Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2022/01614

 

 

 

 

2022 07 22 181/ШШ2022/01614

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, шүүгч Б.Билгүүн, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.Ө-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Аг ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 6,216,913 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Д, Ч.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Х.Ө хариуцагч А ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 6,216,913 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Хорлоо овогтой Өнөрхүү нь 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Шангрила Молл төвд байрлах А ресторанд үйлчлүүлэхээр орохдоо тус рестораны хооллох хэсгийн үүдэнд байрлуулсан байсан 50 см өндөртэй өнгөгүй тунгалаг, олон тасалгаа бүхий, дөрвөлжин хэлбэртэй шилнүүдэд бүдэрч унан гэмтсэн.

Тухайн үед уг шилнүүдэд ямар нэгэн анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй. Уг өдрийн осол болсноос хойш нэхэмжлэгчийн толгой болоод хамаг үе мөч янгинаж өвдөх, даагдахгүй болох, халуурах, бөөлжих, хамраас цус гэнэт гарах, нүд бүрэлзэх, хараа эрс муудах, хялар харах зэрэг зовиурууд илэрч уламжлалт бариа засал хийлгэсэн боловч эдгэхгүй байсан тул Интермед эмнэлэгт нэн шаардлагатай шинжилгээ хийлгэн, рентген зургуудыг авхуулж, 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Мөн нэхэмжлэгчийн биед дээрх зовиурууд илэрч байсан тул дахин бариа хийлгэх, нүдний хувийн эмнэлэгт нарийн үзүүлэх, эм тариа авах зэргээр мөнгө зарцуулсан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар А ресторан нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйн улмаас нэхэмжлэгчид хохирол учруулсан гэж үзэж байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар ямар нэгэн үйл ажиллагаа эрхэлж байгаа бол тухайн үйлчлүүлэгчийн эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах ёстой бөгөөд холбогдох хууль, заалтын дагуу хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Мөн Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны стандартыг дагаж мөрдөж үйл ажиллагаа явуулах ёстой. А ресторанд унаж бүдрэхээс болгоомжил гэсэн аюулгүйн ажиллагааны тэмдэг, тэмдэглэгээг байрлуулсан байх ёстой байсан. Энэ үүргээ биелүүлээгүй учраас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учирсан гэж үзэж байгаа.

Тус рестораны удирдлагуудад гомдол гаргасан боловч ойлголцолд хүрээгүй учир Х.Ө нь 2021 оны 4 дүгээр сард цагдаагийн байгууллагаар шалгуулахаар гомдол гаргасан. Гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан. Мөрдөн шалгалтын явцад нэхэмжлэгчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоох зорилгоор 3 удаа шинжээч томилж, 3 удаа шинжээчийн дүгнэлт гарсан боловч уг дүгнэлтүүдээр түүний биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж үзсэн. Шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хяналтын прокурор Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн шинж тогтоогдохгүй буюу хүндэвтэр хохирлын хэмжээнд хүрэхгүй байна гэж үзэн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1434 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол гаргасан.

Мөн Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөрчлийн хэрэг үүсгэн шалгасан боловч 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 05/889 дугаартай албан бичигт дурдсаны дагуу ажилтан, ажил олгогч нарын хоорондох ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт алдагдаагүй тул Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зөрчсөн гэж гэж үзэх боломжгүй гэж үзэн хэргийг хаасан юм.

