Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01899

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01899

 

 

Х.Ө-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2022/01614 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Х.Ө-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч А ХХК-д холбогдох,

Гэм хорын хохиролд 6,216,913 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Ө-, түүний өмгөөлөгч Х.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, түүний өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Х.Ө- нь 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Шангрила Молл төвд байрлах А- ресторанд үйлчлүүлэхээр орохдоо тус рестораны хооллох хэсгийн үүдэнд байрлуулсан байсан 50 см өндөртэй өнгөгүй тунгалаг, олон тасалгаа бүхий, дөрвөлжин хэлбэртэй шилнүүдэд бүдэрч унан гэмтсэн.

Тухайн үед уг шилнүүдэд ямар нэгэн анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй. Уг өдрийн осол болсноос хойш нэхэмжлэгчийн толгой болоод хамаг үе мөч янгинаж өвдөх, даагдахгүй болох, халуурах, бөөлжих, хамраас цус гэнэт гарах, нүд бүрэлзэх, хараа эрс муудах, хялар харах зэрэг зовууриуд илэрч уламжлалт бариа засал хийлгэсэн боловч эдгэхгүй байсан тул Интермед эмнэлэгт нэн шаардлагатай шинжилгээ хийлгэн, рентген зургуудыг авхуулж, 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Мөн нэхэмжлэгчийн биед дээрх зовууриуд илэрч байсан тул дахин бариа хийлгэх, нүдний хувийн эмнэлэгт нарийн үзүүлэх, эм тариа авах зэргээр нийт 6,216,913 төгрөг зарцуулсан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар А- ресторан нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйн улмаас нэхэмжлэгчид хохирол учруулсан гэж үзэж байна. Тус рестораны удирдлагуудад гомдол гаргасан боловч ойлголцолд хүрээгүй учир Х.Ө- нь 2021 оны 04 дүгээр сард цагдаагийн байгууллагаар шалгуулахаар гомдол гаргасан боловч гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж үзсэн. Мөн Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөрчлийн хэрэг үүсгэн шалгасан боловч 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 05/889 дугаартай албан бичигт дурдсаны дагуу ажилтан, ажил олгогч нарын хоорондох ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт алдагдаагүй тул Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зөрчсөн гэж үзэн хэргийг хаасан.

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 186 дугаар зүйлийн 186.2, 187 дугаар зүйлийн 187.2, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус зааснаар А- ресторан нь үүргээ хүлээх ёстой. Өөрөөр хэлбэл, хариуцагч болох А- ресторан нь нийтэд зориулсан үйлчилгээ үзүүлдэг тул үйлчлүүлэгчдийн эрх, үнэт зүйлс, эд хөрөнгийг хүндэтгэх, хамгаалах /тодруулбал, ресторанаар үйлчлүүлэх үеийн аюулгүй байдлыг хангах/ үүрэгтэй. Гэтэл үйлчлүүлэгчийн явах талбайд анхааруулах тэмдэг тэмдэглэгээгүй, нүдэнд үл харагдах тунгалаг өнгийн шилэн зүйлс байрлуулан тавьсны улмаас нэхэмжлэгч нь унаж бэртсэн учир хариуцагчийг үүргийн зөрчил гаргасан гэж үзэн нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан хохирол буюу эрүүл мэндийг сэргээхэд зарцуулсан эмчилгээний төлбөр, эм тарианы мөнгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна. Өнөөдрийн байдлаар гэмтлийн хор уршиг арилаагүй, төлбөрийн чадваргүй байгаа учраас эмчилгээ хийлгэж чадахгүй байна.

Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.2, 187 дугаар зүйлийн 187.2, 219 дүгээр зүйлийн 219.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн эмчилгээнд зарцуулсан нийт 6,216,913 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч Х.Ө- нь 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр манай ресторанаар үйлчлүүлсэн. Тухайн өдөр Х.Ө- нь рестораны тайзыг хараагүй, өөрийн болгоомжгүй үйлдлээс болж унаж бэртсэн гэж үзэж байна. Унаж бэртсэн үеэс хойш Х.Ө- ирэхэд би угтаж уулзсан. Манай ресторанд бухимдсан орж ирээд захирал, менежер нь хаана байна гэхэд нь би сандраад очсон. Бүх процессыг нь сонсоход толгой өвдсөн, бариа хийлгэсэн, 400,000 гаруй төгрөг болсон, гомдолтой байна гэхэд нь захиралтай ярилцаад хохирлыг барагдуулъя гэсэн. Х.Ө- ойлголоо гээд явсан. Удалгүй их хэмжээний мөнгө нэхсэн. Шилэн тайзны хувьд хүн унахаас айгаад авсан гэж тайлбарлаж байх шиг байна. Тухайн газраасаа мөнгөө авч чадаагүй учраас тайзаа болиулсан байгаа. Нэхэмжлэгчийг үйлчлүүлэхийн өмнөх шөнө нь шар өнгийн хуулгаар анхааруулж наасан нь бичлэг дээрээс тодорхой харагдана. Мөн тэр хэсгээр хүн явахааргүй, ширээтэйгээ наалдуулан алхах замгүй болгосон байсан. Бичлэг дээрээс Х.Ө- нь дээшээ харж явж байгаад өөрийн хайхрамжгүй үйлдлээс болоод унасан нь харагдана. Энэ нь цагдаагийн болон мэргэжлийн хяналтын газраас гаргасан холбогдох дүгнэлт, шийдвэрээр тогтоогдож байгаа. А- рестораны хувьд хууль, дүрэм, журам зөрчөөгүй болно.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 6105 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөн Х.Ө-гийн нэмэлтээр ирүүлсэн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шинжилгээгээр өөрчлөлтгүй гэж гарсан. Орбита нүдний эмнэлгийн 2021 оны 05 дугаар сарын нүдний эмчийн үзлэгээр гэмтлийн шалтгаан тогтоогдоогүй, насжилттай холбоотой үүсдэг архаг өөрчлөлт гэх дүгнэлт хэрэгт авагдсан.

