Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2020/02285

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2020/02285

 

Ч.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/02523 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Аын хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ч.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Мөнх-Эрдэнэд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө ашигласны төлбөр 245.380 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд иргэний хэрэг үүсч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Д.Мөнх-Эрдэнэ нь 265.000.587 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2018/00687 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1512 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2018/01769 дүгээр тогтоолоор миний үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Д.Мөнх-Эрдэнэд 265.000.587 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1.482.953 төгрөг, нийт 266.673.540 төгрөгийг надаас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн. Ингээд Д.Мөнх-Эрдэнэд тухайн төлбөрийг тогтоосон хугацаанд төлж чадаагүй бөгөөд шүүгчийн захирамжийн дагуу дээрх шүүхийн шийдвэрүүдийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 222 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ц.Одсэлмаа уг ажиллагааг хариуцан гүйцэтгэж байгаа. Шийдвэр гүйцэтгэгчээс уг Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Туул гол гудамж, 63А байрны 09 тоотод байрлах, 210 м.кв талбай бүхий таван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах үнийн санал өгөхийг шаардсаны дагуу миний зүгээс хотын А зэрэглэлд байрлах, сургууль цэцэрлэг, худалдаа үйлчилгээ, автобусны буудалтай ойр, 2014 онд ашиглалтад орсон зэргийг харгалзан 800.000.000 төгрөгөөр үнэлж, 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр үнийн саналаа хүргүүлсэн. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь Виннер Вэй ХХК-аар орон сууцыг 397.486.000 төгрөгөөр үнэлүүлсэн. Энэхүү үнэлгээг миний бие хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь тухайн хөрөнгийн үнийн саналыг авахдаа төлбөр төлөгч болон төлбөр авагч талаас үнийн санал авна гэснийг зөрчиж, зөвхөн нэг тал буюу төлбөр төлөгчөөс үнийн санал авч, төлбөр авагчаас тухайн үнийн саналыг хүлээн зөвшөөрч байгаа эсэхийг тодруулахгүйгээр шинжээч томилж хууль зөрчсөн байна. Мөн дээрх маргаан бүхий орон сууцанд хүү, охины хамт амьдардаг байсан ба бид 3 хоорондоо ярилцаад уг орон сууцаа өөрсдийн амьдрах хэсгээр 60 м.кв талбайтай 2 өрөө, 83 м.кв талбайтай 2 өрөө, 56 м.кв талбайтай 2 өрөө болгож, 3 хэсэгт хуваасан. Коридорын хэсэг нь 11 м.кв талбайтай. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн үнээр тогтоогоогүй байх бөгөөд өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүрэг буюу уг эд хөрөнгөтэй ойролцоо төрлийн үл хөдлөх эд хөрөнгүүд нь 650-800 сая төгрөгийн үнээр худалдан борлуулагдаж байгаа бөгөөд байршил сайтай, 2014 онд ашиглалтад орсон, үзвэр үйлчилгээ, худалдаа үйлчилгээтэй ойр, гадна автомашины зогсоолтой, төв зам дагуу байрлалтай тул хөрөнгийн үнэлгээгээр үнэлэгдсэн 397.486.000 төгрөг нь зах зээлийн үнээс хэт доогуур байна. Иймд миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Туул гол гудамж, 63А байрны 9 тоотод байрлах, 210 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 397.486.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одсэлмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2018/00687 тоот шийдвэрээр Ч.Ааас 266.673.540 төгрөгийг гаргуулж Д.Мөнх-Эрдэнэд олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Ч.Аын төлбөрт хураагдсан түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206017565 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 63А байрны 9 тоот хаягт байрлах, 210 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 19290398/02 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 19290398/04 тоот тогтоолоор хураан авч, тогтоолын хувийг төлбөр төлөгчид гардуулсан бөгөөд энэ талаар тэмдэглэл хөтөлсөн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад Ч.А нь өөрийн өмчлөлийн байраа 850.000.000 төгрөгөөр үнэлсэн ба төлбөр авагч Д.Мөнх-Эрдэнэ нь зах зээлийн үнийг шинжээчээр тогтоолгох хүсэлт гаргасан. Иймд тус албаны 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 7/353 тоот шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Виннэр вэй ХХК-ийг томилж, зах зээлийн үнийг тогтоолгоход тухайн орон сууцыг 397.486.000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээний талаарх мэдэгдлийг Ч.Ад 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр уулзаж, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 4-137/26947 тоот мэдэгдлийн хамт хүргүүлж, тэмдэглэл хөтөлсөн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу тухайн орон сууцны үнэлгээний 70 хувь болох 278.240.200 төгрөгөөр доод үнийг тогтоон, анхны дуудлага худалдаанд оруулахаар 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 8/10 тоот тогтоол, 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 4-221/27359 тоот мэдэгдлийг албан бичгээр Ч.Ад биечлэн гардуулан өгч, гарын үсэг зуруулж, тэмдэглэл хөтөлсөн. Одоогоор тус шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул дуудлага худалдаа явагдаагүй байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчид 7 хоногийн дотор гомдол гаргаагүй бөгөөд төлбөр төлөгч талаас уг үл хөдлөх эд хөрөнгийг багаар тогтоосныг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Мөнх-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ч.А шүүхийн шийдвэрийн дагуу нэг ч төгрөг төлөөгүй атлаа төлөхгүй байх арга саам хэрэглэж, өөрт ашигтай байдлыг бий болгохыг хэт эрмэлзэж байгаагаа нуугаагүй байгааг анхаарч үзнэ үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргаснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрч байгаа бөгөөд Ч.А орон байрандаа үзлэг хийлгэх, хурааж битүүмжлэх ажиллагаанд удаа дараа санаатай саад учруулж, хугацаа сунжруулж байгаа ба одоо 5 дахь удаагийн үйлдлээрээ хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тасалдуулан зогсоогоод байна. 2020 оны 4 дүгээр сард шийдвэр гүйцэтгэгч Сэнгүүнбилэгт үнийн саналаа 600.000.000 төгрөг хэмээн өгч байснаа 2 сарын дараа 850.000.000 төгрөг хэмээн ямар ч үндэслэлгүйгээр 200.000.000 төгрөгөөр нэмэгдүүлсэн байгаа нь төрийн албаар даажигнаж, тохуурхаж байгаагийн илэрэл гэж үзэж байна. Мөн шүүхийн шийдвэрээр битүүмжлэгдсэн орон сууцанд дур мэдэн өөрчлөлт оруулж, 3 хуваан засварласан бөгөөд энэ дагуугаа арга заль хэрэглэн, өмчлөгчид нэмж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсээр, шүүхэд хандан сунжруулж байсныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгон баталсан. Ч.А үнийн санал дээр тохиролцоогүй гэх үндэслэлээр Виннэр Вэй ХХК-ийг шинжээчээр томилсон гэжээ. Мэдээж зах зээлийн үнээс хэт өндөр үнээр үнэлж байгаа байр дуудлага худалдаанд ороод зарагдах магадлал байхгүй тул төлбөр авагч миний бие шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан. Энэ дагуу дээрх компани хөрөнгийн үнэлгээг хараат бусаар хийж, бодит үнэнд ойртуулан хийсэн байна. Ч.Аын байр хэдийгээр Хан-Уул дүүрэгт байралдаг боловч барилгын хийц нь дан төмөр бетон арагт бүтээцтэй /бүрэн цутгамал биш/, хүүхэд хөгшид нарлах болон тоглоомын талбай байхгүй, байрны гадна тадбайн ногоон байгууламж гэх зүйл байхгүй, тааз намхан зэрэг нь хүний ая тухтай амьдран суух хэрэгцээг хангаагүй тул зах зээлийн дундажаар метр квадратыг нь 1.500.000 төгрөгөөс дээш тогтоох боломжгүй. Одоо зах зээл дээр орчны тохижилт сайтай, бүрэн цутгамал хийцтэй, чанартай байрууд 100 хувь бэлнээр төлбөрөө төлөхөд 1.100.000 1.250.000 төгрөгөөр зарагдаж байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 6 жил мөнгөө авч чадахгүй хохирч байгаа миний эрх ашгийг хангах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангаж өгнө үү гэжээ.

  Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг баримтлан хариуцагч НШШГГт холбогдох Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ч.Аын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Нэхэмжлэгчийн зугээс Хөрөнгийн унэлгээг зах зээлийн унээс хэт доогуур, бодит байдалд нийиээгуй гаргасан хэмээн тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч тухайн ул хөдлөх хөрөнгийг зах зээлийн бодит унээс хэт доогуур унэлэгдсэнийг нотлох, мөн харьцуулан судлах баримтыг шуухэд ирүүлээгүй." гэж дүгнэсэн нь буруу юм. Иргэн Ч.Аын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 19 дугаар хороо, Туул гол гудамж 63а байр, 09 тоотод байрлах 210м.кв таван өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийг 397,486,000 /гурван зуун ерөн долоон сая дөрвөн зуун наян зургаан мянган / төгрөгөөр тогтоосон үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлэгдсэн байх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлж байна. Учир нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т Цуудлага худалдаагаар худалдах ул хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод унийг дуудлага худалдаа явуулахаас өмнө уурэг гуйцэтгэгч. уурэг гүйцэтгуулэгч, өмчлөгч харилиан тохиролцож тогтоосон унийн, хэрэв тохиролцоогуй бол унэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. гэж заасны дагуу уг үл хөдлөх эд хөрөнгийг 397,486,000 төгрөгөөр тогтоосон төгрөгийн үнээс 70 хувиар тооцож анхны дуудлага худалдаа зарлаж, худалдан борлуулах ажиллагаа явагдах ба анхны дуудлага худалдаагаар худалдан борлогдохгүй бол дахин дуудлага худалдаа явуулж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т "Хоёр дахь дуудлага худалдааны доод унийг харилцан тохиролцож тогтоосон, эсхул унэлгээчний тогтоосон зах зээлийн унийн 50 хувиар тооцон тогтооно." гэж заасны дагуу 198,743,000 төгрөгөөр буюу илтэд нэхэмжпэгчийн эрх ашгийг хохироосон үнээр худалдагдахаар байгаа юм. Мөн Виннер Вэй ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн гаргасан "Хөрөнгийн үнэлгээний тайлан-гаас дүгнэхэд дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг гаргахдаа ямар ч харьцуулсан судалгаа хийгээгүй, жишиг болгож 3 үл хөдлөх хөрөнгийн үнэ, үзүүлэлтийг оруулсан байх боловч эх сурвалж нь тодорхойгүй байгаа нь тухайн үнэлгээ зах зээлийн үнэлгээнд нийцсэн эсэхэд эргэлзээтэй байна. Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд зарын цахим хуудсуудаас судалгаа хийж үзэхэд нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй төстэй хөрөнгө 650,000,000-иас 800,000,000 сая төгрөгөөр худалдагдахаар зарууд орсон байсан ба энэ талаар шүүх хуралдаанд тайлбар өгч байсан болно. Гэтзл дээрх нийтэд илэрхий үйл баримтыг огт нягталж шалгалгүй, зөвхөн Виннер Вей ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг үнэн зөв баримт гэж үзэж, нэхэмжпэгчийн хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан байна гэх үндэслэлээр нотлох баримтыг бүх талаас нь үнэлж дүгнэлгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ч.А нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 сарын 21-ний өдрийн 687 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 сарын 29-ний өдрийн 1512 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 сарын 06-ны өдрийн 1769 тоот тогтоолоор Ч.Ааас 265 000 587 төгрөг гаргуулан, Д.Мөнх-Эрдэнэд олгохоор шийдвэрлэсэн байна. /хх 37-59/

