Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2019/01086

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 7-р хороо, 3-р хороолол, 89-р байрны 35 тоотод оршин суух, эмэгтэй, РД-УХ80051804, Олхонууд овогт Уранчимэгийн Одонтунгалагийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 7-р хороо, 3-р хороолол, 89-р байрны 35 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧП82011714, Боржигон овогт Хишигтогтохын Мөнх- Ертөнцөд холбогдох,

гэрлэлт цуцлуулах, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах болон 17 000 000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч У.Одонтунгалаг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бэлгүүн /үнэмлэхийн дугаар 0300/, хариуцагч Х.Мөнх-Ертөнц, хариуцагчийн өмгөөлөгч О.Эрдэнэтогтох /үнэмлэхийн дугаар 01113/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Адъяасүрэн нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас гэрлэлтээ цуцлуулах, гэр бүлийн дундын өмчлөлийн орон сууцнаас өөрт ногдох хэсгийг гаргуулах болон зээлийн гэрээний үүрэгт төлсөн 17 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Шанхайн хөгжмийн консерваторт суралцаж төгсөөд эх орондоо ирж, 2008 оноос ҮДБЭЧуулгад хөгжимчнөөр, мөн давхар Хөгжим бүжгийн коллежид хуучир хөгжмийн багшаар ажиллаж эхэлсэн. Х.Мөнх-Ертөнцийг багаасаа зүс мэддэг байсан ба энэ үед Хөгжим бүжгийн коллежид цуг багшаар ажиллаж байх хугацаандаа ажил хэргийн журмаар харилцан таньж мэдэж, улмаар 2010 оны хавар дотно харилцаатай болж, 2010-10-08 өдөр хурим хийж, гэр бүлийн хамтын амьдралаа эхлүүлсэн. Гэрлэсний дараах эхний 3 сард Баянхошуунд ээжийнд нь амьдарч байгаад тусдаа гарахаар шийдэж, бид 3-р хороололд 1 өрөө орон сууцыг зээлээр худалдан авч, өрх тусгаарласан. Мэргэжил нэгтэй хүмүүсийн хувьд бие биенээ ойлгох давуу тал байсан боловч хамт амьдрах хугацаанд Х.Мөнх-Ертөнц тасралтгүй архи ууж, хэрүүл маргаан гарч, архины эмчилгээнд хүртэл ээжтэй нь цуг очиж, үзүүлж, өөрт нь өдөр бүр хэлэх, уугаад олон хоноход бухимдаж загнах, аргадах, өөрөө өдрийн тэмдэглэл хүртэл бичиж өөрийгөө тайвшруулахад хүртэл хүрч байсан. Нэг удаа 11-р хороололд өвлийн хүйтэнд архи ууж, тасарч унаад би даахгүй, такси зогсохгүй арга ядаад эрэгтэй дүүгээ дуудаж ичгэвтэр байдалд хүртэл орж байсан. Х.Мөнх-Ертөнц нь ааш авир муутай, дандаа хүмүүстэй хэрэлдэж муудаж явдагт нь би их хямардаг байсан. Архидалтаас нь болж, би залхаж аргаа барахдаа 2015 онд салах дээрээ тулж байсан ч дахин архи уухгүй, сайхан амьдарна гэхэд нь итгэж, эвлэрсэн ч сайхан харилцаа маань удаан үргэлжлээгүй. Буцаад архиа ууж, хажуугаар нь хүүхэнтэй ороолцолдож, улмаар ажлаа ч хийхээ больсон.

Сүүлийн 3 жил гэр бүлийн халуун дулаан харилцаатай байгаагүй бөгөөд энэ хугацаанд миний бие БНХАУ-ын Бээжин хотод докторын зэрэг горилохоор сургуульд явсан. Энэ хугацаанд фейсбүүкээр хааяа чатласан ч дандаа салалтын талаар байсан.

Иймд гэрлэлт цуцалж, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Баянгол дүүрэг, 7-р хороо, 3-р хороолол, 89-р байрны 35 тоотод байрлах орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулж өгнө үү? гэв.

