Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 104/ШШ2017/00098

 
 

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 104/ШШ2017/00098

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: ******* тоотод оршин суух, /РД:*******/ ******* овогт *******ийн

хариуцагч: хорооны нутаг дэвсгэрт байрлах *******д холбогдох

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүх 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Л. түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л. шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа: Л. миний бие оны 07 сарын 16-ны өдрийн Б/13 тоот тушаалаар дүүргийн ийн даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажилласан. Улмаар 2015 оны 8 сарын 5-ны өдрийн Засаг даргын Б/15 тоот захирамжаар Авилгатай тэмцэх газрын хувийн ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн дүгнэлтийг үндэслэн дүүргийн ийн даргаар жинхлэн томилогдсон. Тус ажилд хуулийн дагуу томилогдон ажиллаж байх хугацаандаа холбогдох хууль, дүрэм, журмын дагуу хариуцсан ажлаа чин үнэнчээр гүйцэтгэж, удирдан зохион байгуулж байтал гэнэт Дүүргийн Засаг даргын 2016 оны 12 сарын 2-ны өдрийн Б/41 тоот захирамжаар ажил, албан тушаалаас чөлөөлсөнд гомдолтой байна. Миний бие Төрийн албанд ажиллахдаа Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын ямар нэгэн арга хэмжээ авагдахаар зөрчил гаргаж байгаагүй, тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадварын хувьд шаардлага хангасан төрийн үйлчилгээний албан хаагч юм. ******* Ч. нь Л. намайг "Төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, улс төрийн намын үйл ажиллагаанд оролцсон" гэсэн хуульд байхгүй шалтаг заан үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэж үзэж байна. Л. би төрийн албанд ажиллахдаа Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5 "хуульд өөрөөр заагаагүй бол төрийн үйлчилгээний албан хаагч орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших эрхтэй гэж заасны дагуу Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхээ эдэлсэн, Сонгуулийн тухай хууль зөрчөөгүй байхад үүрэгт ажпаас минь үндэслэлгүй чөлөөлсөн. ******* Ч.ын 2016 оны 12 сарын 2-ны өдрийн Б/41 тоот захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу урьд эрхэлж байсан дүүргийн Хангамжийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Мөн шүүхийн шийдвэр гарах энэ өдөр хүртэл 3 сар 21 хоногийн ажилгүй байсан хугацааны олговорт 2 549 455 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг *******д даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Налайх дүүргийн Засаг даргын гаргасан хариу тайлбарыг дэмжин итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л. нь Налайх дүүргийн ийн даргын ажил, албан тушаалыг хашиж байхдаа Ардчилсан намаас сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшиж ажлаасаа бүрмөсөн чөлөөлөгдсөн. Тэрбээр сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцон иргэдээс олонхын санал авч чадаагүй ялагдал хүлээснийхээ дараа буцаж ажилдаа хууль бусаар томилогдсон. Өмнөх Засаг дарга Х. өөрөө сонгуулийн үр дүнгээр чөлөөлөгдөхөөсөө өмнө 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр захирамж гаргаж, хууль бус томилгоо хийснийг дүүргийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн шийдвэрлэж, Л.ийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/41 дүгээр захирамжаар ийн даргын ажил, албан тушаалаас чөлөөлсөн юм. Л. нэхэмжлэлдээ "...төрийн албанд ажиллахдаа ямар нэг сахилгын зөрчил гаргаж байгаагүй..., намайг намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, улс төрийн үйл ажиллагаанд оролцсон гэсэн хуульд байхгүй шалтаг заан ажпаас чөлөөлсөнд гомдолтой байна" гэжээ. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт "Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх, хэрэв улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлзэж, тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш 7 хоногийн дотор энэ тухайгаа байгууллагын захиргаа болон харьяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэнэ." гэж заасан байна. Энэ нь төрийн албан хаагчийн төрийн албан тушаал эрхлэх шалгуур шаардлага юм. Дээрх шаардлагыг хангаагүй хүн төрийн албан тушаал эрхлэх ёсгүй. Гэтэл Л. нь сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж, улс төрийн үйл ажиллагаа явуулсан төдийгүй, намаасаа гараагүй, түдгэлзээгүй байж ийн даргын ажилд буцаж томилогдсон байна. Засаг даргаар ажиллаж байсан Х. ч өөрийнхөө намын гишүүнийг ажилд томилж, хууль зөрчсөн байна. Хуульд зааснаар Л. төрийн албан хаагчийн хувьд намын гишүүнээсээ түдгэлзэж, энэ тухайгаа Ардчилсан намд болон Засаг дарга, түүний Тамгын газар бичгээр албан ёсоор өгч бүртгэлд хамруулан төрийн албан хаагчийн хувийн хэрэгтээ хадгалуулах ёстой. Л. "... хуульд өөрөөр заагаагүй бол төрийн үйлчилгээний албан хаагч орон нутгийн сонгуульд нэр дэвших эрхтэй гэж хуульд заасны дагуу ... сонгох, сонгогдох эрхээ эдэлсэн..." гэжээ. Тэгвэл Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх, нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино" гэж хуульд өөрөөр заажээ. Нэгэнт төрийн албанаас чөлөөлөгдсөн хүн нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн бол хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг(ХАСУМ) гаргах ёстой. Гэтэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчин, Л.Алтансүхээр дахин ХАСУМ гаргуулалгүй буцаан томилсон байна. Хуульд төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд даргыг төрийн жинхэнэ албан хаагчтай адилтган үзсэн байна. Тэгэхээр дээрх удирдах албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтууд нэгэн адил үйлчилнэ гэдгийг шүүх анхааралдаа авна уу. Дүүргийн Засаг даргын захирамж хууль, тогтоомж, төрийн албаны зарчим, хэм хэмжээнд нийцэж байгаа тул Л.ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган биелүүлэх бололцоогүй юм. Иймээс иргэн Л.ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчдын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л. *******д холбогдуулан Налайх дүүргийн Хангамж үйлчилгээний төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл 3 сар 21 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин олговорт 2 549 455 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар шаардсан ба шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт шаардлагаа бүрэн дэмжиж оролцов.

