Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 1146

 

Л.Алтансүхийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 104/ШШ2017/00098 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Алтансүх,

Хариуцагч Налайх дүүргийн Засаг даргад холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Азжаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Л.Алтансүх, түүний өмгөөлөгч М.Цэндсүрэн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Азжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний өмгөөлөгч М.Цэндсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Алтансүх миний бие Налайх дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 тоот тушаалаар дүүргийн Хангамж үйлчилгээний төвийн даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажилласан. Улмаар 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Засаг даргын Б/15 тоот захирамжаар Авлигатай тэмцэх газрын хувийн ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн дүгнэлтийг үндэслэн дүүргийн Хангамж үйлчилгээний төвийн даргаар жинхлэн томилогдсон. Тус ажилд хуулийн дагуу томилогдон ажиллаж байх хугацаандаа холбогдох хууль, дүрэм, журмын дагуу хариуцсан ажлаа чин үнэнчээр гүйцэтгэж, удирдан зохион байгуулж байтал гэнэт Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/41 тоот захирамжаар ажил, албан тушаалаас чөлөөлсөнд гомдолтой байна.

Миний бие төрийн албанд ажиллахдаа Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын ямар нэгэн арга хэмжээ авагдахаар зөрчил гаргаж байгаагүй, тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадварын хувьд шаардлага хангасан төрийн үйлчилгээний албан хаагч юм. Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нь Л.Алтансүх намайг "Төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, улс төрийн намын үйл ажиллагаанд оролцсон" гэсэн хуульд байхгүй үндэслэл зааж үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэж үзэж байна.

Миний бие Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5 дахь хэсэгт "хуульд өөрөөр заагаагүй бол төрийн үйлчилгээний албан хаагч орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших эрхтэй” гэж заасны дагуу Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхээ эдэлсэн, Сонгуулийн тухай хууль зөрчөөгүй байхад үүрэгт ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу урьд эрхэлж байсан дүүргийн Хангамжийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Мөн шүүхийн шийдвэр гарах энэ өдөр хүртэл 3 сар, 21 хоногийн ажилгүй байсан хугацааны олговорт 2 549 455 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг Налайх дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Азжаргал, М.Баасандорж нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Л.Алтансүх нь Налайх дүүргийн Хангамж үйлчилгээний төвийн даргын ажил, албан тушаалыг эрхэлж байхдаа Ардчилсан намаас сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшиж ажлаасаа бүрмөсөн чөлөөлөгдсөн. Тэрбээр сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцон иргэдээс олонхын санал авч чадаагүй ялагдал хүлээснийхээ дараа буцаж ажилдаа хууль бусаар томилогдсон. Өмнөх Засаг дарга Х.Болдбаатар өөрөө сонгуулийн үр дүнгээр чөлөөлөгдөхөөсөө өмнө 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр захирамж гаргаж, хууль бус томилгоо хийснийг дүүргийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн шийдвэрлэж, Л.Алтансүхийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/41 дүгээр захирамжаар Хангамж үйлчилгээний төвийн даргын ажил, албан тушаалаас чөлөөлсөн юм.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт "Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх, хэрэв улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлзэж, тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш 7 хоногийн дотор энэ тухайгаа байгууллагын захиргаа болон харьяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэнэ.” гэж заасан байна. Энэ нь төрийн албан хаагчийн төрийн албан тушаал эрхлэх шалгуур шаардлага юм.

Дээрх шаардлагыг хангаагүй хүн төрийн албан тушаал эрхлэх ёсгүй. Гэтэл Л.Алтансүх нь сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж, улс төрийн үйл ажиллагаа явуулсан төдийгүй, намаасаа гараагүй, түдгэлзээгүй байж Хангамж үйлчилгээний төвийн даргын ажилд буцаж томилогдсон байна. Засаг даргаар ажиллаж байсан Х.Болдбаатар ч өөрийнхөө намын гишүүнийг ажилд томилж, хууль зөрчсөн байна. Хуульд зааснаар Л.Алтансүх төрийн албан хаагчийн хувьд намын гишүүнээсээ түдгэлзэж, энэ тухайгаа Ардчилсан намд болон Засаг дарга, түүний Тамгын газар бичгээр албан ёсоор өгч бүртгэлд хамруулан төрийн албан хаагчийн хувийн хэрэгтээ хадгалуулах ёстой. Л.Алтансүх "... хуульд өөрөөр заагаагүй бол төрийн үйлчилгээний албан хаагч орон нутгийн сонгуульд нэр дэвших эрхтэй гэж хуульд заасны дагуу ... сонгох, сонгогдох эрхээ эдэлсэн..." гэжээ. Тэгвэл Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт өөрөөр заажээ.

