнэлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдсан байна.

Нэхэмжлэгч нь М.О байхад компани хооронд байгуулсан гэрээгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүх нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай асуудлаар шийдвэр гаргах зарчим алдагдсан.

Хариуцагчийн зүгээс дээрх худалдах худалдан авах гэрээг байгуулснаас хойш Өмнөговь аймаг дахь Цагаан хаданд байрлах 1 га газар, шатахуун түгээх станцыг өнөөдрийн байдлаар ашиглаагүй, орлого олоогүй болно. Иймд үндэслэлгүйгээр алданги тооцож, нэхэмжилсэн 15 718 470 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч М.О нь хариуцагч “Д” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 47 155 410 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 450 000 төгрөг, нийт 47 605 410 төгрөг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч тал “... гэрээний үлдэгдэл төлбөр 31 436 940 төгрөгийг төлж болно, ... алданги тохиролцоогүй” гэх үндэслэл заан нэхэмжлэлээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн мөнгөө буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжилсэн байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасныг баримтлан үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй гэж үзэн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

“Говь ойл газ” ХХК, “Д” ХХК нарын байгуулсан 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 17-01 дугаартай гэрээгээр тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах харилцаа үүссэн, худалдагч “Говь ойл газ” ХХК нь гэрээний зүйл болох Өмнөговь аймгийн нутаг Цагаан хаданд байрлалтай 1 га газрыг шатахуун түгээх станцын тоног төхөөрөмжийн хамт худалдагчид хүлээлгэн өгч, худалдан авагч “Д” ХХК эд хөрөнгийн үнэ 100 000 000 төгрөгөөс 68 563 060 төгрөг төлсөн үйл баримт хэрэгт авагдсан худалдах-худалдан авах гэрээ, гэрээний талуудын тайлбараар тогтоогдсон. /хх 4-6, 103-104 дэх тал/

Мөн М.О нь өөрийн 100 хувийн эзэмшлийн “Говь ойл газ” ХХК-ийн эрх болон хувьцааг 100 хувь “Д” ХХК-ийн захирал О.Жаранбаярт шилжүүлж, улмаар М.О, “Д” ХХК-ийн захирал О.Жаранбаяр нар хэлцэл хийж, худалдах-худалдан авах гэрээний төлбөрийн асуудлаар харилцан тооцоо нийлж, акт үйлдэн, “Д” ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөр болох 31 436 840 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болох нь хэргийн 46-47 дахь талд авагдсан 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх болон компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, хэлцэл /хх 8-9 дэх тал/ зэрэг баримтуудаар нотлогдож байна. Ингэснээр “Д” ХХК-д Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар мөнгөн төлбөр төлөх үүрэг үүссэн тул М.О нь тус компаниас үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй. Анхан шатны шүүх энэ үйл баримтын талаар зөв дүгнэсэн байна.

Дээрх асуудлаар талууд маргаангүй, харин хариуцагч тал алдангийн талаар маргаж, энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч М.О нь хариуцагч компаниас алдангид 15 718 470 төгрөг шаардахдаа 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 17-01 дугаартай худалдах-худалдан авах гэрээг үндэслэлээ болгожээ.

Хэргийн 8 дахь талд авагдсан хэлцлийн 4 дэх заалтад алдангийг тухайн үедээ ярилцаж шийдэхээр заасан байна. Энэхүү хэлцлийн агуулгыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасан агуулгаар тайлбарлавал төлбөр төлөх үүргээ зөрчсөн тохиолдолд алданги төлөх талаар тодорхой тохиролцсон гэж үзэх боломжгүй байна. Талууд хэлцлээр тохирсон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд алданги төлөх, уг алдангын хэмжээ ямар байх талаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулаагүй байх тул хариуцагчаас алданги гаргуулах тухай нэхэмжлэгч М.О нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүх энэ маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчиж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг буруу хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс алданги шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт нийцнэ гэж үзлээ.

Нэхэмжлэгч М.О нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, ногдох улсын тэмдэгтийн хураамж төлсөн байхад шүүх буруу тооцон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан 16 900 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэн мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.1-д заасныг зөрчжээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/00297 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 186 дугаар зүйлийн 186.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Д” ХХК-аас 31 886 940 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15 718 470 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтаас “58 дугаар зүйлийн 58.1”, “улсын орлогоос 16 900 төгрөг тус тус” гэснийг хасч, “390 977” гэснийг “317 384” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236 545 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                             ШҮҮГЧИД                                      А.МӨНХЗУЛ

 

                                                                                    Ч.ЦЭНД