Хариуцагч *******, түүнийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн тайлбараа дэмжин шүүх хуралдаанд оролцож, Л. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.-д заасан төрийн албан хаагчийн төрийн албан тушаал эрхлэх шалгуур, төрийн албан тушаалд тавигддаг  шаардлагыг хангалгүй, намаасаа гараагүй түдгэлзээгүй байж ардчилсан намаас нэр дэвшиж улс төрийн үйл ажиллагаа явуулсан, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргалгүйгээр хууль зөрчин төрийн албан тушаалд эргэн томилогдсон нь төрийн албан тушаал эрхлэх эрхгүй тул ажлаас чөлөөлсөн Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 12 сарын 02-ны өдрийн Б/41 захирамж хуульд нийцнэ гэж маргаж байна.

Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 12 сарын 02-ны өдрийн Б/41 дугаар захирамжид, төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, улс төрийн үйл ажиллагаанд оролцсон Л.ийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8., Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6., Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2., Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3., 40.2.5.дах заалтуудыг үндэслэн 2016 оны 12 сарын 02-ны өдрөөр тасалбар болгон дүүргийн хангамж үйлчилгээний төвийн даргын ажил албан тушаалаас чөлөөлжээ.

Л. ******* Х.ын 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 захирамжаар дүүргийн ийн даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгч, 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б/15 захирамжаар дүүргийн ийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн мөн засаг даргын Б/10 захирамжаар дүүргийн иргэдийн хурлын сонгуульд нэр дэвших болсонтой холбогдуулан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн, мөн засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/13 захирамжаар дүүргийн ийн даргаар томилогдон ажиллаж байсан, ******* Ч.ын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/41 захирамжаар дүүргийн ийн даргын ажил, албан тушаалаас чөлөөлсөн үйл баримтад талууд маргаагүй.

