Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Өлзиймэндийн Болорчимэг |
Хэргийн индекс | 111/2020/0022/з |
Дугаар | 121/ШШ2022/0150 |
Огноо | 2022-12-05 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 121/ШШ2022/0150
2022 оны 12 сарын 05-ны өдөр Дугаар 121/ШШ2022/0150 Арвайхээр сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн Б дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *********,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *********,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *********,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Сонгуулийн хорооны дарга *********,
Хариуцагч: Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч *********,
Хариуцагч: Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хорооны дарга *********,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч *********,
Гуравдагч этгээд *********,
Гуравдагч этгээд ********* нарын хоорондын орон нутгийн сонгуулийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *********, ********* /цахимаар/, хариуцагч Баянхонгор аймгийн Сонгуулийн хорооны дарга *********, хариуцагч Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч *********, хариуцагч Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хорооны дарга *********, хариуцагч Баянхонгор аймгийн Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч *********, гуравдагч этгээд *********, *********, иргэдийн төлөөлөгч *********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ********* нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 189 дугаартай магадлалаар хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааснаас хойш нэхэмжлэлийн шаардлагаа Баянхонгор аймгийн Сонгуулийн хороо, Баянхонгор аймгийн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 8-р тойргийн 10-р хэсгийн хороонд тус тус холбогдуулан “1. Баянхонгор аймгийн ИТХ-ын сонгуулийн 8-р тойргийн 10-р хэсгийн хорооны сонгуулийн санал хураалтыг хүчингүйд тооцуулах, 2. Сонгуулийн хороо нь сонгуулийн дүнгээ харилцан зөрүүтэй мэдээлсэн үйлдэл нь мөн сонгуулийн тухай хуулийг зөрчсөн хууль бус болохыг тогтоолгох, 3. Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны 2020.10.19-ний өдрийн “Нэр дэвшигчдийг өргөн мэдүүлэх тухай" 11 дугаартай тогтоолын хавсралтад заагдсан *********гийн *********, *********гийн ********* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 4. Баянхонгор аймгийн ИТХ-ын сонгуулийн 8-р тойргийн 10-р хэсгийн хорооны сонгуулийн санал хураалтыг дахин явуулахыг даалгах” гэж тодорхойлсон.
2. Нэхэмжлэгч нь 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны явцад дээрх 4 дэх шаардлагаа “Баянхонгор аймгийн ИТХ-ын сонгуулийн 8-р тойргийн 10-р хэсгийн хорооны сонгуулийг дахин явуулахыг даалгах” гэж өөрчилж, мөн нэхэмжлэлийн шаардлагаа “Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1/1 дугаар тогтоолын *********, ********* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн байна.
3. Нэхэмжлэгч ********* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн Баянхонгор сумын 8 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшжээ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн Сонгуулийн хороо нь Баянхонгор сумын Есөн булаг 9 дүгээр багийн санал хураалтын дүнгээр хамгийн олон санал авсан гэж үзэн, Монгол Ардын намаас нэр дэвшигч *********, А.********* нарын /Тэднээс гадна нэр бүхий 39/ төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэхээр 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэрийг нь өргөн мэдүүлсэн, улмаар маргаан бүхий захиргааны актыг гаргасан байна.
4. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мэдсэн. Харин нэхэмжлэгч 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн Сонгуулийн хороонд хандан 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хороонд дахин санал хураалт явуулах талаар гомдлоо гаргасныг хариуцагч 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1а/37 дугаар албан бичгээр хууль зөрчөөгүй гэж үзэн гомдлыг хангахаас татгалзсан хариуг өгсөн.
5. Нэхэмжлэгчээс анх 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасан.
6. Нэхэмжлэгч *********ээс хамгийн сүүлд 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулж ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Миний бие ********* нь Баянхонгор аймгийн сонгуулийн хороо /дарга нь *********/, Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 8-р тойргийн 10-р хэсгийн хорооны хууль зөрчсөн үйл ажиллагаатай холбогдуулан Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.
Тус нэхэмжлэлтэй холбогдуулан Өвөрхангай аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах хугацаа тогтоох тухай 121/ШЗ2022/0130 дугаартай захирамж гаргасан учир дараах байдлаар нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулж байна.
Энэ сонгуулиар миний сонгох, сонгогдох эрх ноцтой зөрчигдсөн. Үүнд:
Нэг. Баянхонгор аймгийн ИТХ-ын сонгуулийн 8-р тойргийн 10-р хэсгийн хорооны сонгуулийн санал хураалтыг хүчингүйд тооцуулах шаардлагын тухайд.
1.1. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9/-д заасан шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй.
1.2. Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.1.хууль дээдлэх; 7.4.2.ил тод байдлыг хангах; 7.4.3.шударга ёсыг сахих гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөн.
Хоёр: Сонгуулийн хороо нь сонгуулийн дүнгээ харилцан зөрүүтэй мэдээлсэн үйлдэл нь мөн сонгуулийн тухай хуулийг зөрчсөн хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.7.Санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүн тухайн хэсгийн санал хураалтын дүн байна.гэснийг зөрчсөн.
Сонгуулийн санал тоолох төхөөрөмж буюу хар машинаас гарсан дүн 1207 саналын хуудас уншсан байдаг. Гэтэл хэсгийн хорооны тайланд 2114 саналын хуудас хүлээн авснаас 1304 саналын хуудас зарцуулсан гэж тайлагнасан. Тэгвэл зарцуулаагүй саналын хуудас 810 үлдэхээр байсан. Гэтэл 828 саналын хуудас үлдсэн байдаг.
3. Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны 2020.10.19-ний өдрийн “Нэр дэвшигчдийг өргөн мэдүүлэх тухай" 11 дугаартай тогтоолын хавсралтад заагдсан *********гийн *********, *********гийн ********* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд
3.1. Баянхонгор аймгийн ИТХ-ын сонгуулийн 8-р тойргийн 10-р хэсгийн хорооны 2020 оны 10-р сарын 15-ны өдрийн буюу санал авах өдрийн №5 дугаартай хуралдааны тэмдэглэл бол гол нотлох баримт. Өөрөөр хэлбэл энэ хэсгийн хорооны явцын тэмдэглэл гол нотлох баримт болох учиртай. Энэ тэмдэглэлд 70 сонгогч иргэн саналын хуудсаа буруу тэмдэглэж дахин саналын хуудас авч саналаа өгсөн болохыг бичсэн байна. Гэтэл хариуцагчаас 74 сонгогч саналаа буруу тэмдэглэсэн. Үүнээс 5 сонгогчийн саналын хуудсыг хар машин таньж уншаагүй талаар тайлбар өгсөн байдаг.
Эндээс Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7.Санал тоолох төхөөрөмж саналын хуудсыг таньж уншаагүй бол сонгогч энэ тухайгаа хэсгийн хороонд мэдэгдэж, уг саналын хуудсыг хураалгаж, дахин саналын хуудас авч, саналаа өгч болно.гэснийг зөрчсөн нь нотлогдоно.
Саналын хуудсыг төхөөрөмж таньж уншаагүй бол сонгогчид дахин саналын хуудас олгож төхөөрөмж таньж унших хүртэл хэдэн ч удаа саналын хуудас авч болох эрхийг нь зөрчсөн.
3.2. Энэ нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн. Аймаг нийслэл сум дүүргийн, иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5.Сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөх гэж санал хураалтын явцад гарсан зөрчил нь сонгуулийн дүнд илт нөлөөлөхүйц буюу сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигч ба түүний дараах нэр дэвшигчийн авсан саналын зөрүүтэй тэнцүү, эсхүл их байхыг ойлгоно.гэж хуульчилсан.Тухайлбал МАН-аас нэр дэвшигч ********* -589 хүний санал авсан 48,80% АН-аас нэр дэвшигч *********- 584 хүний санал авсан 48,38% буюу 5 саналын зөрүүтэй байдаг.
4. Баянхонгор аймгийн ИТХ-ын сонгуулийн 8-р тойргийн 10-р хэсгийн хорооны сонгуулийн санал хураалтыг дахин явуулахыг даалгах шаардлагын тухайд:
4.1. Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5 “Сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөх гэж санал хураалтын явцад гарсан зөрчил нь сонгуулийн дүнд илт нөлөөлөхүйц буюу сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигч ба түүний дараах нэр дэвшигчийн авсан саналын зөрүүтэй тэнцүү, эсхүл их байхыг ойлгоно”, 65 дугаар зүйлийн 65.7 “Санал тоолох төхөөрөмж саналын хуудсыг таньж уншаагүй бол сонгогч энэ тухайгаа хэсгийн хороонд мэдэгдэж, уг саналын хуудсыг хураалгаж, дахин саналын хуудас авч, саналаа өгч болно” гэснийг тус тус зөрчсөн.
Мөн тэмдэглэлд 15:34. хоёрдугаар төхөөрөмжийн батерей салж, технологийн багийг дуудсан. 16:54. технологийн даамал ирж ажиллагаанд оруулсан гэсэн байдаг.
Хоёр. Баянхонгор аймгийн сонгуулийн хороо, 8-р тойргийн 10-р хэсгийн хорооны дээрх хуулийн заалтуудыг илтэд зөрчсөн үйлдлээс болж, миний НӨУЁБ-д сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн. Иймд өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, бүрдүүлбэр ханган хүргүүлж байна...” гэжээ. 7. Нэхэмжлэгч *********ээс 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “... Миний бие ********* Баянхонгор аймгийн Сонгуулийн хороо болон Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хороонд холбогдуулан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хороо, Баянхонгор аймгийн Сонгуулийн хорооны үйл ажиллагааг хууль бус гэж үзэн сонгуулийг хүчингүй болгуулах, дахин сонгууль явуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүхэд маргаан үүсгэж нэр дэвшигч нарыг сонгогдсонд тооцох тухай тогтоолыг түдгэлзүүлэх хүсэлтийг удаа дараалан гаргаж шүүгчийн захирамжаар түдгэлзүүлж байсан боловч түүнийг үл ойшоон Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуралдаж 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1/1 дугаартай тогтоолыг гарган нэр дэвшигч *********, ********* нарыг Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр батламжилсан нь хууль бус болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Баянхонгор аймгийн Сонгуулийн хороо болон 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хорооны хууль бус шийдвэр үйл ажиллагааг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй, нэр дэвшигчдийг өргөн мэдүүлсэн тогтоолыг түдгэлзүүлсэн. Маргаантай байхад шийдвэр гаргасан нь миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байх тул, түүнчлэн *********, ********* нарт холбогдох хэсэг нь хүчинтэй хэвээр байх нь тус нэхэмжлэлд миний эрх ашиг сэргэхгүй байх магадлалтай гэж үзэж байна. Иймд Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хамтран хариуцагчаар татаж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1/1 дугаар тогтоолын *********, ********* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэсэн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна” гэжээ.
8. Хариуцагч Баянхонгор аймгийн Сонгуулийн хорооноос шүүхэд гаргасан тайлбартаа: “...Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны сонгуулийг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8 дугаар тойргийн 10 дугаар хэсэгт зохион байгуулахдаа холбогдох хууль тогтоомжийн дагуу явуулсан гэж үзэж байна.
Тус хэсгийн хороо нь нийт 2114 саналын хуудас хүлээж авснаас зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахад 18 хуудас, санал авах өдөр 1286 саналын хуудсыг тус тус зарцуулж 828 саналын хуудас зарцуулагдаагүй үлдсэнээс 79 хуудас хүчингүй болсон. Үүнийг Саналын хуудасны зарцуулалтын тайлан, аймгийн Сонгуулийн хороонд хүлээлгэж өгсөн саналын хуудаснаас харж болно.