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэм хор учруулсан, зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд хэрэв зөрчвөл хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ. гэж, 186 дугаар зүйлийн 186.2-т Үүргийн агуулга, шинж чанарыг харгалзан талуудын алинд ч нөгөө талын эрх, эд хөрөнгийн хувьд онцгой үүрэг ногдуулж болно. гэж, 187 дугаар зүйлийн 187.2-т Гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд энэ хуулийн 186 дугаар зүйлд заасан үүрэг үүсэж болно. гэж, 219 дүгээр зүйлийн 219.1 -д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. гэж тус тус заасан. Гэрээний бэлтгэл үе шат нь талууд анхны яриа хэлэлцээр хийж эхэлсэн үеэс гадна гэрээний харилцаа тогтоох зорилгоор эрх, үнэт зүйлст нөлөөлөх боломжийг эсрэг талдаа олгосноор үүсдэг бөгөөд бэлтгэл үе шатанд талууд аль нэгнийхээ эрх, эд хөрөнгийг хамгаалах үүрэг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, хариуцагч болох А ресторан нь нийтэд зориулсан үйлчилгээ үзүүлдэг тул үйлчлүүлэгчдийн эрх, үнэт зүйлс, эд хөрөнгийг хүндэтгэх, хамгаалах /тодруулбал, ресторанаар үйлчлүүлэх үеийн аюулгүй байдлыг хангах/ үүрэгтэй. Гэтэл үйлчлүүлэгчийн явах талбайд анхааруулах тэмдэг тэмдэглэгээгүй, нүдэнд үл харагдах тунгалаг өнгийн шилэн зүйлс байрлуулан тавьсны улмаас нэхэмжлэгч нь унаж бэртсэн учир хариуцагчийг үүргийн зөрчил гаргасан гэж үзэн нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан хохирол буюу эрүүл мэндийг сэргээхэд зарцуулсан эмчилгээний төлбөр, эм тарианы мөнгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.

Нэхэмжлэгч нь тус ресторанд унаж гэмтсэнээс хойш өнөөдрийг хүртэл зовиурууд арилахгүй эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд энэхүү хугацаанд эмчилгээ, эм тарианы төлбөрт нийт 6,216,913 төгрөг зарцуулсан.

Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчийн нүдний ард хэсэгт /тархинд/ цүлхэн хаван үүссэний улмаас хараа эрс муудсан, хараа бүрэлзэх, үе үе толгой тархи, нуруу нугас өвдөх зэрэг гэмтлийн хор уршиг арилаагүй, төлбөрийн чадваргүй байгаа учраас эмчилгээ хийлгэж чадахгүй байна.

Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.2, 187 дугаар зүйлийн 187.2, 219 дүгээр зүйлийн 219.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн эмчилгээнд зарцуулсан нийт 6,216,913 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Х.Ө нь 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр манай ресторанаар үйлчлүүлсэн. Тухайн өдөр Х.Ө нь рестораны тайзыг хараагүй, өөрийн болгоомжгүй үйлдлээс болж унаж бэртсэн гэж үзэж байна. Унаж бэртсэн үеэс хойш Х.Ө ирэхэд би угтаж уулзсан. Манай ресторанд бухимдсан орж ирээд захирал, менежер нь хаана байна гэхэд нь би сандраад очсон. Бүх процессыг нь сонсоход толгой өвдсөн, бариа хийлгэсэн, 400,000 гаруй төгрөг болсон, гомдолтой байна гэхэд нь захиралтай ярилцаад хохирлыг барагдуулъя гэсэн. Х.Ө эгч ойлголоо гээд явсан. Удалгүй их хэмжээний мөнгө нэхэхэд нь бид нилээн гайхсан. Шилэн тайзны хувьд хүн унахаас айгаад авсан гэж тайлбарлаж байх шиг байна. Тухайн газраасаа мөнгөө авч чадаагүй учраас тайзаа болиулсан байгаа. Нэхэмжлэгчийг үйлчлүүлэхийн өмнөх шөнө нь шар өнгийн хуулгаар анхааруулж наасан нь бичлэг дээрээс тодорхой харагдана. Мөн тэр хэсгээр хүн явахааргүй, ширээтэйгээ наалдуулан алхах замгүй болгосон байсан. Бичлэг дээрээс Х.Ө нь дээшээ харж явж байгаад өөрийн хайхрамжгүй үйлдлээс болоод унасан нь харагдана.

