Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2022/01468

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 06 28

181/ШШ2022/01468

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.З-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Г.Зын хууль бус эзэмшлээс Сүхбаатар дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол,  дугаар байрны зоорийн давхарт байрлах 15 мкв байрыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.З,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Бнар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Г.З-т холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 38 дугаар байрны зоорийн давхарт байрлах 15 мкв байрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Х өмчлөгчдийн холбоо нь Г.З-тай 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглалтын засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ-г байгуулсан. Үүнээс хойш Г.З уг байранд оршин сууж байгаа. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Б.Н-ийг уг байранд амьдарч байгаа гэж ойлгон Б.Нээс албадан чөлөөлүүлэхээр шаардаж явсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Зыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан боловч, хариуцагчийг солих хүсэлт гаргаж Г.З хариуцагчаар оролцож байгаа.

Х өмчлөгчдийн холбоо, Г.З нар нь Дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглалтын засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ байгуулан, уг байрыг сургалт явуулах үйлчилгээний чиглэлээр 1 сарын 45,000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохирсон. Мөн Г.З-тай хийсэн гэрээнд эзэмших, ашиглах зориулалтыг заасан байгаа. Гэтэл зориулалтын дагуу ашиглахгүй, байнгын архидалт явагддаг. Оршин суугч болон иргэдээс байнга гомдол ирдэг. Г.З нь Б.Н-ийг амьдруулаад байгаа. Иймд гэрээг цуцлахаас өөр аргагүй болоод байгаа юм. Шүүх хуульд захирагдах ёстой. Гэхдээ өнөөдөр Г.З гэх хүн энэ байранд байдаггүй, зугатаагаад байдаг. Х өмчлөгчдийн холбооны захирал гэж настай, хөгшин хүн байдаг учраас Г.Зыг хайгаад яваад байж чаддаггүй юм. Б.Н уг байранд бодитоор амьдарч байсан учраас нэхэмжлэлийн шаардлага Б.Нт холбогдож гарсан. Түүнээс биш ямар нэгэн байдлаар бид нар өөрсдөө учраа олохгүй, эсхүл шүүхийг төөрөгдүүлэх гээд ийм зүйл болоогүй.

Б.Н уг байранд байнга архидан согтуурдаг. Г.З шүүх дээр удаа дараа худлаа ярьдаг. Г.Зыг таньдаг нэг ч хүн тэр хавьд байхгүй. Б.Н хүүхдүүдээсээ хол байж архидан согтуурахын тулд гэрээ байгуулчихаад Г.Зын өмнөөс нь түрээс төлөөд байгаа асуудал байна. Г.З амьдрахгүй байгаа боловч түүнтэй байгуулсан гэрээ байгаа учраас Г.Заас шаардахаас өөр аргагүй байгаа. Иймд хариуцагч Г.Зыг уг байрыг гэрээнд заасан нөхцлийн дагуу эзэмшиж, ашиглахгүй байгаа учраас гэрээг цуцалж, Г.Зын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Г.З шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.З нь Х өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захиралтай 38 дугаар байрны дундын өмчлөлийн эд хөрөнгө болох 15 мкв талбайтай подволийн 1 өрөөг 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай, сар бүр 45000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулан түрээслэн, амьдран сууж ирсэн. 2019 оноос эхлэн өдийг хүртэл тус 38 дугаар байрны подвалийн хэсэгт амьдран суухдаа түрээсийн төлбөр болох сарын 45000 төгрөгийг тогтмол төлж ирсэн бөгөөд ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Г.З нь ганц бие бөгөөд шөнийн ээлжинд тогоочоор ажилладаг.