Талууд Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б /41 дугаар захирамжийн үндэслэлд маргаж байна.

Нэхэмжлэгч талаас шаардлагаа нотлож ******* Х.ын 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/13, 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б/15, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/10, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/13, /хэргийн 5-8 хуудас/ ******* Ч.ын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/41 захирамжууд /хэргийн 3 хуудас/, ийн даргын ажлын байрны тодорхойлолт, Л.ийн А 000227362 тоот нийгмийн даатгалын дэвтэрийн 2015 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн илтгэх хуудас, тайлан /хэргийн 9-31 хуудас/,Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 07/4401 тоот Л.ийн гомдолд хариу өгсөн тухай албан бичиг /хэргийн 63 хуудас/ зэрэг баримтууд нь нотариатаар гэрчлэгдсэн бичмэл баримтын хуулийн шаардлага хангасан тул үнэлэх боломжтой.

Хариуцагч талаас тайлбараа нотлож Л.ийн 2016 оны цалингийн карт /хэргийн 62 хуудас/, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын Л.ийн намын гишүүнээс түдгэлзэх тухай өргөдөл бүртгэгдээгүй, дахин албан тушаалд томилогдохдоо хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гарган хүргэгдсэн материал байхгүй тухай албан бичиг /хэргийн 45 хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг эхээр нь ирүүлсэн нь бичмэл баримтын хуулийн шаардлага хангасан, хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэлэв.

Нэхэмжлэгч Л. дүүргийн "-ийн даргын албан үүргээ хөдөлмөрийн гэрээгээр бус 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр *******тай байгуулсан үр дүнгийн гэрээ /хэргийн 14-31 хуудас/-ний дагуу түүний өмнө ажлаа тайлагнаж байжээ.

Л.ийн эрхэлж байсан ажил, албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4.төрийн үйлчилгээний, 9 дүгээр зүйлийн 9.1.1.-д заасан төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаал болох орон нутгийн төсвийн байгууллагын дарга буюу удирдах албан хаагч гэсэн албан тушаалын ангилалд хамаарч байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5. Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно., 11.6. Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.гэж заасны дагуу энэ гомдлыг Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр авч үзлээ.

Л. хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанаа эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлэхийг сонголгүй шүүхэд хандсан тул гомдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.-д заасан харьяаллын дагуу хүлээн авч шийдвэрлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй.-г зохицуулсан ба Л. Б/41 дугаар захирамжийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсан /хэргийн 3 хуудас/, нэхэмжлэгч Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/42 дугаар захирамжийг эс зөвшөөрч гомдлоо Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хандаж хариу авсан /хэргийн 63 хуудас/ байх ба 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд гомдлоо ирүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан хугацаанд байна.

Шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болж буй нотлох баримтуудаар бодит байдал хэрхэн тогтоогдсон, үүсээд буй маргааныг хуульд хэрхэн зохицуулсан талаар дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн  77 дугаар зүйлийн  2.-т зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах зэрэг бүрэн эрхтэй ба орон нутгийн өмчийн талаархи Засаг даргын бүрэн эрх нь мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.-д зааснаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, мөн зүйлийн  2.т заасан орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг томилох эрхтэй байна.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.-т зааснаар дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ нийтлэг хэрэгжүүлэх бүрэн эрхийнхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргахаар зохицуулсан ба Налайх дүүргийн Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/324 дугаар захирамжаар харьяа байгууллагын бүтцийг батлахдаа ийг оруулан захирамжилжээ.

******* харьяа байгууллагуудын удирдлагыг томилох, үүрэгт ажил, албан тушаалаас чөлөөлөхдөө Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8-д заасны дагуу холбогдох дээд байгууллагатай зөвшилцөн шийдвэр гаргах эрх бүхий субъект болж байна.

Нэхэмжлэгч Л.Алтансүх орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшихдээ Сонгуулийн тухай хуулийн 154.4Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино.гэж зааснаар ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь дүүргийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 05-ний өдрийн Б/10 захирамж /хэргийн 6 хуудас/-аар тогтоогдож байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байх шаардлагыг хангасан байна.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5.-д зааснаар төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэмжээг болон улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахихтай холбогдсон зохицуулалтыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн ажил олгогч Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам, контрактаар тодорхойлдог.

