Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2020/00422

 

Ц.Ө-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/00660 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 1058 дугаар магадлалтай,

Ц.Ө-ын нэхэмжлэлтэй,

БК УТҮГ-т холбогдох

2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/19 тоот, 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/48 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ө-, нарийн бичгийн дарга А.Энхжаргал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ө-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ... БК УТҮГ-ын захирал Б.Баттогтох нь надад зүй бусаар харьцсаны хариуд эсэргүүцсэн үг хэлсэн, мөн ажил хаяхад уриалан зохион байгуулсан гэх хоёр үндэслэлээр 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/19 тоот сахилгын шийтгэл ногдуулсан. Жагсаал цуглааныг үйлдвэрчний хороо зохион байгуулсан бөгөөд намайг зохион байгуулаагүй гэдгийг шүүх тогтоосон байдаг. Ажлаас 9 цаг 4 минут хоцорсон, цехүүдээр орж ажиллаагүй, худалдаа хангамжийн менежер Ч.Эрдэнэцэцэг нь байгууллагын захирал удирдлагуудыг хуурч төлөвлөгөөнд огт тусгагдаагүй 9.750.000 төгрөгийн илүү үнээр худалдан авалт хийсэн гэх үндэслэлээр 9 цагийн хөлс хасаад 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр цалингийн 20 хувь хасах сахилгын арга хэмжээ авсан байдаг. Хийгдэх ажлууд сар бүр төлөвлөгөөтэй байдаг бөгөөд байгууллага 14 цехтэй, би гүйцэтгэлээ цаг тухайд нь биелүүлээд явдаг тул гүнд нь орж ажиллаагүй гэх тушаал үндэслэлгүй. Сахилгын арга хэмжээ авахдаа захирлын зөвлөлийн хурлаар оруулж үндэслэлийг тодруулдаг журамтай. Би 15 жил төлөвлөгөөгөө сайн биелүүлж, байгууллагын 4 удаагийн аварга ажилтан болсон, мөн жил бүрийн ажлын тайлангаас үзэхэд хэрхэн сайн ажилласан нь нотлогдоно. Өмнө нь шүүхэд хандахад БК ТӨААТҮГ нь БК УТҮГ болж өөрчлөгдөх шатандаа явж байсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар Засгийн газрын 188 дугаар тогтоолын 4 дэх заалтаар татан буугдаж, 6 дахь заалтаар БК УТҮГазар болж байгуулагдсан байдаг. Иймд 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/19, мөн оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/48 тоот сахилгын арга хэмжээ авах тухай тушаалуудыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч БК УТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар төрийн өмчит хуулийн этгээдийг татан буулгах, өөрчлөн байгуулах асуудлыг гагцхүү Засгийн газар тогтоол гарган шийдвэрлэдэг журамтай. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 188 дугаар "Хууль хэрэгжүүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол гарч БК төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг татан буулгасан бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А-130 дугаартай тушаалаар татан буулгах комиссыг томилсон. Одоо энэ комисс үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хуулийн этгээд улсын бүртгэлээс хасагдаагүй байна. Харин хариуцагч улсын төсөвт үйлдвэрийн газар нь 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасны дагуу шинээр байгуулагдсан улсын төсөвт байгууллага бөгөөд Мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын харьяанд эмхлэн зохион байгууллагддаг үйлдвэрлэлийн байгууллага юм. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт зааснаас үзэхэд улсын бүртгэлээс хасагдаагүй, татан буулгах үйл ажиллагаа дуусаагүй, Засгийн газрын тогтоолоор татан буугдсан байгууллагаас хариуцагч ямар нэг эрх, үүрэг шилжүүлж аваагүй тул Ц.Ө-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалууд нь 2018 оны 1, 3 дугаар сард гарсан ба сахилгын шийтгэлийг зөвхөн үйлдвэрийн захирал ногдуулдаггүй, захирлын зөвлөлийн хурлаар заавал оруулах ёстой болох нь хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулсан байна. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалууд нь уг журмын дагуу гараагүй зөвхөн захирал байсан Б.Баттогтох гэх хүн дангаар гаргасан, захирлын зөвлөлийн хурлын ямар нэг шийдвэрийг үндэслээгүй тул хууль бус тушаал гаргасан байна. 