 

Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие У.Одонтунгалагыг багаас нь мэддэг, дараа нь нэг сургуульд хамт ажиллаж байсан. 2010-10-08 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Энэ үед Баянхошуунд ээжтэйгээ хамт амьдарч байгаад 2013 онд орон сууцны зээл авч, Баянгол дүүрэг, 7-р хороо, 3-р хороолол, 89-р байрны 35 тоотод байрлах, 1 өрөө орон сууцыг худалдан авч, тусдаа амьдарсан. У.Одонтунгалаг нь миний тусламжтайгаар БНХАУ-ын Шанхайн хөгжмийн консерваторт суралцсан.

У.Одонтунгалагын нэхэмжлэлд дурдсан шиг би тасралтгүй архи уудаггүй, хүүхэнтэй орооцолдож байгаагүй. У.Одонтунгалаг нь өөрийнхөө дутагдлыг хайцаалах зорилгоор намайг гүтгэж худлаа зүйл бичсэн байна.

Харин У.Одонтунгалаг нь надтай хамт амьдрах хугацаандаа олон эрчүүдтэй нэр холбогдож байсан. Баянгол дүүрэг, 7-р хороо, 3-р хороолол, 89-р байрны 35 тоотод байрлах 1 өрөө орон сууцны У.Одонтунгалагт ногдох хэсгийг өгөхөөс татгалзаж байна. Энэ орон сууцыг миний шагналын мөнгөөр урьдчилгааг нь төлж, банкны зээлээр авсан байр. Би зээлийг төлж дуусгасан гэв.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Баянгол дүүрэг, 7-р хороо, 3-р хороолол, 89-р байрны 35 тоотод байрлах 1 өрөө орон сууцыг 2013 онд байрны үл хөдлөх гэрчилгээгээ барьцаанд тавьж, 28 сая төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 2030 онд зээлийг төлж дуусгахаар банкнаас зээлсэн. Би урьдчилгаа 30 хувь болох 8 212 294 төгрөгийг автомашинаа зарж төлсөн. У.Одонтунгалаг зээлээ төлөөгүй салаад явчихсан. Уг зээл 2018 оны 6 сард эцсийн үлдэгдэл 61 962 397 төгрөг байснаас ээж маань 2015 оны 11 сард 5 сая төгрөг, 2018 оны 12 сард хадгаламжнаасаа 10 сая төгрөг, 2018 оны 6 сард тэтгэврийн зээл авч 6 сая төгрөгийг төлсөн. Үлдсэн зээлийг би өөрөө төлсөн. У.Одонтунгалаг нь зээл огт төлөөгүй мөртлөө уг байрнаас ногдох хэсгээ гаргуулна гэж байгаад гайхаж байна. Иймд У.Одонтунгалагаас 17 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэв.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Х.Мөнх-Ертөнц нь сөрөг нэхэмжлэлдээ 2013 онд маргаан бүхий байрыг худалдан авсан гэх боловч бид 2011 оноос эхлэн тус байрны зээлийг хөөцөлдөж, 2012-01-30 өдөр зээлээ авсан.

Х.Мөнх-Ертөнц нь машинаа зарж 30 хувийн урьдчилгаагаа төлсөн гэх боловч бид 2010 онд хуримаа хийж, ирсэн зочдын бэлгэнд өгсөн мөнгө, хуримтлуулсан мөнгөө байрны урьдчилгаанд төлсөн. Харин үлдэгдэл төлбөрийг намайг БНХАУ-д суралцахаар явахад Х.Мөнх-Ертөнц мөн адил ОХУ-д суралцаж, бид хоёрын нэр дээрх 1 өрөө байрыг түрээслүүлж, түрээсийн мөнгийг шууд зээлийн төлбөрт төлж дуусгасан гэж ойлгож байна. Учир нь би байрны түрээсийн төлбөрөөс авч байгаагүй.

 

Иймд миний бие ямар шалтгааны улмаас надаас 17 000 000 төгрөгийг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь, сөрөг нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.

 

  1. Нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч хариуцагч нар 2010-10-08 өдрөөс хамтран амьдарч, Сонгинохайрхан дүүргийн иргэний бүртгэлд 2011-10-12 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байна.

Гэрлэгчид хариуцагчийн ар гэрээс өрх тусгаарлан амьдрахаар Баянгол дүүрэг, 7-р хороо, 3-р хороолол, 89-р байрны 35 тоотод байрлах 1 өрөө орон сууцыг худалдан авч, уг орон сууцыг хамтран өмчлөх эрхийг улсын бүртгэлд 2012 оны 01 сарын 25 өдөр бүртгүүлсэн байна.

Гэрлэгчид гэр бүлээр амьдарч байх хугацаанд нэхэмжлэгч 2015 онд 5 сарын хугацаагаар БНСУ-д ажилласан, түүнээс хойш 2016 оны 09 сард нэхэмжлэгч , 2017 оны 09 сард хариуцагч БНХАУ, ОХУ-д тус тус сургуульд суралцахаар явсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдлоо.

Хамтын амьдралтай байх хугацаанд хариуцагч архи ихээр хэрэглэдэг, өөр бусадтай таарамжгүй харилцах байдлаас гэрлэгчдийн дунд зөрчилдөөн гарч байсан байх бөгөөд энэ байдлаас нэхэмжлэгч 2016 оны 09 сард сургуульд сурахаар явах үедээ өөрийн хувцас хунарыг ялгаж авч явсан, энэ хугацаанаас хойш гэрлэгчдийн хоорондын харилцаа тааламжгүй болсон нь хоорондоо тэдний хоорондоо бичиж байсан мессэжээр тодорхойлогдож байна.

Гэрлэгчид одоо хэн аль нь бие биеэ хүндэтгэхээ больсон, цаашид гэр бүлээр амьдрах хүсэлгүй, эвлэрэх боломжгүй байгаа байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав.

Зохигч гэр бүлээр хамтран амьдрах хугацаанд 1 өрөө орон сууцыг 40 500 000 төгрөгөөр худалдан авсан, орон сууцны төлбөрийг хийхдээ үнийн заримыг хамт, гэр бүлээр амьдарсан хугацаанд гэрлэгчид хэн алины олсон орлогоос хуримтлуулсан мөнгөөр, мөн жилийн 8 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатайгаар, 2012-01-30 өдөр Хас банкнаас хамтран зээлсэн 28 350 000 төгрөгөөр төлсөн болох нь тогтоогдож байна.

Уг орон сууц нь зохигч хамтран өмчлөхөөр улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн, гэрлэгч 2 хүн өмчилж байгаа байх боловч хариуцагч хөрөнгийг хуваахаас татгалзаж, орон сууцны урьдчилгаанд төлсөн 12 150 000 төгрөгийг хариуцагчийн хуваарьт хөрөнгө болох уралдааны шагнал, машин худалдсан мөнгөөр төлсөн нь гэж тайлбарласан боловч тэрээр түүний тайлбар нотлогдоогүй байна.

Мөн гэр бүлээр хамт амьдарч байх хугцаанд Шувуун фабрикт байршилтай орон сууцыг 15 000 000 төгрөгөөр худалдан авч, нэхэмжлэгч дангаараа өмчилсөн гэсэн тайлбарыг хариуцагч гаргасныг нэхэмжлэгч үгүйсгэсэн болно.

Хариуцагч татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй тул түүний татгалзлыг үндэслэлгүй гэж үзлээ.

Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд зохигч хэн аль тодорхой хөдөлмөр эрхэлж байсан байх тул 89-р байрны 35 тоот орон сууц нь зохигчийн хөдөлмөрийн хуримтлуулсан орлого, хамтран авсан зээлээр бий болсон байх үндэслэлтэй байна.

 

Иймд уг орон сууцыг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эрхтэй хөрөнгө гэж үзэх тул Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасны дагуу орон сууцыг өмчлөх эрхийг хариуцагчид үлдээж, хариуцагчаас орон сууцнаас нэхэмжлэгчид ногдох хэсгийг мөнгөөр тооцож гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Орон сууц нь зах зээлийн үнээр 44 650 000 төгрөгөөр үнэлэгдсэн байх тул орон сууцны үнийн 50 хувь болох 22 325 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

2.Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч хариуцагч хамтран 212-01-30 өдөр Хас банктай барьцаат зээлийн гэрээг байгуулж, үл хөлөх хөрөнгө худалдан авах зориулалтаар, 28 350 000 төгрөгийг 180 сарын хугацаатай, жилийн 18,6 хувийн хүүтэй зээлж авсан байх боловч уг зээл 2013-12-23 өдрөөс жилийн 8 хувийн хүүтэй, орон сууцны зээлд шилжжээ.