Мөн Иргэний бүртгэлийн ажилтны мэдээллээр нийт 1212 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь заалтын дагуу алдаатай саналын хуудсаа хураалган дахин 1 саналын хуудсаар саналаа өгсөн боловч дахин буруу тэмдэглэл хийснээс санал тоолох төхөөрөмж уншаагүй тул 5 сонгогч санал өгөх боломжгүй болсон. Дээрх байдлаас шалтгаалан саналын хайрцагнаас 1207 сонгогч саналаа егснөөр мэдээлэгдсэн.
Сонгуулийн хэсгийн хороо нь хууль тогтоомжид заасан чиг үүргийнхээ дагуу ажиллаж, Монгол улсын Сонгуулийн хорооны 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 16 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу саналын зарцуулалтын тайланг гаргасан гэж Аймгийн сонгуулийн хороо, Баянхонгор сумын 8 дугаар тойргийн 10 дугаар хэсэг үзэж байна.
Аймаг нийслэл, сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар санал хураалтыг хүчингүйд тооцох үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд Баянхонгор аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 11 дугаартай нэр дэвшигчдийг өргөн мэдүүлэх тухай тогтоол нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
9. Хамтран хариуцагч ********* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хорооны сонгуулийн санал хураалтыг хүчингүйд тооцуулах шаардлагын тухайд: Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хорооны саналын хуудас бүхий зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг алдаагүй, санал хураалтыг явуулсан өдөр санал авах байр өөрчлөгдөөгүй, саналын хуудас үрэгдүүлээгүй болох нь тус хэсгийн хорооны тайлан мэдээ, сумын сонгуулийн хорооны тайлан мэдээ, баримтын үзлэгээр тогтоогдсон тул санал хураалтыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна. 2. Сонгуулийн хороо нь сонгуулийн дүнг харилцан зөрүүтэй мэдээлсэн үйлдэл нь мөн сонгуулийн тухай хуулийг зөрчсөн хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд: Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хороо нь санал хураалтад зарцуулсан саналын хуудасны тоо 1286,үүнээс зөөврийн битүүмжилсэн Саналын хайрцгаар 18, санал авах өдөр санал тоолох төхөөрөмжөөр 1189, хүчингүй болсон 79, зарцуулагдаагүй үлдсэн 828 санал хуудас үлдсэн нь сумын сонгуулийн хорооны тайлан мэдээ баримтаар нотлогддог. Мөн санал тоолох төхөөрөмжөөс гарсан саналын хуудасны тоо, санал тоолох төхөөрөмжийн билл дээр гарсан дүн зөрүүгүй байгаа тул Аймаг нийслэл сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн заалтыг зөрчөөгүй гэж үзэхээр байна. Саналын хуудасны зөрүүтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэргийн оролцогчдыг байлцуулан шүүхээс баримтын үзлэг хийхэд саналын хуудас тоолсон билл, хүчингүй болсон саналын хуудасны тоо, санал авахад зарцуулсан саналын хуудасны тоо, зарцуулаагүй үлдсэн саналын хуудасны тоо нь нийт хүлээж авсан саналын хуудасны тоотой тохирсныг оролцогчид болон шүүгч хүлээн зөвшөөрсөн. Иймд иргэн *********ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.
10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********аас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Иргэн *********ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ********* миний бие оролцож байгаа бөгөөд нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Анх аймгийн сонгуулийн хороонд иргэн Н Онцгэрэлийн гаргасан гомдолд Баянхонгор сумын 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хороонд явагдсан санал хураалтыг хүчингүй болгох үндэслэлгүй талаар хуулийн хугацаанд хариу өгсөн. Тухайн шийдвэрт холбогдуулан Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3-т заасны дагуу шүүхэд гомдол гаргасан гэж ойлгож байгаа.
1. Баянхонгор аймгийн ИТХ-ын 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хорооны сонгуулийн санал хураалтыг хүчингүйд тооцуулах шаардлагын тухайд
Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1,-д “Тухайн шатны сонгуулийн хороо дараах тохиолдолд санал хураалтыг хүчингүйд тооцно", 79.1.1-т "байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаангүй байхад урьд нь зарласнаас өөр байранд санал авсан. түүнчлэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авснаас бусад тохиолдолд санал авахаар зарласнаас өөр өдөр санал авсан нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр бол”, 79.1.2."саналын хуудас бүхий зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг алдсан, үрэгдүүлсэн нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр бол гэж тус тус заасан байх бөгөөд хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй буюу нотлогдоогүй, нэхэмжлэл, гомдлын шаардлагад энэ тухай дурдаагүй байх тул санал хураалтыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж Аймгийн сонгуулийн хороо үздэг.
Өөрөөр хэлбэл санал хураалтыг явуулсан өдөр, санал авах байр өөрчлөгдөөгүй, саналын хуудас бүхий зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг алдаагүй, үрэгдүүлээгүй болох нь сонгуулийн 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хорооны тайлан мэдээ тэмдэглэл сумын сонгуулийн хорооны тайлан мэдээгээр тогтоогдож байгаа юм.
2 Сонгуулийн хороо нь сонгуулийн дүнгээ харилцан зөрүүтэй мэдээлсэн үйлдэл нь сонгуулийн тухай хуулийг зөрчсөн хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд болон, Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчийг өргөн мэдүүлэх тухай“ 11 дүгээр тогтоолын хавсралтад заагдсан *********гийн *********. *********гийн ********* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах 3 дахь шаардлагын тухайд.
Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн "Нэр дэвшигчийг өргөн мэдүүлэх тухай" 11 дүгээр тогтоолын 14, 15 дахь хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй юм.
