Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2020/02523

 

 

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2020/02523

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн ..............тоотод оршин суух, регистрийн дугаар .............., Ц.Ч.А нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ............., өөрийн байранд байрлах, Н.Ш,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.М  , гэрч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Доржханд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.М  холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө ашигласны төлбөр 245.380 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд иргэний хэрэг үүсч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Д.М  нь 265.000.587 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2018/000 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1512 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2018/00000 дүгээр тогтоолоор миний үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Д.М  265.000.587 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1.482.953 төгрөг, нийт 266.673.540 төгрөгийг надаас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн. Ингээд миний бие иргэн Д.М  тухайн төлбөрийг тогтоосон хугацаанд төлж чадаагүй бөгөөд шүүгчийн захирамжийн дагуу дээрх шүүхийн шийдвэрүүдийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 222 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ц.О уг ажиллагааг хариуцан гүйцэтгэж байгаа. Шийдвэр гүйцэтгэгчээс уг Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Туул гол гудамж, 63А байрны 09 тоотод байрлах, 210 м.кв талбай бүхий таван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах үнийн санал өгөхийг шаардсаны дагуу миний зүгээс хотын А зэрэглэлд байрлах, сургууль цэцэрлэг, худалдаа үйлчилгээ, автобусны буудалтай ойр, 2014 онд ашиглалтад орсон зэргийг харгалзан 800.000.000 төгрөгөөр үнэлж, 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр үнийн саналаа хүргүүлсэн. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь талуудыг үнийн санал дээрээ тохиролцоогүй гэх үндэслэлээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Виннер Вэй ХХК-иар үнэлүүлсэн бөгөөд тухайн компани орон сууцыг 397.486.000 төгрөгөөр үнэлжээ. Энэхүү үнэлгээг миний бие хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь тухайн хөрөнгийн үнийн саналыг авахдаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу төлбөр төлөгч болон төлбөр авагч талаас үнийн санал авна гэснийг зөрчиж, зөвхөн нэг тал буюу төлбөр төлөгчөөс үнийн санал авч, төлбөр авагчаас тухайн үнийн саналыг хүлээн зөвшөөрч байгаа эсэхийг тодруулахгүйгээр шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасныг тус тус зөрчсөн байна. Мөн дээрх маргаан бүхий орон сууцанд хүү, охины хамт амьдардаг байсан ба бид 3 хоорондоо ярилцаад уг орон сууцаа өөрсдийн амьдрах хэсгээр 60 м.кв талбайтай 2 өрөө, 83 м.кв талбайтай 2 өрөө, 56 м.кв талбайтай 2 өрөө болгож, 3 хэсэгт хуваасан. Коридорын хэсэг нь 11 м.кв талбайтай. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн үнээр тогтоогоогүй байх бөгөөд өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүрэг буюу уг эд хөрөнгөтэй ойролцоо төрлийн үл хөдлөх эд хөрөнгүүд нь 650-800 сая төгрөгийн үнээр худалдан борлуулагдаж байгаа бөгөөд байршил сайтай, 2014 онд ашиглалтад орсон, үзвэр үйлчилгээ, худалдаа үйлчилгээтэй ойр, гадна автомашины зогсоолтой, төв зам дагуу байрлалтай тул хөрөнгийн үнэлгээгээр үнэлэгдсэн 397.486.000 төгрөг нь зах зээлийн үнээс хэт доогуур байна. Иймд миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Туул гол гудамж, 63А байрны 9 тоотод байрлах, 210 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 397.486.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одсэлмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2018/......тоот шийдвэрээр Ч.Ариунжаргалаас 266.673.540 төгрөгийг гаргуулж Д.М  олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Ч.А төлбөрт хураагдсан түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-......... дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ........... тоот хаягт байрлах, 210 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 19290398/02 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 19290398/04 тоот тогтоолоор хураан авч, тогтоолын хувийг төлбөр төлөгчид гардуулсан бөгөөд энэ талаар тэмдэглэл хөтөлсөн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад Ч.