А- ресторан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм журмыг дагаж мөрдөж ажиллаагүй нөхцөл байдал тогтоогдоогүй.

Манай байгууллагын зүгээс нэхэмжилж байгаа 6,216,913 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин хүн чанарын хувьд өөрийнх нь анх манай байгууллагад орж ирэхдээ шаардсан 400,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Шинжээчийн дүгнэлтээр архаг хууч өвчин гэж дүгнэсэн байхад архаг хууч өвчнөө эмчлүүлэхэд гарсан зардлыг нэхэмжилж байгааг нь төлөх боломжгүй.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 187 дугаар зүйлийн 187.2, 219 дүгээр зүйлийн 219.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хариуцагч А ХХК-аас 400,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Ө-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,816,913 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 12,650 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.б. Миний бие нь хэрэг явдал болсноос хойш А- рестораны удирдлагуудтай уулзаж эмчилгээний төлбөр 400,000 төгрөг өгөхийг шаардаж байсан удаа байхгүй, харин унаснаас хойш бие өвдөөд үзүүлж харуулах шаардлагатай байгаа тул эмнэлэгт шинжилгээ хийлгэх төлбөрийг урьдчилан өгөх, эсхүл хариуцагч талаас эмнэлгээр хамт явж үзүүлж харуулах гэсэн шаардлага тавьж нэг удаа уулзахад эхлээд эмчилгээ хийлгээд баримтаа авч ирээд хохирлоо барагдуулаарай гэж байсан.

Шинжээчийн 3 удаагийн дүгнэлтээр миний биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон бөгөөд хэргийн 25 дугаар талд авагдсан прокурорын тогтоол, 27 дугаар талд авагдсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хариу зэргээр миний биед хөнгөн хохирол учирснаас үүссэн зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан байгааг анхаарч үнэлэлт, дүгнэлт хийгээгүй.

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 186 дугаар зүйлийн 186.2, 187 дугаар зүйлийн 187.2, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус зааснаар миний бие хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Шүүх Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.3 дахь хэсэгт заасныг баримтлан хэлэлцээний явцад аль нэг талын хайхрамжгүй үйлдлээс болж гэрээ байгуулаагүй бол хэлэлцээ хийхтэй холбогдон гарсан зардлыг хайхрамжгүй хандсан тал нөгөө талд төлөх үүрэг хүлээнэ гэж, мөн талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан тул худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой зардлыг төлнө гэж хуулийг явцуу утгаар тайлбарлан миний эрхийг зөрчиж байна. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу бэлтгэл үе шатанд учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт бараа, ажил, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаагүйгээс хэрэглэгчийн амь насанд аюул, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсны нөхөн төлбөрийг Иргэний хуулийн арван найм, тавин хоёрдугаар бүлэгт заасны дагуу буруутай этгээдээр нөхөн төлүүлэх эрхтэй гэж, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх, заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан гэж, мөн энэ зүйлийн 12.6 дахь хэсэгт Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч нь барааны аюулгүй байдлыг хэрэглэгчийн эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчинд учирсан гэм хорыг хуульд заасны дагуу арилгана гэж тус тус заасан. Мөн MNS 4643:1998 дугаартай Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны тэмдэг ба дохионы өнгө гэх нэртэй стандартын 1.3-т Аюулгүй ажиллагааны тэмдгийг хүмүүсийн эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй ажил үйлчилгээний байр, зам, талбай, байгууламж, олон нийтийн газар мөн төхөөрөмж, сав баглаанд байрлуулна гэж тус тус зааж аюул учирч болзошгүй газарт анхааруулах, орохыг хориглох, хүмүүс бүдэрч болох ажлын байр, талбайд бүдрэхээс болгоомжлуулсан тэмдэг хэрэглэхийг үүрэг болгосон байтал А- ресторан нь засвар үйлчилгээ хийхдээ тус хууль, стандартын шаардлагыг мөрдөж ажиллаагүй. Мөн шүүх дээрх стандартыг хэрэгт гаргаж өгөөгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй, стандарт нь хэм хэмжээний акт бөгөөд ямар нэгэн үйл баримт биш тул үүнийг нотлох шаардлагагүй гэж үзэж байна. Хариуцагч нь дээрх хууль, стандартын шаардлагыг баримтлаагүй өөрийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр миний эрүүл мэндэд хохирол учруулсан тул Иргэний хуулийн 497, 505, 512 дугаар зүйлд тус тус заасны дагуу эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй юм.