Учир нь Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.6-д “Нутаг дэвсгэртээ явагдсан аймаг. нийслэлийн Хурлын сонгуулийн дүнг нэгтгэж, дээд шатны сонгуулийн хороонд хүргэх" гэж заасны дагуу 20 сумын сонгуулийн хорооноос мэдээг авч нэгтгэн, Сонгуулийн ерөнхий хороонд мэдээлсэн Тус мэдээнд Баянхонгор сумын Сонгуулийн хорооноос ирүүлсэн мэдээнээс 10 дугаар хэсгийн хорооны санал хураалтад зарцуулсан саналын хуудасны тоо 1286, үүнээс зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар 18, хүчингүй болсон 79, санал авах өдөр санал тоолох төхөөрөмжөөр 1189. зарцуулагдаагүй үлдсэн 828 саналын хуудас байна гэж мэдээлэгдсэн. Энэ нь баримтын үзлэгээр мөн тогтоогдсон нь Сумын сонгуулийн хороо Аймгийн сонгуулийн хороонд өгсөн саналын хуудасны зарцуулалтын тайлан эцсийн дүнтэй зөрүүгүй буюу зөв мэдээлэгдсэн байдаг.
Өөрөөр хэлбэл тус хэсгийн хорооны саналын хуудасны зарцуулалтын тайлан хэдийгээр буруу мэдээлэгдсэн байсан боловч сумын нэгдсэн тайлан аймгийн сонгуулийн хороонд зөв мэдээлэгдсэн нь хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон шийдвэрт нөлөөлөхгүй гэж үзэж байна.
Мөн санал тоолох төхөөрөмжөөс гарсан саналын хуудасны тоо болон санал тоолох төхөөрөмжийн билл дээр гарсан дүн зөрүүгүй байгаа нь Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 70.7 дахь заалтыг зөрчөөгүй гэж үзэхээр байна.
Угтаа шүүх Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 74.3-т “Энэ хуулийн 34.3. 37.2, 47.1, 47.5.1, 47.5.2, 55.2-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гарсны дараа шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн шатны сонгуулийн хороо тухайн этгээдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ " гэж заасны дагуу аймгийн Сонгуулийн хорооны шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгох ёстой гэж ойлгож байна. Гэтэл тус хуулийн 34 3, 37.2. 47,1, 47.5.1, 47.5.2, 55.2 дахь заалтууд зөрчигдсөн нь тогтоогдохгүй, нотлогдохгүй байхад Баянхонгор Аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчийг өргөн мэдүүлэх тухай" 11 дүгээр тогтоолын 14,15 дахь хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж ойлгож байна.
Мөн Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасан үндэслэлүүд нотлогдохгүй буюу тогтоогдохгүй байгаа тул дахин сонгууль явуулах үндэслэлгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч нь анх захиргааны хэргийн шүүхэд хандсанаас хойш нийт 7 дахь удаагаа нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, тодруулж байгаа нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болохыг нотолж байна гэж үзэж байгаа.
Иймд *********ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
11. Хариуцагч Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “*********ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Сонгуулийн хороо, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8 дугаар тойргийн аймгийн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн дугаар хэсгийн хороонд холбогдох захиргааны хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4-т “Тухайн шатны сонгуулийн хороо сонгуулийн дүн болон Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш долоо хоногийн дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасны дагуу аймгийн Сонгуулийн хорооноос “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд олонхын санал авсан нэр дэвшигчдийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцон 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор өргөн мэдүүлсэн.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай (2006 оны) хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна.” гэж заасны дагуу бүрэн эрх нь дуусгавар болж буй аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 97 дугаар тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагт хуралдуулахаар товлон зарлаж хуралдсан.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай (2006 оны) хууль, хуралдааны дэг, дотоод журмын дагуу хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталж, хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дарааллыг дагуу аймгийн Сонгуулийн хорооны дарга ********* “Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд олонхын санал авсан нэр дэвшигчдийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон тооцсон тухай" мэдээллийг танилцуулж, аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор өргөн мэдүүлсэн 41 төлөөлөгчийг бүрэн эрхийг хуулийн дагуу баталгаажуулсан.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль болон Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 08 дугаартай “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 9 дүгээр заалтад “Хурлын нийт төлөөлөгч... гэж иргэдийн төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас бүрэн эрх нь баталгаажсан нийт сонгогдогчдыг хэлнэ” гэж заасны дагуу төлөөлөгчид хуралдаандаа оролцож, бүрэн эрхээ хэрэгжүүлж байна.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг чөлөөлөх, огцруулах болон төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болох үндэслэлийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай (2006 оны) хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-д заасан үндэслэлээр Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр хүчингүй болсон.”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай (2020 оны) хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.8-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан үндэслэлээр төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр хүчингүй болсон.” гэж тус тус заасан.
Мөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай 74 дүгээр зүйлийн 74.3-т “Энэ хуулийн 34.3, 37.2, 47.1, 47.5.1, 47.5.2, 55.2-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гарсны дараа шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн шатны сонгуулийн хороо тухайн этгээдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ.” гэж заасан.
Төлөөлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн тухай шүүгчийн захирамж болон аймгийн Сонгуулийн хорооноос Төлөөлөгчөөр сонгогдсон тухай шийдвэрээ хүчингүй болгосон тухай шийдвэр одоог хүртэл манай байгууллагад ирүүлээгүй байгаа тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох боломжгүй юм.
Иймд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1/1 дүгээр тогтоолын төлөөлөгч *********, ********* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.
12. Гуравдагч этгээд *********, ********* нар шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1,-д “Тухайн шатны сонгуулийн хороо дараах тохиолдолд санал хураалтыг хүчингүйд тооцно.”