А нь өөрийн өмчлөлийн байраа 850.000.000 төгрөгөөр үнэлсэн ба төлбөр авагч Д.М  нь зах зээлийн үнийг шинжээчээр тогтоолгох хүсэлт гаргасан. Иймд тус албаны 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 7/353 тоот шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Виннэр вэй ХХК-ийг томилж, зах зээлийн үнийг тогтоолгоход тухайн орон сууцыг 397.486.000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээний талаарх мэдэгдлийг Ч.А-д 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр уулзаж, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 4-137/26947 тоот мэдэгдлийн хамт хүргүүлж, тэмдэглэл хөтөлсөн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу тухайн орон сууцны үнэлгээний 70 хувь болох 278.240.200 төгрөгөөр доод үнийг тогтоон, анхны дуудлага худалдаанд оруулахаар 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 8/10 тоот тогтоол, 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 4-221/27359 тоот мэдэгдлийг албан бичгээр Ч.А-д биечлэн гардуулан өгч, гарын үсэг зуруулж, тэмдэглэл хөтөлсөн. Одоогоор тус шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул дуудлага худалдаа явагдаагүй байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчид 7 хоногийн дотор гомдол гаргаагүй бөгөөд төлбөр төлөгч талаас уг үл хөдлөх эд хөрөнгийг багаар тогтоосныг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.М  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ч.А шүүхийн шийдвэрийн дагуу нэг ч төгрөг төлөөгүй атлаа төлөхгүй байх арга саам хэрэглэж, өөрт ашигтай байдлыг бий болгохыг хэт эрмэлзэж байгаагаа нуугаагүй байгааг анхаарч үзнэ үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргаснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрч байгаа бөгөөд Ч.А орон байрандаа үзлэг хийлгэх, хурааж битүүмжлэх ажиллагаанд удаа дараа санаатай саад учруулж, хугацаа сунжруулж байгаа ба одоо 5 дахь удаагийн үйлдлээрээ хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тасалдуулан зогсоогоод байна. 2020 оны 4 дүгээр сард шийдвэр гүйцэтгэгч С-т үнийн саналаа 600.000.000 төгрөг хэмээн өгч байснаа 2 сарын дараа 850.000.000 төгрөг хэмээн ямар ч үндэслэлгүйгээр 200.000.000 төгрөгөөр нэмэгдүүлсэн байгаа нь төрийн албаар даажигнаж, тохуурхаж байгаагийн илэрэл гэж үзэж байна. Мөн шүүхийн шийдвэрээр битүүмжлэгдсэн орон сууцанд дур мэдэн өөрчлөлт оруулж, 3 хуваан засварласан бөгөөд энэ дагуугаа арга заль хэрэглэн, өмчлөгчид нэмж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсээр, шүүхэд хандан сунжруулж байсныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгон баталсан. Ч.А үнийн санал дээр тохиролцоогүй гэх үндэслэлээр Виннэр Вэй ХХК-ийг шинжээчээр томилсон гэжээ. Мэдээж зах зээлийн үнээс хэт өндөр үнээр үнэлж байгаа байр дуудлага худалдаанд ороод зарагдах магадлал байхгүй тул төлбөр авагч миний бие шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан. Энэ дагуу дээрх компани хөрөнгийн үнэлгээг хараат бусаар хийж, бодит үнэнд ойртуулан хийсэн байна. Ч.А байр хэдийгээр Хан-Уул дүүрэгт байралдаг боловч барилгын хийц нь дан төмөр бетон арагт бүтээцтэй /бүрэн цутгамал биш/, хүүхэд хөгшид нарлах болон тоглоомын талбай байхгүй, байрны гадна тадбайн ногоон байгууламж гэх зүйл байхгүй, тааз намхан зэрэг нь хүний ая тухтай амьдран суух хэрэгцээг хангаагүй тул зах зээлийн дундажаар метр квадратыг нь 1.500.000 төгрөгөөс дээш тогтоох боломжгүй. Одоо зах зээл дээр орчны тохижилт сайтай, бүрэн цутгамал хийцтэй, чанартай байрууд 100 хувь бэлнээр төлбөрөө төлөхөд 1.100.000 1.250.000 төгрөгөөр зарагдаж байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 6 жил мөнгөө авч чадахгүй хохирч байгаа миний эрх ашгийг хангах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангаж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.А нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан төлбөр төлөгч Ч.А-д 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 19290398 дугаар бүхий Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолтой хувийн хэргээс үзэхэд тус шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2018/00687 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1512 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2018/......... тоот тогтоолоор нэхэмжлэгч Ч.А-аас 265.000.587 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1.482.953 төгрөгийг тус тус гаргуулж хариуцагч Д.М  олгохоор шийдвэрлэсэн байна.

Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2020 оны 2 дүгээр сарын 19-ний өдрийн 19290398/02 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор төлбөр төлөгчийн эрхийн улсын бүртгэлийн Ү-........ дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 63А байрны 9 тоот хаягт байрлах, 210 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг битүүмжилж, мөн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 19290398/04 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураан авч, төлбөр төлөгч Ч.А-аас Хөрөнгийн үнэлгээний санал-аа 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ирүүлэхийг мэдэгдсэн байх ба төлбөр төлөгч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 850.000.000 төгрөгөөр үнэлсэн, харин төлбөр авагч Д.М  нь 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр шинжээч томилуулах хүсэлтээ өгсөн байна.

Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу төлбөр төлөгч болон төлбөр авагч талаас үнийн санал авна гэснийг зөрчиж, зөвхөн нэг тал буюу төлбөр төлөгчөөс үнийн санал авч, төлбөр авагчаас тухайн үнийн саналыг хүлээн зөвшөөрч байгаа эсэхийг тодруулахгүйгээр шинжээч томилсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Ингээд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 222 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн ........ тоот тогтоолоор шинжээчээр хөрөнгийн үнэлгээний Виннэр вэй ХХК-ийг томилж, тухайн өдрөө шинжээч О.Б холбогдох хуульд заасан эрх, үүргийг танилцуулжээ.

Хэргийн 95-117 дугаар хуудаст авагдсан Виннэр вэй ХХК-ийн үнэлгээний тайлан болон гэрч О.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр ...Хан-Уул дүүргийн ................. тоот хаягт байрлах, 210 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцны зах зээлийн үнэ цэнийг тогтоох зорилгоор 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хооронд газар дээр нь 3 удаа биечлэн очиж, үзлэг хийж, үнэлгээг 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар тогтоов гээд тухайн эд хөрөнгийн үнийг 397.486.000 төгрөгөөр тогтоосон байна.

Шинжээч нь дээрх үнэлгээг гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудтай танилцсан, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу тайланг гаргасан байх тул дүгнэлтийн хувьд хууль зөрчигдөөгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс Хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур, бодит байдалд нийцээгүй гаргасан хэмээн тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч тухайн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн бодит үнээс хэт доогуур үнэлэгдсэнийг нотлох, мөн харьцуулан судлах баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Мөн ... Ойролцоо байрлах үл хөдлөх эд хөрөнгүүд нь 650.000.000 - 800.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн байна гэж нэхэмжлэлд дурдсан байх боловч үнэлгээний тайланд ойролцоо орших 3 орон сууцны мэдээллийг харьцуулан дүгнэсэн байгаа тул нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4-т зааснаар эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлыг хянан хэлэлцэх хүрээ тухайн гомдол гаргасан асуудлаар хязгаарлагдах тул бусад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой буюу бусад өмчлөгч нарын эрх ашгийг хөндсөн гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Нөгөө талаар, тухайн 210 м.кв талбай бүхий орон сууцыг 3 хэсэгт хуваасан нэхэмжлэгч тайлбарлах боловч бүхэлдээ иргэн Ч.А өмчлөлийн хөрөнгө болох нь эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг баримтлан хариуцагч Н.Ш Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ч.А нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.А улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг баримтлан хариуцагч Н.Ш Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ч.А нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.А улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА