Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 01018

 

У.О-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШЗ2019/01086 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч У.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х.М-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

17 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч У.О шүүхэд гаргасан нэхжмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Шанхайн хөгжмийн консерваторт суралцаж төгсөөд 2008 оноос Улсын дуурь бүжгийн эрдмийн чуулганд хөгжимчин мөн Хөгжим бүжгийн коллежид хуучир хөгжмийн багшаар ажиллаж эхэлсэн. Х.М-ийг багаасаа зүс мэддэг байсан ба Хөгжим бүжгийн коллежид багшаар ажиллаж байхдаа танилцаж улмаар 2010 оны хавар дотно харилцаатай болж, 2010 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хуримаа хийж, гэр бүл болсон. Гэрлэсний дараа эхний 3 сард Баянхошуунд ээжийнд нь амьдарч байгаад 3 дугаар хороололд 1 өрөө орон сууцыг зээлээр худалдан авч, өрх тусгаарласан. Бид хамт амьдрах хугацаанд Х.М тасралтгүй архи ууж, хэрүүл маргаан гарч, архины эмчилгээнд хүртэл ээжтэй нь цуг очиж, үзүүлж байсан. Х.М- авир муутай, дандаа хүмүүстэй хэрэлдэж муудалцдаг. Архинаас болж, 2015 онд салах дээрээ тулж байсан ч дахин архи уухгүй, сайхан амьдарна гээд эвлэрсэн боловч удаан үргэлжлээгүй. Буцаад архи ууж, хажуугаар нь хүүхэнтэй орооцолдож, улмаар ажлаа ч хийхээ больсон.

Сүүлийн 3 жил гэр бүлийн харилцаатай байгаагүй бөгөөд энэ хугацаанд би БНХАУ-ын Бээжин хотод докторын зэрэг горилохоор сургуульд явсан. Иймд гэрлэлт цуцалж, дундын өмчлөлийн хөрөнгө болох Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 89 дүгээр байрны 35 тоот орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Х.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие У.О-ыг багаас нь мэддэг, нэг сургуульд хамт ажиллаж байсан. 2010 оны 10 дугаар сарын 8-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Энэ үед Баянхошуунд ээжтэйгээ хамт амьдарч байгаад 2013 онд орон сууцны зээл авч, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 89 дүгээр байрны 35 тоотод байрлах, 1 өрөө орон сууцыг худалдан авч, тусдаа амьдарсан. У.О миний тусламжтай БНХАУ-ын Шанхайн хөгжмийн консерваторт суралцсан. Түүний нэхэмжлэлд дурдсан шиг би тасралтгүй архи уудаггүй, хүүхэнтэй орооцолдож байгаагүй. У.О нь өөрийнхөө дутагдлыг хайцаалах зорилгоор намайг гүтгэж худлаа зүйл бичсэн байна. Харин У.О надтай хамт амьдрах хугацаандаа олон эрчүүдтэй нэр холбогдож байсан. Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 89 дүгээр байрны 35 тоот, 1 өрөө орон сууцны У.О-т ногдох хэсгийг өгөхөөс татгалзаж байна. Энэ орон сууцыг миний шагналын мөнгөөр урьдчилгааг нь төлж, банкны зээлээр аваад би зээлийг төлж дуусгасан гэжээ.