79.1.1-т "байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаангүй байхад урьд нь зарласнаас өөр байранд санал авсан, түүнчлэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авснаас бусад тохиолдолд санал авахаар зарласнаас өөр өдөр санал авсан нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр бол”,
79.1.2.”саналын хуудас бүхий зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг алдсан, үрэгдүүлсэн нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр бол гэж тус тус заасан байх бөгөөд хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй буюу нотлогдоогүй, нэхэмжлэл, гомдлын шаардлагад энэ тухай дурдаагүй байх тул санал хураалтыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж Аймгийн сонгуулийн хороо үздэг.
Иймд Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасан үндэслэлүүд нотлогдохгүй буюу тогтоогдохгүй байгаа тул дахин сонгууль явуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд *********ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ
13. Иргэдийн төлөөлөгч ********* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэр дэвшигч ********* нь сонгуулийн талаар гомдол гаргасан маргаан байна. ********* гэдэг хүн маань протоколын тэмдэглэлээс өөр нотлох баримт хангалтгүй гэж үзэж байна. Ахин сонгууль явах шаардлагагүй гэж үзэж байна. Хариуцагчийн тайлбар зөв” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэгч *********ийн нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 121/АБ2022/0042 тоот албан бичиг, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 121/ШЗ2022/0130 дугаар “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах хугацаа тогтоох тухай” захирамжаар, мөн шүүх хуралдаан дээр шүүх бүрэлдэхүүнээс удаа дараа тодруулсны үндсэн дээр шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Баянхонгор аймгийн сонгуулийн хороо, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хороо, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан,
1. Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 8-р тойргийн 10-р хэсгийн хорооны сонгуулийн санал хураалтыг хүчингүйд тооцуулах,
2. Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчдийг өргөн мэдүүлэх тухай" 11 дугаартай тогтоолын хавсралтад заагдсан *********гийн *********, *********гийн ********* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
3. Баянхонгор аймгийн ИТХ-ын сонгуулийн 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хорооны сонгуулийг дахин явуулахыг даалгах,
4. Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1/1 дугаар тогтоолын *********, ********* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодорхойлон маргасан.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 8 дугаар тойрогт Монгол ардын намаас *********, *********, Ардчилсан намаас *********, ********* нар нэр дэвшсэн байна.
2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр явагдсан Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хорооны санал авах ажиллагаа 07 цагт эхэлж, 20:00 минутад хаахад санал тоолох төхөөрөмжөөс хэвлэж гаргасан дүнгийн хуудсаар[1] санал тоолох 2 төхөөрөмжид нийт 1207 хүчинтэй саналын хуудас уншигдсанаас ********* 629 санал, ********* 589 санал, ********* 584 санал, ********* 536 санал тус тус авсан байна.
Улмаар маргаан бүхий актууд болох Баянхонгор аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчдийг өргөн мэдүүлэх тухай” 11 дүгээр тогтоолын[2] хавсралтын 14, 15 дахь хэсгээр тус аймгийн 8 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшсэн *********, ********* нарыг хамгийн олон санал авснаар баталж, бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх саналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлснийг үндэслэн Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1/1 дугаар тогтоолоор[3] *********, ********* нарыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол гарсан үйл баримтууд тогтоогдож байна.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ “...Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.1.хууль дээдлэх; 7.4.2.ил тод байдлыг хангах; 7.4.3.шударга ёсыг сахих гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөн, санал хураалтын эцэст дэлгэц дээр гарсан мэдээ хоорондоо зөрсөн, 1207 саналын хүчинтэй хуудас гарсан байтал 1212 хүн ирсэн гэсэн, 5 хүний саналын хуудас зөрсөн, миний сонгуулийн дүн дараагийн нэр дэвшигчийн авсан саналаас 5 хүний саналын зөрүүтэй байгаа учраас сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхүйц нөхцөл байдал үүссэн, ...сонгуулийн хороод зөрүүтэй тайлан гаргасан, санал хураалтын өдрийн явцын тэмдэглэл дээр нийт 74 хүн санал хураалтын явцад хүчингүй саналын хуудас бөглөсөн байгааг тоолсон. Нийт 79 хүний саналын хуудас хүчингүй байх боломжгүй, энэ 5 хүний саналын зөрүү яригдаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, ажиглагч нарын эрхийг хангаагүй, санал авах байранд камер байрлуулаагүй нь хууль зөрчсөн...” гэж маргасан.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан тухайн хэсгийн хорооны сонгогчдын нэрийн жагсаалтаас үзэхэд 2013 сонгогч бүртгэлтэй байгаагаас “түр хасав” тэмдэглэгээтэй 40 сонгогч бүртгэлтэй, санал өгөх эрхтэй 1973 сонгогч байна.
Тухайн сонгуулийн санал хураалтын ажил явагдаж дуусахад ирцийн мэдээ дэлгэц[4] дээр Ирсэн-1212, хурууны хээгээр шалгасан-1177, регистрийн дугаараар шалгасан-16, зөөврийн хайрцгаар санал өгсөн-19 гэж мэдээлсэн бөгөөд, ирц бүртгэлийн хаалтын тайланд[5] нийт бүртгэгдсэн-1973, нийт санал өгсөн-1212, үүнээс хурууны хээгээр-1177, РД-аар-16, зөөврийн хайрцгаар-19, “түр хасав”-ыг сэргээсэн-0 гэж мэдээ гарчээ.