Талуудын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан, хуулийн хүчин төгөлдөр Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ-ний 6.1 дэх хэсэгт Гэрээ байгуулагч талууд түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхдээ бие биеэ хүндэтгэн гэрээтэй холбоотой асуудлаар харилцан зөвшилцөж байна гэж заасан. Гэтэл Г.З-тай огт ярьж зөвшилцөлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь энэ заалтыг бүдүүлгээр зөрчсөн гэж үзэж байна. Г.З уг байранд гэрээнд заасан зориулалтын дагуу амьдарч байгаа. Амьдралын төлөө зүтгэж өглөө, оройгүй ажиллаж байгаа залуу хүн. Архидан согтуурсан зүйл байхгүй. Хэрэгт энэ талаарх баримт байхгүй. Мөн гэрээг цуцалж байгаа талаар Г.З-т мэдэгдсэн зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагад ч дурдсан зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Х өмчлөгчдийн холбооны гэрчилгээ, Итгэмжлэл, Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШЗ2019/ дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Х өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн хурлын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 01, 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дүгээр тогтоол, Х өмчлөгчдийн холбооны 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 16/19 дүгээр албан бичиг, Сан арвич аудит ХХК, МСӨХД зөвлөлийн хяналтын зөвлөлөөс Х өмчлөгчдийн холбооны 2017, 2018 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагааг шалгасан дүгнэлт, Хилчин СӨХ-нд гаргасан М.Баярмаагийн өргөдөл, Х өмчлөгчдийн холбооны дансны хуулга, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, М.Баярмаагийн эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, Х өмчлөгчдийн холбооны Бүх гишүүдийн хурлын 2013 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоол, Х өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоол, 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дүгээр тогтоол зэрэг баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагч Г.Заас шүүхэд Иргэний үнэмлэхийн лавлагаа, Х өмчлөгчдийн холбооны 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №002/001 тоот Тодорхойлолт, Итгэмжлэл зэрэг баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Б.Должинсүрэн, М.Баярмаа нараас гэрчийн мэдүүлэг авсан.

 

Хариуцагч Б.Н-ийн өмгөөлөгчийн хүсэлтээр Х өмчлөгчдийн холбооны дүрэм, Х өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 06, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 07 дугаар тогтоол, Мөнгөн шилжүүлгийн баримт, Х өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгө болох подвалийн өрөөнүүдэд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа талбайн хэмжээ, сард төлөх төлбөрийг тогтоосон жагсаалт зэрэг баримтуудыг шүүхийн журмаар гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Г.З нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглахгүй байгаа учраас гэрээг цуцалж, албадан чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж тодорхойлов.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Х өмчлөгчдийн холбоотой байгуулсан гэрээний үндсэн дээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж, ашиглаж, түрээсийн төлбөрийг гэрээнд заасны дагуу цаг тухайд нь төлж байгаа учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргаж маргав.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Х өмчлөгчдийн холбоо нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 4а, 4б, 11, 12, 19, 23, 24, 26, 30а, 32а, 32б, 33, 34, 35, 37, 38, 39, 41, 43б байруудыг хариуцан үйл ажиллагаа явуулдаг болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Засаг даргаас 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр олгосон 13/064 дугаартай гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулахаар Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Х өмчлөгчдийн холбоо байгуулагдаж, үйл ажиллагаа явуулдаг үйл баримт тогтоогдож байна.

Х өмчлөгчдийн холбоо нь Г.З-тай 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ байгуулжээ. /хх5-6/

 

Дээрх гэрээг Х өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 01 тоот тогтоолоор дундын өмчлөлийн зүйлийг гуравдагч этгээдэд гэрээний дагуу эзэмшүүлэх эрхийг гүйцэтгэх захиралд олгосны дагуу тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Н Х өмчлөгчдийн холбоог төлөөлж байгуулсан үйл баримт зохигчдын маргаагүй тайлбараар тогтоогдсон. /хх29/

 

Маргааны зүйл болсон Сүхбаатар дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороололд байрлах  дугаар байр нь нийтийн зориулалттай орон сууц, уг байрны зоорийн хэсгийн 15 мкв талбай нь дундын өмчлөлийн хөрөнгөд хамаарах бөгөөд Х өмчлөгчдийн холбооны ашиглалт засвар үйлчилгээг хариуцан ажилладаг орон сууцанд дээрх 38 дугаар байр харьяалагддаг болох нь хэрэгт авагдсан тус сууц өмчлөгчдийн холбооны 13/064 тоот гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-3/

 

Б.Н нь Сүхбаатар дүүргийн дугаар хорооны дүгээр байрны  тоот хаягт хүүгийн хамт амьдардаг болох нь Сүхбаатар дүүргийн  дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон. /хх18/

 

Х өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 06 дугаар тогтоолоор Б.Н-ийг Х өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар томилж, 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Х өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Нт ажлаас халах сахилгын ногдуулж, 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлжээ. /хх30/

 

Х өмчлөгчдийн холбооны харъяа 38 дугаар байрны подваль ашиглагч Г.З нь 2022 оны 3 дугаар сарын 30-ны байдлаар 1 сарын 45,000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь Х өмчлөгчдийн холбооны 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 002/001 тоот албан бичгээр тогтоогдсон.

