Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 1058

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Өнэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/00660 дугаар шийдвэртэй, Ц.Өнэхэмжлэлтэй, Биокомбинат УТҮГазарт холбогдох 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/19 тоот, 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/48 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Ө шүүхэд нэхэмжлэлдээ: Хуучин байгууллагын захирал Б.Баттогтох нь надад зүй бусаар харьцсаны хариуд эсэргүүцсэн үг хэлсэн, мөн ажил хаяхад уриалан зохион байгуулсан гэх хоёр үндэслэлээр 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/19 тоот сахилгын шийтгэл ногдуулсан. Жагсаал цуглааныг үйлдвэрчний хороо зохион байгуулсан бөгөөд намайг зохион байгуулаагүй гэдгийг шүүх тогтоосон байдаг.

Ажлаас 9 цаг 4 минут хоцорсон, цехүүдээр орж ажиллаагүй, худалдаа хангамжийн менежер Ч.Эрдэнэцэцэг нь байгууллагын захирал удирдлагуудыг хуурч төлөвлөгөөнд огт тусгагдаагүй 9 750 000 төгрөгийн илүү үнээр худалдан авалт хийсэн гэх үндэслэлээр 9 цагийн хөлс хасаад 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр цалингийн 20 хувь хасах сахилгын арга хэмжээ авсан байдаг. Хийгдэх ажлууд сар бүр төлөвлөгөөтэй байдаг бөгөөд байгууллага 14 цехтэй, би гүйцэтгэлээ цаг тухайд нь биелүүлээд явдаг тул гүнд нь орж ажиллаагүй гэх тушаал үндэслэлгүй. Ч.Эрдэнэцэцэг нь миний удирдлагад ажилладаг хүн биш бөгөөд санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч юм.

Сахилгын арга хэмжээ авахдаа захирлын зөвлөлийн хурлаар оруулж үндэслэлийг тодруулдаг журамтай. Би 15 жил төлөвлөгөөгөө сайн биелүүлж, байгууллагын 4 удаагийн аварга ажилтан болсон, мөн жил бүрийн ажлын тайлангаас үзэхэд хэрхэн сайн ажилласан нь нотлогдоно.

Өмнө нь шүүхэд хандахад Биокомбинат ТӨААТҮГ нь Биокомбинат УТҮГ болж өөрчлөгдөх шатандаа явж байсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар Засгийн газрын 188 дугаар тогтоолын 4 дэх заалтаар татан буугдаж, 6 дахь заалтаар Биокомбинат УТҮГазар болж байгуулагдсан байдаг. Иймд 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/19, мөн оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/48 тоот сахилгын арга хэмжээ авах тухай тушаалуудыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Биокомбинат” УТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар төрийн өмчит хуулийн этгээдийг татан буулгах, өөрчлөн байгуулах асуудлыг гагцхүү Засгийн газар тогтоол гарган шийдвэрлэдэг журамтай. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 188 дугаар "Хууль хэрэгжүүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол гарч Биокомбинат төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг татан буулгасан бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А-130 дугаартай тушаалаар татан буулгах комиссыг томилсон.

Одоо энэ комисс үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хуулийн этгээд улсын бүртгэлээс хасагдаагүй байна. Харин хариуцагч улсын төсөвт үйлдвэрийн газар нь 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасны дагуу шинээр байгуулагдсан улсын төсөвт байгууллага бөгөөд Мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын харьяанд эмхлэн зохион байгууллагддаг үйлдвэрлэлийн байгууллага юм.

Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт зааснаас үзэхэд улсын бүртгэлээс хасагдаагүй, татан буулгах үйл ажиллагаа дуусаагүй, Засгийн газрын тогтоолоор татан буугдсан байгууллагаас хариуцагч ямар нэг эрх, үүрэг шилжүүлж аваагүй тул Ц.Өгаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалууд нь 2018 оны 1, 3 дугаар сард гарсан ба сахилгын шийтгэлийг зөвхөн үйлдвэрийн захирал ногдуулдаггүй, захирлын зөвлөлийн хурлаар заавал оруулах ёстой болох нь хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулсан байна.

Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалууд нь уг журмын дагуу гараагүй зөвхөн захирал байсан Б.Баттогтох гэх хүн дангаар гаргасан, захирлын зөвлөлийн хурлын ямар нэг шийдвэрийг үндэслээгүй тул хууль бус тушаал гаргасан байна. 2018 оны 3 дугаар сарын 27-ний өдрийн сахилгын шийтгэлд мөн өдрөөс эхэлж 3 сарын хугацаагаар цалинг 20 хувиар бууруулах гэсэн боловч санхүүгийн тайлангаас харахад нэхэмжлэгч 3,4,5 дугаар сарын цалингаа бүрэн авсан буюу цалингаас 20 хувь хасаагүй байдаг.

Иймд сахилгын шийтгэл бодитоор биелэгдсэн гэж үзэхгүй бөгөөд уг тушаалаас ямар нэг үр дагавар үүсээгүй тул уг тушаалыг хүчингүй болгож эрх сэргээх ашиг сонирхол байхгүй байна. Ажлаас хоцорч 09 цаг 04 минут ажил тасалсан гэж тушаалд тусгагдсан. Зөрчил бодитоор тогтоогдсон боловч тушаал биелэгдээгүй үр дагавар үүсээгүй тул тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/19 тоот, 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн  А/48 тоот сахилгын арга хэмжээ авах тухай тушаалыг тус тус хүчингүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж шийдвэрлэжээ.