Тухайн хэсэгт зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтад 19 сонгогч бүртгэгдсэн[6] боловч 18 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгч, 1 сонгогч санал өгөөгүй болох нь Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагааны тэмдэглэлд[7] “...*********/ нь тухайн хаяг дээр байхгүй байсан тул ********** дугаар утсаар холбогдон маргааш буюу 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өөрийн биеэр ирж саналаа өгье. Өнөөдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх боломжгүй байна гэсэн тайлбар өгөв. ...Нийт 25 саналын хуудас явснаас 18 иргэнээс санал авч, 3 саналын хуудас хүчингүй болсон” гэж, мөн хэсгийн хорооны сонгуулийн өдөр хөтөлсөн 05 дугаартай тэмдэглэлд[8] 19 хүнээс 18 хүний саналыг зөөврийн хайрцгаар авч, иргэний бүртгэлийн ажилтан зөөврөөр авсан 18 хүний саналыг регистрээр уншуулсан гэж тус тус тэмдэглэснээр тогтоогдож байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газраас нотлох баримтаар ирүүлсэн сонгогчдыг бүртгэсэн цахим бүртгэлээс[9] үзэхэд зөөврийн хайрцгаар санал өгөх сонгогчдын жагсаалтад бүртгэгдсэн 19 сонгогчийг бүртгэж ирцэд тооцсон байна. Хариуцагч нараас сонгогч ***********/-ийг зөөврийн хайрцгаар санал өгөх ёстой боловч өгөөгүй, харин сонгуулийн өдөр санал өгөх байранд ирж санал өгсөн гэж тайлбарлах боловч сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зураагүй[10], сонгогчдыг бүртгэсэн цахим бүртгэл, бүртгэлийн хуудсанд “зөөврийн хайрцгаар” гэж бүртгэсэн зэргээс үзэхэд сонгуулийн өдөр санал авах байранд ирж санал өгсөн гэдэг тайлбар нотлогдохгүй байна.
Иймд ирцийн мэдээнд зөөврийн хайрцгаар санал өгсөн 18 сонгогч байхад 19 гэж мэдээлсэн гэж нэхэмжлэгчээс маргаж байх боловч энэ нь улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д “Итгэмжлэгдсэн ажилтан энэ хуульд заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтын цаасан болон цахим хувилбартай танилцах, өөрчлөлт оруулах, сонгогчийн бүртгэлийг тулган шалгах, санал авах өдөр сонгогчдыг бүртгэх, таньж оруулах, техник хэрэгсэл, программ хангамжийг хариуцан ажиллана.” гэж заасан чиг үүрэгтэй холбоотой, түүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан байна.
Дээрхээс дүгнэж тухайн хэсгийн ирцийг тооцож үзэхэд, хурууны хээгээр шалгасан-1177 сонгогч дээр регистрийн дугаараар шалгасан-16 сонгогчийг нэмэхэд 1193 сонгогч сонгуулийн өдөр санал авах байранд ирж санал өгсөн, үүн дээр сонгуулийн өмнөх өдөр зөөврийн хайрцгаар санал өгсөн-18 сонгогчийг нэмэхэд нийт санал өгсөн сонгогч-1211 гэж үзэхээр байна.
Сонгуулийн өдөр Баянхонгор аймгийн 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хорооны хөтөлсөн 05 дугаартай тэмдэглэлд[11] 70 сонгогч саналын хуудас буруу бөглөж дахин саналын хуудас авсан, үүнээс 4 сонгогч нь саналын хуудас 2 дахь удаагаа буруу бөглөж, саналын хуудас нь хүчингүй болсон буюу нийт 74 саналын хуудас хүчингүй болсон буюу хурааж авснаар, мөн Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагааны тэмдэглэлд[12] “...Нийт 25 саналын хуудас явснаас 18 иргэнээс санал авч, 3 саналын хуудас хүчингүй болсон” гэж тэмдэглэснээс үзэхэд нийтдээ 77 саналын хуудас хүчингүй болсноор тэмдэглэсэн, гэтэл бодит байдал дээр 79 саналын хуудас хүчингүй болсон нь хэсгийн хорооны гаргасан саналын хуудас зарцуулалтын тайлан[13], шүүхийн удаа дараагийн үзлэгээр тогтоогдож, хэрэгт нотлох баримтаар уг 79 хүчингүй болсон саналын хуудас[14] авагджээ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д “Сонгогч саналаа тэмдэглэхдээ алдаа гаргаж, буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийхээс өмнө энэ тухайгаа хэсгийн хороонд мэдэгдэж, алдаатай саналын хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч, саналаа өгч болно.”, 65.7-д “Санал тоолох төхөөрөмж саналын хуудсыг таньж уншаагүй бол сонгогч энэ тухайгаа хэсгийн хороонд мэдэгдэж, уг саналын хуудсыг хураалгаж, дахин саналын хуудас авч, саналаа өгч болно.” гэж заасан.
Хуулийн уг заалтаас үзэхэд сонгогч саналын хуудсаа хураалгаж, дахин саналын хуудас авах 2 тохиолдлыг хуульчилсан бөгөөд, сонгогч саналаа тэмдэглэхдээ алдаа гаргаж, буруу тэмдэглэл хийсэн тохиолдолд дахин нэг л удаа саналын хуудас авч болохоор, өөрөөр хэлбэл сонгогч дахин саналын хуудас аваад түүнийгээ буруу бөглөсөн тохиолдолд саналын хуудас хүчингүй болж, дахин саналын хуудас авах эрхгүй байна. Харин Санал тоолох төхөөрөмж саналын хуудсыг таньж уншаагүй бол хэдэн ч удаа саналын хуудас авч болохоор зохицуулсан байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д заасан тохиолдол бий болсон үед буюу сонгогч 2 удаа саналын хуудсыг буруу бөглөхөд саналын хуудас хүчингүй болж, дахин саналын хуудас авах эрхгүй тул саналаа өгөх боломжгүй, өөрөөр хэлбэл ирцэд бүртгэлтэй боловч хүчинтэй саналын хуудсанд тоологдохгүй юм. Иймд сонгуулийн ирц болон хүчинтэй саналын хуудас хоорондоо тэнцүү тоотой байх хуулийн боломжгүй тул нэхэмжлэгчээс ирцийн мэдээн дээр 1212 сонгогч гэж мэдээлсэн атлаа санал тоолох төхөөрөмжөөс 1207 хуудас гарсан, 5 саналын хуудас зөрсөн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн ирцийг 1211 гэж тооцоход тэмдэглэлд дурдсанаар 4 сонгогч 2 удаа саналын хуудас авч 2 удаа саналын хуудсаа буруу бөглөсөн буюу 4 сонгогчийн саналын хуудас хүчингүй болсон тул санал тоолох төхөөрөмжөөс гарсан 1207 хүчинтэй саналын хуудастай тоо нь тохирч байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.7-д “Санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүн тухайн хэсгийн санал хураалтын дүн байна”, 70.9-д “Санал тоолох төхөөрөмжид уншигдсан нийт саналын хуудас хүчинтэй саналын хуудас байна” гэж тус тус зааснаар санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсыг хүчинтэй гэж үзэж, санал хураалтын дүнг төхөөрөмжөөс гарсан дүнгээр тооцохоор хуульчилжээ.