Хариуцагч байгууллага нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 99 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж 63а байрны 9 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206017565 бүртгэлийн дугаартай орон сууцыг 2020 оны 02 сарын 19-ний өдрийн 19290398/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 19290398/04 дугаар тогтоолоор хураан авсан үйл баримт тогтоогдсон. /хх 34, 71, 82/

Хариуцагч нь дээрх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан журмын дагуу явуулжээ.

Төлбөр авагч Д.Мөнх-Эрдэнэ нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул хариуцагч нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 7/353 дугаар тогтоолоор Виннер-Вэй ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь дээрх орон сууцны үнэ цэнийг 397 486 000 төгрөгөөр тогтоосон байна. /хх90-95/

Төлбөр төлөгч өөрийн үл хөдлөх хөрөнгийг 850 000 000 төгрөгөөр үнэлж, үнийн санал гаргасан ч төлбөр авагч тодорхой үнэ санал болгоогүй, шинжээч томилуулах хүсэлт гаргасан зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн үнийг зөвшөөрөөгүй, талууд харилцан тохиролцож үнэ тогтоогоогүй гэж үзнэ. Нэхэмжлэгчийн энэ талаарх тайлбар үндэслэлгүй юм.

Хэргийн 95-117 дугаар талд авагдсан Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж 63а байрны 9 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206017565 бүртгэлийн дугаартай орон сууцыг үнэлгээний өртгийн, орлогын, зах зээлийн жишиг үнийн аргаар тус тус үнэлж, эдгээрээс зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороонд байрлах 3 өрөө орон сууц буюу нийт гурван үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулах замаар зах зээлийн үнийг 397 486 000 төгрөг гэж дүгнэснийг буруутгах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Хариуцагч НШШГГ хөрөнгийн үнэлгээний Виннер-Вэй ХХК-ийн үнэлгээг төлбөр төлөгч Ч.Ад 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдсэн, нэхэмжлэгч 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан болох нь нотлогдсон бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасантай нийцжээ. /хх119/

Нэхэмжлэгч ... Виннер-Вэй ХХК-ийн хийсэн үнэлгээний тайлангаас дүгнэхэд үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг гаргахдаа ямар ч харьцуулсан судалгаа хийгээгүй, жишиг болгож 3 үл хөдлөх хөрөнгийн үнэ, үзүүлэлтийг оруулсан боловч эх сурвалж нь тодорхойгүй ... гэх гомдол гаргасан хэдий ч шинжээчийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. Түүнчлэн, нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбар, гомдлоо баримтаар нотлоогүй, хэрэгт энэ талаар баримт авагдаагүй байна.

Иймд, хариуцагч НШШГГ албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоох ажиллагаа явуулахдаа Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг болон төлбөр төлөгчийн хуульд заасан эрхийг зөрчсөн, түүний хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэх байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэлж, тухайн маргаанд хамааруулан үндэслэл бүхий дүгнэлт хийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болно.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/02523 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Б.НАРМАНДАХ