Талууд төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэмжээг болон улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахихтай холбогдсон зохицуулалт бүхий ямар нэг баримт, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 25, 41 дүгээр зүйлүүдэд заасан агуулга бүхий контракт болон контрактыг цуцлах үндэслэл журмыг нотлосон баримт ирүүлээгүй болно.

Нэхэмжлэгч Л.Алтансүх төрийн үйлчилгээний албан хаагч учраас Төрийн албаны тухай  хуулийн 15 дугаар зүйлээр төрийн жинхэнэ албан хаагчид хориглосон  үйлдэл, үйл ажиллагаанд хамаарахгүй.

Хариуцагч талаас, Л.ийг буруутгаж маргаж буй, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх, хэрэв улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлзэж, тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш 7 хоногийн дотор энэ тухайгаа байгууллагын захиргаа болон харьяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэнэ.гэж зохицуулсныг зөрчин, төрийн албан тушаал эрхлэх шалгуур, төрийн албан тушаалд тавигддаг  шаардлагыг хангалгүй, намаасаа гараагүй түдгэлзээгүй байж Ардчилсан намаас нэр дэвшиж улс төрийн үйл ажиллагаа явуулсан, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргалгүйгээр хууль зөрчин төрийн албан тушаалд эргэн томилогдсон гэсэн үндэслэл бүрээ ямар нэг баримтаар нотлоогүй байна.

Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 02 дугаар сарын 15ы өдрийн 3/353 тоот албан бичигт ...Л. нь намын гишүүнээс түдгэлзэж, энэ тухай өргөдлөө Засаг даргын тамгын газарт албан ёсоор өгч, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу бүртгүүлэн, шийдвэрлүүлээгүй байна. Л.ийг дахин шинээр албан тушаалд томилохоор нэр дэвшүүлэхдээ хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлэг гаргуулан Авилгатай тэмцэх газарт явуулсан материал тамгын газарт байхгүй байна гэсэн байгаа ч уг асуудлыг нотлох үндсэн бүртгэл баримт, намын байгууллага болон эрх бүхий байгууллагаас бүртгэгдсэн хандсан эсэхийг шалгаж тогтоосон, эсхүл хүлээн авсан татгалзсан зэрэг үйлдлийг баримтаар нотлоогүй байгаа нь Л.ийг дурдсан үндэслэлээр буруутгах боломжгүй төдийгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан үүргээ хариуцагч тал биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

******* эрх хэмжээнийхээ хүрээнд нэхэмжлэгч Л.ийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших болсонтой холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, орон нутгийн хурлын сонгуульд оролцсоны дараа эрхэлж байсан ийн даргаар томилсон /хэргийн 5 хуудас/ байгаа нь нэхэмжлэгчийн хувьд Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 4-т заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхээ хэрэгжүүлснийг эрх бүхий этгээд шийдвэрлэсэн байхад, дараа нь томилогдсон *******, төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, улс төрийн намын үйл ажиллагаанд оролцсон гэж өмнөх үйл баримтад дүгнэлт хийн буруутгаж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 10-т заасан ...Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний хувьд хүнийг ялгаварлан гардуурхахыг, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т хөдөлмөрийн харилцаанд....үзэл бодлоор нь ялгаварлахыг хориглосныг тус тус зөрчсөн, ажил олгогчийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/41 захирамж хууль бус байна.

Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нэг асуудал нь ажил олгогчийн санаачлагаар цуцлах зохицуулалт бөгөөд энэ үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д зохицуулсан байхад Л.ийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо хуулиар нэрлэн тусгайлан зохицуулсан шалтгаан, нөхцөл хэм хэмжээг үндэслээгүй хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэх үндэстэй.

Ажил олгогч хуульд заагаагүй үндэслэлээр гэрээг цуцлаж ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчих эрхгүй.