Тухайн хэсгийн хорооны хувьд санал тоолох төхөөрөмжөөс хүчинтэй саналын хуудас 1207 гарснаас ********* 629 санал, ********* 589 санал, ********* 584 санал, ********* 536 санал тус тус авсан нь санал тоолох төхөөрөмжөөс хэвлэгдсэн хуудасны дүнгээр тогтоогдож байх бөгөөд энэ дүн хэсгийн хорооны гаргасан санал хураалтын дүн[15], аймгийн сонгуулийн хорооны нэгтгэсэн мэдээний дүнтэй[16] таарч байна. Мөн нэхэмжлэгчээс санал тоолох төхөөрөмжөөс гарсан санал хураалтын дүнтэй маргаагүй.
Иймд аймгийн сонгуулийн хороо нь тухайн хэсгийн санал тоолох төхөөрөмжөөс гарсан санал хураалтын дүнг үндэслэн маргаан бүхий Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчдийг өргөн мэдүүлэх тухай” 11 дүгээр тогтоолоор 8 дугаар тойрогт нэр дэвшигч *********гийн *********, *********гийн ********* нарыг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэр гаргаж, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлсэн нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн хуулийн 70 дугаар зүйлийн 70.7, 70.9 болон 73 дугаар зүйлийн 73.2-д “Хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцно.”, 73.3-т “Тухайн шатны сонгуулийн хороо энэ хуульд заасны дагуу тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэр гаргаж, нийтэд мэдээлнэ.”, 73.4.Тухайн шатны сонгуулийн хороо сонгуулийн дүн болон Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш долоо хоногийн дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасанд нийцжээ.
Улмаар Баянхонгор аймгийн Сонгуулийн хорооны дээрх тогтоолыг үндэслэн гарсан Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1/1 дугаар тогтоолоор[17] *********, ********* нарыг Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/ 18 дугаар зүйлийн 18.1.1 “а”-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан үндэслэл бүхий тогтоол байна.
Хариуцагч Баянхонгор аймгийн Сонгуулийн хороо нь маргаан бүхий тогтоолд сум, дүүргийн сонгуулийн хорооны бүрэн эрхэд хамаарах заалт буюу хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.4, 17.3.5-д заасныг үндэслэл болгосон нь буруу боловч хуулиар нарийвчлан эрх олгосон 73 дугаар зүйлийн 73.2, 73.3, 73.4-т заасныг мөн давхар үндэслэл болгосон байх тул энэ үндэслэлээр тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй. Хариуцагч захиргааны байгууллага цаашид захиргааны актад хууль хэрэглээний алдаа гаргахгүй байхыг анхаарах нь зүйтэй.
Мөн хэсгийн хороо нь саналын хуудас зарцуулалтын тайланд[18] саналын хуудасны тоо мэдээг зөрүүтэй гаргасан боловч сумын сонгуулийн хорооноос зөвтгөж гаргасан[19], шүүхээс хийсэн үзлэгээр[20] хүчинтэй саналын хуудас-1207, хүчингүй саналын хуудас-79, зарцуулагдаагүй саналын хуудас-828 нийт 2114 саналын хуудас байгаа болох тогтоогдсон буюу тухайн хэсгийн хорооны нийт хүлээж авсан 2114 саналын хуудастай[21] таарч байх тул хэсгийн хороо сонгуулийн баримт бичгийг буруу хөтөлсөн үндэслэл нь сонгуулийн дүнд нөлөөлөхгүй, нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй байна.
Нэхэмжлэгчээс хүчингүйд тооцсон 79 саналын хуудсаас 43 орчим нь өөрт нь өгсөн саналын хуудас байсан гэж маргасан боловч Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.9-д “санал тоолох төхөөрөмжид уншигдсан нийт саналын хуудас хүчинтэй саналын хуудас байна” гэж зааснаар санал тоолох төхөөрөмжид уншигдаагүй саналын хуудсыг хүчинтэй саналын хуудас гэж үзэх үндэслэлгүйн дээр хэрэгт авагдсан хүчингүй 79 саналын хуудсыг энгийн нүдээр харахад ч хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Тойрогт ногдох мандатын тооноос илүү нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно” гэж зааснаар илүү санал тэмдэглэсэн хуудаснууд байна.
Нэхэмжлэгчийн “хэсгийн хороонд дахин сонгууль явуулахыг хариуцагч нарт даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7-д “Дахин сонгууль” гэж төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон, ...тухайн тойрогт энэ хуульд заасны дагуу шинээр явагдах сонгуулийг ойлгоно.”, 74 дүгээр зүйлийн 74.6-д “Энэ хуулийн 74.3-т заасны дагуу Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон бол дахин сонгууль явуулна.”, 77 дугаар зүйлийн 77.1-т Сонгуулийн дүн гарсан шийдвэр хүчингүй болсон болон энэ хуулийн 4.7, 74.6-д заасан үндэслэлээр дахин сонгууль явагдана” гэж тус тус дахин сонгууль явуулах үндэслэлийг хуульчилсан.