Нэгэнт төрийн албанаас чөлөөлөгдсөн хүн нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн бол хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гаргах ёстой. Гэтэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчин, Л.Алтансүхээр дахин ХАСУМ гаргуулалгүй буцаан томилсон байна. Хуульд төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд даргыг төрийн жинхэнэ албан хаагчтай адилтган үзсэн байна. Тэгэхээр дээрх удирдах албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтууд нэгэн адил үйлчилнэ гэдгийг шүүх анхааралдаа авна уу. Дүүргийн Засаг даргын захирамж хууль, тогтоомж, төрийн албаны зарчим, хэм хэмжээнд нийцэж байгаа тул Л.Алтансүхийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах бололцоогүй тул Л.Алтансүхийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Алтансүхийг Налайх дүүргийн Хангамж үйлчилгээний төвийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг баримтлан Налайх дүүргийн Засаг даргын тамгын газраас ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2 357 466 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Алтансүхэд олгож, олговорт шаардсан дүнгээс үлдэх 191 988,60 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан олговорт олгогдох 2 357 466 төгрөгөөс шимтгэл хураамжийг холбогдох байгууллагад нь төлж, нэхэмжлэгч Л.Алтансүхийн нийгмийн даатгалын дэвтэрт 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны сар тутмын нөхөн бичилтийг хийхийг Налайх дүүргийн Засаг даргын тамгын газарт даалгаж,

Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Налайх дүүргийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 52 669 төгрөгийг гаргуулж  улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Азжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтыг баримтлан шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт "Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх, хэрэв улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлзэж, тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш 7 хоногийн дотор энэ тухайгаа байгууллагын захиргаа болон харьяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэнэ." гэж заасан байдаг.

Л.Алтансүхийн урьд эрхэлж байсан ажил нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаал бөгөөд төрийн албан хаагч юм. Иймд Төрийн албаны тухай 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт "Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч" гэж заасныг шүүх харгалзан үзээгүй нь харагдаж байна. Мөн “... төрийн албан тушаал эрхлэх шалгуур, төрийн албан тушаалд тавигддаг шаардлагыг хангалгүй, намаасаа гараагүй түдгэлзээгүй байж Ардчилсан намаас нэр дэвшиж улс төрийн үйл ажиллагаа явуулсан, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргалгүйгээр хууль зөрчин төрийн албан тушаалд эргэн томилогдсон гэсэн үндэслэл бүрээ ямар нэг баримтаар нотлоогүй байна" гэжээ.

Шүүхэд энэ талаар баримт гаргуулах хүсэлтээ удаа дараа тавьсан боловч хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй. Дүүргийн Засаг даргын Тамгын газарт намаасаа түдгэлзсэн тухай өргөдлөө өгч, мэдэгдэх ёстой байтал ямар ч мэдэгдсэн зүйлгүй бөгөөд Тамгын газарт үүнтэй холбоотой баримт байхгүй, Л.Алтансүх нь дахин албан тушаалдаа томилогдохдоо хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гаргаагүй байна гэсэн албан бичгийг шүүхэд гаргаж өгсөн. Гэсэн хэдий ч шүүхээс ямар нэгэн баримтаар нотлоогүй гэдэг нь нэг талыг баримталсан шийдвэр гаргасан гэх үндэслэл бий болж байгаа бөгөөд ийм баримт байхгүй, баримтаар нотлогдохгүй гэдэг нь төрийн албан хаагчийн шалгуур болон шаардлагыг хангалгүйгээр хууль бус томилгоо хийсэн гэдгийг илэрхийлж байна. Хууль бус томилгоо хийсэн учир эдгээр баримтууд Л.Аптансүхийн хувийн хэрэгт авагдаагүй байна гэдгийг шүүхэд тайлбарласан боловч ач холбогдолгүй мэт шийдвэрлэсэн.

