Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 00923

 

Б ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/00589 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Б, Д.Н нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 205 246 666 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч ”Б ББСБ” ХХК-ийн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Б, Д.Н нар 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Б ББСБ ХХК-тай ЗГ-018-2014 тоот зээлийн гэрээ, ҮЗГ-018-2014 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой барьцааны гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорь /13180/ гудамж, 109 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн гэрчилгээний 000335098, улсын бүртгэлийн Ү-2204061885 дугаартай, 327 м.кв амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан 100 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай зээлж авсан. Б.Б, Д.Н нар 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс хойш зээл, хүүгийн төлбөрөөс төлөлт хийгээгүй. 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Б.Б, Д.Н нарын зээлийн өрийн үлдэгдэл 100 000 000 төгрөг, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 70 386 666 төгрөг, нийт 170 386 666 төгрөг болсон байна. Хариуцагч Б.Б зээлийн төлбөрт тооцуулан Төв аймагт байрлах 5 газрыг шилжүүлэхээр ярилцсан боловч шилжүүлээгүй учир зээлийн төлбөрөөс хасах боломжгүй.

Иймд 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар үндсэн зээл 100 000 000 төгрөг, үндсэн хүүнд 30 346 666 төгрөг, хэтэрсэн хугацааны хүүнд 62 416 667 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 12 483 333 төгрөг, нийт 205 246 666 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б ББСБ -иас 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 100 000 000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай авсан нь үнэн. Уг зээлийн төлбөрт тооцуулан Төв аймагт байрлах 5 га газрыг шилжүүлсэн. Зээлээс уг газрыг хасуулаад үлдсэнийг төлөх саналтай байна. Авсан зээл болох 100 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчээс 100 000 000 төгрөгийн зээл авсан нь үнэн боловч уг зээлийн оронд Төв аймагт байрлах 5 газрыг шилүүлэн өгч газрыг гэрчилгээг нэхэмжлэгч байгууллагын захирал Г.Б, эдийн засагч н.Чойжилсүрэн нарт хүлээлгэн өгөөд зээлийн төлбөрийг хаачихлаа гэж амаар тохиролцсон. Гэтэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү яваад ингээд өр төлбөрт унана гэж бодсонгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б, Д.Н нараас 172 942 666 /нэг зуун далан хоёр сая есөн зуун дөчин хоёр мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 32 340 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгттийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б ББСБ ХХК-ийн 1 184 183 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, Д.Н нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 022 472 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б ББСБ -д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Б, Д.Н нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэтэрсэн хугацааны хүүг 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүртэлх 23 сар 17 хоногоор тооцож, 82 483 222 төгрөг төлөх ёстой боловч нэхэмжлэгч байгууллагаас хэтэрсэн хугацааны хүүд 62 416 667 төгрөг нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 62 416 667 төгрөгийг хэтэрсэн хугацааны хүүд төлөхөөр шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Анх зээлийн гэрээг 6 сарын хугацаатай хийсэн бөгөөд гэрээний хугацаа дууссаны дараа зээлийн гэрээг сунгаагүй байхад хэтэрсэн хугацааны хүү гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Дээр дурдсан зээлийн төлбөрт Төв аймагт байрлах 5 га газрыг шилжүүлэхээр тохирсон нь зээлийн гэрээний хугацаа сунгаагүй байдлаар нотлогдож байна. Бид хоёр 100 000 000 төгрөгийн зээл авсан бөгөөд шүүхийн шийдвэрээр үндсэн хүү болон хугацаа хэтрүүлсний хүүнд 83 426 667 төгрөг төлөхөөр болсныг зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэгч зээлийн гэрээний үндсэн хугацаа дууссан үед их хэмжээний хүү нэхэмжилсэн нь зүйд нийцэхгүй. 100 сая төгрөгийн хүүд 80 гаруй хувиар хүү тооцож, 83 4426 667 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй, зээлдэгчийн илтэд хохироосон хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна. Д.Н нэхэмжлэгч талд 10 сая төгрөгийг бэлнээр өгсөн бөгөөд орлогын баримт аваагүй нь алдаа болсон. Тухайн үед итгэлцлийн журмаар бэлнээр мөнгө өгсөн бөгөөд нэхэмжлэгч энэ мөнгийг аваагүй гэж байгаад гомдолтой байна. Иргэний хуульд зээлийн хүү өндөр байвал шүүх багасгах зохицуулалтыг баримтлаагүйд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаа дууссанаас 2 жил орчмын дараа шүүхэд хандаж хэтрүүлсэн хугацааны хүү гаргуулсан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь хариуцагч Б.Б, Д.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 205 246 666 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар үндсэн зээл 100 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэгдэл төлбөрийг төлөхгүй гэж маргажээ.

Зохигчдын хооронд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан байх ба 100 000 000 төгрөгийг, сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорь /13180/ гудамж, 109 тоот хаягт байршилтай, 327 м.кв талбай бүхий амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан үйл баримт тогтоогдсон байна. /х.х-ийн 8-13 дугаар тал/

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг гэрээний дагуу буцаан төлөх үүргийг хүлээх бөгөөд зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зохицуулжээ.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.4-д нэмэгдүүлсэн хүүг сарын 0,7 хувь байхаар тохиролцсон нь дээрх хуулийн заалт болон Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт заасантай нийцээгүй байх тул хариуцагч нараас 1 752 666 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд тооцон гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, талуудын нэмэгдүүлсэн хүүгийн талаарх тохиролцоо хууль зөрчсөн гэж үзнэ.

Харин анхан шатны шүүх зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх талаарх Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцүүлэн, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зээлийн хэтэрсэн хугацааны хүүг 62 416 667 төгрөгийн хэмжээнд шийдвэрлэсэн байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

Ийм учраас зээлийн төлбөрийг зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцож, үндсэн зээл 100 000 000 төгрөг, зээлийн үндсэн хүүд 8 763 333 төгрөг, хэтэрсэн хугацааны хүүд 62 426 667 төгрөг нийт 171 190 000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч Д.Н нэхэмжлэгч байгууллагад 10 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн, хариуцагч Б.Б зээлийн төлбөрт Төв аймагт байрлах 5 га газрыг шилжүүлэхээр тохирсон гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй тул энэ талаар гаргасан хариуцагч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/00589 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “172 942 666 /нэг зуун далан хоёр сая есөн зуун дөчин хоёр мянга зургаан зуун жаран зургаа/” гэснийг “...171 190 000...” гэж, “...32.340.000...” гэснийг “...34 236 666...” гэж, 2 дах заалтад “...1 022 472...” гэснийг “...1 013 900...” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 470 083 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД

                                                       ШҮҮГЧИД                                       Н.БАТЗОРИГ

                                                                                                               Д.БАЙГАЛМАА