Дээр дүгнэснээр нэр дэвшигчдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэр болох Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчдийг өргөн мэдүүлэх тухай” 11 дүгээр тогтоол нь хуульд нийцсэн, шүүхээс уг тогтоолыг хүчингүй болгоогүй тул 8 дугаар тойрогт дахин сонгууль явуулах үр дагавар үүсэхгүй, иймд энэ шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгчээс “Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хорооны сонгуулийн санал хураалтыг хүчингүйд тооцуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч *********ээс 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Сонгуулийн хороонд “...хэсгийн хороон дээр дахин санал хураалтыг явуулж өгнө үү” гэсэн агуулгаар гомдол гаргасан бөгөөд Баянхонгор аймгийн Сонгуулийн хорооноос 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1а/37 дугаар албан бичгээр хариу өгч байжээ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9-д “Орон нутгийн Хурлын сонгуулийн санал хураалт дараах төрөлтэй байна: 4.9.1.нэр дэвшигчдийн авсан саналын тоо тэнцсэн тохиолдолд явагдах нэмэлт санал хураалт; 4.9.2.энэ хуулийн 79 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд явагдах дахин санал хураалт” гэж, 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тухайн шатны сонгуулийн хороо дараах тохиолдолд санал хураалтыг хүчингүйд тооцно. 79.1.1 байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаангүй байхад урьд нь зарласнаас өөр байранд санал авсан, түүнчлэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авснаас бусад тохиолдолд санал авахаар зарласнаас өөр өдөр санал авсан нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр бол, 79.1.2 саналын хуудас бүхий зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг алдсан, үрэгдүүлсэн нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр бол” гэж санал хураалтын төрөл болон санал хураалтыг хүчингүйд тооцох тохиолдлуудыг тусгайлан хуульчилсан.
Нэхэмжлэгчээс хуульд заасан дээрх тохиолдлууд үүссэн гэж маргаагүй, харин нэхэмжлэгчийн маргаж буй төлөөлөгчөөр сонгогдсон гуравдагч этгээд ********* нь нэхэмжлэгч *********ээс 5 сонгогчийн саналын зөрүүгээр ялсан, ирц, санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүн 5 саналаар зөрүүтэй, хэсгийн хороо саналын хуудас зарцуулалтын тайланг зөрүүтэй гаргасан, ажиглагчийн эрхийг хангаагүй, санал авах байранд камер байрлуулаагүй зэрэг үндэслэлүүд нь санал хураалтыг хүчингүйд тооцох хуульд заасан тохиолдолд хамаарахгүй тул шүүхээс болон аймгийн Сонгуулийн хорооноос санал хураалтыг хүчингүйд тооцох шийдвэр гаргах хууль зүйн боломжгүй юм.
Мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5-д “Сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөх гэж санал хураалтын явцад гарсан зөрчил нь сонгуулийн дүнд илт нөлөөлөхүйц буюу сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигч ба түүний дараах нэр дэвшигчийн авсан саналын зөрүүтэй тэнцүү, эсхүл их байхыг ойлгоно” гэж заасан “сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөх” гэдэг нь хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.1, 79.1.2-д заасан тохиолдолтой холбоотой зөрчилд холбогдох ойлголт гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын маргаж байгаа зөрчлүүд нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн гэдэгт хамаарахгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр Баянхонгор аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчдийг өргөн мэдүүлэх тухай” 11 дугаартай тогтоол нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2, 73.3-т заасантай нийцсэн бөгөөд уг тогтоолын улмаас нэхэмжлэгчийн сонгогдох эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Иргэдийн төлөөлөгчөөс хариуцагчийн тайлбар үндэслэлтэй талаар дүгнэлт гаргасныг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.7, 70.9, 73 дугаар зүйлийн 73.1, 73.2, 73.3, 73.4, 77 дугаар зүйлийн 77.1, 79 дүгээр зүйлийн 79.1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/ 18 дугаар зүйлийн 18.1.1 “а”-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *********ийн “1. Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 8-р тойргийн 10-р хэсгийн хорооны сонгуулийн санал хураалтыг хүчингүйд тооцуулах, 2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчдийг өргөн мэдүүлэх тухай" 11 дугаартай тогтоолын хавсралтад заагдсан *********гийн *********, *********гийн ********* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 3. Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хорооны сонгуулийг дахин явуулахыг даалгах, 4. Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1/1 дугаар тогтоолын *********, ********* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш таван /5/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ
ШҮҮГЧИД Ц.НЭРГҮЙ
А.ТҮВШИНТУЛГА
[1] Хэргийн 1 хавтас 10 хуудас,
[2] Хэргийн 1 хавтас 90 хуудас,
[3] Хэргийн 2 хавтас 193 хуудас,
[4] Хэргийн 1 хавтас 9 хуудас,
[5] Хэргийн 4 хавтас 126 хуудас
[6] Нотлох баримт 1 хавтас 1 хуудас,
[7] Хэргийн 1 хавтас 115-116 хуудас,
[8] Хэргийн 1 хавтас 128 хуудас
[9] Хэргийн 4 хавтас СД
[10] Сонгогчдын нэрийн жагсаалтын 1997 дугаарт бүртгэгдсэн. Нотлох баримт 2 хавтас 60 хуудас
[11] Хэргийн 1 хавтас 128 хуудас
[12] Хэргийн 1 хавтас 115-116 хуудас
[13] Хэргийн 1 хавтас 149 хуудас
[14] Хэргийн 3 хавтас 33-111 хуудас
[15] Нотлох баримт 5 хавтас 1 хуудас
[16] Нотлох баримт 7 хавтас 32 хуудас
[17] Хэргийн 2 хавтас 193 хуудас
[18] Хэргийн 1 хавтас 8 хуудас
[19] Хэргийн 1 хавтас 118 хуудас
[20] Шүүхийн үзлэгийн баримт 1 хавтас, 113-114 хуудас, 2 хавтас, 219-221 хуудас
[21] Хэргийн 1 хавтас 148 хуудас