Энэ нь цагдаагийн болон мэргэжлийн хяналтын газраас гаргасан холбогдох дүгнэлт, шийдвэрээр тогтоогдож байгаа бөгөөд өөрөөр хэлбэл А рестораны хувьд Монгол Улсын хууль, дүрэм, журам зөрчөөгүй болно.

Мөн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн хяналтын байцаагч Б.Амаржаргалын Зөрчлийн 210900697 дугаартай дүгнэлтээр А ресторан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм журам хангаж ажиллаагүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 6105 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөн Х.Ө-ийн нэмэлтээр ирүүлсэн 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн, 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн шинжилгээгээр өөрчлөлтгүй гэж гарсан. Орбита нүдний эмнэлгийн 2021 оны 5 дугаар сарын нүдний эмчийн үзлэгээр гэмтлийн шалтгаан тогтоогдоогүй, насжилттай холбоотой үүсдэг архаг өөрчлөлт гэх дүгнэлт хэрэгт авагдсан.

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурор Э.Б тус хэрэг бүртгэлтийн хэргийг хянаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объект шинжийг хангаагүй буюу хүндэвтэр хохирлын хэмжээнд хүрэхгүй байгаа тул гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж, хэргийг хаасан байгаа.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хууль тогтоомжоор тогтоох бөгөөд хөдөлмөрийн үйл ажиллагааны явцад хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн байх тул А ресторан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм журмыг дагаж мөрдөж ажиллаагүй нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан. Мөн хуулийн 498.3 дахь хэсэгт хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно гэсэн байгаа.

Манай байгууллагын зүгээс нэхэмжилж байгаа 6,216,913 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин хүн чанарын хувьд өөрийнх нь анх манай байгууллагад орж ирэхдээ шаардсан 400,000 төгрөгийг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Шинжээчийн дүгнэлтээр архаг хууч өвчин гэж дүгнэсэн байхад архаг хууч өвчнөө эмчлүүлэхэд гарсан зардлыг нэхэмжилж байгааг нь төлөх боломжгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж 114,350 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, эмчилгээний зардалтай холбоотой баримтууд /хх8-20/, Х.Ө-ийн Худалдаа хөгжлийн банкны 463013402 тоот дансны хуулга /хх21-23/, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол /хх24-26/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 05/889 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг, Хэрэг бүртгэлтийн шатанд СD-нд үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 3151 дүгээр Шинжээчийн дүгнэлт /хх30-33/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 6105 дугаар Шинжээчийн дүгнэлт /хх34-37/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 625 дугаар Шинжээчийн дүгнэлт /хх38-42/, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Я.Дамдинрагчаагийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №2021/01 дүгээр Шинжээчийн дүгнэлт, Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай тэмдэглэл /хх45-52/, Өвчтөний карт /хх53-58/ зэрэг баримтуудыг ирүүлсэн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гэрч А.Анудариас гэрчийн мэдүүлэг, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас А рестораны 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн камерын бичлэгийг нотлох баримтаар гаргуулан, үзлэг хийж, тэмдэглэл үйлдэн баталгаажуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Х.Ө шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Би А ресторанаар үйлчлүүлэхээр орохдоо тус рестораны хооллох хэсгийн үүдэнд байрлуулсан байсан 50 см өндөртэй, өнгөгүй тунгалаг, олон тасалгаа бүхий, дөрвөлжин хэлбэртэй шилнүүдэд бүдэрч унаснаас миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, уг хохирлыг арилгахад гарсан эм, эмчилгээний зардалд нийт 6,216,913 төгрөгийг зарцуулсан. Уг хохирол нь гэрээ байгуулах үе шатанд учирсан, хариуцагч нь Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй, холбогдох стандарт журмыг баримтлаагүй учраас миний эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгахад гарсан зардлыг төлөх үүрэгтэй гэж тайлбарлав.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгчид учирсан дээрх эрүүл мэндийн хохирол нь нэхэмжлэгчийн өөрийн илт хайхрамжгүй үйлдлээс шалтгаалсан. Манай байгууллагыг Монгол Улсын хууль, дүрэм, журам зөрчөөгүйг Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, Мэргэжлийн хяналтын хэлтсийн ахлах байцаагчийн дүгнэлтээр тогтоосон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар хариуцлагаас чөлөөлөгдөнө. Иймд манай байгууллагын зүгээс нэхэмжилж байгаа 6,219,613 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин нэхэмжлэгчийн анх манай байгууллагад орж ирэхдээ шаардсан 400,000 төгрөгийг өгөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарлав.