2018 оны 3 дугаар сарын 27-ний өдрийн сахилгын шийтгэлд мөн өдрөөс эхэлж 3 сарын хугацаагаар цалинг 20 хувиар бууруулах гэсэн боловч санхүүгийн тайлангаас харахад нэхэмжлэгч 3,4,5 дугаар сарын цалингаа бүрэн авсан буюу цалингаас 20 хувь хасаагүй байдаг. Иймд сахилгын шийтгэл бодитоор биелэгдсэн гэж үзэхгүй бөгөөд уг тушаалаас ямар нэг үр дагавар үүсээгүй тул уг тушаалыг хүчингүй болгож эрх сэргээх ашиг сонирхол байхгүй байна. Ажлаас хоцорч 09 цаг 04 минут ажил тасалсан гэж тушаалд тусгагдсан. Зөрчил бодитоор тогтоогдсон боловч тушаал биелэгдээгүй үр дагавар үүсээгүй тул тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/00660 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/19 тоот, 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/48 тоот сахилгын арга хэмжээ авах тухай тушаалыг тус тус хүчингүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 1058 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/00660 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 1 жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцдог. Иймд шүүх дахин нэхэмжлэгчид ногдуулсан аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирал Б.Баттогтохын сахилгын шийтгэлийг шинээр байгуулагдсан төсөвт байгууллагад хамааруулж хүчингүй болгох шаардлагагүй. Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Сахилгын шийтгэл ногдуулсан аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар татан буугдаагүй, улсын бүртгэлээс хасагдаагүй, татвар төлөгчөөр бүртгэлтэй, хууль журмын дагуу эрх залгамжлахгүйгээр татан буулгаж шийдвэрлэсэн өмчлөгчийн буюу Засгийн газрын шийдвэртэй байхад Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 28.1 дэх хэсэгт заасан төсөвт байгууллагыг хариуцагчаар татаж огт хамаагүй нэхэмжлэлийн шаардлагад байхгүй эрх залгамжлал, өөрчлөн байгуулагдсан талаар ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан. Эрх залгамжилсан болон өөрчлөн зохион байгуулагдсан талаар шаардлага гаргаагүй. Хариуцагч талаас аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын Захирлын зөвлөлийн ажиллах журмыг нэхэмжлэгчид ногдуулсан сахилгын шийтгэл нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй юм, цалин бууруулах сахилгын шийтгэл бодитой биелэгдээгүй тул өөр байгууллагад холбогдуулж хүчингүй болгох шаардлагагүй юм гэсэн тайлбартаа нотлох баримтаар шүүхэд өгсөн байхад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн мэтээр андуурч үнэлсэн. Хариуцагчийн нотлох баримт бүрдүүлэх хүсэлтүүдийг хангаагүй. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, зохих хуулийг хэрэглээгүй үндэслэл муутай шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ц.Ө- нь БК ТӨААТҮГ-ын захирлын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/19 тоот, 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/48 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч БК ТӨҮГ нь “...өмнөх байгууллагын эрх үүргийг шилжүүлэн аваагүй тул хариуцахгүй” гэж маргажээ.

Хариуцагч БК ТӨҮГ нь Засгийн газрын шийдвэрийн дагуу Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6-т зааснаар хуулийн этгээдийн хэлбэрээ өөрчилж, өмнөх үйл ажиллагааг хэвээр үргэлжлүүлж байх тул аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын эрх, үүргийг шилжүүлж аваагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байх бөгөөд БК ТӨҮГ-т холбогдуулан хэргийг шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Сахилгын шийтгэл ногдуулсан 2018 оны А/19, А/48 тоот тушаалуудын үндэслэл болсон нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан  нь Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журам зөрчсөн гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг  буруутгах  боломжгүй байна.

БК ТӨААТҮГ нь татан буугдаагүй, улсын бүртгэлээс хасагдаагүй , татвар төлөгчөөр бүртгэлтэй байгаа гэх боловч тус газрыг татан буулгаж, шинээр төрийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулсан болох нь Засгийн газрын 2018 оны 188 дугаар тогтоолоор тогтоогдож байх тул төсөвт байгууллагыг хариуцагчаар татаж, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Хариуцагчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг өөрөө олж авах боломжтой гэж дүгнэн шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т заасныг зөрчөөгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/00660 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 1058 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч БК УТҮГ нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