 

5. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

 

Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д орон сууцны байшингийн доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, орцны цонх, ... тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна гэж, мөн зүйлийн 15.4, 15.5 Сууц өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчилнө гэж, Холбооны дүрэмд заасан бол дундын өмчлөлийн эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр тодорхой нэг этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж болно гэж, түүнчлэн мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоо байна гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч Х өмчлөгчдийн холбоо нь анх шүүхэд хариуцагч Б.Нт холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 38 дугаар байрны 15 мкв зоорийн давхрын 1 өрөөг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Зыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлт гаргасан бөгөөд 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч Б.Н-ийг Г.Заар солиулах хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг Г.Зын хууль бус эзэмшлээс Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 32а байрны зоорийн давхарт байрлах 15 мкв байрыг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн.

 

Шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар нэхэмжлэгч Х өмчлөгчдийн холбооны Г.Зын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардаж буй үл хөдлөх эд хөрөнгө нь Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 38 дугаар байрны зоорийн давхрын 15 мкв талбайтай өрөө болох нь тогтоогдсон.

 

Х өмчлөгчдийн холбоо нь Г.З-тай 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ байгуулан, уг гэрээгээр Х өмчлөгчдийн холбоо нь 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 38 дугаар байрны 15 мв талбай бүхий зоорийн давхрын 1 өрөөг 1 сарын 45,000 төгрөгөөр амьдран суух /сургалт явуулах/ зориулалтаар түрээслүүлэх, Г.З нь түрээсийн төлбөрийг тухайн сарын 05-ны өдрийн дотор Х өмчлөгчдийн холбооны Төрийн банкны 103400003596 тоот дансанд тушаах, эсхүл Сууц өмчлөгчдийн холбооны кассын няравт төлөхөөр харилцан тохиролцжээ./хх5-6/

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг хариуцагч Г.З тухайн зоорийн давхрыг гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглахгүй, түрээсийн төлбөрийг сар бүр төлөх үүргээ биелүүлэхгүй, Б.Н-ийг суулган, Б.Н нь архидан согтуурч, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа тул Г.З-тай байгуулсан гэрээг цуцалж, түүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шаардаж байна гэж тодорхойлсон.

 

Талуудын хооронд байгуулагдсан Дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглалтын засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ-ний 1.2-т зориулалтыг амьдран суух /сургалт явуулах/ гэж тохиролцсон байх тул нэхэмжлэгч Х өмчлөгчдийн холбооны Г.З нь гэрээнд заасан сургалтын зориулалтаар ашиглаагүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагч Г.Зыг түрээсийн төлбөрийг сар бүрийн 05-ны өдрийн дотор төлөх үүргээ биелүүлээгүй гэж тайлбарласан боловч Х өмчлөгчдийн холбооны 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн №002/001 тоот албан бичгээр Г.З нь 2022 оны 3 дугаар сарын байдлаар 1 сарын 45000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэйг тодорхойлсон тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн дээрх тайлбар няцаагдаж байна.

 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4 дэх хэсэгт Орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж, мөн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.6 дахь хэсэгт Орон сууц хөлслөх гэрээг цуцлах шаардлагаа хөлслүүлэгч бичгээр гаргана гэж, гэрээний 2.10-т Түрээсийн байрандаа архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэн оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулбал гэрээг дангаар шууд цуцлах эрхтэй гэж заажээ.

 

Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс хөлслөгч буюу Г.З-т гэрээг цуцлах талаар бичгээр мэдэгдсэн баримтыг хэрэгт нотлох баримтаар өгөөгүй, Г.Зыг түрээсийн гэрээнд заасан түрээсийн байрандаа архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Иймд Г.Зын эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй тул Х өмчлөгчдийн холбооны хариуцагч Г.З-т холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 38 дугаар байрны зоорийн давхарт байрлах 15 мкв байрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэлгүй тул Г.З-т холбогдох Сүхбаатар дүүргийн  дугаар хороо,  дугаар хороолол,  дугаар байрны зоорийн давхарт байрлах  мкв талбайг албадан чөлөөлүүлэх тухай Х өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