4. Хэрэг авагдсан баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч Х.Ө нь 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Шангрила Молл төвд байрлах А ресторанаар үйлчлүүлэхээр ороод тайз засахаар газарт байрлуулж тавьсан 50 см орчим өндөртэй шилэн хаалтанд бүдэрч унасан үйл баримтад талууд маргаагүй.

4.2. Хэрэгт авагдсан тухайн үйл явдал болох үеийн бичлэгт эрүүгийн журмаар хийсэн үзлэгийн тэмдэглэлд ...тухайн зүйл нь ногоон өнгийн тэмдэглэгээ бүхий шил мэт зүйл байв.. гэж, шүүхийн журмаар хийсэн үзлэгийн тэмдэглэлд ...хоолны ширээ сандлын хажууд шилэн тасалгаа бүхий хоёр хажуу талаараа шар өнгийн хүрээтэй, тухайн эмэгтэйн өвдөгний доод талаар татах хэмжээтэй, дээгүүрээ шил байхгүй зүйл... гэж тус тус тэмдэглэгдсэн, СД бичлэгээс үзвэл тухайн бүдэрч унасан шил нүдээр харагдахуйц хэмжээтэй, овор хэмжээ ихтэй, шар өнгийн хүрээ буюу тэмдэглэгээ бүхий шил байсан болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тухайн шил 50 см хүртэл өндөр, 2 метр орчим урт, 1 метр орчим өргөнтэй шил байсан гэх тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эсэргүүцээгүй болно./хх28-29/

4.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 3151 дүгээр Шинжээчийн дүгнэлт-д ...Х.Ө-ийн биед тархи доргилт, баруун шилбэний зулгаралт, зүүн ташаа, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал унаснаас үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэж /хх30-34/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 6105 дугаар Шинжээчийн дүгнэлт-д ...Х.Ө-ийн нэмэлтээр ирүүлсэн 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн тодосгогчтой түнхний соронзон резонанст томографийн хариу нь шинжилгээнд тэнцэж байна. Уг хариугаа зүүн түнхний үений зөөлөн эдийн няцрал, сүүж, түнхний үений холбогч булчин /obturator externus/-ийн гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Орбита нүдний эмнэлгийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны нүдний эмчийн үзлэгээр илэрсэн зовиур, багажийн шинжилгээ, тавигдсан онош нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй, архаг өөрчлөлт байна гэж /хх35-37/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 625 дугаар Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт-д ...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 3151, нэмэлтээр гаргасан 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 6105 дугаартай дүгнэлтүүдтэй санал нэг байна. Х.Ө-ийн биед тухайн үед тархи доргилт, зүүн түнхний үений зөөлөн эдийн няцрал, сүүж, түнхний үений холбогч булчин /obturator externus/-ийн суналт, баруун шилбэний зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайлбал унаж, ойчих үед үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилт, зүүн түнхний үений зөөлөн эдийн няцрал, сүүж, түнхний үений холбогч булчингийн суналт баруун шилбэний зулгаралт гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Орбита нүдний эмнэлгийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны нүдний эмчийн үзлэгээр Ds: Presbyopia H52.4 /ойрын харалган/ гэсэн оноштой байх ба уг эмгэг нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй, насжилттай холбоотой архаг өөрчлөлт болно гэж /хх38-42/,

Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Я.Дамдинрагчаагийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №2021/01 тоот Шинжээчийн дүгнэлт-д ...А ресторан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм, журам хангаж ажиллаагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж /хх43-44/ тус тус дүгнэжээ.