Хариуцагч Х.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 89 дүгээр байрны 35 тоот, 1 өрөө орон сууцыг 2013 онд байрны үл хөдлөх гэрчилгээгээ барьцаанд тавьж, 28 000 000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 2030 онд төлж дуусгахаар зээлсэн. Би урьдчилгаа 30 хувь болох 8 212 294 төгрөгийг автомашинаа зарж төлсөн. У.О зээлээ төлөөгүй салаад явчихсан. Уг зээл 2018 оны 6 сард эцсийн үлдэгдэл 61 962 397 төгрөг байснаас ээж минь 2015 оны 11 дугаар сард 5 000 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сард хадгаламжнаасаа 10 000 000 төгрөг, 2018 оны 6  дугаар сард тэтгэврийн зээл авч 6 000 000 төгрөгийг, үлдэгдэл зээлээ би төлсөн. Иймд У.О-аас 17 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч У.О сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Х.М нь 2013 онд маргаан бүхий байрыг худалдан авсан гэх боловч бид 2011 оноос эхлэн тус байрны зээлийг хөөцөлдөж, 2012 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр зээлээ авсан. Х.М- машинаа зарж 30 хувийн урьдчилгаагаа төлсөн гэх боловч бид 2010 онд хуримаа хийж, ирсэн зочдын бэлгэнд өгсөн болон хуримтлуулсан мөнгөө байрны урьдчилгаанд төлсөн. Харин үлдэгдэл төлбөрийг намайг БНХАУ-д суралцахаар явахад Х.М мөн адил ОХУ-д суралцаж, бид хоёрын нэр дээрх 1 өрөө байрыг түрээслүүлж, түрээсийн мөнгийг шууд зээлийн төлбөрт төлж дуусгасан гэж ойлгож байна. Би байрны түрээсийн төлбөрөөс авч байгаагүй. Иймд ямар шалтгааны улмаас надаас 17 000 000 төгрөгийг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч О овогт У-ийн О, хариуцагч Б овогт Х-ын М нарын гэрлэлтийг цуцалж,

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсгийг баримтлан Баянгол дүүрэг, 7-р хороо, 3-р хороолол, 89-р байрны 35 тоот орон сууцны үнийн 50 хувь болох 22 325 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12 дах хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс 9 755 320 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлээс 7 244 680 төгрөгийг шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан хариуцагчаас 339 775 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 171 035 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Х.М- давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасныг зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.6, 57 дугаар зүйлд заасан заалтыг зөрчиж иргэний хэрэг үүсгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт зохигч хамтран амьдрах хугацаанд 1 өрөө орон сууцыг 40 500 000 төгрөгөөр худалдан авсан, орон сууцны төлбөрийг хийхдээ үнийн заримыг хамт, гэр бүлээр амьдарсан хугацаанд гэрлэгчид хэн алины олсон орлогоос, төгрөгөөр төлсөн болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь орлого хэдэн төгрөг хуримтуулсан нь тодорхойгүй, нэхэмжлэгч У.О- зээлийг эргэн төлөхөд мөнгө төлөөгүй, уг зээлийг Х.М, түүний ээж н.Хорлоо нар төлсөн болох нь Хас банкны хуулгаар тогтоогдож байна. Гэтэл шүүх уг орон сууцыг зах зээлийн ханш 44 650 000 төгрөгөөр үнэлэгдсэн байх тул орон сууцны үнийн 50 хувь болох 22 325 000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор тогтоосон нь учир дутагдалтай.

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар гэр бүлийн дундын хамтран өмчлөх эд хөрөнгийг хуваахдаа эд хөрөнгийг бий болоход оруулсан оролцоо, зээлээ төлсөн байдлыг харгалзан үзээгүй. Хариуцагч өөрийн олсон орлого зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд төлсөн 1 046 809.32 төгрөг, зээл 18 463 830.53 төгрөгийг зээлдүүлэгчид төлснөөр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан орон сууц барьцааны үүргээс чөлөөлөгдсөн тул нэхэмжлэгчтэй хамтран хариуцах үүргийг гүйцэтгэхэд хариуцагч төлсөн 19 510 639.85 төгрөгийн 50 хувийг гаргуулан хариуцагчид олгох тооцоо буруу хийгдсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, зээл 27 374 315 төгрөг, хүү 6 915 371 төгрөг бүгд 34 289 689 төгрөгийн 50 болох 17 000 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч, сөрөг нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болгосон хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү  гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч У.О нь хариуцагч Х.М-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч, 17 000 000 төгрөг гаргуулахаар  сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Зохигчид 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдр гэр бүлийн хамтын амьдралаа эхлүүлж, 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн хамтран амьдарч байгаад, 2016 оноос тусдаа амьдарсан үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

Гэрлэгчид хоорондын таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдраад 3 жил гаруй хугацаа өнгөрсөн байхад хэн алин нь эвлэрэн амьдрахыг хүсэлгүй, цаашид эвлэрэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж анхан шатны шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалсныг буруутгах үндэслэлгүй байна. 

Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчдийн болон гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс гэр бүлийн хөрөнгө бүрдэх бөгөөд мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгийг гэр бүлийн гишүүд дундаа хамтран өмчлөх эрхтэй. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцлахад гэрлэгчдийн хэн нэгний шаардлагаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах талаар маргаж байгаа тохиолдолд шүүх мөн хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дах хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг тодорхойлох журамтай.

Зохигчид 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлснээс хойш буюу 2012 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр “Хас банк” ХХК болон Х.М, У.О нар байгуулсан барьцаат зээлийн гэрээний дагуу Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 89 дүгээр байрны 35 тоот хаягт байрлах, 1 өрөө орон сууцыг 40 500 000 төгрөгөөр худалдан авсан байх тул уг орон сууцыг гэрлэгчдийн хамтын хөдөлмөрөөр бий болсон хөрөнгө гэж дүгнэнэ. Харин шинжээч орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 44 650 000 төгрөгөөр үнэлснийг шүүх шийдвэрийн үндэслэлээ болгосон байна. 

Иймд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.2-т зааснаар гэрлэгчдийн дунд шинээр бий болсон хөрөнгө, уг хөрөнгөөр олж авсан үл хөдлөх эд хөрөнгө нь мөн хуулийн 126.2.4-т зааснаар гэрлэгчдийн хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө гэж үзэж хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хуваарилалтын талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Шүүх маргаж буй орон сууцыг гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эрхтэй хөрөнгө гэж  дүгнэн, хариуцагчаас орон сууцны ногдох хэсгийг гаргуулж, гэр бүлийн хөрөнгийг хуваарилсан талаар зөв дүгнэсэн боловч орон сууцыг хэний өмчлөлд үлдээж байгаа талаар шүүхийн шийдвэрт тодорхой заагаагүй орхигдуулж, хариуцагчаас нэхэмжлэгчид уг орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулахдаа Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12 дах хэсэг заасан зохицуулалтыг баримталсан нь буруу болжээ.

Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Х.М-ийн нэр дээр орон сууцны өмчлөлийг тогтоож, түүнээс орон сууцыг шинжээчийн үнэлсэн 44  650 000 төгрөгийн 50 хувь болох 22 325 000 төгрөгийг гаргуулахдаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хангагдаж буй 9 755 320 төгрөгийг харилцан тооцон хасч, хариуцагчаас нийт 12 569 680 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй. Энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн шийдвэрлэсэн болно. Тиймээс шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2, 3 дах заалтыг нэгтгэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Шүүх нэхэмжлэгчээс орон сууцны зээлийн төлбөрт төлсөн 9 755 320 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн шийдвэрийн энэ хэсгийн агуулгыг хэвээр үлдээсэн болно.

Харин анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 7 244 680 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 102/ШЗ2019/01086 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2, 3 дах заалтыг нэгтгэн 2 гэж дугаарлан “Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 дах хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 89 дүгээр байрны 35 тоот орон сууцны өмчлөгчөөр хариуцагч Б овогт Х-ын М-ийг тогтоож, хариуцагчаас 12 569 680 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 244 680 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж найруулж, 4 дэх заалтыг 3 гэж, 5 дах заалтыг 4 гэж тус тус дугаарлан өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130 865 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.БАТЗОРИГ

                                                        ШҮҮГЧИД                                         Г.ДАВААДОРЖ

                                                                                                                  Д.БАЙГАЛМАА