Хариуцагч “Биокомбинат” УТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн хуулийн этгээд хэлбэрээ өөрчилсөн гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. Учир нь аж ахуйн тооцоотой тайлан тэнцэл гаргадаг, гүйлгээнд бие даан оролцдог, хуулиар хориглоогүй ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг этгээд шууд төсөвт байгууллага болж өөрчлөгдөх боломжгүй. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаас үзэхэд тодорхой харагдана.

“Биокомбинат” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын улсын бүртгэлийн гэрчилгээ, дэлгэрэнгүй лавлагаа зэргээс харахад хуулийн этгээд улсын бүртгэлээс хасагдаагүй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 188 дугаар тогтоолоор Биокомбинат ТӨААТҮГазрыг эрх залгамжлуулахгүйгээр татан буулгах комисс томилж, хаалтын баланс үйлдэхээр шийдвэрлэсэн байхад анхан шатны шүүх өөрчлөн зохион байгуулагдсан гэж үзэж байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 23 дугаар зүйл, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан хуулийн этгээд өөрчлөн байгуулагдах, татан буулгах аль ч тохиолдолд энэ тухай үүсгэн байгуулагч сайн дурын үндсэн дээр шийдвэрээ гаргах хуулийн зарчмыг зөрчиж байна.

Хэрэгт авагдсан Биокомбинат ТӨААТҮГазар болон УТҮГазрын хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанаас харахад үйл ажиллагааг зогсоосон, дуусгавар болгосон, улсын бүртгэлээс хассан зүйл харагдахгүй байна. Биокомбинат ТӨААТҮГазар татан буугдаагүй, улсын бүртгэлээс хасагдаагүй иргэний эрх зүйн чадвар дуусгавар болоогүй байхад эрх залгамжлах, өөрчлөх замаар дахин байгуулах боломжгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ц.Ө нь хариуцагч “Биокомбинат” УТҮГазарт холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулах тухай А/19, А/48 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулах тухай гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “өмнөх татан буугдсан байгууллагын эрхийг шилжүүлж аваагүй” гэх үндэслэл заан маргажээ.

Дээрхээс үзвэл талууд хөдөлмөрийн харилцаа үүссэн талаар маргаангүй, харин тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэлийн үр дагавар, түүнийг хариуцах этгээд мөн эсэх нь маргааны зүйл болсон байна.

Монгол Улсын Засгын газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 188 дугаар тогтоолоор “Биокомбинат” Аж ахуйн тооцоот улсын үйлдвэрийн газрыг татан буулган, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяанд “Биокомбинат” Улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулж үүнтэй холбоотой холбогдох арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгасан үйл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй нийтэд илэрхий үйл баримт байна.

Хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр “Биокомбинат” ААТУҮГазар нь ажилчидтай өөрчлөгдсөн нэрээр хөдөлмөрийн гэрээ байгуулан өмнөх үйл ажиллагааг хэвээр үргэлжлүүлж байгаа болох нь тогтоогджээ. Үүнээс үзвэл, талуудын маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг эрх залгамжлагч шилжих үйл явдал иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болоогүй байна. Харин хариуцагч байгууллага нь Засгын газрын шийдвэрээр хуулийн этгээдийн хэлбэрээ өөрчилжээ. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагч байгууллагыг зохион байгуулалтын хувьд хэлбэрээ өөрчилсөн гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал үндэслэлгүй гэж үзэв.

Ажил олгогч “Биокомбинат” ТӨААТҮГазрын дарга нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр А/19 тушаал гарган, Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж өөрт хамааралгүй асуудлыг зохиомлоор үүсгэн ажлын цагаар хууль бусаар ажилтан албан хаагчдыг цуглуулан хуралдаж шүүхийн шийдвэрээр томилогдсон захирлыг эсэргүүцсэн, зүй бусаар харьцаж ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэн ажилтан Ц.Өод сануулах болох сахилгын шийтгэл ногдуулжээ. /хх 47 дахь тал/ Хариуцагч “Биокомбинат” УТҮГазар нь дээрх асуудлаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг “манайх хариуцахгүй” гэх үндэслэлээр татгалзсанаас өөрөөр сахилгын зөрчил гаргасныг нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Иймээс энэ үйл баримтын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Хэрэгт хариуцагч байгууллагын даргын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/48 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, М.Өлзийтогтохын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам, ажлын цаг ашиглалтын журам, ажлын цагийн тодорхойлолт, баланс, сарын сүүлийн цалин хөлсний дэлгэрэнгүй, 2018 оны санхүүгийн анхан шатны баримтад шалгалт хийсэн ажлын хэсгийн тайлан, “Биокомбинат” ТӨААТҮГазрын захирлын 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/134 дүгээр тушаалаар батлагдсан “Захирлын зөвлөлийн ажиллах журам” зэрэг бичгийн нотлох баримтууд авагдсан байна. /хх 7, 25-36, 85-89, 171-173 дахь тал/

Шүүх дээрх бичгийн баримтууд болон мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь захирлын зөвлөлийн хурлын ямар нэг шийдвэрийг үндэслээгүй хууль бус тушаал гаргасан гэж үзэж байна...” гэх тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу харьцуулан үнэлж, нэхэмжлэгч Ц.Өлзийтогтогтохын ажлын цаг тасалсан сахилгын зөрчил тогтоогдсон хэдий ч хариуцагч тал нь “Захирлын зөвлөлийн ажиллах журам”-аар тогтоосон сахилгын арга хэмжээ авах дарааллыг зөрчсөн, мөн санхүүгийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил нь Ц.Өажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт хамааралгүй гэж дүгнэн, нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан тушаалуудыг хүчингүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/00660 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                              ШҮҮГЧИД                                      А.МӨНХЗУЛ

 

                                                                                                 Ч.ЦЭНД