 

4.4. Цагдаагийн байгууллагаас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шангрила молл төвийн 3 давхарт байрлах А ресторанд Х.Ө нь үйлчлүүлэхээр орох үедээ тайз засахаар байрлуулсан байсан шилэн хаалтанд бүдэрч унасны улмаас түүний биед тархи доргилт, баруун шилбэний зулгаралт, зүүн ташаа, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1434 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хаажээ. /хх24-26/

Уг тогтоолд ...Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шангрила молл төвийн 3 давхарт байрлах А ресторанд Х.Ө үйлчлүүлсэн бөгөөд үйлчлүүлээд гарах үедээ тайз засахаар байрлуулсан байсан шилэн хаалтанд бүдэрч унасан, үүний улмаас түүний биед тархи доргилт, баруун шилбэний зулгаралт, зүүн ташаа, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 3151 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөн нэмэлтээр хийгдсэн 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 6105 дугаартай дүгнэлт, 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 625 дугаартай дахин шинжилгээний дүгнэлт зэргээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн обьект шинжийг хангахгүй буюу хүндэвтэр хохирол-ын хэмжээнд хүрэхгүй байх тул хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэх нь зүйтэй гэж дурджээ.

Нэхэмжлэгч дээрх Прокурорын тогтоолд гомдол гаргаагүй болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон.

 

5. Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч Х.Ө А ресторанаар үйлчлүүлэхээр ороод тус рестораны газарт байрлуулсан шилэнд бүдэрч унасан, тухайн шилийг хариуцагч байгууллага тайз засахаар газарт байрлуулсан үйл баримт тогтоогдсон, түүнчлэн бүдэрч унаснаас үүдэн нэхэмжлэгчийн биед хөнгөн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 3151 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөн нэмэлтээр хийгдсэн 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 6105 дугаартай дүгнэлт, 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 625 дугаартай дахин шинжилгээний дүгнэлтээр тус тус тогтоогдсон.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч А ХХК-иас 6,216,913 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээ байгуулах үе шатанд учирсан хохирол, мөн хариуцагч байгууллагыг Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй, холбогдох стандартыг баримтлаагүйгээс нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэж тайлбарласан тул шүүх дээрх үндэслэлүүдэд дүгнэлт хийх нь зүйтэй.

5.1. Гэрээ байгуулахаар хэлэлцээ хийх болон бэлтгэл үе шатанд тодорхой үүрэг үүсэх боломжтой талаар Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.2-т, 187.2-т заасан тохиолдолд буюу гэрээ байгуулах үе шатанд аль нэг талын хайхрамжгүй үйлдлээс болж гэрээ байгуулагдаагүй үед түүнтэй холбогдон гарсан зардлыг тухайн хайхрамжгүй үйлдэл хийсэн этгээдээр нөхөн төлүүлэхээр мөн хуулийн 187.3-т тус тус заасан.

Нэхэмжлэгч Х.Өг 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр А ресторанд үйлчлүүлэхээр буюу хоол идэхээр орсон үйл баримт талуудын маргаагүй тайлбараар тогтоогдсон бөгөөд А ресторан нь нийтэд үйлчилгээ үзүүлдэг бизнесийн байгууллагын хувьд Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.4-т зааснаар Худалдах, худалдан авах гэрээний санал гаргах дуудлагыг нийтэд нээлттэй гаргасан гэж үзэж болно. Нэхэмжлэгч Х.Ө нь тухайн өдөр дээрх ресторанаар үйлчлүүлсэн гэж тайлбарласан тул тэрээр саналын дуудлагыг хүлээн авч, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.3-т Хэлэлцээний явцад аль нэг талын хайхрамжгүй үйлдлээс болж гэрээг байгуулаагүй бол хэлэлцээ хийхтэй холбогдон гарсан зардлыг хайхрамжгүй хандсан тал нөгөө талд нөхөн төлөх үүрэг үүсч болно гэж талуудын хооронд үүрэг үүсэх үндэслэлийг заасан.

 

Иймд нэхэмжлэгч Х.Ө нь хариуцагчтай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан тул хуульд заасанаар үүрэг үүссэн гэж үзвэл худалдах худалдан авах гэрээтэй холбоотой зардлыг хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагчаас шаардах эрх үүснэ. Гэвч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа эрүүл мэндэд учирсан хохирол үндэслэлээр шаардсан тул хуулийн дээрх зохицуулалт нь маргааны энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна.

 

Мөн хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээр хариуцагч байгууллага нь тайз засахаар газарт байрлуулсан шилэнд шар өнгийн тууз бүхий наалт наасан байсан нь тогтоогдсон тул үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, бэртэж гэмтэхээс хамгаалах, урьдчилан сэргийлэх үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, ийнхүү үүрэг зөрчсөнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй.

 

5.2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээхээр заажээ.

Нэхэмжлэгч Х.Ө нь А ресторанаар үйлчлүүлэхээр орох үедээ газарт байрлуулсан шилэнд бүдэрч унасан, тухайн шилийг хариуцагч байгууллага өөрийн ресторанд тайз засахаар газарт байрлуулсан үйл баримт тогтоогдсон, түүнчлэн бүдэрч унаснаас нэхэмжлэгчийн биед хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон хэдий ч нэхэмжлэгчид учирсан дээрх хохирлыг хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс учирсан, тэдгээрийн хооронд шууд шалтгаант холбоотой гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч А ХХК-ийг Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны стандартын дагуу унаж бүдрэхээс болгоомжил гэсэн аюулгүйн ажиллагааны тэмдэг, тэмдэглэгээг байрлуулсан байх ёстой байсан гэж тайлбарласан боловч тухайн стандартыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй, дээрх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Түүнчлэн, нэхэмжлэгч өөрийн хэт болгоомжгүй үйлдлийн улмаас тайз засахаар газарт байрлуулсан шилэнд бүдэрч унасан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө. зааснаар хариуцлагаас чөлөөлөгдөх тухай хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

Иймд хариуцагч А ХХК-ийг нэхэмжлэгч Х.Ө-ийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруутай гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн шаардсан 6,216,913 төгрөгийг хариуцагч А ХХК хариуцах хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны явцад 400,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан тул шүүх хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр 400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,816,913 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин зохигчийн аль нэг нь үүнийг зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна гэж заасан бөгөөд шүүх хуралдааны товыг иргэдийн төлөөлөгчид мэдэгдсэн, томилогдсон иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, зохигчид иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн тул иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулж, хэргийг шийдвэрлэсэн болно.

7. Нэхэмжлэгч шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч хуулийн этгээдийг А ресторан гэж тодорхойлсоны дагуу тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШЗ2021/13908 тоот Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн. /хх1-4, 58/

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн санд А ХХК, гүйцэтгэх захирал Ц.Х гэж тэмдэглэгдсэн байх бөгөөд А ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн итгэмжлэлээр Ч.Дагвадоржид хариуцагчийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэл олгосны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.

Шүүх хуралдаанд хариуцагч хуулийн этгээдийн нэршлийг зохигчдоос тодруулж, А ХХК-д холбогдуулан зөвтгөн шийдвэрлэсэн болно.

8. Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 12,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 187 дугаар зүйлийн 187.2, 219 дүгээр зүйлийн 219.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг удирдлага болгон хариуцагч А ХХК-иас 400,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,816,913 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 12,650 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН

 

О.ОДГЭРЭЛ