Л.Алтансүх нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших болсонтой холбогдуулан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн ба орон нутгийн сонгуулийн дараа эрхэлж байсан Хангамж үйлчилгээний төвийн даргаар томилогдсон. Сонгуульд нэр дэвшсэн тохилдолд төрийн албанд дахин орж болохгүй гэсэн үндэслэлээр дүүргийн Засаг даргын 2016 оны Б/41 дугаар захирамжаар чөлөөлөөгүй гэдгийг анхаарна уу. Дахин томилогдохдоо хуульд заасны дагуу төрийн албан хаагчийн шалгуур, шаардлагыг хангасан гэсэн үндэслэлийг гаргаж ирсэн. Ингэхдээ төрийн удирдах албан тушаалд томилогдох гэж байгаа хүний талаар Авлигатай тэмцэх газраас хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг гаргаж ирүүлэх ёстой. Энэ зарчмаар төрийн удирдах албан тушаалд томилогдон төрийн ажил үргэлжилж ирсэн. Мөн Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т заасан хориглолт нь намын гишүүн байж төрийн албанд ажиллаж болохгүй гэсэн агуулгыг илэрхийлж байна. Гэвч үүнийг удаа дараа тайлбарласан боловч шүүх дээрх үндэслэлийг гаргасан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Шүүх шийдвэртээ “Ажил олгогч хуульд заагаагүй үндэслэлээр гэрээг цуцалж ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчих эрхгүй” гэжээ. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн хориглолт, хязгаарлалтыг заасан. Хуульд заагаагүй үндэслэл гэдэг нь ойлгомжгүй байна. Дээрх үндэслэлүүдээс харахад хууль бус томилогоо хийснийг хуульд нийцүүлэн залруулга хийх гэснийг хуульд заагаагүй үндэслэл гэж шүүх үзэж хэргийг шийдвэрлэсэн. Мөн олон асуудлыг дүгнэхгүй, орхигдуулсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Л.Алтансүх хариуцагч Налайх дүүргийн Засаг даргад холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/41 дүгээр тушаал хуульд нийцээгүй гэснийг хариуцагч бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж, өмнөх Засаг даргын хууль бус шийдвэрээр томилогдсоныг зөвтгөсөн гэх үндэслэлээр татгалзлаа гаргасан байна.

Нэхэмжлэгч Л.Алтансүх нь Налайх дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар /хх -8/ тус дүүргийн Хангамж үйлчилгээний төвийн даргаар түр, мөн оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар /хх 7/ жинхлэн томилогдсон байх бөгөөд дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвших болсонтой холбогдуулж, Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар /хх 6/ Хангамж үйлчилгээний төвийн даргын ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөж, мөн оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/13 дугаар тушаалаар  дахин томилогдсон байна.

Ийнхүү томилогдсоноор нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасан үйлчилгээний албан тушаалыг мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр эрхлэн гүйцэтгэж буй төрийн албан хаагч болсон тул түүний хөдөлмөрлөх эрхтэй холбоотойгоор гаргасан ажил олгогчийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байхыг шаардана.

Хариуцагч Налайх дүүргийн Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/41 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтыг үндэслэсэн боловч ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан аль үндэслэлээр чөлөөлж байгааг тушаалд үндэслээгүй байна.

Түүнчлэн ажилтныг ажил албан тушаалаас чөлөөлөх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэл нэхэмжлэгчийн тухайд бүрдсэн нь тогтоогдоогүй, нэхэмжлэлийн үндэслэлийг хариуцагчаас баримтаар няцаагаагүй байна.

Хариуцагчийн “нэхэмжлэгч нь намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, улс төрийн намын үйл ажиллагаанд оролцсон, мөн дахин томилогдохдоо хувийн ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэг гаргаагүй тул ажлаас чөлөөлсөн” гэх татгалзал нь ажлаас чөлөөлсөн Б/41 дүгээр тушаалын үндэслэл буюу нэхэмжлэлийн үндэслэлд хамааралгүй байна.

Дээрхээс дүгнэвэл хөдөлмөрийн гэрээг цуцлах хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад ажлаас чөлөөлсөн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/41 дүгээр тушаал хууль бус байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй, анхан шатны шүүх нэхэмжлэгч Л.Алтансүхийг Хангамж үйлчилгээний төвийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 357 466 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгон шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан нь мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,  шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 104/ШШ2017/00098 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                        ШҮҮГЧИД                                                              М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                                       А.ОТГОНЦЭЦЭГ