            Ажил олгогч хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох зөрчлийн талаар ажилтантай байгуулсан гэрээгээр тохиролцож тодорхойлох байтал хариуцагчийн тайлбарт дурдсан үндэслэлүүдийг ажилтантай байгуулсан гэрээнд тусгасан баримтгүй атлаа зөрчил гэж үзэж тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй.

Иймд ажил олгогч нь Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрх, эрх чөлөөг зөрчиж, сонгох, сонгогдох эрхийг хязаарлан, өөрийн үзэл бодлоор хандаж, нотлогдоогүй хуульд заагаагүй үндэслэлээр ажилтны хөдөлмөрийн харилцааг цуцалж, дуусгавар болгосон нь хууль бус тул шүүх нэхэмжлэгч Л.ийг ажлаас чөлөөлсөн хариуцагч Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/41 дугаар захирамжийг хууль зүйн үндэслэлгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж нэхэмжлэгч Л.ийг Налайх дүүргийн ийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны олговорт 2 549 455 төгрөг гаргуулахаар шаардсан ба дундаж цалин хөлсийг тодорхойлж өгөөгүй тул талуудын маргаагүй баримт болох Л.ийн 2016 оны цалингийн карт хүснэгтэд тэмдэглэгдсэн сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогод бичигдсэн сарын бүтэн ажилласан үеийн тогтмол олгогдсон үндсэн цалин 641 091 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан 2015 оны 12 дугаар сарын 02-ноос 31-нийг дуустал хугацааны ажлын 20 хоногт нэг өдрийн 32 054 төгрөг 50 мөнгийг ажиллаагүй 19 хоногт 609 036 төгрөг 45 мөнгө, 2017 оны 1, 2 дугаар сарын олгогдвол зохих 1 282 182 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэл ажлын 16 хоногт 466 248 төгрөг бүгд 2 357 466 төгрөгийн олговор шаардах эрх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар нэхэмжлэгчид үүссэн байна.

Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд дэмжин нэхэмжилсэн 549 455 төгрөгийн дүнгээс 2 357 466 төгрөгийг олговорт тооцон хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 191 988 төгрөг 60 мөнгийг хэрэгсэхгүй болгов.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.-т Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй. гэж зааснаар олговорт олгогдох 2 357 466 төгрөгөөс шимтгэл хураамжийг холбогдох байгууллагад нь төлж, нэхэмжлэгчийн дэвтэрт 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 23ы өдөр хүртэлх хугацааны сар тутмын нөхөн бичилтийг хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, харин нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд хариуцагчаар улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлдэг тул хангагдсан дүнгээс Налайх дүүргийн Засаг даргын тамгын газарт 52 669 төгрөг хариуцуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118, 160 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт *******ийг Налайх дүүргийн ийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 128 дугаар зүйлийн 128.1.5.-д заасныг баримтлан Налайх дүүргийн Засаг даргын тамгын газраас ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2 357 466 /хоёр сая гурван зуун тавин долоон мянга дөрвөн зуун жаран зургаа/ төгрөгийг төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.эд олгож, олговорт шаардсан дүнгээс үлдэх 191 988,60 /нэг зуун ерэн нэг мянга есөн зуун наян найм төгрөг жаран мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т заасныг баримтлан олговорт олгогдох 2 357 466 /хоёр сая гурван зуун тавин долоон мянга дөрвөн зуун жаран зургаа/ төгрөгөөс шимтгэл хураамжийг холбогдох байгууллагад нь төлж, нэхэмжлэгч Л.ийн нийгмийн даатгалын дэвтэрт 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 23ы өдөр хүртэлх хугацааны сар тутмын нөхөн бичилтийг хийхийг Налайх дүүргийн Засаг даргын тамгын газарт даалгасугай.

4.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Налайх дүүргийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 52 669 /тавин хоёр мянга зургаан зуун жаран ес/ төгрөгийг гаргуулж  улсын төсвийн орлогод оруулсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны  журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