Миний хувьд тухайн өдрийн осол болсноос хойш толгой болоод хамаг үе мөч янгинаж өвдөх, даагдахгүй болох, халуурах, бөөлжих, хамраас цус гэнэт гарах, нүд бүрэлзэх, хараа эрс муудах, хялар харах зэрэг зовууриуд илэрч эмчилгээ хийлгэсэн, гэвч одоог хүртэл хамаг бие янгинаж өвдөх, нуруу нугас өвдөх зовууриуд арилаагүй байна. Мөн нүдний ард хэсэгт тархинд цүлхэн хаван үүссэний улмаас хараа эрс муудсан, хаван шимэгдүүлэх эмчилгээ хийлгэх шаардлагатай, төлбөрийн чадваргүй байгаагийн улмаас эмчилгээ хийлгэж чадахгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Тухайн 50 см өндөртэй шилэн хаалтыг нүдэнд харагдах тод өнгийн хуулга нааж анхааруулсан. Буруутай үйл ажиллагаа байхгүй гэдгийг эрх бүхий байгууллага тогтоосон. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар тухайн байгууллага өөрийн буруугүй үйл ажиллагаанаас бусдад учирсан хохирлыг төлөхгүй байх хуулийн зохицуулалттай тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

2. Нэхэмжлэгч Х.Ө- гэм хорын хохирол 6,216,913 төгрөг нэхэмжилснээс хариуцагч А ХХК 400,000 төгрөгийг зөвшөөрч бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх маргааны үйл баримтад хамааралтай хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тус бүрд дүгнэлт хийж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

 

4. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ А- ресторанаар үйлчлүүлэхдээ тус рестораны үүдэнд байрлуулсан 50 см өндөртэй өнгөгүй тунгалаг олон тасалгаа бүхий дөрвөлжин хэлбэртэй шилнүүдэд бүдэрч унан гэмтсэн, үүний улмаас эрүүл мэндэд хохирол учирсан. Иймд эм тариа, эмчилгээнд зарцуулсан төлбөрөө хариуцагчаас гаргуулна гэж тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг гэж тодорхойлсон. /хх106-107/

 

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй боловч нэхэмжлэлийн шаардлагаа эрүүл мэндэд учирсан хохирол гэх үндэслэлээр шаардсан ... гэж буруу дүгнэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулгаас харахад гэм хор учруулснаас үүсэх үүргийн эрх зүйд хамааралтай байхад шүүх гэрээний дагуу үүсэх үүргийн хэм хэмжээг тайлбарлан хэрэглэсэн, хууль хэрэглээний хувьд алдаатай болсон байна.

 

5. Хэргийн үйл баримт хангалттай тогтоогдоогүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой бус байдлаар нь шийдвэрлэсэн байна. Тухайлбал, нэхэмжлэгч нь 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд Интермед эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 3,595,540 төгрөг төлсөн гэж тайлбарлан хэрэгт Интернэйшнл медикал сентер ХХК-ийн кассын тэмдэг дарагдсан Англи хэл дээрх баримт ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байхын зэрэгцээ нэхэмжлэгчийн хэвтэн эмчлүүлсэн гэх үйл баримт нь А- ресторанд байрлуулсан шилнүүдэд бүдэрч унасны улмаас үүссэн гэмтэлтэй шалтгаант холбоотой эсэх нь тодорхойгүй, хэрэгт энэ талаарх нотлох баримт авагдаагүй байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл бүрийг тодруулж талуудыг мэтгэлцүүлэх ажиллагааг хангалттай хийж чадаагүй байна. /хх8-17/

 

Тодруулбал, Интермед эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх өвчний онош тодорхойгүй байх бөгөөд өвчтөний карт, эмнэлэгт хэвтсэн түүх зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байна.

 

6. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.3 дахь хэсэгт нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно, нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ А- рестораныг хариуцагчаар тодорхойлж, шүүх 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр А- ресторанд холбогдуулан иргэний хэрэг үүсгэн, нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг хийж 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр А- ресторан ХХК-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна. Харин 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар А ХХК-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн нь шүүх хариуцагчийг дур мэдэн сольсон гэж үзэхээр байна. /хх1-4, 59, 80, 105-114/

 

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын Улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах замаар хариуцагчийн эрх зүйн байдлыг тодруулах ажиллагааг хийгээгүй байна.

 

7. Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баримталж хэргийг хянан шийдвэрлэсэн алдаа гаргасан байгааг дурдах нь зүйтэй. /хх123/

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2022/01614 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