Зээлдэгч нар авсан зээлээ Баянгол дүүрэг, 7-р хороо, 3-р хороолол, 89-р байрны 35 тоотод байрлах 1 өрөө орон сууцыг худалдан авахад зарцуулсан бөгөөд худалдан авсан уг орон сууцанд гэр бүлээр амьдарч байсан байх бөгөөд нэхэмжлэгч 2016 оны 09 сард гадагшаа сургуульд явах үе хүртэл зээлийн гэрээний үүргийг зээлдэгч гар хэн аль биелүүлж байсан болох нь зохигчийн тайлбар, бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна.

Гэрлэгчид хөрөнгийн эрхээ зохицуулахаар Иргэний хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт заасны дагуу байгуулсан гэрээ тогтоогдоогүй, хамт амьдрах хугацаанд хэн аль нь хөдөлмөр эрхэлж, аль аль нь орлого олж байсан байх тул зээлийн гэрээний үүргийг гэр бүлийн орлогоосоо хэн аль нь биелүүлж ирсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч сургуульд суралцахаар явах үед зээлийн гэрээний үүргээс зээл 20 041 860,25 төгрөг төлөгдөөгүй байсан байна.

Энэ хугацаанаас хариуцагч зээлийн гэрээний үүргийг дангаараа хариуцаж ирсэн байх бөгөөд 2018-06-21 өдөр зээлийг бүрэн төлж дуусгах хүртэл зээлийн хүүд нийт 1 528 849 төгрөг төлсөн байна.

Хариуцагч 2017 оны 09 сард сургуульд сурахаар явсан үеэс нэхэмжлэгчтэй хамтран өмчлөх эрхтэй орон сууцыг бусдад хөлслүүлсэн хөлсөөр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж байсан болох нь шүүхийн мэтгэлцээнээр тогтоогдсон тул хариуцагч дангаар гүйцэтгэсэн үүргийг тооцоход 2017 оны 09 сараас 2018-06-13 өдрийг хүртэл хугацаанд орон сууцнаас олсон орлогоор төлсөн зээл 1 578 029,72 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд төлсөн 482 234,03 төгрөгийг хасч тооцох үндэслэлтэй байна.

Хариуцагч өөрийнхээ олсон орлогоос зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд төлсөн 1 046 809,32 төгрөг, зээл 18 463 830,53 төгрөгийг зээлдүүлэгчид төлснөөр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчтэй хамтран гүйцэтгэх зээлдэгчийн үүрэг дуусгавар болж, зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан орон сууц барьцааны үүргээс чөлөөлөгдсөн байна.

Иймд нэхэмжлэгчтэй хамтран хариуцах үүргийг гүйцэтгэхэд хариуцагч төлсөн 19 510 639,85 төгрөгийн 50 хувийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс гаргуулахаар хариуцагч шаардах эрхтэй байна.

Сөрөг нэхэмжлэлийн бусад хэсэг нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгов.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэл гаргахад нэхэмжлэгчээс нийт 3 баримтаар төлсөн 339 775 төгрөг, сөрөг нэхэмжлэл гаргахад хариуцагчаас төлсөн 242 950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд ногдох хураамж болох 339 775 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 171 035 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгох нь хуульд нийцнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон, 

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Олхонууд овогт Уранчимэгийн Одонтунгалаг, хариуцагч Боржигон овогт Хишигтогтохын Мөнх- Ертөнц нарын гэрлэлтийг цуцалсугай.

  1. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсгийг баримтлан Баянгол дүүрэг, 7-р хороо, 3-р хороолол, 89-р байрны 35 тоот орон сууцны үнийн 50 хувь болох 22 325 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.